Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 555

 

Д.Баярцэнгэлийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/0049 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Баярцэнгэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Анархүү, “Баристахаус” ХХК-д холбогдох          

63 166 127 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгч Д.Баярцэнгэл,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Майбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Майбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баярцэнгэл нь 2015 оны 4 дүгээр сараас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Экскюсайт центр /Exquisite Centre/ үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах "Пийбери” /Peaberry/ кофе шопоор үйлчлүүлэх болсон бөгөөд тэр кофе шопыг найзынхаа хамт ажиллуудаг гэх Ч.Эрдэнэжаргалтай танилцсанаас хойш тэрээр намайг хөрөнгө оруулаач гэж ятгах болсон бөгөөд 2015 оны 5 дугаар сард кофе шопыг хамтран ажиллуулдаг найз Б.Анархүүтэй танилцуулсан. Тэр хоёр "Пийбери” /Peaberry/ кофе шопыг Б.Анархүүгийн нэр дээр 100 хувийн бүртгэлтэй "Баристахаус" ХХК-иар явуулдаг, энэ компанийг үүсгэн байгуулахад 70 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, компанийн үндсэн үйл ажиллагаа нь "Пийбери” /Peaberry/ кофе шоп бөгөөд компанийн үндсэн бүтээгдэхүүн "Peaberry" кофе, "Пийбери” /Peaberry/ брэнд бол "Баристахаус" ХХК-ийн гол өмч гэж итгүүлсэн. "Баристахаус" ХХК-ийг 70 000 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй гэж итгэн 2015 оны 5 дугаар сард Б.Анархүүгээс тус компанийн 51 хувийн хувьцааг 35 000 000 төгрөгөөр худалдан авч,  2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нийт 18 286 ам.доллар төлсөн. “Баристахаус" ХХК-ийн 51 хувийн хувьцааг Д.Баярцэнгэл, 25 хувийн хувьцааг Б.Анархүү, 24 хувийн хувьцааг Ч.Эрдэнэжаргал тус тус эзэмшихээр болж Б.Анархүүг компанийн гүйцэтгэх захирлаар томилон, санхүүгийн үйл ажиллагааг хариуцуулсан. Миний бие компанийн үйл ажиллагаанд 23 482 240 төгрөг, кофены үйлдвэр байгуулах байр олох, завсарлах, түрээслэх зэрэг ажиллагаанд ойролцоогоор 25 000 000 төгрөг нийт 48 482 240 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл тэрээр ...компанийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх зэргээр хавчих болсон. Үүний зэрэгцээ Б.Анархүү нь "Баристахаус" ХХК-ийг 70 000 000 төгрөгийн өөрийн хөрөнгөөр байгуулаагүй, тус компанид ийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулж байгаагүй, гол өмч "Пийбери” /Peaberry/ брэндийн барааны тэмдгээ ч компанидаа бүртгүүлээгүй төдийгүй "Peaberry" брэндийн барааны тэмдгийг хувь иргэдийн өмчөөр бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт хандаж өргөдөл гаргасан байсан.

Мөн түүхий кофе худалдан авахад зориулж Б.Анархүүгийн хэлснээр Япон улсаас оруулж ирэх 990 кг түүхий кофены үнэд 1 232 182 иенийг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 240 кг кофены үнэд 301 286 иенийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Япон улсад байх түүний нагац ах Д.Отгонбаатарынх нь дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл Б.Анархүү жинхэнэ үнээс 1 дахин илүү авч, илүү авсан мөнгөн дүн нь нийт 766 734 иен болдог. Энэ байдлаас Б.Анархүү нартай хамтран ажиллах боломжгүй болсон тул Б.Анархүүтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах, Эрх шилжүүлэх тухай гэрээг, Б.Анархүү, Ч.Эрдэнэжаргал нартай 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан "Баристахаус" ХХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээ"-нээс татгалзан, гэрээний гүйцэтгэлийн дагуу мөнгөө буцаан авах тухай мэдэгдэл, шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг өгөхгүй байна. Иймд хариуцагч иргэн Б.Анархүүгээс "Баристахаус" ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан авсаны төлбөрт шилжүүлсэн 35 000 000 төгрөг, Япон Улсаас захиалан оруулж ирсэн түүхий кофены үнээс нэг дахин илүү мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 389 527 төгрөг нийт 52 389 527 төгрөг гаргуулах, "Баристахаус" ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа зарцуулсан 10 776 600 төгрөг нийт 63 166 127 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч "Баристахаус" ХХК-ийн төлөөлөгч Б.Анархүү шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Баярцэнгэл 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Баристахаус” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Анархүү надтай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулан компаний 51 хувийн хувьцааг худалдан авч хувьцаа эзэмшигч болсон. Тэрээр манай компаний хувьцаа эзэмшигч болсоноос хойш компани ашиг орлоготой ажиллах бүхий л өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд санаа зорилготойгоор саад учруулж, түүний тухайн үйлдлийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэхээр хэд хэдэн удаа хурал зарласан боловч хариу өгөөгүй, ирж оролцоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Анархүү шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Баярцэнгэл 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Баристахаус” ХХК-ийн хуьцаа эзэмшигч Б.Анархүү надтай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулан компаний 51 хувийн хувьцааг худалдан авч,  хувьцаа эзэмшигч болсон. Анх Д.Баярцэнгэл компаний 33 хувийг худалдаж авахаар тохиролцсон боловч гэрээ байгуулахад "кофе боловсруулах үйлдвэр байгуулах, түүний үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахад оруулах хөрөнгө оруулалтаа буцаан авч 51 хувийн хувьцааг 35 000 000 төгрөгөөр худалдан аваад, хөрөнгө оруулсан мөнгөө гаргаж авсны дараа хувьцааны 12 хувийг буцаан өгье” гэснийг миний бие хүлээн зөвшөөрч хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан. Гэтэл Д.Баярцэнгэл манай компанийн үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэл явуулах техник, технологи, бизнесийн нууцыг мэдэж авчихаад ...өөрийн “Юнайтед ресурс” ХХК-д нэвтрүүлж, компаний үйл ажиллагаагаа энэ чиглэлээр явуулж байгаа. Түүнчлэн Д.Баярцэнгэл нь .манай компанид онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Баярцэнгэлийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Анархүүд холбогдох худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж   35 000 000   төгрөг,   үндэслэлгүйгээр   хөрөнгөжсөн  17 389 527  төгрөг  нийт 52 389 527 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч "Баристахаус" ХХК-иас 10 776 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баярцэнгэлд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 473 781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Баристахаус" ХХК-иас 187 376 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баярцэнгэлд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

1. Худалдах- худалдан авах гэрээнээс татгалзаж 35 000 000 төгрөг буцаан гаргуулах тухайд: Нэхэмжлэгч нь Б.Анархүүтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан "Хувьцаа худалдах-худалдан авах", "Эрх шилжүүлэх тухай” гэрээний дагуу "Баристахаус" ХХК-ийн хувьцааны 51 хувийг Б.Анархүүгээс шилжүүлэн авч 35 000 000 төгрөгийг "Баристахаус" ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Б.Анархүү энэхүү төлбөрийг хүлээн авснаа зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргаагүй, төлбөр хүлээн авсан тул хувьцаагаа шилжүүлсэн болохоо шүүхэд гаргасан тайлбараар нотолдог. Гэтэл шүүх зөвхөн "Хамтран ажиллах гэрээ"-ний үүрэг зөрчигдсөн гэж үзсэнээр Б.Анархүү худал мэдээлэл өгч хоосон компанийн хувьцааг худалдсан нь талуудын хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсоны суурь шалтгаан мөн болохыг дутуу дүгнэсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Хэдийгээр хувьцааны шилжүүлэг бүртгэгдсэн боловч хувьцааны цаана буй компанийн мэдээлэл худал байсан нь... компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон... Ийнхүү худалдагч буюу Б.Анархүүгийн худалдан авагчийг хууран мэхэлсэн буруутай үйлдлийн улмаас худалдан авагч хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээнээс буцах болсон үйл баримтуудын шалтгаант холбоог шүүх анхаарч үзээгүй бөгөөд гэрээнээс татгалзах үндэслэлтэй болохыг тогтоогоогүй нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг буцааж 35 000 000 төгрөгөө гаргуулж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Үндэслэлгүй хөрөнгөжсөн 17 389 527 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь "Баристахаус" ХХК-ийн худалдан авсан 2 удаагийн кофе таталтын мөнгө буюу 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1 232 182 иен, 2015 оны 10 дугаар сарын 27-ны  өдрийн  301 286 иенийн төлбөрийг төлсөн. Б.Анархүүгийн хэлснээр нэхэмжлэгч нь 1 232 182 иений төлбөрийн тухайд түүний ах Японд амьдардаг Д.Отгонбаатарын данс руу 301 286 иенийг компанийн данс руу шилжүүлсэн. Д.Отгонбаатар хариуцагч Б.Анархүүгийн ах болох нь Ч.Эрдэнэжаргалын тайлбараар хөдөлбөргүй нотлогдож байхад шүүх нотлогдоогүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй. Б.Анархүү кофе худалдан авах төлбөрийг нэхэмжлэгчээр 2 дахин нугалж төлүүлсэн нь гагцхүү Б.Анархүүгийн хууль бус үйлдэлд холбогдуулан нэхэмжлэгч илүү төлсөн 766 734 иен буюу 17 389 527 төгрөгийг Б.Анархүүгээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Майбаяр давж заалдан шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн олгосон мөнгөн хөрөнгө нэхэмжилсэн мөнгөнөөс илт их гэх үндэслэлээр хариуцагч ”Баристахаус” ХХК-иас 10 776 600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчээс “Баристахаус” ХХК-д шилжүүлсэн шилжүүлэг бүрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Баярцэнгэлийн “Баристахаус” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шижлүүлсэн 35 000 000 төгрөг иргэн Б.Анархүүгээс хувьцаа худалдаж авсны төлбөр бөгөөд энэ нь “Баристахаус” ХХК болон нэхэмжлэгч Д.Баярцэнгэлийн хөрөнгө биш тул түүнийг шаардах эрх зөвхөн иргэн Б.Анархүүд байна. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 3000 ам.доллар буюу 357 000 иен Япон улсаас кофены үр худалдан авахад зориулагдсан бөгөөд нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч  Япон улсаас оруулж ирсэн кофены үрийг боловсруулсны дараа түүнийг худалдан борлуулсан төлбөр болон үлдсэн кофег “Баристахаус” ХХК-иас авсан. Энэ нь нэхэмжлэгч тухайн кофены үр худалдан авахад зориулсан төлбөрийг нэхэмжлээгүй, зөвхөн зөрүү мөнгө Б.Анархүүгээс нэхэмжилж байгаа болон гэрч Ч.Эрдэнэжаргалын мэдүүлгээр нотлогддог. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т энэ талаар дурдсан байгаа. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нь Голомт банкинд хариуцагчийн нэр дээр вальютын болон төгрөгийн нийт 3 ширхэг харилцах данс нээлгэсэн бөгөөд 5000 иен, 20 000 төгрөг, 1000 ам.долларыг тус тус дансны доод үлдэгдэл болгож шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сард салж явахдаа тухайн данснуудыг хаалган, байршуулсан төгрөгийг өөрөө авсан талаар маргадаггүй. Нэхэмжлэгч ямар баримтанд тулгуурлан хариуцагчаас 10 776 600 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, түүнийгээ нотолж чадаагүй. Гэтэл шүүх дээрх шилжүүлгийн баримтуудаар нэхэмжлэгчийг “Баристахаус” ХХК-д хөрөнгө оруулсан, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр дүгнэж түүнд дүйцүүлэн хэрэгт буюу хэргийн оролцогч нарт ямар ч хамааралгүй төлбөрийн баримтуудаар хариуцагчаас 10 776 600 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Баристахаус” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хамтран ажиллах гэрээгээр “Баристахаус” ХХК-д ямар ч эрх, үүрэг үүсэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ гэрээний талууд гэрээндээ “Баристахаус” ХХК нь кофе боловсруулах үйлдвэр байгуулан, компанийн бизнес төлөвлөгөөний дагуу хэрхэн амжилттай ажиллахад гэрээний талууд ямар эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохоо тохиролцсон байгааг үнэлээгүй. “Баристахаус” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэхдээ гэрээний үүргийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт хийлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн “Баристахаус” ХХК-иас 10 776 600 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлжээ.

Нэхэмжлэгч Д.Баярцэнгэл нь хариуцагч Б.Анархүүтэй байгуулсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”, Б.Анархүү, Ч.Эрдэнэжаргал нартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нээс тус тус татгалзсан тул гэрээний дагуу хувьцааны төлбөрт төлсөн 35 000 000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 17 389 527 төгрөг  нийт 52 389 527 төгрөгийг хариуцагч Б.Анархүүгээс, хариуцагч “Баристахаус” ХХК-иас хөрөнгө оруулалт болох 10 776 000 төгрөгийг тус тус буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч “Баристахаус” ХХК нь “Д.Баярцэнгэл компанийн үйл ажиллагаанд саад учруулсан...”, хариуцагч Б.Анархүү “...компанид хөрөнгө оруулах үүргээ бүрэн биелүүлээгүй, компанид их хэмжээний хохирол учруулсан, бараа материалын мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргажээ.

Д.Баярцэнгэл нь Б.Анархүүтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр “Баристахаус” ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 51 хувь буюу 510 ширхэг хувьцааг худалдан авч, өмчлөлдөө шилжүүлэн, “Баристахаус” ХХК-д нийт 18 286 ам.доллар төлсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Баярцэнгэлийн хариуцагч Б.Анархүүд холбогдуулан гаргаж байгаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг буцаан гаргуулах тухай шаардлага Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарахгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв. Учир нь: Талуудын хооронд бичгээр байгуулсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу худалдагч гэрээндээ заасан 510 ширхэг хувьцааг шилжүүлсэн, үүний үнэ төлөгдсөн үйл баримтын хувьд зохигчид маргаагүй. Харин гэрээгээр шилжүүлэн авсан хувьцааны эрхээр баталгаажсан компанийн хөрөнгийн хэмжээний талаар тайлбар гаргаж маргасан.

Хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд компаний хөрөнгийн талаар тухайлан заагаагүй учраас компанийн хувьцааны эрхэд тавигдах ердийн шаардлагыг хангасан байгаа тохиолдолд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ.

Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр, ногдол ашиг авах зэрэг эрх олгох бөгөөд нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн хувьцааг эзэмшсэнээр эдгээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Баярцэнгэлийн хувьд тухайн компанийн 51 хувийн хувьцааг шилжүүлж авсан тул компанитай холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагаанд хууль болон компанийн дүрэмд зааснаар оролцох эрхтэй. Иймд компанийн хөрөнгийн хэмжээ нэхэмжлэгчийн хүлээлтээс өөр байгааг 51 хувийн энгийн хувьцаа буюу гэрээний зүйл доголдолтой байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г доголдлын улмаас цуцлахаар шаардах үндэслэл бий болоогүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

“Баристахаус” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Баярцэнгэл, Б.Анархүү, Ч.Эрдэнэжаргал нарын хооронд 2015 оны 6 дугар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-гээр компанийн хувьцаа эзэмшигч Д.Баярцэнгэл компанид шаардлагатай хөрөнгө оруулалт хийж, компани тэргүүн ээлжинд олсон ашгаас буцаан олгохоор тохиролцсон, нэхэмжлэгчээс “Баристахаус” ХХК-д 3000 ам.доллар, 1000 ам.доллар, 20 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн баримтууд /хх-40-42/ хэрэгт авагдсан байх боловч хувьцаа эзэмшигч нараас ямар нэгэн байдлаар компанийн үндсэн хөрөнгийг нэмэх, компанийн өмнөөс өр төлбөр төлөх талаар шийдвэр гараагүй байна. Ийм учраас Д.Баярцэнгэлээс “Баристахаус” ХХК-д төлсөн төлбөрийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэлд дурдсан 4000 ам.долларын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол банкны ам.долларын ханш 2406 төгрөгөөр тооцон үзэхэд 20 000 төгрөгийн хамт нийт 10 779 640 төгрөг болж байх ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 10 776 600 төгрөгөөс 3 000 төгрөгөөр илүү байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Анархүүгийн төлөх ёстой байсан өр төлбөрийг төлөх замаар хөрөнгөжүүлсэн гэж үзэх боломжгүй, Б.Анархүүд нэхэмжлэгчээс гэрээнд заасны дагуу мөнгө шилжүүлснийг хариуцагч Б.Анархүү үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл болохгүй тул Б.Анархүүд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, харин “Баристахаус” ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангасан нь үндэслэл бүхий болсон гэж үзнэ. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/0049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419 898 төгрөг, хариуцагч “Баристахаус” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 376 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА