Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/00863/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, шүүгч Ч.Батчимэг, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Улаанбаатар-49, Энхтайваны өргөн чөлөө-16а-д байрлах, *******, Хөдөө аж ахуйн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 1-р баг “Дархан Гурил тэжээл” ХК-д холбогдох

 

2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ 3 115 000 000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авсан 10 000 тн улаан буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457 450 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 төгрөг нийт 7 107 812 000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ны “Стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг, 2009.09.18-ны Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөг, 2011.10.14-ний “*******ний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч  В.Үнэнбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртнасан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, Ш.Энхтөр, иргэдийн төлөөлөгч Ц.Наранжаргал, гэрч Ж.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:                                                            C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\ТЭДС-ДАРХАН ГУРИЛ ТЭЖЭЭЛ.docx

Нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-1-01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээгээр Дархан Гурил тэжээл ХК-ны хадгалалтад 33 729 тонн хүнсний улаан буудай шилжүүлсэн бөгөөд үүнээс 14829 тонн хүнсний улаан буудайг худалдан борлуулж үлдэгдэл 18900 тонн хүнсний улаан буудайг хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ны элеваторт хадгалуулсан билээ. Ийнхүү хадгалуулахдаа 1 тонн улаан буудайд хоног тутам 55 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Мөн гэрээний 4-р зүйлийн 8-д “Хадгалагч буудайн тоо хэмжээг дутаасан, хадгалалтын буруугаас чанар байдлыг алдагдуулж тохиолдолд 14 хоногийн дотор учирсан хохирол, түүний дотор олох ёстой байсан орлогыг 3 нугалж хадгалуулагчид төлнө” хэмээн харилцан тохиролцсон бөгөөд 8900 тонн улаан буудайг хадгалалтын буруугаас чанар байдлыг алдагдуулж, цаашид хэрэглэгдэхгүй болгож тус санд ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна. Дээрх 8900 тонн улаан буудайн 1 тонн нь 350000 төгрөг бөгөөд уг хадгалалтын гэрээгээр хадгалагчийн талын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч талд бодитойгоор нийт 3 115 000 000 төгрөгийн хохирол учирсныг хариуцагч Дархан Гурил тэжээл ХХК-аас нэхэмжилж байна.

2011 онд дээрх хадгалуулсан хүнсний улаан буудайнаас 10 000 тонныг нь талууд Иргэний хуулийн 243, 262-р зүйлд зааснаар харилцан тохиролцож 1 тонныг нь 350 000 төгрөгөөр тооцож 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-гээр Дархан Гурил тэжээл ХК-д худалдан борлуулсан билээ. Уг гэрээний хавсралтаар гэрээний төлбөрийн графикийг тохиролцсон боловч хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь одоог хүртэл гэрээний үнийг төлөлгүй *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санг хохироосоор байна. Гэрээний 5.1-д “Худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд буудайн төлбөрийг төлж чадаагүй хугацаа хожимдсон бол хугацаа хэтэрсэн хоног тутамд энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 00,1 хувиар алданги тооцож үл маргах журмаар худалдан авагч талд төлнө” хэмээн тохиролцсон бөгөөд 2011.11.01-ний өдрөөс 2015.08.01-нийг хүртэл нийт 1307 хоног өнгөрсөн ба үүнийг нэг хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 350 000 төгрөгөөр тооцоход нийт алданги 457 450 000 төгрөг байна.

Энэхүү гэрээгээр худалдан авсан улаанбуудайн үнийг хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгч талд бодитоор буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, алданги 457 450 000 төгрөг нийт 3 957 450 000 төгрөгийн хохирол учраад байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.2, 83-р зүйлийн 83.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ааас 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ / 1 тонн 350 000 төгрөг/ 3 115 000 000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авсан 10 000 тн улаан буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457 450 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 төгрөг нийт 7 107 812 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ны гүйцэтгэх захирал С.Намсрайжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...8900 тонн улаанбуудайн 1 тонн нь 350 000 төгрөг бөгөөд уг хадгалалтын гэрээгээр хадгалагч талын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч талд бодитойгоор нийт 3 115 000 000 төгрөг хохирол учирсныг хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-аас нэхэмжилж байна” гэжээ.

*******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь “Дархан Гурил тэжээл” ХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *******ний улаанбуудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “Дархан Гурил тэжээл” ХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеватортаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2009 оны ургацаас аж ахуйн нэгжүүдээс авсан буудайг хүлээн авч эхэлсэн.

Дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээний 1.2, 4.1-д зааснаар хүнсний улаан буудайг хүлээн авах, хадгалахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллахаар тохиролцсон.

*******, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 2.1.4-д зааснаар санд зөвхөн стандартын шаардлага хангасан хүнсний буудайг худалдан авах бөгөөд чийг, хогт хольцоороо стандартын шаардлага хангаагүй бол түүнээс зохих хорогдлыг тооцож авахаар, мөн журмын 3.1-д зааснаар санд хүнсний MNS 97:2004, үрийн MNS 246:2004 стандартад тэнцсэн буудайг авахаар тус тус зохицуулсан.

*******ний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS 97:2004 стандартад буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байхаар зохицуулсан.

Газар тариалангийн нутгуудаар 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан чийглэг ихтэй буудай хүлээж авах болсон байдаг бөгөөд энэ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 тоот  тушаал, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн 2009 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр нотлогдож байдаг.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь дээр дурьдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *******ний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээ, “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам” болон *******ний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS 97:2004 стандартад заасан буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байх заалтыг зөрчиж “Дархан Гурил тэжээл” ХК-ний Дархан-Уул аймаг Дархан сум дахь элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаанбуудайг хүлээн авч хадгалуулсан байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36/30/683 тоот албан шаардлагаар нотлогддог.

Тус компани нь 2008-2009 онд чанар, стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудай (Япон болон ОХУ-аас оруулж ирсэн тусламжийн улаанбуудай)-г хүлээн авч, хадгалан, буцаан бүрэн хүлээлгэн өгч байсан нь элеватор хэвийн ажиллаж байсан, хадгалалтын үйл ажиллагаа хэвийн байсныг нотолж байгаа юм. Холбогдох баримтыг хавсаргав.

*******, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 3.3-д зааснаар Сан нь тухайн жилийн байгаль, цаг уурын онцлог байдал, буудайн ургалтын байдлыг харгалзан сангийн удирдах зөвлөл, улсын ургацын комисс хэлэлцэн энэхүү журмын 3.1-д заасан үзүүлэлтэд тэнцээгүй буудайг хүлээн авах шаардлагатай бол нийлүүлэгч талтай тохиролцон хорогдол тооцож, акт үйлдэж авахаар, мөн журмын 3.4, 3.6-д зааснаар сан нь хүлээн авсан улаан буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байх үүрэг хүлээж, чийг стандартаас илүү бол хатаалтын зардлыг 1 тонн буудайд 10 л түлш зарцуулахаар зохицуулсан.

Мөн Тариалангийн эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай” 44 тоот тушаалын 1 дэх заалтад зааснаар хүнсний улаан буудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15,1-17,0 хувь хүртэл чийгтэй буудайг 1 удаа хатаалга хийж, хатаалтын зардлыг 1 тонн улаан буудайд 1 удаагийн хатаалгад 10 литр түлш байхаар тогтоосон.

*******, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 5.2-т зааснаар хүнсний болон үрийн буудайг нэг жилээс илүү хугацаагаар хадгалахгүй байхаар зохицуулсан байдаг.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь “Дархан Гурил тэжээл” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаан буудайг хүлээн авч хадгалуулахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах боловсруулах түр журам”-д заасан хүлээн авсан улаан буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Дархан Гурил тэжээл” ХК-д нийлүүлээгүйгээс хүлээн авсан улаанбуудайн чанарт өөрчлөлт орж, устсан байдаг.

*******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Дархан Гурил тэжээл” ХК-ны хооронд 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “*******ний улаанбуудай хадгалуулах” №2009-1/01 тоот гэрээний 6.1-д зааснаар хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан тохиолдолд хадгалагч уг хохирлыг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр тохиролцсон.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас чанар стандартын шаардлага хангаагүй чийглэг ихтэй буудай хүлээн авч хадгалуулсан. Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалуулах, борлуулах түр журамд заасан хүлээн авсан улаанбуудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Дархан Гурил тэжээл” ХК-д нийлүүлээгүй зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан тул Дархан Гурил тэжээл ХК нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2011 онд дээрх хадгалуулсан хүнсний улаанбуудайнаас 10 000 тонныг нь талууд харилцан тохиролцож, 1 тонныг нь 350 000 төгрөгөөр тооцож, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/7 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-гээр Дархан Гурил тэжээл ХК-д худалдан борлуулсан билээ. Уг гэрээний хавсралтад гэрээний төлбөрийн графикийн тохиролцсон боловч хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь одоог хүртэл гэрээний төлбөрийг төлөлгүй Тариалан эрхлэлтийг дэмжих санг хохироосоор байна” гэжээ.

Дархан Гурил тэжээл ХК-ийн Гүйцэтгэх захирал 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-нд *******, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан болно.

Учир нь а/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах үед “Дархан Гурил тэжээл” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хадгалуулсан байсан улаан буудайн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үгүй болсон буюу чанар нь муудсан байсан,

б/ Дархан Гурил тэжээл ХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар буудай авч, гурил үйлдвэрлэх хүсэл зориг байгаагүй,

г/ Дархан Гурил тэжээл ХК-ийн хувьд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдан авах буудай, түүний үнийн дүнгээс үзэхэд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй хийгдсэн, өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан хэлцэл байна.

д/ Дархан Гурил тэжээл ХК нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кг ч улаан буудай аваагүй, нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй болно. тус компани нь буудайг худалдан авсан талаар ямар нэг санхүүгийн баримт үйлдээгүй, тийм баримт ч байхгүй,

е/ Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь стандартын шаардлага хангаагүй чийглэг ихтэй буудай хүлээн авч хадгалуулсан, “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалуулах, борлуулах түр журам”-д заасан хүлээн авсан улаанбуудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Дархан Гурил тэжээл” ХК-д нийлүүлээгүй зэрэг зөрчлөө нууж, хариуцлагаас мултрах үүднээс 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “*******ний улаан буудай хадгалуулах” №2009-1/01 тоот гэрээг халхавчлах байдлаар тус компанийн Гүйцэтгэх захирлаар дээрх гэрээнд гарын үсэг зуруулсан болно.

Хариуцагчийн зүгээс 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй худалдан авсан гэх буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, алданги 457 450 000 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 83 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

“Дархан Гурил тэжээл” ХК-ны хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих сантай шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 000 төгрөгийг төлөх талаар ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулахаар зааснаас үзэхэд хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулаад төлбөр барагдуулсан бол түүнд өгөх урамшууллын асуудлыг зохицуулсан болохоос шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудлынхаа урамшууллын асуудлыг нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэл байхгүй тул уг төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *******ний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу “Дархан Гурил тэжээл” ХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум дахь элеваторт стандартын шаардлага хангаагүй буудай хадгалуулсны улмаас тус компанийн өмчлөлийн элеватор дэлбэрч нийт 5,0 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд бидний зүгээс уг хохирлоо сөрөг нэхэмжлэл гаргах замаар шүүхээр шийдвэрлүүлэх болно.Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ний гүйцэтгэх захирал С.Намсрайжав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

1.Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *******ний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу “Дархан Гурил тэжээл” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах,

2. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *******ний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөгийг гаргуулах,

3. 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *******ний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу “Дархан Гурил тэжээл” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт стандартын шаардлага хангаагүй буудай хадгалуулсны улмаас тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар : *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь “Дархан Гурил тэжээл” ХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *******ний улаанбуудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “Дархан Гурил тэжээл” ХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеватортаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2009 оны ургацаас аж ахуйн нэгжүүдээс авсан буудайг хүлээн авч эхэлсэн.

Дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээний 1.2, 4.1-д зааснаар хүнсний улаан буудайг хүлээн авах, хадгалахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллахаар тохиролцсон.

*******, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 2.1.4-д зааснаар санд зөвхөн стандартын шаардлага хангасан хүнсний буудайг худалдан авах бөгөөд чийг, хогт хольцоороо стандартын шаардлага хангаагүй бол түүнээс зохих хорогдлыг тооцож авахаар, мөн журмын 3.1-д зааснаар санд хүнсний MNS 97:2004, үрийн MNS 246:2004 стандартад тэнцсэн буудайг авахаар тус тус зохицуулсан.

*******ний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS 97:2004 стандартад буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байхаар зохицуулсан.

Газар тариалангийн нутгуудаар 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан чийглэг ихтэй буудай хүлээж авах болсон байдаг бөгөөд энэ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 тоот  тушаал, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн 2009 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр нотлогдож байдаг.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь дээр дурьдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *******ний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээ, “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам” болон *******ний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS 97:2004 стандартад заасан буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байх заалтыг зөрчиж “Дархан Гурил тэжээл” ХК-ний Дархан-Уул аймаг Дархан сум дахь элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаанбуудайг хүлээн авч хадгалуулсан байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36/30/683 тоот албан шаардлагаар нотлогдоно.

Мөн Тариалангийн эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай” 44 тоот тушаалын 1 дэх заалтад зааснаар хүнсний улаан буудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15,1-17,0 хувь хүртэл чийгтэй буудайг 1 удаа хатаалга хийж, хатаалтын зардлыг 1 тонн улаан буудайд 1 удаагийн хатаалгад 10 литр түлш байхаар тогтоосон.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь будаа хатаалгын дээрх норм үнэлгээний дагуу будаа нийлүүлсэн бүх аж ахуйн нэгж, иргэдийн авах ёстой байсан будааны үнийн дүнгээс 173,7 сая хатаалганд зориулж өөртөө суутган авч үлдсэн боловч энэ мөнгийг манай компанид будаа хатаалгах зорилгоор огт өгөөгүй. Хэрэв энэ мөнгийг өгсөн бол бид будаа хатаах арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлэх боломжтой байсан. Хэдий ийм байсан боловч тус компани нь хүлээлгэн өгсөн будааг тогтоосон норм, нормативын дагуу сэлгэх, эргүүлэх үйл ажиллагааг хийж байсан боловч стандартаас давсан өндөр хувийн чийгийг буулгах боломжгүй байсан болно.

Өмнө нь тус компани нь 2008-2009 онд чанар, стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудай (Япон болон ОХУ-аас оруулж ирсэн тусламжийн улаанбуудай)-г хүлээн авч, хадгалан, буцаан бүрэн хүлээлгэн өгч байсан нь элеватор хэвийн ажиллаж байсан, хадгалалтын үйл ажиллагаа хэвийн байсныг нотолж байгаа юм.

Дээрх элеваторын барилгыг 1984 онд хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд барьж ашиглалтанд оруулсан. Цутгамал төмөр бетон суурь хана, хучилттай хар тосон хавтгай дээвэртэй, 54,0 мянган үр тариа хадгалах багтаамжтай, 3 хэсгээс бүрдсэн. 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн тэсрэлтийн улмаас 1 дүгээр хэсгийн техникийн давхар, силосын цутгамал төмөр бетон хананд их хэмжээний эвдрэл үүсч, 147, 148, 137, 136 дугаар силосууд болон 176 дугаартай од хэлбэрийн сав нь эвдрэл, гэмтлүүдээс дахин ашиглах боломжгүй болсон.

Мөн 134, 140, 170, 174 дүгээр силос, 16 дугаартай од хэлбэрийн савны ёроол, таганд хялгасан цууралт үүссэн. Техникийн давхрын угсармал төмөр бетон хучилтын 10 ширхэг хавиргат хавтан, дат нуруу, багана, ханын хамт нурж унасан. ТР-65 маркын тэргэнцэр, ЛТ-175 маркын туузан дамжуулагчтай шугам бүрэн ажиллагаагүй болсон.

Барилгын дээвэр дээр байрлах БЧШ-450 маркын тоос тунгаагч төхөөрөмж дотогшоо нуран унаж бүрэн эвдэрсэн.

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10-07-022/25 тоот дүгнэлтээр дээрх элеваторын барилгын эвдэрсэн байдал нь нотлогдоно.

Тус компани нь дээрх элеваторын барилгынхаа эвдрэлийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж, сэргээн засварлахаар ажиллаж байна. Энэхүү элеваторын барилгын сэргээн босголтын ажлын төсөв нь төсөвийн үнэлгээчний гаргасан үнэлгээгээр 4 444 873 000 төгрөг болж байгаа бөгөөд бид энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шинжээч томилуулан учирсан хохирлын бодит үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байна.

Хоёр: Тариалан эрхлэлтийн дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *******ний улаан буудай хадгалуулах -2009-1/01 тоот гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *******ний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний 5.1, 5.2-д зааснаар хүнсний улаан буудайн хадгалалтын хөлс 1 тонн буудайд хоног тутамд 55 төгрөгөөр тооцож, хоёр талын санхүүгийн алба хадгалагдаж байгаа буудайд сар, өдрөөр тооцоо нийлж, хадгалалтын болон үйл ажиллагааны хөлсийг тухайн хугацаанд хадгалагдсан буудайд тооцож шилжүүлж байхаар тохиролцсон.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх балансаар тус сан нь Дархан Гурил Тэжээл ХК-д 730 300 000 төгрөгийн хадгалалтын хөлсний үлдэгдэл өр төлбөртэй байгаа болно.

Гурав: 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар :

“Дархан Гурил тэжээл ХК-ийн Гүйцэтгэх захирал 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-нд *******, Хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яам болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах үед “Дархан Гурил тэжээл” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хадгалуулсан байсан улаан буудай гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үгүй болсон буюу чанар нь муудсан байсан буюу анхнаасаа чанар байдлын шаардлага хангахгүй, танайд худалдсан мэтээр хийгээд дараа нь технологийн болон стандартын шаардлага хангаагүй байсан гэх байдлаар төлбөрийг нэхэмжлэхгүй, танайд хамаагүй гэж ойлгуулсны дагуу хийгдсэн, түүнээс биш хүсэлт гарган, улаан буудай авахаар болж гэрээ байгуулан, зохих чанарын буудааг хүлээн аваагүй болно.

“Дархан Гурил тэжээл”ХК-ийн хувьд ямар нэг байдлаар буудай авч, гурил үйлдвэрлэх хүсэл зориг байгаагүй.

“Дархан Гурил тэжээл” ХК-ийн хувьд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдан авах буудай, түүний үнийн дүнгээс үзэхэд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй хийгдсэн, өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан хэлцэл байна.

“Дархан Гурил тэжээл” ХК нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кг ч улаан буудай аваагүй, буюу манайд санхүүгийн баримтаар хүлээлгэн өгөөгүй, орлого, зарлагын баримт үйлдэгдээгүй болно.

Тус компани нь буудайг худалдаж авсан талаар ямар нэг санхүүгийн баримт үйлдэгдээгүй, тийм баримт ч байхгүй.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь стандартын шаардлага хангаагүй чийглэг ихтэй буудай хүлээн авч хадгалуулсан, Тариалан эрхлэлтийг дэмжих санд “*******ний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-д заасан хүлээн авсан улаан буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Дархан Гурил тэжээл” ХК-д нийлүүлээгүй зэрэг зөрчлүүдээ нууж, хариуцлагаас мултрах үүднээс 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *******ний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээг халхавчлах байдлаар тус компанийн Гүйцэтгэх захирлаар дээрх гэрээнд гарын үсэг зуруулсан болно.

Хариуцагчийн зүгээс 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Элеваторт стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсан, тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах шаардлагын тухайд:

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *******ний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу Дархан Гурил тэжээл ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт гэрээний 2.3-т зааснаар Дархан Гурил тэжээл ХК-ийн төлөөлөгчийг байлцуулан, уг компанийн лаборантаар шинжилгээ хийлгүүлэн стандартын шаардлага хангасан гэж үзсэн улаан буудайг хадгалагчийн зөвшөөрснөөр хүлээн авч хадгалуулсан болох нь тайлбарт хавсаргасан “Тарианы шинжилгээний хуудас”-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Бодит байдал ийм байхад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурьдсан хадгалуулсан улаанбуудайг зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан дангаар авсан мэтээр тайлбарлаж байгаа нь улсын олон тонн үнэтэй буудайг хатаалга, сэлгэлтийн бүхий л арга хэмжээг технологийн дагуу аваагүйгээс үгүй хийсэн буруутай үйлдэл, үйл ажиллагаагаа далдлах, хариуцлагаас бултах, улсыг хохироох гэсэн Дархан Гурил тэжээл ХК-ийн явуургүй үйлдэл гэж нэхэмжлэгчийн зүээс үзэж байна.

№2009-1/01 тоот гэрээний 4.5-д хадгалагч нь “стандартын шаардлага хангаагүй буудайг хүлээн авахгүй байх эрхтэй” гэж заасан байхад өөрсдөө шинжилгээ хийж, стандартад нийцнэ хэмээн хүлээн авч хадгалсан бөгөөд нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээний 4.1-д зааснаар хадгалагч тал буюу хариуцагч “Дархан Гурил тэжээл ХК” нь буудай хүлээн авах, хадгалах үйл ажиллагаандаа *******, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллахаар заасан атал хариуцагч нь энэ үүргээ зөрчсөн, журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон шүүхэд өгсөн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2009.12.01-ний өдрийн 36/30/583 тоот “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлагын шалгалтын явцад “элеваторт чийг дулаан хэмжигч тоног төхөөрөмж байрлуулаагүй, хатах болох цэвэрлэх тоног төхөөрөмж / бүрэн ажилладаггүй/, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-1/01 тоот гэрээний биелэлт хангалтгүй /4, 5/ зэрэг зөрчил ирсэн гэж дүгнэж “хүлээн авсан хүнсний улаан буудайг 2009.12.30-ны дотор өөрийн хүчин чадлыг ашиглан хатааж, цэвэрлэн сортолж, шинжилгээ авахуулж, дүгнэлт гаргуулах, элеваторт хатаах төхөөрөмж болон цэвэрлэх тоног төхөөрөмжийг байрлуулах, силос тус бүрээр сэлгээх график гарган байгууллагын даргаар батлуулан мөрдөж ажиллах, элеваторт хадгалагдаж байгаа буудайн чийгийн үзүүлэлтийг байнга хянаж байх, чийг хэмжигч багаж хэрэгслийг байрлуулах” зэрэг шаардлагыг хүргүүлсэн байна. Үүнээс үзэхэд хариуцагч “Дархан Гурил тэжээл ХК” нь анхнаасаа №2009-1/01 тоот гэрээний 4.1-д заасан нөхцлийг хангаагүй / чийг дулаан хэмжигч тоног төхөөрөмж байрлуулаагүй, хатах болон цэвэрлэх тоног төхөөрөмжгүй/ элеваторт улаанбуудайг хадгалсан болох нь тодорхой байна.

Тухайн 2009 оны ургац хураалтын үер тохиолдсон байгалийн аюултай үзэгдлийн улмаас улаанбуудайн ургацын чанарт нөлөөлсөн байдлыг үндэслэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2009.10.15-ны өдрийн 44 дугаартай “Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай” тушаалаар сан нь хүнсний улаанбуудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15,1-17% хүртэл чийгтэй улаанбуудай авч болох нөхцөл бий болсон бөгөөд харин хадгалагч тал эдгээр улаанбуудайг стандартад заасан хэмжээнд чийг, хольц, хогийн хувийг хүргэх үүргийг гэрээгээр хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс улаанбуудайг муутгаж, үгүй хийсэн байна.

“Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 4.2-т “Хадгалах явцад буудайн тоо хэмжээг дутагдуулсан, чанарыг нь муудуулсан нөхцөлд түүний хохирлыг хэн буруутай этгээдээр төлүүлж, санг хохиролгүй болгоно” гэж заасан нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хадгалуулсан 8900 тонн улаанбуудайн үнэ 3 115 000 000 төгрөгийг хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолсон тохиолдолд уг шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжтой болно.

3. 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

Нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч талтай тэдний хүсэлтийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь сангийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан зүйл байхгүй бөгөөд харин ч хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ны зүгээс санал анх тавьсаны дагуу байгуулагдсан гэрээ болохыг Дархан Гурил тэжээл ХК-ны ерөнхий захирал С.Намсрайжавын 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 тоот “Буудай худалдан авах тухай” ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржавт явуулсан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус сангийн шууд шилжүүлсэн бичгийн албан байгууллагын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотолж байна.

Иймд дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Талууд дээрх Худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хоёр дахь заалтаар харилцан тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. мөн гэрээний зүйл болох 10 тонн улаанбуудай нь хариуцагчийн эзэмшилд байхад хариуцагч нь Дархан Гурил тэжээл ХК-ны хувьд ямар нэг байдлаар буудай авч, гурил үйлдвэрлэх хүсэл зориг байгаагүй, 1 кг ч улаанбуудай аваагүй гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тайлбар байна.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2-т их хэмжээний хэлцлийг тооцохдоо “Компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн гаргалт 87.2-т “Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл / байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтооно” гэж, 87.3-д “Их хэмжээний хэлцэл мөн эсэхийг тодорхойлохдоо төлөөлөн удирдах зөвлөл / байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь аудиторын зөвлөмжийн дагуу эд хөрөнгийн балансын үнийг мөнгөний ханшны уналтын түвшинтэй зохицуулан шинэчилж дахин тогтоож болохоор” заасан. Дархан Гурил тэжээл ХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “*******ний улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ” нь их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл эсэх нь нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь улсын олон тонн хүнсний улаанбуудайг муутгаж үгүй хийн , мөн худалдан авсан төлбөрөө төлөхөөс зайлсхийж нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санг цаашилбал Монгол Улсын төсөвт ихээхэн хэмжээний хохирол учруулж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа :

Нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-1/01 тоот “*******ний улаанбуудай хадгалуулах гэрээ”-гээр Дархан Гурил тэжээл ХК-ийн хадгалалтад 33729 тонн хүнсний улаанбуудай шилжүүлсэн бөгөөд үүнээс 14829 тонн хүнсний улаанбуудайг худалдан борлуулж үлдэгдэл 18900 тонн хүнсний улаанбуудайг хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ийн элеваторт хадгалуулсан билээ. Ийнхүү хадгалуулахдаа 1 тонн улаанбуудайд хоног тутам 55 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009.09.28-2011.03.16-ны өдрийн хооронд хадгалалтын хөлсөнд нийт 566 878 562 төгрөгийг хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-д шилжүүлсэн боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч байгууллага үлэмж хэмжээгээр хохирсон учир дээрх хадгалалтын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг хариуцагч талаас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардагын хэмжээг 566 878 562 төгрөгөөр ихэсгэж байна.

Иймд хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-аас ...8900 тонн улаан буудайн үнэ 3 115 000 000 төгрөг, 10 000 тонн улаан буудай худалдан авсан үнэ 3 500 000 000 төгрөг, гэрээний дагуу алданги 457 450 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 төгрөг, хадгалалтын хөлс 566 878 562 төгрөг нийт 7 674 690 562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөр, өмгөөлөгч Н.Наранбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дархан гурил тэжээл”ХК-тай 2009.9.18-ны өдрийн 2009/1/01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах гэрээ” байгуулан хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ 3,115,000,000 төгрөг гаргуулах, мөн талуудын хооронд байгуулагдсан 2011.10.14-ний өдрийн 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах худалдан авах гэрээ”-ээр 10000 тн хүнсний буудайг 1 тонныг нь 350 төгрөгөөр худалдсан буудайны үнэ 3,500,000,000 төгрөг, тухайн худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу гэрээнд тохиролцсон алданги 0,01 хувиар тооцож, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 457,450,000 төгрөг, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35,362,250 төгрөг, тухайн буудайг хадгалалтын буюу хатаалтын хөлсөнд төлсөн 566,878,562 төгрөг, нийт 7,674,690,562 төгрөгийг “Дархан гурил тэжээл”ХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулиар үүсгэн байгуулагдсан төрийн байгууллага, албан газар, төсвийн өмчит үйлдвэрийн газрын статустай үйл ажиллагаа явуулдаг. Тус сан нь тухайн хууль болон Тариалангийн тухай хуулиар тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор намрын ургац хураалтын будаанаас тодорхой тооны будааг өөрийн болон бусад гурадвагч этгээд гурил үйлдвэрлэгчдийн саванд хадгалаад эрэлт гарсан үед худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд 2009 онд “Дархан гурил тэжээл”ХК-ийн зориулалтын элватор буюу агуулах саванд хадгалатын гэрээ байгуулаад 33,729 тн улаан буудайг хадгалуулсан байдаг. Ингэж хадгалуулахдаа “Дархан гурил тэжээлийн” ХК-ийн өөрийнх нь ажилчид, лаборант, шинжээч нар нь тухайн тариаланчдаас буудайны дээж авч, чанар, стандартыг шалгаж, 33,729 тн буудайг хүлээж авахдаа манай сантай хадгалалтын гэрээ байгуулан, үнэ хөлсийг нь улсын төсвөөс санхүүжүүлсэн байгаа. Тухайн буудыг хүлээж авахад лабораторын бичиг, шинжилгээний бичиг гараад буудай хадгалагдаж байхад хадгалагдаж байгаа буудай болон борлуулагдах буудайнд мэргэжлийн хяналтын байгууллага тухай бүрт дүгнэлт гаргадаг. Үүний дагуу 14,829 тн будааг зохих журмын дагуу борлуулж, 18,900 тн будаа хадгалагдаж үлдсэн байсан. Энэ 18,900 тн будаанаас “Дархан гурил тэжээл”ХК гурилын үйлдвэртээ зориулж худалдан авах хүсэлтийг ирүүлсний дагуу 10000 тн будааг тонныг нь 350 төгрөгөөр тооцож шилжүүлсэн. Үлдсэн 8900 тн будаа нь хадгалалтдаа хэвээр үлдсэн. Гэтэл “Дархан гурил тэжээл”ХК-аас будааг хадгалах хадгалалтын норм стандарт, дүрэм журмыг зөрчиж, тухайн буудайны чанар стандартыг алдагдуулсан. Манай хадгалуулсан байсан 8900 тн буудайны чанар стандарт нь алдагдаж, зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй болсон учраас буудайг буцаан авах боломжгүй болсон. Тиймээс энэхүү 8900 тн буудайны үнийг төлүүлэх буюу тухайн оны үүрэг үүсэх үеийн Сайдын тушаалын дагуу 8900 тн буудайны үнийг 1 тонныг нь 350 төгрөгөөр бодож 3,115,000,000 төгрөг гаргуулах, “Дархан гурил тэжээл”ХК нь 10000 тн будааг худалдан авна гэх хүсэлтийн  дагуу худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Энэ 10000 тн буудайны үнэ болох 3,500,000,000 төгрөгийг гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангийг 0,1 хувиар тооцож 457,450,000 төгрөг, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал буюу нэхэмжлэгч байгууллагаас зайлшгүй гарах ёстой зардал гэж үзэж 35,362,250 төгрөг, тухайн буудайг хадгалалтын буюу хатаалтын хөлсөнд төлсөн 566,878,562 төгрөг, нийт 7,674,690,562 төгрөгийг “Дархан гурил тэжээл”ХК-аас гаргуулах үндэслэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртнасан, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Ш.Энхтөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2009.9.18-ны өдрийн 2009/1/01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах гэрээ”-ий 1.2, 1.4.1-т “*******ний улаан буудайг авч хадгалахдаа Тариалан эрхлэлтийг дэмжих сан хүнсний болон үрийн улаан буудайг хүлээн авах, хадгалуулах түр журмыг мөрдөн ажиллана” гэж заасан. Энэ журам нь ******* Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2009 оны 9 дүгээр 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан байдаг. Энэ журмын 1.4, 2.1-т “Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг авч хадгалаад журмын 3.1-т *******ний MNS 97:2004 стандартыг хэрэглэнэ” гэж *******ний улаан буудайн чийглэгийг 14,5 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан байдаг. 2009.9.18-ны өдрийн “Дархан гурил тэжээл”ХК-ийн хүнсний улаан буудай хадгалах элварторт 2009 оны ургацаас эхлэн аж ахуй нэгжүүдээс буудай авч эхэлсэн. 2009 оны буудай авч эхлэх үед цочир хүйтэрч, нойтон цас их хэмжээгээр орж, байгалийн аюултай үзэгдэл болсон. Тариалан эрхлэлтийг дэмжих сан чийглэг ихтэй хүнсний улаан буудай хадгалуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан “Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн”-ийн 2009 оны 8-11 саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдал болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2009.10.15-ны өдрийн 44 тоот “чийглэг ихтэй буудааг авъя” гэдэг тушаал байгаа. Энэ хүнсний улаан буудайг “Дархан гурил тэжээл”ХК нь шууд хүлээн аваагүй, манай компанийн өмчлөлйн элваторт “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Дархан гурил тэжээл”ХК-ийн ажилтныг байлцуулж буудайг хүлээн авч, гарын үсэг зурсан баримт нь хэрэгт байгаа. ******* Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2009 оны 9 дүгээр 15-ны өдрийн 220 тоот тушаалд 14,5 хувиас өндөр чийглэгтэй будаа авбал хатаалгын зардалд 1 тн хүнсний улаан буудай тутамд 10 литр түлш зарцуулахаар зохицуулсан. Тэгэхээр энэ гэрээнд заасан стандарт шаардлагыг зөрчөөд 16.5 хувьтай чийглэг будаа авсан нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдийн 2009, 2010 онуудад хүргүүлж байсан дүгнэлт, албан шаардлагаар нотлогддог. Мөн шинжээчийн дүгнэлтүүдэд чийглэг өндөртэй будаа байсан байна гэдгийг тусгаж өгсөн.  Гэрээгээ зөрчиж чийг өндөртэй будаа авсан, хатаалгын зардал төлөх байсан төлөөгүй.

*******ний улаан буудайг авч хадгалах түр журмын 5.2-т “хадгалах хугацааг 1 жилээс илүүгүй хугацаагаар хадгалахгүй байх” гэж заасан. Чийглэг өндөртэй буудай авсан, хатаалгын зардал төлөөгүй, улаан буудайг 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсны улмаас хадгалах горим нь зөрчигдөж, хэдийгээр элварторт сэлгээ хийж байсан ч хатаалга хийж чадахгүйгээс болж буудайны чанарт нь өөрчлөлт орж хүнсний улаан буудай устсан. Түүгээр ч зогсохгүй хүнсний улаан буудай устсаны улмаас дэлбэрэлт үүүсэн. *******ний улаан буудай хадгалах гэрээний 6.1-д “хэрэв гэнэтийн буюун давагдашгүй хүчний шинжтэй /яг давагдашгүй хүчин зүйл гэж хэлээгүй/ онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан тохиолдолд хадгалагч уг хохирлыг төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан. Дээрх үндэслэлүүдээр “Дархан гурил тэжээл”ХК хариуцлага хүлээх үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа. 2011.11.14-ний өдрийн “*******ний улаан буудайг худалдах худалдан авах гэрээ”-ий дагуу төлбөрийг нэхэмжилж байгаа алдангийн хувьд гэрээ байгуулах үед хүнсний улаан буудай устаж байхгүй болсон чанар нь муудсан байсан гэдэг нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009.9.30-ны өдрийн албан шаардлага, 2009.12.01-ний өдрийн албан шаардлагаар буудайны чийг нь 16,5 хувь байна гэж заасан байсан. Мөн MNS 97:2004 стандарт зэрэг нь гарсан байсан. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2010.8.06-ны өдрийн албан шаардлага, улсын байцаагчийн дүгнэлтэд “Дархан гурил тэжээл”ХК-ийн элваторт хадгалагдаж байгаа хүнсний улаан буудайн чийг, хог хольц нь хүнсний улаан буудайн ерөнхий шаардлага стандарт зөвшөөрөгдөх хэмжээнд хангахдахгүй байна” гэсэн дүгнэлт гарсан байсан. Дараа нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2011.2.14-ний өдрийн дүгнэлт, 2011.2.16-ны өдрийн шаардлагаар шаардлага хангахгүй хүнсний улаан буудайг бусдад шилүүлэхгүй байхыг шаардсан байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчдын 2011.4.18-ны өдрийн болон 2011.4.21-ний дүгнэлтээр элваторт хадгалагдаж байгаа хүнсний улаан буудай нь стандартад заасан буудайн чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байхад “Дархан гурил тэжээл”ХК-тай гэрээ хийсэн нь мэргэжлийн хяналтын газрын улсын байгцаагдын дүгнэлтийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл устсан буудайг худалдаж байгаа нь хууль бус үйлдлээ халхавчлах зорилгоор гэрээ хийсэн гэж үзэж байна. Яг энэ үед ”Дархан гурил тэжээл” ХК гурил үйлдвэрлэх боломжгүй байсан. Тайлбараараа хэлэхэд /ямар нэг нотлох баримт байхгүй/ тухайн үеийн нөхцөл байдалд Атарын 3 дугаар аяны хүрээнд авсан буудайгаа буюу муудчихсан буудайгаа нэгэнт авчихсан учраас та бүхэн гарын үсэг зураад авчхаарай гэж улс төрийн дарамт шахалтад орж гарын үсэг зурсан байгаа нь харагддаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлнэ” гэж заасан. Энэ гэрээ нь хүнсний улаан буудайг худалдан авагчдад нийлүүлж өгсөн зүйл байхгүй. 1 кг будаа ч хүлээж авсан зүйл байдаггүй. Гэтэл гэрээндээ авснаар хүлээлгэн өгсөнд тооцно гэсэн байгаа нь байж болохгүй зүйл. Энэ гэрээгээр худалдан авагчдад нэг ч төгрөг төлөөгүй учраас энэ гэрээг байгуулагдаагүй, хэрэгжээгүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын асуудлын хувьд бид Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан “Улаан буудай худалдах худалдан авах гэрээ”, “Улаан буудай хадгалуулах гэрээ”-ээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар ямар нэг зүйл хариуцна гэсэн тохиролцоо хийгээгүй. Бидэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүхийн шийдвэрийг урьдчилан таамаглаж, шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын талаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-д холбогдуулан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ 3 115 000 000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авсан 10 000 тн улаан буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457 450 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж 2009.09.28-2011.03.16-ны хооронд шилжүүлсэн хадгалалтын хөлс 566 878 562 төгрөг нийт 7 674 690 562 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь “Дархан Гурил тэжээл ХК-ны стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг, 2009.09.18-ны Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөг, 2011.10.14-ний “*******ний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч *******, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр Р.Булган нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 5/

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам” болон *******ний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS 97:2004 стандартад заасан буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байх заалтыг зөрчиж “Дархан Гурил тэжээл” ХК-ний Дархан-Уул аймаг Дархан сум дахь элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаанбуудайг хүлээн авч хадгалуулсан, хүлээн авсан улаанбуудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Дархан Гурил тэжээл” ХК-д нийлүүлээгүй зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан тул Дархан Гурил тэжээл ХК нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй худалдан авсан гэх буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, алданги 457 450 000 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулахаар зааснаас үзэхэд хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулаад төлбөр барагдуулсан бол түүнд өгөх урамшууллын асуудлыг зохицуулсан болохоос шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудлынхаа урамшууллын асуудлыг нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэл байхгүй тул уг төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь харилцан тохиролцож 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-1-01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээ байгуулан Дархан Гурил тэжээл ХК-нд 33 729 тонн хүнсний улаан буудай хадгалуулсан болох нь хэрэгт авагдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №2009-1/01 тоот гэрээ, 2009.01.01-2009.12.31-ний өдрийн хооронд Тариа хүлээн авсан жагсаалт, талуудын тайлбараар тогтоогдож талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д “Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ” гэж  заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 6-8, 154-238/

 

Талууд нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээний 1.2, 4.1-д зааснаар хүнсний улаан буудайг хүлээн авах, хадгалахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллахаар тохиролцсон байна.

 

*******, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/155 дугаартай тушаалаар ...1 тонн улаан буудайн жишиг үнийг 350 000 төгрөгөөр тогтоосон байна. /3-р хавтасын х-154/

 

2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсны улмаас Дархан Гурил тэжээл ХК-ний өмчлөлийн Дархан сум дахь элеваторт чийг ихтэй буудай хүлээн авч байсан болох нь Ус цаг уур, орчны хүрээлэнгийн 2009 оны 8, 9, 10, 11, 12 сарын Газар тариалангийн бүс нутгийн уур амьсгалын тойм, Тариа хүлээн авсан жагсаалт, Тариа хүлээн авсан актууд,  Тариа хүлээн авалтын товчоо, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2009.10.15-ны өдрийн 44 тоот Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 44-53, 56-57, 104, 117-132, 154-238, 2-р хавтасын 193-250/

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Намсрайжавын ...эрдэм шинжилгээний болон хөдөө аж ахуйн байгууллагыг шинжээчээр томилж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж, шинжээчээр Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг томилсон байх бөгөөд бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016.04.05-ны өдрийн 3/866 дугаартай албан бичигт ...манай байгууллага нь улсын байцаагчийг шүүхийн хэрэг маргаанд шинжээчээр томилох эрх зүйн үндэслэлгүй гэсэн хариу ирүүлсэн байх бөгөөд талуудын хэн аль дахин санал хүсэлт гаргаагүй байна. /2-р хавтасын х-123/

 

Мөн дээрхи шүүгчийн захирамжийн дагуу ХААИС Ургамал Газар тариалангийн хүрээлэнгээс 2015.12.08-ны өдрийн 1/435 дугаартай шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд ...талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээн авсан улаан буудайн чийгийн хэмжээ 14,5-16,5 хувь байна, дээрх чийгтэй буудайг элеваторт хэвийн хэмжээнд хадгалах боломжгүй, MNS97:2004 стандартыг зөрчсөн гэжээ. /1-р хавтасын х-137-138/

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь *******ний улаанбуудай хадгалуулах гэрээний 4.5-д “Стандартын шаардлага хангаагүй буудайг хүлээн авахгүй байх эрхтэй” гэж заасан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2009.09.30-ны өдрийн 36/30/449 тоот 3өрчил арилгуулах тухай албан шаардлага, 2009.12.01-ний өдрийн 36/30/583 тоот “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлагын шалгалтын явцад “элеваторт чийг дулаан хэмжигч тоног төхөөрөмж байрлуулаагүй, хатах болох цэвэрлэх тоног төхөөрөмж / бүрэн ажилладаггүй/, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-1/01 тоот гэрээний биелэлт хангалтгүй /4, 5/ зэрэг зөрчил илэрлээ гэж дүгнэж “хүлээн авсан хүнсний улаан буудайг 2009.12.30-ны дотор өөрийн хүчин чадлыг ашиглан хатааж, цэвэрлэн сортолж, шинжилгээ авахуулж, дүгнэлт гаргуулах, элеваторт хатаах төхөөрөмж болон цэвэрлэх тоног төхөөрөмжийг байрлуулах, силос тус бүрээр сэлгээх график гарган байгууллагын даргаар батлуулан мөрдөж ажиллах, элеваторт хадгалагдаж байгаа буудайн чийгийн үзүүлэлтийг байнга хянаж байх, чийг хэмжигч багаж хэрэгслийг байрлуулах” зэрэг албан шаардлагууд, Дархан Гурил тэжээл ХК-ийн удирдлагатай 2010.07.27-ны өдөр уулзсан ярилцлагын тэмдэглэл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржавын 2010.07.30-ны өдрийн 275 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2011.01.27-ны өдрийн 34 тоот Зарим арга хэмжээг хэрэгжүүлэх тухай албан бичиг,  Дархан Гурил тэжээл ХК-ны 2016.01.14-ний өдрийн 3 тоот Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу гүйцэтгэсэн ажлын тайлан хүргүүлсэн тухай албан бичиг, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт,  Дархан Гурил тэжээлийн үйлдвэрийн удирдлага, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ажлын хэсгийн хуралдааны 2011.02.14, 2011.02.18-ны өдрүүдийн тэмдэглэл,  Дархан-Уул аймгийн Технологийн Их сургуулийн 2016.06.10-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 32, 105,106, 115, 116, 137, 46-58, 59-70, 71-72, 126-129/

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан хохирлоо шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан “*******ний улаан буудай хадгалуулах гэрээ”-ний 4.8-д “Хадгалагч буудайн тоо хэмжээг дутаасан, хадгалалтын буруугаас чанар байдлыг алдагдуулсан тохиолдолд 14 хоногийн дотор учирсан хохирол, түүний дотор олох байсан орлогыг 3 нугалж, хадгалуулагчид төлнө”, Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө” гэж зааснаар 8900 тонн улаанбуудайн үнэ /1 тонн нь 350 000 төгрөг/ 3 115 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ны хооронд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд гэрээний дагуу хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь өөрийн компаны элеваторт хадгалуулсан 10 000 тн улаан буудайг, 1 тонныг нь 350 000 төгрөгөөр, гурил үйлдвэрлэх зориулалтаар, 2011.11.01-ий өдрөөс 2012.03.31-ний өдөр хүртэл гэрээний хавсралт 1-д заасан графикийн дагуу үнийг төлж дуусгахаар, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд буудайн төлбөрийг төлж чадаагүй хугацаа хожимдсон бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги тооцохоор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /1-р хавтасын х- 9-12/

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь тус компаны элеваторт хадгалуулсан буудай устаж үгүй болсон, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан Дархан Гурил тэжээл ХК-ны ерөнхий захирал С.Намсрайжавын 2011.03.20-ны өдрийн 45 тоот ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захиралд гаргасан Буудай худалдан авах тухай албан бичиг, Албан бичгийг хүлээн авч шилжүүлсэн баримт, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2012.02.21-ний өдрийн 192 тоот Буудайн үнэ төлүүлэх тухай албан бичиг, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2014.03.31-ний өдрийн 230 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2015.01.02-ны өдрийн 17 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын 2011.08.05-ны өдрийн 1/2406 тоот Шалгалтын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай албан бичигт ...Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Дархан Гурил тэжээл ХК-ны элеваторт хадгалагдаж байгаа “*******ний улаан буудай, Техникийн ерөнхий шаардлага MNS0097:2010 стандартын чанарын шаардлага хангаагүй нийт 22195,8 тн хүнсний буудайнаас 11349,8 тн-ыг дахин цэвэрлэж ялгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа байцаагчийн хяналтан дор борлуулах” гэсэн шалгалтын дүн, Дархан Гурил тэжээл ХК-ны гүйцэтгэх захирал С.Намсрайжавыг 2012.03.20-ны өдөр эрүүгийн хэрэгт сэжигтнээр байцаасан тэмдэгдэглэлд ...Бид 2009 онд гэрээний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 26 000 тонн буудайг хадгалсан. Энэ хугацаанд ТЭДС-ийн зөвшөөрлөөр 12000 тонн буудайг гадагш аж ахуйн нэгж байгууллагад ачуулж, үлдсэн 10 000 тонн буудайг манай компани худалдаж авч өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Одоо энэ үлдсэн буудайг манай компани худалдан авч өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Одоо энэ улаан буудай ямар нэгэн байгууллагад огт хамааралгүй зөвхөн манай компанийн эзэмшлийн буюу захиран зарцуулах эрх нь надад байгаа” гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын 2012.03.22-ны өдрийн 90 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд ...Дархан Гурил тэжээл ХК-ийн өөрийн хадгалж байсан хаягдал буудай шатсан, бусад иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэрэг нотлох баримтуудаар 10 000 тонн улаан буудай худалдан авсан болох нь тогтоогдож байна.  /хх-ийн 65, 66, 107, 108, 109, 3-р хавтас 196-197, 249-250/

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь талуудын хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдан авах буудай, түүний үнийн дүнгээс үзэхэд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй хийгдсэн, өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.1.2-т “Компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн гаргалтыг тооцно”, 87.2-т “Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтооно”, 87.3-д “Их хэмжээний хэлцэл мөн эсэхийг тодорхойлохдоо төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь аудиторын зөвлөмжийн дагуу эд хөрөнгийн балансын үнийг мөнгөний ханшны уналтын түвшинтэй зохицуулан шинэчилж дахин тогтоож болно” гэж зохицуулсан бөгөөд хариуцагч нь дээрх хэлцэл нь их хэмжээний хэлцэлд хамаарах эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Иргэний хуулийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан байдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь уг Худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа тохиолдолд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргах ёстой байтал шаардлага гаргаж байгаа нь хууль бус гэжээ.

 

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь талуудын хооронд байгуулсан 2011 оны10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай *******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2015.08.03-ны өдөр шүүхэд гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-д холбогдуулан 2 852 570 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үндсэн үүргийн гүйцэтгэл 3 500 000 000 төгрөг, алданги 21 000 000 төгрөг нийт 3 521 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 195-197/

 

Дээрхи хэргийг Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4879 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар Нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 198/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Нэхэмжлэгч нь дахин 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрхи хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “Эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан бөгөөд хариуцагч нь доголдлын талаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгийг ...худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”,  Худалдах, худалдан авах гэрээний 5.1-д “Худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд буудайн төлбөрийг төлж чадаагүй хугацаа хожимдсон бол хугацаа хэтэрсэн долоо хоног тутамд энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги тооцож, үл маргалдах журмаар худалдагч талд төлнө”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-аас 10 000 тонн улаанбуудайн үнэ / 1 тонн х 350 000 төгрөг/ 3 500 000 000 төгрөг, алданги 1307х350000 =457 450 000 төгрөг нийт 3 957 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгох нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна”, 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуусгавар болсны дагуу яригдах асуудал бөгөөд урьдчилан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшуулал 35 362 250 төгрөгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж 2009.09.28-2011.03.16-ны хооронд шилжүүлсэн хадгалалтын хөлс 566 878 562 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн Дархан Гурил тэжээл ХК-д олгосон хадгалалтын хөлсний тооцоо, хадгалалтын хөлс шилжүүлсэн төлбөрийн даалгаваруудаар хадгалалтын хөлсөнд нийт 641 878 562 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 157-184/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах ... эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хадгалалтын хөлсийг бууруулж шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч байгууллагад үлэмж хэмжээгээр хохирсон учир дээрх хадгалалтын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг хариуцагч талаас буцаан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь талуудын хооронд байгуулсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээний дагуу 33729 тонн улаан буудай авч хадгалуулснаас нэхэмжлэгч нь 14829 тонн буудайг худалдан борлуулсан, хариуцагчтай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “*******ний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 10 000 тн улаан буудай худалдсан, 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дэлбэрэлт болох хүртэл хугацаанд хадгалалтад байсан, гэрээний дагуу хүлээн авсан буудайг хатаалгад оруулж, сэлгэж байсан болох нь хэрэгт авагдсан Тариа хатаалга, цэвэрлэгээний лабораторийн хяналтын журнал, Буудайн сэлгээний журнал, Тариа хүлээн авах бүртгэл, Хүлээн авсан тарианы чанарын тодорхойлолтын бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд “*******ний улаан буудай хадгалуулах” гэрээний 4.10-д “Хадгалалтын хөлсөнд буудайг буулгах, буцаан технологийн дагуу хатааж, сэлгэхтэй холбогдсон ажилчдын хөлс, цахилгааны болон бусад үйл ажиллагааны зардлыг улирал бүр нэхэмжлэн авна”, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай Зохицуулалт хийж дэмжлэг үзүүлэх тухай тушаалд ...1. *******ний буудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15,1-17,0 хувь хүртэл чийгтэй буудайг 1 удаа, 17,1-19,0 хувь хүртэл чийгтэй буудайг 2 удаа хатаалга хийж, хатаалгын зардлыг 1 тн буудайд 1 удаагийн хатаалгад 10 л түлш зарцуулахаар тус тус тогтоосугай. 2. Хогт хольц нь стандартад зааснаас илүү гарсан 3,5 хувь тутамд нэг удаа цэвэрлэхэд хүлээн авч буй буудайн нийт жингээс цэвэрлэгээний зардлыг 1250 төгрөгөөр тооцож, буудай нийлүүлэгч аж ахуйн нэг, иргэдээс суутган тооцсугай гэсэн тушаалд заасан үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл улаанбуудай хадгалалтын хөлснөөс хойш төлбөр төлөөгүй байх тул хадгалалтын хөлсийг гаргуулах үндэслэлгүй байна. /хх-ийн 2-р хавтасын х-108-113/

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь “Дархан Гурил тэжээл ХК-ны стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг, 2009.09.18-ны Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөг, 2011.10.14-ний “*******ний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг татан авч, хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл авах нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж 377 919 000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2009.09.18-ны №2009-1/01 тоот өдрийн *******ний улаан буудай хадгалуулах гэрээний 5.1-д “Хадгалалтын хөлс 1 тонн буудайд хоног тутамд 55 төгрөгөөр тооцно”, 5.2-т “Хоёр талын санхүүгийн алба хадгалагдаж байгаа буудайд сар, өдрөөр тооцоо нийлж, хадгалалтын болон үйл ажиллагааны хөлсийг тухайн хугацаанд хадгалагдсан буудайд тооцож, хадгалагчийн нэхэмжлэлийн дагуу дараа сарын эхний 10 хоногт багтаан 60 хувийг шилжүүлнэ”, 5.3-д “Төлбөрийг Дархан Гурил тэжээл ХК-ний Хаан банкны 5003005089 тоот дансанд шилжүүлнэ” гэж заасан бөгөөд гэрээнд заасны Дархан Гурил тэжээл ХК нь хадгалалтын хөлс шаардах, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хадгалалтын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь хадгалалтын гэрээний дагуу  хадгалалтын хөлсний 60 хувь буюу 566 878 562 төгрөгийг авсан талаар талууд маргадаггүй бөгөөд үлдэх 40 хувь буюу 377 919 000 төгрөгийг гэрээнд зааснаар нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.1-д “хадгалагчид эд хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг төлөх ”, 44.4.2-т “Хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалагчид хөлсийг төлөх” үүрэгтэй байх тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 377 919 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь шүүх хуралдаанд “Дархан Гурил тэжээл ХК-ны стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг гаргуулах, 2011.10.14-ний “*******ний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь шүүхэд гаргасан хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад элеваторын барилгын сэргээн босголтын ажлын төсөв нь төсвийн үнэлгээчний гаргасан үнэлгээгээр 4 444 873 000 төгрөг болж байгаа бөгөөд тэсрэлтээс үүссэн бодит хохирлыг тогтоох, мэргэжлийн төсөвчнөөр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4714 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, шинжээчээр Арлын ам ХХК-г томилсон байна.

 

Арлын ам ХХК-ны 2015.12.13-ны өдрийн №4 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Ш.Жаргалсайханы хийсэн төсвөөр одоогийн байдлаар төсөвчний гаргасан зардал тооцоог цаашид уг барилга байгууламжийг засахад зайлшгүй гарах зардал 4 444 872 930 төгрөг гэж үзлээ гэсэн дүгнэлт ирүүлжээ. /1-р хавтасын хх-ийн 139-148/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхэд гаргасан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2012.02.10-ны өдрийн 22/02 тоот шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас эрүүгийн 20120900084 дугаартай хэргийн материалуудыг ирүүлжээ. /1-р хавтасын х-245-246/

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагад өөрчлөлт орж, гүйцэтгэх захирлаар В.Үнэнбат нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр томилогдсон болох нь хэрэгт авагдсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 158/

 

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Т.Төгөлдөр, нэхэмжлэгчийн хүсэлтээр өмгөөлөгч Н.Наранбаяр нар, хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ны гүйцэтгэх захирал С.Намсрайжав нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Д.Уртнасан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Ш.Энхтөр,  Р.Болдбаатар нар оролцсон болно. /2-р хавтасын х-153-154, 170, 3-р хавтасын х-151/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар 38.9-д “...нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг шүүх хэргийн нотлох баримтаас хасах эрхтэй” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос ирүүлж хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй нийт 35 хуудас баримт, цэнхэр хавтастай Дархан Гурил тэжээл ХХК-ны элеваторын план зургийн хамт зохигчид буцаан олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Дархан Гурил тэжээл ХК нь шүүхэд гаргасан “Стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг, 2009.09.18-ны Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөг, 2011.10.14-ний “*******ний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 21 309 450 000 төгрөгийг төлж, хохирол 4 444 872 930 төгрөг гаргуулах нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2015.10.22-ны өдрийн 4586 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /хх-ийн 81/

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг, 2011.10.14-ний “*******ний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгчийн эрх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21 309 450 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 377 919 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 2 047 545 төгрөг гаргуулж хариуцагчид, төрийн сангийн орлогоос хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 19 261 905 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 422 дугаар зүйлийн 422.1, 422 дугаар зүйлийн 422.4.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-аас 3 115 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, хадгалалтын хөлс 566 878 562 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 377 919 000 төгрөг гаргуулж хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-аас 3 957 450 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгосугай.

 

3. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хариуцагч нь компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг, 2011.10.14-ний “*******ний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4586 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэрэгт авагдсан 35 хуудас баримт, цэнхэр хавтастай план зургийг зохигчид нь буцаан олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 309 450 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 377 919 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 2 047 545 төгрөг гаргуулж хариуцагчид, төрийн сангийн орлогоос гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 19 261 905 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА

 

 

                                           ШҮҮГЧ                                                Д.ОЮУНДАРЬ

 

 

                                           ШҮҮГЧ                                                Ч.БАТЧИМЭГ