Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01016

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02646 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2018/00556 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “У” ТӨХК-д холбогдох,

Баруун түгээх төвийн аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гүнтэвчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд, Б.Гантогоо, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1996 оноос эхлэн тус компанийн Баянзүрх дүүргийн салбарт тасралтгүй 22 жил ажилласан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын эхээр дотоод аудит хариуцсан хяналтын дарга н.Даваажаргал нь шрпс кабелийн тайлбарыг хий гэсний дагуу би тус кабелийн талаар судалж, ахлан нягтлан бодогч нартай зөвшилцөж, шуурхай үйлчилгээний хэсгийн ахлахтай ярилцаж, энэ кабель нь олон бригадын хүмүүсийн гар дамжсан, хэн хүлээн авсан, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй эрсдэлтэй бараа материал учир анхан шатны баримт, шаардах хуудас үйлдэж, данснаас хасалт хийх болсон тухай хэлсэн. Дотоод аудит хариуцсан хяналтын дарга н.Даваажаргал энэ тухай дотоод аудит хариуцсан ажилтан н.Батцэцэгт үндсэн хөрөнгөд нягтлан бодогч бичилт хийх ёстой, анхан шатны гарын үсгийн бүрдэл болсон баримтаар бараа материал зарлагдах үүрэгтэй гэж тайлбарласнаас үүдэн маргаан үүсч, надад 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Намайг компанид 19 292 000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, уг хохирлыг надаар нөхөн төлүүлэхээр болсон. Миний ээлжийн амралт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх байсан боловч амраагүй, амралтын мөнгийг хохиролд суутгана гэж компанийн зүгээс мэдэгдсэн. Үүнийг зөвшөөрөхгүй компанийн захиргаанд өргөдөл гаргаж байсан. Хариуцагч компани намайг ямар ч үндэслэлгүйгээр 200 метр шрпс кабель дутаасан гэж үзэн 19 292 000 төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, намайг ажлаас халсан нь үндэслэлгүй юм.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Б.Б- нь “У” ТӨХК-ийн Баруун түгээх төвд аж ахуйн няраваар ажиллаж байсан. 2017 онд төв компаниас хийсэн Дотоод аудитын хяналт, шалгалтаар нэхэмжлэгч Б.Б- өөрийн хариуцаж байсан, өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй зэс кабелийг хууль бусаар хуурамч баримт бүрдүүлж, тухайн кабелийг санхүүгийн аргаар зарлагадсан болох нь илэрсэн. Энэ талаар холбогдох бүх хүмүүстэй уулзаж, тайлбар мэдүүлэг авсан бөгөөд тэрээр хүмүүст худлаа хэлж гарын үсэг зуруулсан болох нь шалгалтаар тогтоогдсон. Иймд компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дугаар тушаалаар Б.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Түүний гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул түүнийг ажлаас халсан. Тухайн хоёр кабелийг анх 10 000 000 төгрөгийн авч байсан боловч одоо зах зээлийн үнээр тооцоход 19 292 000 төгрөгөөр авахаар болоод байна. Манай байгууллагын үйл ажиллагааны явцад байнгын шуурхай үзлэгийн тасалдал, саатал гарч байдаг учир тус кабелийг авч, агуулахдаа бэлэн байлгах шаардлагатай. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Б.Б-г компанид учирсан бодит хохирол барагдуулж, ажлаас халах тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасныг үндэслэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02646 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-гийн нэхэмжлэлтэй, “У” ТӨХК-д холбогдох  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2018/00556 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний үйлчлүүлэгч Б.Б- 1996 оноос эхлэн тус компанийн Баянзүрх салбарт “Операторч” гэсэн албан тушаалд ажиллаж, ажилдаа чин үнэнч, хоёргүй сэтгэлээр хандаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй өнөөг хүртэл буюу 22 жил тасралтгүй ажилласан.

...Анхан шатны шүүх хэрэгт хавсаргасан нотлох баримтыг үнэлэхдээ хуурамч нотлох баримт бүрдүүлж, нягтлан бодогч С.Цолмонгийн баримтын хавтасанд хийсэн нь тогтоогдсон гэж дүгнэж, миний үйлчлүүлэгч Б.Б-г эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан заалтыг зөрчиж байна. Хэрэв хуурамч баримт бүрдүүлж, гарын үсэг зуруулж, компанид 19 292 000 төгрөгний хохирол учруулсан бол ажил олгогч нь эхлээд Цагдаагийн байгууллагад шалгуулж, эрүүгийн шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоолгож, шийдвэрлүүлэх ёстой. Мөн Б.Б-г ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн гэдэг. Анхан шатны баримт үйлдэх, хуурамч баримт үйлдэх гэдэг нь агуулгын хувьд маш том ялгаатай. Б.Б-гийн ажлын байрны тодорхойлолтод анхан шатны баримт, орлого, зарлагын баримт үйлдэх эрхтэй гэж тодорхой заасан байдаг. Б.Б- нь даргын үүрэг болгосны дагуу анхан шатны баримтаар дутаасан гэх ШРПС кабелийг зарлагадаж гаргасан нь и-мэйл хаягт үзлэг хийсэн баримтаар нотлогддог. Анхан шатны баримтаар шрпс кабелийг зарлагадаж гаргасан болохоос шрпс кабелийг огт алга болгосон зүйлгүй. Хариуцагч байгууллага нь одоог хүртэл ашиглаж байгаа болно. Нөгөө талаар хариуцагч байгууллага нь ажилтанд эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцлийг бүрдүүлээгүй нь илтгэх хуудаст мэдүүлсэн хэсгийн ахлагч Б.Дагданжамцын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагддаг.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхтэй гэж заасан байтал анхан болон давж заалдах шатын шүүх хэргийн материалд авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, ээлжийн амралт олгоогүй талаар дурдаж байхад анхаарч судалж үзэлгүй, хэт нэг талыг барьж гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.  

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-ийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК нь Б.Б-г “У” ТӨХК-ийн Баруун түгээх төвд аж ахуйн няраваар ажиллаж байхдаа өөрийн хариуцаж байсан, өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй зэс кабелийг хууль бусаар хуурамч баримт бүрдүүлж, тухайн кабелийг санхүүгийн аргаар зарлагадсан болох нь 2017 онд төв компаниас хийсэн Дотоод аудитын хяналт, шалгалтаар илэрч, холбогдох хүмүүсийн тайлбараар тогтоогдсон учир Б.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Ажил олгогч 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б\394 дүгээр тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасныг баримталж, ажилтныг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, өөрийн буруутай үйлдлээр компанид 19 292 000 төгрөгийн хохирол учруулсан гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй. Түүнчлэн, ажил олгогч нь шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулж болохыг мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т зохицуулжээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “миний амралтын мөнгө төгрөгийг ч одоогоор бодож олгоогүй, хохиролд суутгана гэж мэдэгдсэн” гэж дурдсан боловч энэ талаар шаардлага гаргаагүй, шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухай эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02646 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2018/00556 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН