Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01021

 

Д.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С-д холбогдох,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Сугарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Атарцэцэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие 2002 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус сургуульд түүх, нийгмийн багшийн ажилд томилогдон ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сугар дарга намайг дуудан чамайг ажлаас халсан, тушаалаа аваарай гэж хэлсний дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тушаал, хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримталсан байдаг. Хичээлийн сургалтын цаг хоёр багшийн нормд хүрэлцэхгүй нэг багшийн орон тоотой ажиллаж байгаа тул орон тоо цөөрүүлэх нөхцөл үүссэн гэж бичсэн байна. 2017-2018 оны хичээлийн жилд манай сургууль хоёр орон тоогоор түүхийн болон нийгмийн багшийн хуваарилалт батлагдсан. Энэ хуваарийн дагуу миний бие 2017 оны хичээлийн жилд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажлын байрны тодорхойлолтонд нийгмийн багш гэсэн орон тоо дээр гэрээ байгуулсан. Гэтэл намайг орон тоо цөөрүүлсэн гэж ажлаас халж байгаа мөртлөө орон тоо дутмаг гэж үзэж шинэ хичээлийн жилд Гантөмөр гэдэг хүнийг нийгмийн багшаар авч ажиллуулсан нь тушаал үндэслэлгүй орон тоо цөөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Мөн энэ тушаалд багш миний ажлыг хэдий хугацаанд, ямар бүрэлдэхүүнтэй хүлээлцэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар заалтыг огт баримтлаагүй нь тушаал үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Үнэхээр орон тоо цөөрүүлэх, багшийн нормт цаг хүрэлцэхгүй байсан бол яах гэж шинээр багш нэмж авч ажиллуулж байгаа нь ойлгомжгүй байна. Би сард 791 114 төгрөгийн цалин гар дээрээ авдаг. 

...Иймд ажлаас чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тогтоож, хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

...Нэхэмжлэгч Д.М- нь түүх нийгмийн багшийн хоёр орон тоо батлагдсан гэж буруу ойлголттой байна. Энэ нь түүхийн нэг багшийн орон тоо, нийгмийн ухааны нэг орон тоо тус тусдаа батлагдсан хоёр өөр мэргэжлийн хоёр өөр ажлын байрны тухай асуудал юм. Д.М- багш нь Монгол улсын их сургуулийн түүхч түүхийн багш мэргэжлээр төгссөн түүхийн багш ба нийгмийн ухааны багш биш юм. Орон тоо цөөрүүлсэн гэж ажлаас халж байгаа мөртлөө орон тоо дутмаг гэж үзэж шинэ хичээлийн жилд Гантөмөр гэдэг хүнийг нийгмийн багшаар авч ажиллуулсан гэсэн байна. Түүхийн багшийн орон тоон дээр биш нийгмийн ухааны багшийн орон тоон дээр авч ажиллуулсан. Өөрөөр хэлбэл Г.Цэндсүрэн гэж хүн нийгмийн ухааны багш байсан Гантөмөр гэдэг багшийг авч ажиллуулсан. 2017-2018 оны хичээлийн жилд тус сургууль түүхийн багшийн нэг орон тоотой ажиллаж байгаа. 2007-2008 оны хичээлийн жилийн 9 дүгээр сард түүхийн багшийн нэг орон тоон дээр багш Д.М-, С.Мөнхсарнай нарын дунд сонгон шалгаруулалт явуулж багш С.Мөнхсарнай онооны давуугаар ялж түүхийн багшийн үндсэн багшаар ажиллах болсон.

Энэ цаг хугацаанаас хойш 10 гаруй жил янз бүрийн мэргэжлийн бус цагуудыг түүвэрлэн багш Д.М-г ажлаар хангаж ирсэн. Ер нь Мөнгөншагай багшийг ажилтай байлгахын тулд л эрээвэр хураавар ажил хийж байсан гэж хэлж болно. Энэ хичээлийн жилээс эхлэн Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд өөрчлөлт орж хичээлүүдийг судлах цаг, хасагдсан шалтгааны улмаас үргэлжлүүлэн ямар нэг мэргэжлийн бус цаг зохицуулан ажлын байраар хангах боломжгүй болсон учир 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Мөн 2016-2017 оны хичээлийн жилд нийгмийн ухааны хичээлийг багш Д.М-гаар заалгасан. Хичээлийн жилийн эцэст улсын шалгалтаар нийгмийн ухааны хичээлээр 12 дугаар ангийн сонгон суралцсан 29 хүүхдээс 24 хүүхэд унаж, 82.7 хувь нь F буюу хангалтгүй муу үнэлгээ авч нийгмийн ухааны хичээлийн сургалтын чанар мэргэжлийн бус хүнээр заалгаж ямар их уналтанд орсныг харуулсан. Цаашид энэ чиглэлээр мэргэжлийн бус багш ажиллуулж олон түмний хүүхдийн хувь заяагаар тоглох бодол надад байгаагүй учраас дээрх арга хэмжээг авсан. 2017 оны 05 дугаар сард авсан улсын шалгалтын эх материал дүнгийн нэгтгэлийг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа.

Нэхэмжлэгч Д.М- 791 114 төгрөгийн цалинтай гэсэн нь ч үндэслэлгүй 585 000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан. Иймд Д.М-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.М-г тус сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 2 301 440 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Д.М-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 121 973 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэрийн сум дундын шүүхийн 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөв хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь заалтыг хэрэглэх байсныг хэрэглээгүй гэж үзэж байгаа юм. Миний бие сургуулийн захирал төсвийн шууд захирагчийн хувьд Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16.5, 16.5-З.т зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй гэж заасны дагуу орон тоог цөөрүүлсэн юм. Нэхэмжлэгч Д.М- багш нь түүхийн багш бөгөөд нийгмийн ухааны багш биш юм. 2007-2008 оны хичээлийн жилийн 9-р сард түүхийн багшийн нэг орон тоон дээр багш Д.М-, С.Мөнхсарнай нарын дунд сонгон шалгаруулалт явуулж багш М.Мөнхсарнай онооны давуугаар ялж түүхийн багшийн үндсэн багшаар ажиллах болсон билээ. Энэ цаг хугацаанаас хойш Д.М- багшийг өөрийг нь бодож 10 гаруй жил янз бүрийн мэргэжлийн бус цагуудыг түүвэрлэн хичээл заалгаж байсан юм. Гэтэл энэ хичээлийн жилээс эхлэн БСШУСЯ-наас сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд өөрчлөлт орж зарим хичээлүүдийг судлах цаг хасагдаж, бүтэц, анги бүлгийн зохион байгуулалт, хүүхдийн тоо, сургалтын цагийн нягтралаас шалтгаалан ямар нэгэн мэргэжлийн бус цаг зохицуулан ажиллуулах нөхцөлгүй болсон тул Д.М- багшийг ажлын байраар хангах боломжгүй болж ажлаас нь чөлөөлсөн юм.

Манай байгууллага нь нийт ажилтнуудынхаа орон тооноос нэг орон тоог хуульд заасны дагуу цөөрүүлж ажилтныхаа тоог цөөрүүлсэн билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн зааснаар бол байгууллага болгон ижил албан тушаалтай буюу ижил орон тоотой байх ёстой түүнээс нэг нь хасагдахыг хэлнэ гэж ойлгогдохоор байна. Гэтэл аливаа байгууллагад ижил биш албан тушаал, ижил биш орон тоо байж болно шүү дээ, албан тушаал, орон тоо болгон заавал ижил байна гэсэн хуулийн заалт байдаггүй байх гэж бодож байна. Байгууллагынхаа нийт ажилтнуудынхаа орон тооноос нэг ажилтныг цаашид ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ажилтны тоог цөөрүүлэх тушаал гаргасан болохоор миний хувьд хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

...Манай сургуульд иргэний боловсрол, иргэншил, эрүүл мэнд, газар зүй гэх мэт төрөл бүрийн хичээлийг заадаг байсан Д.М- багшийг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн явдал бол сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд өөрчлөлт орсонтой холбоотой юм. Мэргэжлийн багшаар хичээл заалгах нь сурагч нарт их ач холбогдолтой, үр өгөөжтэй байдаг бөгөөд одоо манай сургуульд нийгмийн ухааны хичээлийг мэргэжлийн багш зааж байна. Миний энэ гаргаж байгаа гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М- нь ажлаас чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг С-д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч С- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.М- нь түүхийн багш мэргэжилтэй ба орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор түүнийг ажлаар хангах боломжгүй болсон гэж  нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Д.М-г ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан зохицуулалтад үндэслэгджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар  аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч С- нь нэхэмжлэгч Д.М-г 10 гаруй жил янз бүрийн мэргэжлийн бус цагуудыг түүвэрлэн ажлаар хангаж ирсэн гэж тайлбарласан боловч энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Ажил олгогч 2016 оны 11 дүгээр сард Д.М-тай нийгмийн ухааны багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, орон тоо цөөрүүлэх тухай ямар нэг шийдвэр гараагүй байхад орон тоо цөөрсөн гэж уг гэрээг цуцалж, нийгмийн ухааны багшаар шинэ хүн авч ажиллуулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН