Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01018

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02515 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 344 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Д” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 33 696 ширхэг бараа бүтээгдэхүүний төлбөр 12 092.33 евро буюу 32 181 197 төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохиролд 1 745 020 төгрөг, нийт 33 926 217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон, Т.Анар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал У.Болд нь тус компанийн ажилтан З.Урангоогоор дамжуулан Польш Улсын витаминжуулсан ундаа үйлдвэрлэн Европын зах зээлд нийлүүлдэг “О” ХХК-ийн спорт ундаа, витаминжуулсан ундааг Монгол Улсад импортлохоор харилцан тохиролцсоны үндсэн дээр  “О” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн витаминжуулсан ундаа, спорт ундааг үйлдвэрийн нөхцлөөр нийлүүлж, “Д” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг Монгол улс руу илгээхэд шаардагдах зардлыг хариуцаж, харин “О” ХХК нь барааны үнийн дүнгээс 10%-ийн хөнгөлөлт үзүүлж, мөн ямар нэгэн урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр барааг шууд нийлүүлэхээр болсон. Ийнхүү эхний ээлжинд нийлүүлэх бараа бүтээгдэхүүн болон түүний төрөл, чанар, тоо, үнэ зэргийг тохиролцож, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тээвэрлэгч “Интеррэйл-Полконд” компаниар дамжуулан 13 435.92 евро буюу тохиролцсон ёсоор дээрх бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгээс 10% буюу 1 343.59 еврог хассанаар нийт 12 092.33 еврогийн үнэ бүхий 8 нэр төрлийн 33 696 ширхэг барааг “Д” ХХК-ийн хаягаар илгээсэн.

“Д” ХХК нь барааг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж авснаас хойш бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй борлуулсаар байсан ба бүтээгдэхүүний үнэ болох 12 092.33 еврог 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр “О” ХХК-тай тохиролцсон. “О” ХХК-ийн зүгээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа явуулж, утсаар холбогдох гэж оролдсон ч ямар нэг хариу, захиа болон мэдэгдэл ирүүлээгүй ба худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг одоо хүртэл төлөөгүй. Бидний зүгээс дээрх хэргийг бусдын хөрөнгийг санаатайгаар залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахад “Д” ХХК нь дээрх барааг хүлээн авч, сүлжээ дэлгүүрүүдээр 29 694 818 төгрөгийн борлуулалт хийсэн нь “Д” ХХК-ийн санхүүгийн баримт болон захирал У.Болд, менежер З.Урангоо, нягтлан бодогч Д.Нэмэхжаргал нарын тайлбараар тогтоогдсон. 

Иймд “Д” ХХК-иас 8 нэр төрлийн 33 696 ширхэг бараа бүтээгдэхүүний төлбөр болох 12 092.33 евро буюу нийт 32 181 197 төгрөг, тохиролцсон хугацаандаа төлөөгүйн хохиролд 655.70 евро буюу 1 745 020 төгрөг, нийт 33 926 217 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Польш улсын “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг гардан аваад хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгчөөс, маргааныг Польш улсын Краков хотын иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр гэрээний заалттай хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн хүсэлт гаргаж, уг хүсэлтэд “О” ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цахим шуудангаар илгээсэн Хамтран ажиллах гэрээг “Глобал Индра” ХХК-ийн орчуулгын төвөөр орчуулуулж өгсөн.

Бидний хувьд дээрх гэрээг Монгол Улсад польш хэлээр зохиож шивэх боломжгүй нь тодорхой бөгөөд 30 000 ам.долларын бараагаа танихгүй хүнд гэрээгүйгээр өгөх байгууллага хаана ч байхгүй нь лавтай юм. Уг гэрээний Польш Англи хэл дээрх нэг эх хувийг худалдан авагч тамгалж гарын үсэг зураад буцаан цахим шуудангаар илгээсэн бөгөөд худалдагч талаас тамгалагдсан байдлаар цахим шуудангаар ирсэн. Мөн тус гэрээний долдугаар нүүрэнд дарагдсан тамга, гарын үсэг нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс эрүүгийн болон иргэний хэрэгт гарган өгч байгаа баримтуудад дарагдсан тамгатай яг адил байгаа нь энэ гэрээг Польшоос тамгалж ирүүлсэн болохыг нотолж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дээрх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан ба гэрээний үүргийн биелэлттэй холбоотой иргэний хэрэг гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд “Ашид Адвокатс” ХХН-ийн зүгээс “Д” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тоот, түүнд дагалдах Польшоос ирүүлсэн баримтууд дахь тамга нь гэрээнд дарагдсан тамга мөн байгааг харуулах үүднээс дээрх хэргийн баримтаас ирүүлсэн баримтын тамгыг гэрээний тамгатай харьцуулан харна уу гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02515 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 181 197 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 745 020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 582 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 318 855 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 344 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хариуцагч нь гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэл болгож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлд заасанчлан шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасанчлан уг гэрээний талуудын хоорондох маргаан Польш Улс дахь “Ошее Польска” ХХК-ийн оршин буй газрын харъяа шүүхэд шийдвэрлэгдэх талаар талууд цахим хэлбэрээр бичгээр гэрээ хийж тохиролцсон байх атал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 43 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийг хэрэглэн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зохигчийн маргаанд хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Польш улсын хуулийн этгээд болох “О” компани нь хариуцагч “Д” ХХК-иас 8 нэр төрлийн 33 696 ш бараа бүтээгдэхүүний төлбөр 12 092, 33 евро буюу 32 181 197 төгрөг, төлбөрийг хугацаанд төлөөгүйн хохиролд 655, 70 евро буюу 1 745 020 төгрөг, нийт 33 926 217 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгчийг шаардлагаа гэрээнд заасны дагуу Польш улсын Краков хотын шүүхэд гаргах, маргааныг Польш улсын хуулиар шийдвэрлүүлэх ёстой, нэхэмжлэгчийн шилжүүлсэн бараа доголдолтой байсан гэж марган,  нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч “О” компани 8 нэр төрлийн 33 696 ширхэг 13 435, 92 еврогийн үнэ бүхий спорт ундаа болон витаминжуулсан ундааг тээвэрлэгчээр дамжуулан хариуцагч “Дэлгэр интернешнл” ХХК-д хүргүүлж, хариуцагч дээрх барааг хүлээн авсан, төлбөрөөс 1 343, 59 евро төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Зохигч нь хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, зарим асуудлаар тохиролцоонд хүрч, гэрээний саналыг цахим шуудангаар харилцан илгээсэн боловч бичгээр болон цахим хэлбэрээр гэрээ байгуулаагүй гэж хоёр шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8.-д заасан шаардлагад нийцжээ. Цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогддог байна. Энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Улмаар талуудыг хамтран ажиллах гэрээг байгуулсан гэж үзээгүй тул гэрээнээс үүсэх аливаа маргааныг Польш улсын Краков хотын шүүхээр, Польш улсын хуулиар хянан шийдвэрлүүлэх тухай гэрээний заалтыг талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин хоёр шатны шүүх дээрх дүгнэлтийг хийгээд зохигчийг амаар худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэж үзэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1.-д зааснаар олон улсын иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг харилцан тохиролцож гэрээгээр тодорхойлсон улсын хуулиар зохицуулдаг бөгөөд мөн зүйлийн 549.4.1-д зааснаар талууд аль улсын хуулийг хэрэглэхийг сонгоогүй бол худалдах-худалдан авах гэрээнд худалдагч талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлох ёстой байна. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй буюу аль улсын хуулийг гэрээний харилцаанд баримтлах талаар тухайлсан тохиролцоо хийгээгүй бол худалдагч талын буюу Польш улсын хуулийг хэрэглэх учиртай болохыг шүүх анхаарахгүйгээр Монгол Улсын Иргэний хуулийн зохицуулалтыг баримталжээ.

Харин шүүх зохигчийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн атлаа тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийг гэрээ байгуулаагүй гэж үзсэн бол тэдгээрийн хооронд гэрээний бус харилцаа үүссэн байх боломжийг анхаараагүй нь хууль хэрэглээний алдаа гаргах үндэслэл болсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй ба мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2.-т зааснаар үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөх үүрэгтэй байна.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн талаарх маргааныг хянан шийдвэрлэхэд талууд хууль сонгох эрхийн талаар Иргэний хуульд тусгагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1-д зааснаар нэхэмжлэлийн хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг  буюу  аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг бол Монгол Улсын шүүх олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах эхтэй тул шүүхийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзнэ.  

Хариуцагч тал хүлээн авсан бараа бүтээгдэхүүний чанар, эрхийн болон биет байдлын доголдлын талаар шаардлага гаргаагүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 344 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч “Д” ХХК-иас 32 181 197 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Польш улсын “О” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 745 020 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318 855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН