Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00863

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03154 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 305 дугаар магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ТББ-д холбогдох,

4.800.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

1.600.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Оюунгэрэл, Г.Алтанчимэг, Д.Барсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ТББ-ын захирал Г.Ганзориг нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүний нөөцийн менежментийн өнөөгийн төлөв байдалд шинжилгээ хийж Хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуй /ХАБЭА/-н болон хүний нөөцийн бодлогыг тодорхойлон боловсруулах, бичиг баримтыг орчин үеийн стандартын дагуу тухайн компанийн онцлогт тохируулан сайжруулах, зөвлөгөө өгөх, зөвлөмж бичих, сургалт явуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгнө гэж харилцан тохиролцож гэрээг байгуулж 4,800,000 төгрөгийг авсан. Гэтэл “М” ТББ нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй өдийг хүрлээ. Иймд 2017 оны 3 дугаар сарын 22-ны №003 тоот зөвлөх үйлчилгээний гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, учирсан хохирол 4,800,000 төгрөгийг “М” ТББ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Хариуцагч тал 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул бид уг гэрээнээс татгалзаж гэрээний урьдчилгаанд төлсөн 4,800,000 төгрөгийг буцаан шаардаж байна гэжээ.

Хариуцагч “М” ТББ шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ТББ-ын захирал Г.Ганзориг нь “Бэйст Ийст” ХХК-ийн захирал Д.Оюунгэрэлтэй харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулан ажилласан. Манай байгууллага нь энэ төрлийн гэрээ хийж ажил үйлчилгээ үзүүлэхдээ багадаа 14.000.000 төгрөгийн үнэлгээгээр хийдэг бөгөөд Д.Оюунгэрэл захирлын гуйлтаар 8.000.000 төгрөгөөр хийхээр болж тохирсон. Гэрээг байгуулснаас хойш гэрээний хавсралт 01-д тусгагдсан ажлуудыг холбогдох мэргэжилтнүүддээ хувиарлан өгч хийж гүйцэтгэж байсан боловч үл ойлголцсоны улмаас зарим ажлуудыг хийж дуусгалгүй зогссон. Бид энэхүү гэрээний хавсралт 01 болох хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.

1/ Үйлчлүүлэгч байгууллагын удирдлага зохион байгуулалтын болон бичиг баримтын бүрдэл, хүний нөөцийн бодлогын бичиг баримтуудтай танилцаж, мониторинг хийж, тэмдэглэл хөтөлж, холбогдох маягтуудыг боловсруулсан.

2/ Үйлчлүүлэгч байгууллагын ажилчдын цаг ашиглалт, хуваарилалт болон үйлдвэрлэлийн үйл явцын талаарх мэдээллийг авч, ажилчдаас судалгаа авсан.

3/ мэдээлэл лавлагааны 19 бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж хэлбэржүүлсэн ба албан хэрэг хөтлөлттэй холбоотой 8 бүртгэлийн хуудасны загварыг боловсруулсан.

4/ “Албан хэрэг хөтлөлт”-ийн журмыг боловсруулсан.

5/ Бодлогын бичиг баримтуудыг байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан дараах журмуудыг шинэчлэн боловсруулсан. Мөн манай байгууллагын зүгээс уг гэрээний нийт 80 хувийг хийж дуусгасан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай “М” ТББ нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан”-аар сургах сургалтад сургаж “сертификат” олгодог бөгөөд тус сургалтад “Бэйст Ийст” ХХК-ийн нэр бүхий 7 хүнийг сургаж “сертификат” олгосон. Энэхүү сургалт маань нэг хүний 300,000-350,000 төгрөгийн төлбөртэй сургалт. Манай байгууллага нь уг гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын гүйцэтгэл 80 хувьтай гэж үзэж байгаа ба гэрээгээр тохиролцсон дүнгээс 6,400,000 төгрөгийн ажлыг захиалагчид өгсөн. Урьдчилгаа төлбөрт өгсөн 4,800,000 төгрөгөөс гадна бид өөрсдийн зүгээс 1,600,000 төгрөгийг гаргаж ажлыг гүйцэтгэж байсан. Иймд “Бэйст Ийст” ХХК, гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэлээс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөх үйлчилгээний №003 тоот гэрээний дагуу хийсэн ажлын хөлс төлбөр болох 1,600,0000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа: “М” ТББ 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж гэрээ байгуулснаас хойш ажлаа эхлүүлээгүй, ажил хийгээгүй. “М” ТББ-тай байгуулсан гэрээний хавсралтын 4-ийн сургалт гэсэн хүснэгтэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар сургах сургалтад сургаж сертификат олгоно” гэж хийх ажилд дурдагдаагүй, сургалтад өөрсдөө сайн дураараа суулгасан. Ингэж суулгахдаа уг сургалт нь 300,000 төгрөгөөс 350,000 төгрөгийн төлбөртэй гэж огт хэлээгүй. Гэрээгээ ч эхлүүлээгүй байж, хийж өгсөн ажлын хөлс гэж 1,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул “М” ТББ-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03154 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М төрийн бус байгууллагаас 4.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас 1.600.000 төгрөгийг гаргуулж хариуцагч М төрийн бус байгууллагад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөг, хариуцагчаас төлсөн 40,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М төрийн бус байгууллагаас 91,750 төгрөгийг гаргуулж Б ХХК-д, нэхэмжлэгч Б ХХК-иас 40,550 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 305 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 305 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект нэхэмжлэл гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессыг зөрчсөн. 2017 оны 06 сарын 21-ний өдрийн А/052 тоот албан тоотод/х/х1-2 дах тал/ нэхэмжлэгч “Бэйст Ийст” ХХК-ы захиргаа, гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл гэж нэхэмжлэл гаргасан, мөн хавтаст хэргийн 25 дах талд авагдсан 2017 оны 06 сарын 29-ний өдрийн А/089 тоот итгэмжлэлд “Бэйст Ийст” ХХК-ий ерөнхий захирал Б.Сэржмядаг нэхэмжлэлийг гаргажээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект буюу “Бэйст Ийст” ХХК-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Оюунгэрэл уг компанийг үүсгэн байгуулагчаас дахин итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Иргэний хуульд заасан итгэмжлэл, төлөөлөлд тавигдах хуулийн шаардлага хангахгүй, мөн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан 2017 оны 03 сарын 29-ний өдрийн зөвлөх үйлчилгээний 003 тоот гэрээг бодитой үнэлээгүй. Уг гэрээний 6.2-т заасны дагуу хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзээд гэрээнээсээ татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс дээрх гэрээний заалтыг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. “Бэйст Ийст” ХХК нь гэрээг цуцлах талаар манай талд албан ёсоор мэдэгдээгүй, уг гэрээнд зааснаар бол 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ гэж талууд тохиролцон гэрээ байгуулсан, мөн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд зөрчил арилгах хугацааг харилцан тохиролцож тогтооно гэж заасан байхад уг гэрээний заалгаг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой болж чадаагүй. Шүүх шийдвэр гаргахдаа талууд харилцан тохиролцон үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж дүгнэсэн боловч тийм нэмэлт хугацаа тогтоож харилцан тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй. “Бэйст Ийст” ХХК манай талд гэрээнээс татгалзах тухай албан ёсоор мэдэгдээгүй байж шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан өдрөөс хойш буюу 2017 оны 08 сарын 25- ны өдрийн А/079 тоот мэдэгдэх хуудсаар гэрээнээс татгалзсан тухай манайд мэдэгдсэн баримтыг шүүхэд хүргүүлсэн байдаг.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03154 тоот шийдвэрийг, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 305 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Зөвлөх үйлчилгээний гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 4.800.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг  хариуцагч  “М” ТББ эс зөвшөөрч, улмаар 1.600.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь “Б” ХХК-ийн хүний нөөцийн менежментийн өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, ХАБЭА-ийн болон хүний нөөцийн бодлогыг тодорхойлон боловсруулах, бичиг баримтыг орчин үеийн стандартын дагуу тухайн компанийн онцлогт тохируулан сайжруулах, зөвлөгөө өгөх, зөвлөмж бичих, сургалт явуулах ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь 8.000.000 төгрөгийн  хөлс төлөхөөр харилцан тохиролцож, 2017 оны 3 дугаар сарын 22-ний өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулжээ /хэргийн 8-11 дүгээр сар/.

Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч гэрээний хавсралтад заасан ажлыг тохирсон хугацаанд биелүүлээгүй, нэхэмжлэгч  нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.2-т нийцжээ.

Д.Оюунгэрэл нь “Бэст-Ийст” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал бөгөөд тэрээр нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-г зөрчөөгүй  тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэл гаргах эрх бүхий субьект биш” гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03154 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 305 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 91.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.УНДРАХ                                             

            ШҮҮГЧ                                                                   Г.ЦАГААНЦООЖ