Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00884

 

Д.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/01225 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар магадлалтай,

Д.Х-ийн нэхэмжлэлтэй,

О.Т, Н.Э нарт холбогдох,

Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 80.000.000 төгрөг гаргуулах, орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 01 дугаар сарын 08-ны өдөр Н.Э, О.Т нараас Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороолол 2Б байрны 44 тоот орон сууцыг 120.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 60.000.000 төгрөгийг Н.Эын Хаан банкны данс руу шилжүүлж үлдэгдэл 60.000.000 төгрөгийг дараа өгөхөөр аман хэлцэл байгуулж орон сууцыг хүлээж авсан. Гэвч улс орон даяар эдийн засгийн хямрал нүүрлэж бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж чадалгүй 20.000.0000 төгрөгийг цувуулж төлсөн. Би байрны ордерийг шилжүүлж аваад барьцаанд тавьж төлбөр мөнгийг төлж барагдуулах талаар саналаа удаа дараа хэлж байсан боловч хариуцагч нар  зөвшөөрөөгүй бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102\ШШ2015\07472 дугаар шүүгчийн захирамж гарсны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, байрнаас гаргасан. Иймд орон сууц худалдаж авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 80.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хариуцагч нар нь тус орон сууцыг О.Лхагва гэж ахлуугаа бэлэглэлийн журмаар шилжүүлсэн байна. Тус орон сууцыг 120.000.000 төгрөгөөр худалдаж аваад үнийн дүнгийн 70 хувийг буюу 80.000.000 төгрөгийг төлсөн байхад хариуцагч нар нь бусдад бэлэглэлийн журмаар шилжүүлсэн байгаа үйлдэл нь хууль бус юм. Мөн Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142\Ш32017\04221 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нарын бусдад бэлэглэсэн орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилсэн болно. Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн 13 дугаар хороолол 3 дугаар хороолол 2Б байрны 44 тоот 3 өрөө орон сууцыг бусдад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Т, Н.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид гэр бүлийн дундын өмчлөлийн Ү-2205007338 улсын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Б байрны 44 тоот 40 кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Булгантамиртай 120,000,000 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр уг орон сууцыг хүлээн авч, түрхүүрээ аваад Б.Булгантамир нь хүүхдүүд, ээж, дүү нарын хамт нүүж орсон. Ингээд 2015 оны 1 дүгээр сарын 21-нд Орон сууц худалдах, худалдан авах гэрээг бид бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Ингээд гэрээний нэг тал болох Худалдан авагч Б.Булгантамир гэрээний үүргээ биелүүлэхгүй улмаар бид өөрийн өмчлөлийн орон сууцны эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ эдэлж чадахгүйд хүрээд уг орон сууцанд хууль бусаар амьдарч буй Ц.Буяннэмэх, Ч.Оюунцэцэг болон хамт амьдарч буй хүүхдүүдийг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2015 оны 09 сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тэгтэл уг хэргийн хариуцагч Ц.Буяннэмэхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х- нь би Б.Булгантамир болон Ч.Оюунцэцэг эгч нарт мөнгө өгөх өглөгтэй үлдэгдэл төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулъя, одоо өвөл болж байна энэ олон нялх нойтон хүүхэд хүмүүсийг гудамжинд гаргамааргүй байна байраас битгий хөөж гарга л даа гэж гуйсны эцэгт бид эвлэхээр болсон. Ингээд зохигчид тохирч эвлэрснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07472 дугаар шүүгчийн захирамжаараа баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид байраа зараад Эрдэнэт хотод нөхөр Төрбатын ажлын шаардлагаар шилжин ирж амьдарсан. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2017 оны 09 сард байраа хууль бус эзэмшиж буй Ц.Буяннэмэх, Ч.Оюунцэцэг нараас чөлөөлж авсан. Иймээс хариуцагч О.Т, Н.Э бид 2015 оны 01 дүгээр сарын 21-нд Б.Булгантамиртай гэрээ байгуулж, түүнээс 2015 оны 01 дүгээр сарын 12-нд 60.000.000 төгрөг, хэд хэдэн удаагийн шилжүүлгээр нийлээд 16.000.000 төгрөг нийт 76.000.000 төгрөг авсан. Харин бид нэхэмжлэгч Д.Х-тэй огт уг орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй тул Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороолол 2Б байрны 44 тоот орон сууцыг худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 80.000.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/01225 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э, О.Т нараас 76.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөг болон орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 558,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 560,000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Э, О.Т нараас 540,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-т олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/01225 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч О.Т, Н.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Х-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.950 төгрөгийг, хариуцагч О.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540.450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Х- нь Булгантамирын гэр бүлд 3 өрөө орон сууц авч өгөх өглөгтэй байсан бөгөөд өөрийн байрны хажуу талын орцонд 3 өрөө орон сууц зарах зарын дагуу хариуцагч нартай уулзаж 120.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож урьдчилгаа 60.000.0000 төгрөгийг өөрийн хаан банкны данснаас шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг дараа өгөхөөр харилцан тохиролцож орон сууцыг хүлээн авч Булгантамирын гэр бүлд хүлээлгэн өгсөн. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч нарын Б.Булгантамиртай байгуулсан гэрээнд ач холбогдол өгч Б.Булгантамир болон О.Т, Н.Э нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн гомдолтой байна. Орон сууцыг худалдах, худалдан авах харилцаа нь 2015 оны 01 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдаж урьдчилгаа төлбөрийг Д.Х- төлж орон сууцыг нэхэмжлэгч хүлээн авч Б.Булгантамирт хүлээлгэн өгсөн. Түүнчлэн маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч болон хариуцагч нар 120.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцоод үнийн дүнгийн 70 хувь 76.500.000 төгрөгийг төлсөн байхад хариуцагч нар нь орон сууцыг бусдад бэлэглэлийн журмаар шилжүүлж байгаа үйлдэл нь хууль бус юм. Хариуцагч О.Т, Н.Э нар нь Б.Булгантамиртай 2015 оны 01 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан орон сууц худалдах гэрээ нь хүчин төгөлдөр бус сүүлд байгуулсан гэрээ бөгөөд нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөрөө төрж дууссаны дараа орон сууцны гэрчилгээг Б.Булгантамирын нэр дээр шилжүүлэх зорилгоор хийгдсэн. 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг бусдад бэлэглэх үед нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байсныг хангалттай мэдэж байсан. Иймд дээрх үндэслэлээр Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэгч Д.Х-ийн “...гэрээнээс татгалзаж, 80.000.000 төгрөг гаргуулах, орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Т, Н.Э нар эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй” гэжээ.  

Б.Булгантамир нь О.Т, Н.Э нараас Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Б байрны 44 тоотын 3 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улмаар орон сууцыг хүлээн авчээ. 

Б.Булгантамирын худалдан авсан дээрх орон сууцны үнийг Д.Х- төлөх үүрэг хүлээсний дагуу 76.500.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Д.Х- нь орон сууцны үнийг  2015 оны 2 дугаар сарын 10-ний  дотор төлөхөөр тохирсон боловч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7472 дугаар захирамжаар орон сууцыг чөлөөлж, хариуцагч нарт олгосон, Н.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр О.Лхагвад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр өмчлөх эрх түүнд шилжсэн байна.

Давж заалдах шатны шүүх Д.Х- нь Б.Булгантамирын нэрийн өмнөөс төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн буруу тайлбарлан хэрэглэжээ. 

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан  урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх шаардлагатай.

Хариуцагч нар нь Б.Булгантамирт худалдсан орон сууцаа буцаан авсан атлаа уг орон сууцны үнэд авсан мөнгийг буцаан шилжүүлээгүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс 76.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/01225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 1.117.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ