Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2515

 

 

 

2017 оны 11 сарын 16 өдөр

            Дугаар 183/ШШ2017/02515

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Польш улсын Краковт байрлах, 525-241-87-01 дугаартай  “ОП” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-13 өөрийн байранд байрлах “ДИ” ХХК-нд холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 33 696 ширхэг бараа бүтээгдэхүүний төлбөр 12 092.33 евро буюу 32 181 197 төгрөг, хугацаандаа төлөөгүйн хохиролд 1 745 020 төгрөг нийт 33 926 217 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ДИ” ХХК-ийн захирал У.Болд нь тус компанийн ажилтан З.Урангоогоор дамжуулан Польш Улсын витаминжуулсан ундаа үйлдвэрлэн Европын зах зээлд нийлүүлдэг “ОП” ХХК-ийн гадаад худалдааны ажилтан Себястон Руткагийн цахим хаягаар хамтран ажиллах, тэдний үйлдвэрлэн гаргадаг спорт ундаа, витаминжуулсан ундааг Монгол улсад импортлох хүсэлтэй байгаагаа удаа дараа идэвхитэй илэрхийлж байсан бөгөөд “ОП” ХХК нь тэдний хүсэлтийг хүлээн авч цахим хаягаар харилцаж эхэлсэн. Ийнхүү харилцах явцдаа “ДИ” ХХК нь “ОП” ХХК-ийн Монгол дахь найдвартай бизнесийн хамтрагч болохуйц сэтгэгдэл төрүүлж байсныг талуудын харилцаж байсан цахим шуудан дахь захидлуудаас харж болно. Ингээд талууд харилцан тохиолцсоны үндсэн дээр  “ОП” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн витаминжуулсан ундаа, спорт ундааг “Ex-works” буюу үйлдвэрийн нөхцлөөр нийлүүлж, “ДИ” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг Монгол улс руу илгээхэд шаардагдах зардлыг хариуцаж, харин “ОП” ХХК нь барааны үнийн дүнгээс 10%-ийн хөнгөлөлт үзүүлж, мөн ямар нэгэн урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр барааг шууд нийлүүлэхээр болсон. Ийнхүү эхний ээлжинд нийлүүлэх бараа бүтээгдэхүүн болон түүний төрөл, чанар, тоо, үнэ зэргийг тохиролцож 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тээвэрлэгч “Интеррэйл-Полконд” компаниар дамжуулан 13,435.92 евро (арван гурван мянга дөрвөн зуун гучин таван евро ерэн хоёр цент)-гийн буюу тохириолцсон ёсоор дээрх бараа бүтээгдэхүүний  нийт үнийн дүнгээс 10%=1,343.59 еврог хассанаар нийт 12,092.33 еврогийн үнэ бүхий 8 нэр төрлийн 33,696 ширхэг барааг “ДИ” ХХК-ийн хаягаар илгээсэн.

“ДИ” ХХК нь барааг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж авснаас хойш бараа бүтээгдхүүнийг тасралтгүй борлуулсаар байсан ба бүтээгдэхүүний үнэ болох 12,092.33 евро (арван хоёр мянга ерэн хоёр евро гучин гурван цент)-г 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр “ОП” ХХК-тай тохиролцсон байсан. “ОП” ХХК-ийн зүгээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа явуулж, утсаар холбогдох гэж оролдсон ч ямар нэг хариу, захиа болон мэдэгдэл ирүүлээгүй ба худалдан авсан бараа бүтээгдхүүний төлбөрийг одоо хүртэл төлөөгүй байна. Бидний зүгээс дээрх хэргийг бусдын хөрөнгийг санаатайгаар залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хэргийн талаар мэдээлэл гаргасан. Үүний дагуу хэргийг шалган гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний эрх зүйн маргаан, иргэний журмаар шийдвэрлэх асуудал болохыг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан хэдий ч хэрэг шалгах явцад “ДИ” ХХК нь дээрх барааг хүлээн авч сүлжээ дэлгүүрүүдээр 29,694,818 (хорин есөн сая зургаан зуун ерэн дөрвөн мянга найман зуун арван найман төгрөг)-ийн борлуулалт хийсэн нь “ДИ” ХХК-ийн санхүүгийн баримт болон захирал У.Болд, менежер З.Урангоо, нягтлан бодогч Д.Нэмэхжаргал нарын тайлбараар тогтоосон байдаг. Тйимээс “ОП” ХХК-иас итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу шүүгч Д.Энхцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу “ОП” ХХК-иас өөрийн эх хэл дээр буюу мэддэг хэл дээр ирүүлсэн нэхэмжлэл байхгүй мөн Ш.Цолмонд олгосон итгэмжлэлд гүйцэтгэх захирлын гарын үсэг нь “ОП” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг нь нотолсон баримтгүй гэж үзэн Иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын үүрэг бус харин эрхийг тодорхойлсон заалт юм. “ОП” ХХК-ийг төлөөлөн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээд нь “ОП” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Монгол улсын иргэн болно. Түүнчлэн “ОП” ХХК-ийн эрх зүйн байдлыг тодорхойлох баримтыг бүрдүүлэв.

Иймд “ОП” ХХК-иас “ДИ” ХХК-д илгээсэн 12,092.33 евро (арван хоёр мянга ерэн хоёр евро гучин гурван цент)-гийн үнэ бүхий 8 нэр төрлийн 33,696 ширхэг барааны үнийг талууд харилцан тохиролцсоны дагуу “ОП” ХХК-д төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтын дагуу мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд Монгол улсын арилжааны банкуудын Еврогийн хадгаламжийн дундаж хүүгээр тооцон 655.70 (зургаан зуун тавин таван евро далан цент) еврогийн хүүг нэхэмжилж хариуцагч болох “ДИ” ХХК-иас:

1.      “ОП” ХХК-иас “ДИ” ХХК-д илгээсэн 8 нэр төрлийн 33,696 ширхэг бараа бүтээгдэхүүний төлбөр болох 12,092.33 евро (арван хоёр мянга ерэн хоёр евро гучин гурван цент) буюу /2016.12.06-ний өдрийн Монгол банкны төгрөгийн евротой харьцах хаалтын ханш (1€=2,661.29₮) 12,092.33€ х 2,661.29=32,181,196.90₮/ нийт 32,181,197 (гучин хоёр сая нэг зуун наян нэгэн мянга нэг зуун ерэн долоон) төгрөг,

2.      “ОП” ХХК-иас “ДИ” ХХК-д илгээсэн 8 нэр төрлийн 33,696 ширхэг бараа бүтээгдэхүүний төлбөр болох 12,092.33 евро (арван хоёр мянга ерэн хоёр евро гучин гурван цент) еврог тохиролцсон хугацаандаа төлөөгүйн хохиролд Монгол улсын арилжааны банкуудын еврогийн хадгаламжийн дундаж хүү (жилийн 3.5 хувь)-гээр тооцон 655.70 (зургаан зуун тавин таван евро далан цент) буюу /2016.12.06-ний өдрийн Монгол банкны төгрөгийн евротой харьцах хаалтын ханш (1€=2,661.29₮) 655.70€ х 2,661.29₮=1,745,020₮/ нийт 1,745,020 (нэг сая долоон зуун дөчин таван мянга хорин) төгрөг, Нийт 33 926 217 (гучин гурван сая есөн зуун хорин зургаан мянга хоёр зуун арван долоон) төгрөгийг хариуцагч болох “ДИ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ДИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Польш улсын “ОП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлгчийн гаргасан нэхэмжлэлийг гардан аваад хариуцагч “ДИ” ХХК-ийн төлөөлөгчөөс, маргааныг Польш улсын Краков хотын иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр гэрээний заалттай хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн хүсэлт гаргаж байгаатай холбоотойгоор гэрээтэй гэдгээ нотлох зорилгоор дараах нотлох баримтыг гарган өгч байна. Үүнд:

1.”ОП” ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цахим шуудангаар илгээсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний “Глобал Индра” ХХК-ийн орчуулгын төвөөр хийлгэсэн орчуулга есөн хуудас,

2.Дээрх гэрээний Англи, Польш хэл дээрх эх хувь есөн хуудас,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан бичгэн гэрээ байхгүй хэмээн маргааны эхнээс улайран тайлбарлаж байгаа нь их хачирхалтай байгаа бөгөөд яагаад гэрээтэй гэдгээ нуугаад байгаа гол шалтгаан нь шүүхийн харьяаллын асуудалтай холбоотой болов уу.

Гэтэл энэ гэрээг Монголд польш хэлээр зохиож шивэх боломжгүй нь тодорхой бөгөөд гучаад мянган долларын бараагаа танихгүй хүнд гэрээгүйгээр өгөх байгууллага хаана ч байхгүй нь лавтай юм. Уг гэрээний Польш Англи хэл дээрх нэг эх хувийг худалдан авагч тамгалаж гарын үсэг зураад буцаан цахим шуудангаар илгээсэн бөгөөд Худалдагч талаас тамгалагдсан байдлаар цахим шуудангаар ирсэн болно. “ОП” ХХК-ийн тамгыг Монголд зохиож зурах мөн боломжгүй гэдэг нь тодорхой юм. Мөн энэ гэрээний Долдугаар нүүрэнд дарагдсан тамга гарын үсэг нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс эрүүгийн болон иргэний хэрэгт гарган өгч байгаа баримтуудад дарагдсан тамгатай яг адил байгаа нь энэ гэрээг Польшоос тамгалаж ирүүлсэн болохыг нотолж байна.

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар ХУДЦХ-т 2016 оны 04 дүгээр сард хандаад , Х-1-3589 гэх өргөдөл гомдлын дугаартай уг материалаар 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч а/х Л.Энхмөрөн шалгаад гэрээний үүргийн биелэлттэй холбоотой иргэний хэрэг гэх үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн хэргийн материалаас арван хуудас баримт хуулбарлан энд хавсаргав. Үүнд:

-“Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал”. 2016.04.06 нэг хуудас №19,

-“Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” ХУДПГ-ын тогтоол. 2016.05.24 хоёр хуудас №20,21,

-Уг эрүүгийн хэрэгт гомдол гаргагчаас гарган өгч байсан баримт дундаас 2015.03.25-ны өдөр Польш улсаас Монгол улс руу илгээсэн барааны үнийн нэхэмжлэхийн тээврийн дагалдах бичигний орчуулга нэг хуудас №22. Энэ баримтын тодруулсан хэсэгт 2015 оны нэгдүгээр сарын ямар нэгэн баримтыг “...үзүүлэхэд хангалттай....” гэх тодруулгатайгаар дурдсан байгаа нь талуудын хоорондох “гэрээ”-г хэлж байгаа болов уу гэж бодож байна.

-Талуудын хооронд бараа илгээхээс өмнө харилцаж байсан цахим шуудангийн Монгол, Англи хэлээр нийт зургаан хуудас. №23-28. Эдгээрээс орчуулгын 24 гэж дугаарласан талд 2014.11.12-нд Урангоо Зоригт гэх худалдан авагчийн менежер гэрээний нөхцлийн талаар тохиролцоё гэж захиа илгээж байсан байна. Мөн энэ хуудсанд дараа нь 2015.01.12-ны өдөр Худалдагчийн менежер Себестян Рутка нь: “...загварын гэрээ бэлдэж байгаа. Энэ долоо хоногийн сүүлээр явуулна...” гэж захиа илгээж байсан байна.

-Энд хавсрагдаж буй баримтуудын 32-36 талд “Ашид Адвокатс” ХХН-ийн зүгээс “ДИ” ХХК-д 2015.12.25-нд ирүүлсэн тоот, түүнд дагалдах Польшоос ирүүлсэн баримтууд дахь тамга нь гэрээнд дарагдсан тамга мөн байгааг харуулах зорилгоор энд хавсарган өгөв. “35”, ”36” дугаартай хуудсууд дахь тамгыг гэрээнийхтэй харьцуулан харна уу гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ОП” ХХК нь хариуцагч “ДИ” ХХК-нд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 12 092.33 евро буюу 32 181 197 төгрөг, хугацаандаа төлөөгүйн хохиролд 655.70 евро буюу 1 745 020 төгрөг нийт 33 926 217 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч “ДИ” ХХК  бараа доголдолтой байсан, худалдан авсан хүмүүсд харшил өгсөн мөн хугацаа дууссан бараа байсан тул борлуулж чадаагүй устгалд оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Хариуцагч “ДИ” ХХК-ийн санхүүгийн баримт, Монгол улс уруу тээвэрлэсэн зардал болон гаалийн татварыг худалдан авагч тал төлсөн, хүлээн авсан барааг дэлгүүрүүдэд нийлүүлж 29 694 818 төгрөгийн борлуулт хийсэн, борлуулалтын орлогоос 12 181 924 төгрөгийг тээврийн зардалд, 6 020 597.19 төгрөгийг гаалийн татварт, 668 000 төгрөгийг дотоод тээвэр, ачилтын зардалд төлж нийт 18 870 510 төгрөгийг зарцуулсан, хариуцагч компанийн агуулахад 14 916 200 төгрөгийн үлдэгдэл бараа хадгалагдаж байгаа болохыг тогтоосон Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 971 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол хэрэгт авагджээ. /1 хав.х-136 дугаар тал /

        

         Талууд гэрээний стандарт нөхцлүүд буюу гэрээний зүйл, үнэ зэргийг харилцан тохиролцсон талаар маргаагүй харин гэрээний дагуу чанарын шаардлага хангаагүй спорт ундаа болон витаминжуулсан усыг нийлүүлсэн гэж хариуцагч маргаж байна.

 

         Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд бичгээр хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба нэхэмжлэгч гэрээг цахим хэлбэрээр байгуулсан гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Цахим хэлбэрээр хийх хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахимт баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг гэрээний нөгөө тал нь хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байх тул хуульд заасан дээрх баримтууд хэрэгт авагдаагүй байх тул талуудыг цахим хэлбэрээр хэлцэл байгуулсан гэж үзэх боломжгүй тул талууд хооронд бичгээр байгуулагдаагүй байна гэж шүүх үзлээ.  

 

          Харин зохигчдын хооронд нэхэмжлэгч талаас 8 нэр төрлийн спорт ундаа болон витаминжуулсан усыг нийлүүлэх, хариуцагч үнийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

          

           Нэхэмжлэгч “Ошее Полска”  ХХК нь харилцан тохиролцсоны дагуу бараа нийлүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч буюу худалдан авагч “ДИ” ХХК гэрээний үүргээс 12 092.33 евро төлөөгүй байгаа талаар зохигчид маргаагүй.

         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ДИ” ХХК  нь өөрийн татгалзал, түүнийгээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж  өгөх үүрэгтэй.

       

           Хариуцагч бараа нь хүмүүсд харшил өгсөн тул бараа доголдолтой байсан мөн хугацаа дөхсөн, дууссан бараа нийлүүлсэн тул барааны төлбөр болох 12 092.33 евро төлөхгүй гэж татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

 

           Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар нийлүүлсэн бараа доголдолтой болох нь баримтаар тогтоогдоогүй мөн Монгол улсын хилээр оруулж, худалдан борлуулахын тулд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтаар орж дүгнэлт гаргахад хүний биед харшлах зүйлгүй гэж дүгнэлт гарсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар барааны доголдлын талаар гаргаж буй тайлбар үгүйсгэгдэж байх ба барааны хугацаа дуусаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /1хав.х-39-40 дүгээр тал/

 

          Мөн хариуцагч хуульд заасан хугацаанд эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаагүй байх тул хариуцагчийн татгалзал няцаагдаж байна.

         

           Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирол гэж 655.70 евро буюу 1 745 020 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зохигчдын хооронд бичгээр хийгдсэн гэрээ хэрэгт авагдаагүй тул гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй учраас хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

          Иймд хариуцагч тал 33 696 ширхэг барааны төлбөр 12 092.33 евро буюу 32 181 197 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 32 181 197 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 745 020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч “ДИ” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 181 197 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ОП” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 745 020 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327 582 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 318 855 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ