Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0590

 

 

 

 

 

 

 

Б.Дын гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Бийн давж заалдах гомдлоор, Б.Дын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Бэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр:

“...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Дын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Бийн үйлдсэн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Б.Д нь 2020 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Баруунтуруун сумын 1 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшсэн бөгөөд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 18 тоот албан бичгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар Татварын албанд ирүүлсэн.

Дээрх мэдээллийн дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Дд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тэрээр Хаан банкны 5822404527 тоот зардлын данс нээлгэсэн боловч уг данс, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж бүртгүүлээгүй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.   

Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчил нь тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ...талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн.

Гэтэл шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Энэхүү маргааны хувьд хуульд санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад  мэдэгдэж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш болохыг шүүх анхаарч үзээгүй.

Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд сонгууль болохоос өмнө бүртгүүлсэн байх үүрэгтэй холбоотой, нөгөөх нь сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг аудитаар баталгаажуулан бүртгүүлэхтэй холбоотой 2 тусдаа үйл баримтын ялгааг зөв тодорхойлоогүй.

“Увс финанс аудит” ХХК-иар сонгуулийн зардлын дансанд нийцлийн аудит хийлгэсэн тайлан, дүгнэлт нь сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын дансан дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй /зориулалт бусаар зарцуулсан эсэх/ гэсэнтэй холбоотой болохоос хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх “...зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй болох нь тогтоогдож, энэ үйл баримтын талаар маргаагүй” байна гэж дүгнэсэн атлаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журам гэж үзэж, Б.Дыг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлт өөрөө хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Дын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэлийн хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх”, 17.1 дүгээр зүйлийн 21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, …торгоно” гэж тус тус заасан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Б.Д нь Хаан банкинд нээлгэсэн сонгуулийн зардлын дансаа хуульд заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй байх боловч гомдолд дурдсан тухайн үеийн нөхцөл байдлыг шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд хангалттай тогтоосонгүй. 

Тухайлбал хуульд заасан сүүлийн хугацаа болох 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр огноолсон тус аймгийн МАХН-ын түмтээс нэр дэвшигч Б.Дын нээлгэсэн зардлын дансыг бүртгүүлэх тухай 66 дугаар албан бичгийг тэрбээр өөрийн биеэр мөн өдөр аймгийн Төрийн аудитын газарт авч очсон боловч өгч чадаагүй гэх шалтгааны талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлах боловч үүнтэй холбогдуулан аудитын газрын хэлтсийн дарга М.Б-Агаас гэрчийн мэдүүлгийг бүрэн аваагүй, түүнтэй Б.Дыг байлцуулан нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй, 25-ны өдөр Б.Д аймгийн Төрийн аудитын газарт очсон эсэхийг бусад ажилтнуудаас тодруулах ажиллагааг явуулаагүй байна.   

Өөрөөр хэлбэл зардлын дансыг бүртгүүлж чадаагүй тухайн үеийн нөхцөл байдал Б.Даас хэрхэн хамааралтай байсныг мөрдөн шалгах зарчмын хүрээнд тогтоосноор түүнийг зөрчилд тооцох эсэх, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасан заалтуудыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:          

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН