Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00017

 

                                  Д.Х-ийн нэхэмжлэлтэй

                                хариуцагч О.Т, Н.Э нарт

                                     холбогдох иргэний хэргийн тухай

                                                                                           

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/01225 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Т, Н.Энарт холбогдох,

“Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 80.000.000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2б-ХХ тоот 3 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч О.Т, Н.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Х миний бие 2015 оны 01 дугаар сарын 08-ны өдөр Н.Э, О.Т нартай харилцан тохиролцож Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороолол 2Б байрны ХХ тоот орон сууцыг 120.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 60.000.000 төгрөгийг Н.Эын Хаан банкны 5029919301 тоот дансруу шилжүүлж үлдэгдэл 60.000.000 төгрөгийг дараа өгөхөөр аман хэлцэл байгуулж орон сууцыг хүлээж авсан. Улмаар миний бизнесийн үйл ажиллагаа тасалдаж үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй бөгөөд үлдэгдэл 60.000.000 төгрөгнөөс увуулж цувуулж 20.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч миний бие хариуцагч нарт өнөөдрийн байдлаар худалдах, худалдан авах аман хэлцлийн 70 хувь буюу 80.000.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрийг байрны ордерийг шилжүүлж аваад барьцаанд тавьж төлбөр мөнгийг төлж барагдуулах талаар саналаа удаа дараа хэлж байсан боловч хариуцагч нар нь зөвшөөрөхгүй байгаа болно. Хэрэв орон сууцны ордерийг бидний хүсэлтийн дагуу шилжүүлсэн бол төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь үлдэгдэл 40.000.000 төгрөгийг төлөхгүй бол байрыг яаралтай суллаж өг, та нарт төлсөн төлбөрийг буцааж өгөхгүй гэж байнгын дарамталж байгаа юм. Мөн нэхэмжлэгч нар нь тус орон сууцанд амьдардаг иргэдийг албадан чөлөөлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102\ШШ2015\07472 дугаар шүүгчийн захирамж гарсаны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа юм. Одоо миний бие нэхэмжлэгч нартай байгуулсан орон сууц худалдаж авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч нарт гэрээний дагуу шилжүүлсэн 80.000.000 төгрөгийг буцаан авч орон сууцыг чөлөөлж өгөх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Д.Х миний бие хариуцагч О.Т, Н.Э нартай байгуулсан орон сууц худалдаж авах гэрээнээс татгалзаж байгаа тул, орон сууц худалдах гэрээний дагуу төлсөн 80.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Т, Н.Энар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О.Т, Н.Э бид гэр бүлийн дундын өмчлөлийн Ү-ХХХХ улсын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Б байрны ХХ тоот 40 кв талбайтай, 3 өрөө орон сууцыг иргэн Б.Бтай 120.000.000 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр уг орон сууцыг хүлээн авч, түрхүүрээ аваад Б.Б нь хүүхдүүд, ээж, дүү нарын хамт нүүж орсон. Ингээд 2015 оны 1 дүгээр сарын 21-нд Орон сууц худалдах, худалдан авах гэрээг бид бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн билээ. Гэтэл Б.Б нь байрны үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хугацаанд өгөхгүй удаа дараа шаардсан боловч хойшлуулж явсаар гэнэт 2015 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Америкийн нэгдсэн улсруу виз нь гараад явсан болохыг орон сууцанд амьдарч буй Бын ээж Оюунцэцэг, дүү Буяннэмэх нараас мэдээд байрны төлбөрийг гаргуулах эсвэл байр чөлөөлж өгөхийг шаардсан. Ингээд гэрээний нэг тал болох худалдан авагч Б.Б гэрээний үүргээ биелүүлэхгүй улмаар бид өөрийн өмчлөлийн орон сууцны эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ эдлэж чадахгүйд хүрээд уг орон сууцанд хууль бусаар амьдарч буй Ц.Буяннэмэх, Ч.Оюунцэцэг болон хамт амьдарч буй хүүхдүүдийг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2015 оны 09 сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Бид тохиролцоод хариуцагч тал орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох 60.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх, төлбөрийг төлмөгц тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Н.Э, О.Т нар хариуцагч талд шилжүүлэн өгөх, хэрэв хариуцагчийн зүгээс үлдэгдэл 60.000.000 төгрөгийг он хугацаанд төлөөгүй тохиолдолд байрыг чөлөөлөн нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр зохигчид тохирч эвлэрснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07472 дугаар шүүгчийн захирамжаараа баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 1 сараас хойш 2017 оны 6 сар хүртэл 2-3 жил удаа дараа мөнгөө шаардаж, эцэстээ бүүр байраа чөлөөлж өгөхийг шаардаад сайн дураар чөлөөлж өгөхгүй байсан тул 2017 оны 7 сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07472 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж, байраа чөлөөлж авахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн юм. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2017 оны 09 сард байраа хууль бус эзэмшиж буй Ц.Буяннэмэх, Ч.Оюунцэцэг нараас чөлөөлж авсан болно. Иймээс хариуцагч О.Т, Н.Эбид 2015 оны 01 дүгээр сарын 21-нд Б.Бтай гэрээ байгуулж, түүнээс 2015 оны 01 дүгээр сарын 12-нд 60 сая, түүнээс хойш уг гэрээний дагуу үхэрийн баас шиг уван цуван хэд хэдэн удаагийн шилжүүлгээр нийлээд 16 саяыг ингээд бүгд 76 сая төгрөг бид авсан билээ. Харин бид нэхэмжлэгч Д.Х-тэй огт уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй тул Баянгол дуүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороолол 2Б байрны ХХ тоот орон сууцыг худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 80.000.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/01225 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э, О.Т нараас 76.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөг болон орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 558,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 560,000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Э, О.Т нараас 540,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдсан гомдолдоо:

Шүүхээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ямар шалтгааны учраас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож байгаа тухайгаа тайлбарлаагүй байна. Түүнчлэн маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч болон хариуцагч нар 120.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцоод үнийн дүнгийн 70 хувь 76.500.000 төгрогийг төлчихсөн байхад хариуцагч нар нь орон сууцыг бусдад бэлэглэлийн журмаар шилжүүлж байгаа үйлдэл нь хууль бус юм. Түүнчлэн нэхэмжлэгчээс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хариуцагч нарт нэхэмжлэл гардуулах ажиллагаа явуулж удаа дараа шуудан болон утсаар дуудсан боловч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлээ гардаж авахгүй байсан тул шүүхээс албадан ирүүлж нэхэмжлэл гардуулсан болно. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч болон хариуцагч нар нь Баянгол дүүргийн 13 дугаар хороолол, 26 дугаар байрны ХХ тоот 3 өрөө орон сууцыг чөлөөлөх үед нэхэмжлэгчийн зүгээс Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэдгийг удаа дараа хэлж, учир байдлаа тайлбарлаж байсан юм. Өөрөөр хэлбэл 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг бусдад бэлэглэх үед нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байсныг хангалттай мэдэж байсан юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Т, Н.Энар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Н.Э, О.Т нарын Б.Булгантамиртай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Н.Э, О.Т нарт төлөх 60.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Х төлж, үлдэх 60.000.000 төгрөгийг мөн 2015 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр үүрэг хүлээсэн байна.” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад огт нийцэхгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Учир нь О.Т, Н.Эбид гэр бүлийн дундын өмчлөлийн Ү-ХХХХ улсын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2Б байрны ХХ тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Монгол Улсын иргэн Б.Бтай 120.000.000 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилгаа төлбөрийг өгч, уг орон сууцыг хүлээн авч, түрхүүрээ аваад Б.Б нь хүүхдүүд, ээж, дүү нарын хамт нүүж орсон. Ингээд 2015 оны 1 сарын 21-нд “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г бид бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн билээ. Харин шүүхийн дүгнэсэн шиг бид Б.Бтай байгуулсан 2015 оны 01 сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Х төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн зүйл огт байхгүй ба тийм нотлох баримт огт байхгүй байхад нэхэмжлэгчийн зөвхөн тайлбараар нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна.

Шүүх шийдвэрээ гаргахдаа “...Н.Э, О.Т нарын Б.Бтай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Н.Э, О.Т нарт төлөх 60.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Х төлж, үлдэх 60.000.000 төгрөгийг мөн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр үүрэг хүлээсэн байна” хэмээн хариуцагч биднийг Б.Бтай Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атал шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсэгт “...1. Монгол Улсын Нргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан” гэрээний бус үүрэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шийдвэрлэж байгаа нь огт хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хууль хэрэглээний хувьд буруу шийдвэр болж биднийг хохироож байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь хариуцагч нартай уулзаж, Б.Бт орон сууц авч өгөх гэж байгаа талаар хариуцагч нарт хэлсэн, энэхүү саналыг нь хариуцагч нар хүлээн зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл Б.Бын нэр дээр хийгдэж тэрээр өмчлөгч болж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ түүний нэр дээр гарах тул гэрээг Б.Бын нэрээр хийсэн, харин мөнгийг Д.Х төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна” хэмээн дүгнэх нотлох баримт байхгүй төдийгүй хариуцагч бид шүүхэд ийм тайлбар гаргаагүй байхад зохигчдын тайлбараар батлагдаж байна гэж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн “...эвлэрлийн гэрээнд орон сууцны үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд байрыг чөлөөлж өгөх тухай тохиролцсон атлаа энэ хэргийн нэхэмжлэгч Д.Х-ийн төлсөн 60.000.000 төгрөгийг хариуцагч Н.Э, О.Торбат нар буцааж төлөх тухай орхигдуулсны улмаас эрх зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгож,” хэмээн дүгнэхдээ нэхэмжлэгч Н.Э, О.Т болон хариуцагч Ц.Буяннэмэх нарын эвлэрлийг баталж гаргасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07472 дугаар шүүгчийн захирамжийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Учир нь 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07472 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрэхэд нэхэмжлэгч Н.Э, О.Т нарын Ц.Буяннэмэхийг хариуцагчаар татаж, орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн зохигчид эвлэрсэн ба шүүхийн дүгнэж байгаа шиг ...нэхэмжлэгч Д.Х-ийн төлсөн 60.000.000 төгрөгийг хариуцагч Н.Э, О.Т нар буцааж төлөх тухай орхигдуулсан” зүйл огт байхгүй, харин бид Б.Бтай байгуулсан 2015 оны 01 сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Б уг гэрээнээс татгалзаж, Б одоо ч нэхэмжлэх эрхтэй хэвээр байгаа болно. Харин бид нэхэмжлэгч Д.Хтэй огт уг орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй тул “Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороолол 2Б байрны ХХ тоот орон сууцыг худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээннй дагуу төлсөн 80.000.000 төгрөгийг гаргуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-г тус тус үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцсэн шийдвэр болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч О.Т, Н.Э нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзах, 80.000.000 төгрөг гаргуулах, орон сууц бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэмэгдүүлсэн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч О.Т, Н.Э Б.Б нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах тухай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ, хариуцагч Н.Э, О.Т Лхагва нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээ зэрэгт үндэслэн тус тус тодорхойлжээ.

Хариуцагч Н.Э, О.Т нар нь Б тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2б байрны ХХ тоот 3 өрөө байрыг 120.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаанд 60.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Энэхүү гэрээний дагуу Б.Б нь байрны төлбөрөөс 60.000.000 төгрөгийг хариуцагч нарт төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч нар нь Б.Быг гэрээний үүргээ биелүүлээгүй буюу О.Х түүний өмнөөс үлдэх 60.000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг буцаан авч 60.000.000 төгрөгийг буцаан өгөх ёстой байсан боловч дээрх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах, Д.Х нь Б.Бын өмнөөс байрны үнийг төлж байсан үүрэг хүлээж байсан байна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцээгүй.

Н.Э, О.Т, Б.Б нарын хооронд дээрх 3 өрөө байрыг худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Х нь Б.Бын нэрийн өмнөөс төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, Иргэний хуулийн 62, 63, 210 дугаар зүйлийн зохицуулалттай нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан төлөөлөх эрхтгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр Д.Х-ийн нэхэмжлэлтэй Н.Э, О.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/01225 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч О.Т, Н.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Х-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.950 төгрөгийг, хариуцагч О.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540.450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ