Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 122/2017/0017/З |
Дугаар | 133/ШШ2018/0008 |
Огноо | 2018-05-11 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 133/ШШ2018/0008
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, шүүгч Б.Цэнд, шүүгч Б.Сийлэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Зээрднүүд данан овогт Зоригтбаатарын Гэрэл (РД:ЛЖ80102204), Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Тээвэрчдийн 4-6 тоотод оршин суух;
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга;
“Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаал, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, сүлжээний ажилтан-бичиг хэрэг хариуцсан ажлын байранд томилуулах, үндэслэлгүйгээр хассан 1 өдрийн цалинг буцаан олгуулах, аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зэрэг дэв олгох тухай” А/65 дугаар захирамжийн дагуу зэргийн нэмэгдлийг тооцон олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Гэрэл, хариуцагч Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням, гуравдагч этгээд Г.Ганбаатар, иргэдийн төлөөлөгч Д.Амармэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын тухайд, уг тушаалын нэгдүгээр хэсэгт “ ... дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн З.Гэрэл нь төрийн ажлыг цалгардуулан хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/285 тоот тушаалыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, ажил хүлээлцэхэд саад учруулан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажил тасалсан зөрчил гаргасан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэсэн. Бүхэл бүтэн аймгийн Тамгын газрын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг томилогдсон байхад надад арга хэмжээ авч байгаа нь өмнөх дарга нарын дундын өш хонзон, намчирхсан үзэл гаргаж доод тушаалын албан тушаалтанг хэлмэгдүүлж байгаа хэлбэр гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасны дагуу хоёр дарга ажлаа хүлээлцсэн тухайн цаг мөчөөс би шинэ даргын тушаал заавраар ажил үүргээ явуулах ёстой.
Ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд, миний бие тангараг өргөсөн Төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ТЗ-5-1 шатлалаар, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ТЗ-5-2 ангиллаар цалинждаг нь нотлогддог. Намайг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоол, 2016 оны 9 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны А/58 дугаар захирамжийг үндэслэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх зүйлд заасан баталгааг эдлүүлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11.6 дахь хэсэгт заасныг баримтлан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийг хэрэглэхдээ хуулийг буруу хэрэглэсэн байна. Ажил олгогч байгууллагын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэж үзсэн байдаг. Гэвч аймгийн Засаг даргын 2015 оны А/262 дугаар захирамжаар тус хэлтсийн орон тоог “16” гэж баталж байсан бол аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар тус хэлтсийн орон тоог “17” болгож нэмэгдүүлсэн байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх ёстой гэдэгтэй зөрчилдөж байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д “аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, Улсын Дээд шүүхийн 08 дугаар тогтоолд тайлбарлахдаа Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу ойлгоно гэж заасан. Манай байгууллагын хувьд татан буугдаагүй, байгууллагын үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа. Өмнөх, одоогийн бүтэц хэвээр байгаа, хүүхдийн асуудал байсан уу байсан, гэр бүлийн асуудал байсан. Өнөөдөр энэ чиглэлийн үйл ажиллагаа хэвээр явагдаж байгаа. Залуучуудын асуудал нэмэгдсэн.
Тус хэлтэс нь өмнө нь төрийн захиргааны албан тушаалын нэг орон тоо дутуу явж байсан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэлх хугацаагаар мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжинд заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэжээ. Гэтэл миний ажлын байр надаас хамаарч байхгүй болоогүй, тийм учраас миний орон тоо хасагдсан тохиолдолд хамгийн түрүүнд өөр ажил албан тушаалд шилжүүлж ажиллуулах, дараа нь төрийн хөрөнгөөр сургах мэргэшүүлэх, энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалын цалингаа авах баталгаагаар хангах эрхтэй бөгөөд дээрх баталгаагаар хангах боломжгүй тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг хэрэглэж чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэж болохоор байсан. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас захиргааны санаачилгаар чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” эрх зүйн баталгаагаар хангагдахаар байсныг тус тус зөрчсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “төрийн жинхэнэ албан албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөн боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гээд заачихсан байдаг.
Гэтэл төрийн захиргааны сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас нөхөх үүргээ хэрэгжүүлэлгүй төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй нөөцөд бүртгэлгүй иргэдийг гаднаас дуудаж ажилд томилсон.
Шинэ бүтцээр дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй болсон боловч тухайн байгуулллагад миний хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг хасагдаагүй хэвээр, харин шинэ бүтцээр батлагдсан мэргэжилтнүүдийн ажлын байранд хуваагдан хадгалагдан үлдсэн байтал хариуцагч нь гаднаас шинээр мэргэшлийн шалгалтанд ороогүй, нөөцөд бүртгэлгүй 7 хүнийг албан тушаалд томилж намайг өөр ажил албан тушаалд томилохоос татгалзсан нь өөрөө хууль бус үйлдэл. Хариуцагч нь бүтцийн өөрчлөлтөөр намайг ажлаас чөлөөлсөн ч дээрх хуулийн заалтын дагуу өөрийн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа бусад албан тушаалд эгүүлэн томилоогүй байдаг. Учир нь тус газрын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар тушаалаар чөлөөлсөн яг энэ тушаалаар хариуцагчийг субьектив эрх хөндөгдөж байгаа бөгөөд дахин томилоогүй эс үйлдэхүйгээр бас эрх ашиг нь хөндөгдөж байгаа гэдгийг дурьдах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төрийн албаны тухай хуульд заасан баталгааг нь эдлүүлж, чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа ажилд томилоогүй үйлдэл байгаа тул даалгах нэхэмжлэл гаргах нь зүйтэй. Учир нь намайг ажлаас чөлөөлсөн ч тус газарт шинээр 7 хүн авч, нэг төрийн үйлчилгээний албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалтны орон тоон дээр томилсон байдаг. Мөн төрийн захиргааны албан тушаалтнуудыг төрийн албаны тухай хууль зөрчиж томилсон тул төрийн үйлчилгээний албан тушаалаар өдийг хүртэл цалинжуулж байгаа үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөн хэрэгт авагдсан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтуудаас харахад миний урьд өмнө нь гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүргүүдийг санаатайгаар хүмүүст хуваагаад тавьчихсан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмын дагуу шүүх дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна.
Хариуцагч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч бөгөөд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сохирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч биш болох нь хоёр ч шатны шүүхээр тогтоогдоод байгаа. Хариуцагч нь улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж өөрийн намын харьяалалтай хүмүүсийг ажилд томилж байгаа юм. Дээрх хүмүүсийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан процесс, түүнд нийцүүлэн гаргасан журмуудыг илт зөрчин шууд томилж, намайг үндэслэлгүй чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2, Төрийн албаны тухай хуулийн 16.1, 27.2.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 4.2.6-д заасан зарчмуудыг зөрчсөн байна.
Эцэст нь хэлэхэд миний зүгээс энэхүү хууль бус, төрийн хуулийг уландаа гишгэсэн үйлдэлтэй эвэлэрэхгүй байгаа. Биднийг ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан гэх боловч байгууллагын хурал дээр бүтэц шинэчлэн боловсруулах талаар огт санал аваагүй, бүр тас нуусан, шинэ бүтцийг танилцуулаагүй, бидний оролцоог хангаагүй, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулаагүй бөгөөд хэний ажлын байр хасагдаж, хэн халагдах гэж байгаа мөн Төрийн албаны тухай хуульд заасан ямар боломжуудыг хэрэглэх гэж байгаа талаар огт дурдаагүй бөгөөд, энэ талаар хүн тус бүртэй урьдчилан ярилцаагүй. Мөн улс төр намын үйл ажиллагааг илт дэмжиж сонгон шалгаруулалт зарлахгүйгээр өөрийн дураар төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй сонгон шалгаруулалтанд ороогүй Монгол ардын намын үйл ажиллагааг тэргүүн эгнээнд хэрэгжүүлж ажилласан хүмүүсийн эхнэр, нөхөр, мөн өөрийн төрөл садангийн хүмүүсийг дуудаж хууль бусаар ажилд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл. Иймээс өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа болно гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сахилгын шийтгэл ногдуулсан тухайд, З.Гэрэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-т заасан “Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй хүндэтгэлтэй харилцах”, 5.3.2-т “Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ...үзэл бодол...ялгаварлан гадуурхахгүй”, 5.3.4-т “...бусдыг дарамтлах, хавчин гадуурхах...”, 5.3.5-д “...бусад албан хаагчийн үйл ажилагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болохыг ... хориглох”, 5.4.4-т “Захирах захирагдах ёсны зарчмыг баримталж тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх”, 5.4.6-д “.. удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулахыг цээрлэх” зэрэг хэд хэдэн хориглосон заалтуудыг зөрчсөн. Энэ нь намайг ажлаа авахаар ирэхэд өрөөний түлхүүрийг авч зугтахын сацуу өөрөө ажлын цагаар ажлаа тасдаад алга болсон. Утсаар дуудахад утсаа авчихаад “би очиж чадахгүй ажилтай байна” гээд ирээгүй. Яамнаас ажил хүлээлцэх комисс ирэхэд өрөөний түлхүүр нуучихаад тэдгээр хүмүүстэй зүй бусаар харьцсан. Намайг ажлаа хийж байх явцад өрөөнд орж ирээд байнгын бичлэг хийж, ирсэн бичиг бусад материалыг шидэх, олон нийтийн сүлжээгээр хийсэн ажлыг маань үгүйсгэж бичих, өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан гэж сүрдүүлэх, бусад ажилчдыг дарамталсан зэргээр нь нотлогдоно. Тухайн үед аймгийн Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн зарим нь ажлаасаа чөлөөлөгдсөн байсан тул бүрэлдхүүнгүй гээд асуудлыг шийдвэрлэхээр хүлээж авах боломжгүй гэсэн юм. Ингээд сахилгын шийтгэлийг зөрчил гаргаснаас хойш 1 сарын дотор тооцох хуультай тул хамт олны нотлох баримтад тулгуурлан сахилгын шийтгэл ногдуулсан болно.
Зэрэг дэвийн нэмэгдэл олгох тухайд, Аймгийн засаг даргын А/58 тоот захирамжаар З.Гэрэлийн эрхэлж байсан “Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн” гэх төрийн захиргааны ажлын байр хасагдсан тул байхгүй ажлын байранд зэрэг дэвийн нэмэгдэл олгох боломжгүй. Төрийн үйлчилгээний албанд зэрэг дэвийн нэмэгдэл гэж олгогдоггүй тул “Сүлжээний ажилтан-бичиг хэрэг”-ийн ажилтанд ийм нэмэгдэл олгоогүй болно. Мөн УИХ-ын холбогдох шийдвэрээр төсөв санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан зэрэг дэвийн нэмэгдэл олгохыг 2018 онд хориглосон байгаа.
Ажлаас чөлөөлсөн тухайд, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс” гэх байгууллагыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгон ажиллах цар хүрээг өргөжүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа “Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн” гэх төрийн захиргааны ажлын байрыг хасч, харин “Сүлжээний ажилтан-бичиг хэрэг” нэртэйгээр төрийн үйлчилгээний ажил байхаар тогтоож өгсөн. Өмнөх бүтцээр зөвхөн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байсан бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь “Гэр бүл”, Залуучууд” гэсэн нийгмийн 2 томоохон бүлэгт хүрч үйлчлэх хэрэгтэй болсон. Иймд Засгийн газрын шийдвэрийн дагуу орон тоог нэмэхгүйгээр мэргэжлийн чадварлаг бүтцээр, хэвлэл, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглан ажил үйлчилгээгээ аймгийн нийт иргэдэд хүргэх хэрэгцээ шаардлага тулгарсан. Иймд нарийн мэргэжил, мэргэшил, тусгай хэрэгцээ шаардсан энэ ажлыг программист мэргэжилтэй хүн хийхээр ажлын байрны тодорхойлолтод тусгасан байсан. Энэ ажлын байр нь төрийн үйлчилгээний ажил учир манай газар Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-ыг хэрэглэлгүйгээр олон нийтэд нээлттэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Зарын дагуу программист мэргэжилтэй хүн ирээгүй, олдоогүй, ирсэн 1 хүн нь анимэйшн буюу дүрсэд хөдөлгөөн оруулах чадваргүй байсан.
Бид ухуулга сурталчилгааны ажлаа малчны хотонд, айл өрх бүрт хүргэх зорилгоор ТВ шторкийг сар бүр шинээр төрөл хэбэрийг нь өөрчлөн бэлтгэж олон нийтэд хүргэж ажилладаг. Мөн “Сүлжээний ажилтан-бичиг хэрэг” гэх ажлын байрны зөвхөн 10 хувь нь л бичиг хэргийн ажил, үлдсэн 90 хувь нь анимэйшн хийх, программ зохиох, дотоод сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах, хангах, нууцлалыг хадгалах зэрэг ажлууд байгаа нь ажлын байрны тодоройлолтоос харагдана.
З.Гэрэл “Аймгийн засаг даргын А/58 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй л бол би хуучин ажилдаа буцаан тогтоолгож чадахгүй” гэж Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орохдоо хэлж байсныг хурлын тэмдэглэлд тусгасан байх. Ингээд тэр А/58 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй юм. З.Гэрэлийн энэ үйлдэл нь сүлжээний ажлыг хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсны нотолгоо гэж үзэж байна. Сүлжээний ажилтан-бичиг хэрэг нь төрийн үйлчилгээний ажил учир Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэсэн байна. З.Гэрэлийн хувьд анимэйшн хийх байтугай фотошоп программ дээр ажиллах чадваргүй байсан учир түүнийг чөлөөлсөн. Тухайн үед би өөрөөс нь “Чи фотошоп дээр ажиллаж чадах уу” гэж асуухад “чадахгүй” гэж хариулж байсан. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх” гэдэг шаардлага тавигддаг. Төрийн аль ч алба “Ард түмэнд үйлчлэх” зарчимтай учир энэ хэрэгцээг хангаж шийдвэр гаргасан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ажил олгогч ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасан. Тэгвэл мөн хуулийн 6 дугаар сарын зүйлийн 6.2-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцно. Ажил олгогч мэргэжлийн бус хүн /З.Гэрэл/-тэй гэрээ байгуулаад хийж чадахгүй ажлыг нь хийхийг шаардаж, хийгээгүйнх нь төлөө хариуцлага тооцох ёсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Сүлжээний ажилтан-бичиг хэрэг”-ийн ажилтнаар томилогдсон. Би аймгийн цэргийн хэлтэс, цэргийн 0131 дүгээр ангид сэтгэл зүйч мэргэжлээр ажиллах хүсэлтэй байсан ч аймгийн Засаг дарга З.Энхтөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт сэтгэл зүйч, программист гэх чиний 2 мэргэжил хоёулаа эрэлт хэрэгцээтэй байна. Тэнд гэмт хэрэг зөрчлийн хохирогч, холбогдогч нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр хийхийн тулд компьютер график, анимэшн хийж хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг аймгийнхаа өрх бүрт хүргэж ажилламаар байна. Энэ бүгдийг мэргэжлийн түвшинд чанартай хийж чадах хүн олдохгүй байна. Ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Төрийн захиргааны ажил хийсэн бол цалин илүү бас ажлын байр баталгаатай гэж бодсон ч нийтийн эрх ашгийн төлөө үгүй гэж хэлж чадаагүй. Би энэ байгууллагын дотоод сүлжээний нууцлалыг хариуцахаас гадна программ зохиох, мэдээллийн нэгдсэн сан байгуулах гэх мэт үүргийг гүйцэтгэж, компьютер график ашиглан дүрсэд хөдөлгөөн оруулан хууль сурталчлах ажлыг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр аймгийнхаа бүх өрхүүдэд, бүх иргэдэд хүргэн ажиллаж байна. Үүний үр дүнд манай аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан. Миний энэ бүх ажлуудыг программист мэргэжлийн хүн хийхээс мэргэжлийн бус хүмүүс хийж чаддаггүй юм. З.Гэрэл дээрх ажлуудыг хийж чадахгүй учраас намайг энэ албанд томилсон гэж үзэж байгаа.
Харин бичиг хэргийн ажил бол МСҮТ-ийг төгссөн хүн хийж чадах энгийн үйлчилгээ юм. Миний өдөр тутмын хийдэг ажлын 10 хувь нь л бичиг хэрэг, 90 хувь нь анимэйшнбөгөөд ажлын байрны тодорхойлолтод ч хэрэгцээ шаардлагаа ингэж тодорхойлсон байгаа. Мөн ажлын байрны мэргэжил, мэргэшлийн шаардлагад “Программист” мэргэжилтэй хүн ажиллуулна гэж заасан байдаг. Энэ бүх ажлын хажуугаар хүчирхийллийн хохирогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, хурдан морины унаач хүүхдийн хамгааллын ажлыг ч хариуцан ажилладаг. Би төрийн захиргааны албанд ажиллах шалгалт өгч тэнцсэн ч иргэнийхээ үүргийг ухамсарлан нийтийн эрх ашгийн төлөө төрийн үйлчилгээний ажил эрхэлж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч төрийн албан хаагчийнхаа эрх ашгийг хангаж, өөр тохирох албан тушаалд томилж болоогүй юм болов уу” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хассан 1 өдрийн цалинг буцаан олгуулах” шаардлагын тухайд;
Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23–ны өдрийн 01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.1, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.4-д заасныг баримтлан “төрийн ажлыг цалгардуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/285 дугаар тушаалыг биелүүлэхээс санаатай зайлсхийж, ажил хүлээлцэхэд саад учруулан, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажил тасалсан” гэх үндэслэлээр дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан З.Гэрэлд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Уг захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэгчээс “би хоёр дарга ажил хүлээлцсэнээс хойш шинэ даргын заавраар ажил үүргээ явуулах ёстой, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ажлыг таслаагүй” гэж маргах бол хариуцагчаас шийтгэл ногдуулсан үндэслэлээ “З.Гэрэл нь намайг ажил авахаар ирэхэд өрөөний түлхүүрийг авч зугатах, ажил таслах, ажил хүлээлцэх комиссын гишүүдтэй зүй бусаар харьцах зэргээр Төрийн албаны тухай хууль болон төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тул хамт олны нотлох баримтад тулгуурлан сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлана.
Хэрэгт нотлох баримтаар цуглуулсан Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23–ны өдрийн 01 дүгээр тушаал, 2017 оны 1 дүгээр сарын цалин тооцооны карт болон цалингийн хүснэгт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзэхэд тус газрын даргын 2017 оны 01 дүгээр тушаалаар З.Гэрэлд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулахын хамт нэг өдрийн цалинг хасч олгосон болох нь тогтоогдох ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 26.5-д “Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасантай нийцэхгүй юм.
Учир нь Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23–ны өдрийн 01 дүгээр тушаалд дурдсан зөрчилд үндэслэн З.Гэрэлд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бол тус хуулийн 26.1-д заасан албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, халах зэрэг бусад сахилгын шийтгэлийг уг зөрчилд давхардуулж хэрэглэхгүй тул хариуцагчийн гаргасан “уг тушаалаар З.Гэрэлд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ч хөдөлмөрийн дотоод журамд заасан учир нэг өдрийн цалин хассан” гэх тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин болох 23431 төгрөгийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Мөн дээрх тушаалд Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.4.4-д заасныг баримталсан, хариуцагчаас “З.Гэрэл тус журмын хэд хэдэн хориглосон заалтыг зөрчсөн” гэж тайлбарласан зэргээс үзэхэд нэхэмжлэгч З.Гэрэлийг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж буруутган, сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болгожээ.
Энэ тохиолдолд З.Гэрэл нь төрийн албаны тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч болохын хувьд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн эсэхийг шалган тогтоохдоо Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх журам”-ыг баримтлах учиртай.
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан дээрх журмын 1.2, 2.1, 2.4, 4.1, 4.3, 5.1-д төрийн захиргааны албан хаагчид ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулахдаа “Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь ирсэн өргөдөл гомдлын дагуу Ёс зүйн хороогоор дүгнэлт гаргуулах, Ёс зүйн хороо нь гаргасан дүгнэлтээ Салбар зөвлөлд танилцуулах, Салбар зөвлөл нь уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл хэлэлцсэн шийдвэрээ холбогдох баримтын хамт уг төрийн захиргааны албан хаагчийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх, эрх бүхий албан тушаалтан нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэр, ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах” дарааллыг журамласан ба Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь Салбар зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/46 дугаар албан бичигт “2017-2018 онд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд З.Гэрэлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар өргөдөл гомдол ирээгүй байна” гэж дурдсанаас дүгнэхэд маргаан бүхий захиргааны актад тодорхойлсон ёс зүйн зөрчлийг хууль журмын дагуу шалгаж тогтоогоогүй байна.
Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу захиргааны байгууллага болохын хувьд 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалыг гаргахдаа тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
“Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зэрэг дэв олгох тухай” А/65 дугаар захирамжийн дагуу зэргийн нэмэгдлийг тооцон олгуулах” шаардлагын тухайд;
Улсын Их Хурлын 2000 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 9 дүгээр зүйлд зааснаар “дэс түшмэлийн дөтгөөр зэрэг”-ийн нэмэгдлийг албан тушаалын нэг сарын цалингийн 15 хувиар тогтоосон ба Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/262 дугаар тушаалаар уг журмын дагуу З.Гэрэлд шинээр зэрэг дэвийн нэмэгдэл олгосон байна.
Учир нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/262 дугаар тушаал болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучнаар/-ийн Дотоод ажил, судалгаа, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд урьд З.Гэрэлийн эрхэлж байсан албан тушаал нь аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах хүртэл төрийн захиргааны ТЗ-5, ангиллын хувьд “дэс түшмэл”-д хамаарч байсан тул ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацааны зэрэг дэвийн нэмэгдлийг тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэв.
З.Гэрэлд олговол зохих зэрэг дэвийн нэмэгдлийг тооцоолбол: 2017 оны 1 дүгээр сард 515486*15%=77323 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 390023*15%=58503 төгрөг, нийт 135826 төгрөг болно.
“Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, сүлжээний ажилтан-бичиг хэрэг хариуцсан ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагын тухайд;
Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 17–ны өдрийн 03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг баримтлан “Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүрэг, хамрах хүрээ, ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөнөөр “Дотоод ажил, судалгаа, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр уг ажлын байранд ажиллаж байсан З.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч З.Гэрэл нь “манай байгууллагын хувьд татан буугдаагүй, үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, намайг өөр албан тушаалд шилжүүлэх, дараа нь төрийн хөрөнгөөр сургах, боломжгүй тохиолдолд 3 сарын тэтгэлэг олгох ёстой байсан, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 болон 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан эрх баталгааг зөрчсөн” гэж, хариуцагч “манай байгууллагын бүтцээс “дотоод ажил” гэсэн орон тоо хасагдсан, З.Гэрэл нь сүлжээний ажлыг эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй” гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргана.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгон өөрчлөн байгуулсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаал /ажлын байр/ үгүй болсныг ойлгоно.
Тус газарт “сүлжээний ажил-бичиг хэрэг”-ийн ажлын байр шинээр батлагдаж, уг ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго нь “Байгууллагын дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, сүлжээний хамгаалалт, зохион байгуулалтыг хариуцан ажиллахын зэрэгцээ хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлт-мэдээллийн санг хянаж, бичиг хэрэг архивын ажлыг хавсран гүйцэтгэх” гэж, улмаар ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагад “программист, сүлжээний инженер” гэж, туршлагын тухайд “мэргэжлээрээ ажилласан байх” гэж заасан, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “миний өмнө эрхэлж байсан ажлаас “дотоод ажил” нь одоогийн бүтэц дэх аль ч ажлын байрны тодорхойлолтод байхгүй, программ хангамжийн чиглэлээр дээд боловсрол эзэмшээгүй, өмнө нь миний ажлын ихэнх хувийг бичиг хэрэг эзэлдэг байсан, одоо бичиг хэргийн ажил сүлжээний ажил-бичиг хэрэгт шилжсэн тул энэ ажлыг хийе” гэж тайлбарласан зэргээс үзвэл нэхэмжлэгч З.Гэрэлийн өмнө гүйцэтгэж байсан Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй байна.
Учир нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн “Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн” /хуучин/ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Сүлжээний ажил-бичиг хэрэг”-ийн /шинэ/ ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, үндсэн зорилт, ажлын байрны гол үйл ажиллагаа, эзлэх хувь зэргийг харьцуулахад “З.Гэрэлийн өмнө эрхэлж байсан хуучин ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилтын 30 хувь болох “Олон улсын гэрээ конвенц, хууль, байгууллагын хөтөлбөр төлөвлөгөө болон бусад эрхийн баримт бичиг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих”, 30 хувь болох “Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх, үр дүнг тооцох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дэвшүүлэх, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, тайлагнах, мэдээлэх”, 10 хувь болох “мэдээлэл судалгаа гаргах” буюу З.Гэрэлийн эрхэлж байсан “Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн” гэх төрийн захиргааны албаны тушаалын ажлын байрны тодорхойлолтын зорилт, үйл ажиллагааны 70 хувь нь хасагдаж, 30 хувь болох “Байгууллагын баримт бичгийг стандартын дагуу хөтлөн боловсруулах, архивлах” зорилт буюу гол үйл ажиллагаа нь 10 хувь болж багасчээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь бизнесийн болон төрийн захиргааны удирдлагын мэргэжлээр баклаврын зэрэг эзэмшсэн ба шинэ бүтцийн дагуу тодорхойлсон тус ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангахгүй учир түүнийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Сүлжээний ажил-бичиг хэрэг”-ийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан нь дээрх 3 төрлийн нэмэгдэл баталгааг эрэмбэ дарааллын дагуу бус, аль нэгийг нь сонгож эдлүүлэх агуулгатай байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар баталсан тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тооноос төрийн захиргааны албан тушаалд хамаарах ажлын байрны тодорхойлолтуудыг авч үзвэл З.Гэрэлийн эзэмшсэн “бизнесийн болон төрийн захиргааны удирдлага” гэх мэргэжил шаардсан албан тушаал байхгүйн зэрэгцээ гэрч Б.Индраа “3 сарын тэтгэмж олгосон. ТЗ-5-2 шатлалаар 1620099 төгрөгийг З.Гэрэлийн дансанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн” гэж мэдүүлснээс дүгнэхэд З.Гэрэлийн эрхэлж байсан “Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн” гэх төрийн захиргааны албан тушаал нь түүнээс үл хамаарах шалтгаанаар Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тооноос хасагдсантай холбогдуулан түүнд дээрх хуулийн “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох” нэмэгдэл баталгааг эдлүүлсэн байх тул “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж аваагүй болно.
Дээрх үндэслэлээр З.Гэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, сүлжээний ажилтан-бичиг хэрэг хариуцсан ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан З.Гэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хассан нэг өдрийн цалин болох 23431 төгрөг, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зэрэг дэв олгох тухай” А/65 дугаар захирамжийн дагуу зэрэг дэвийн нэмэгдэл болох 135826 төгрөг, нийт 159257 төгрөгийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдсэн “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, сүлжээний ажилтан-бичиг хэрэг хариуцсан ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Гэрэлд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.