Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1869

 

 “Ошее Полска” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01246 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ошее Полска” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дэлгэр интернэшнл” ХХК-д холбогдох       

Хамтран ажиллах гэрээний үүрэг 8 нэр төрлийн 33 969 ширхэг бараа бүтээгдэхүүний төлбөр 12 092,33 евро буюу 32 181 197 төгрөг, хохирол 1 745 020 төгрөг нийт 33 926 217 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болд

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан нэхэмжлэлдээ: “Дэлгэр интернэшнл” ХХК нь 2014 оноос Польш улсын “Ошее Полска” ХХК-тай холбогдоод үйлдвэрлэн гаргадаг спорт ундаа болон витаминжуулсан ундаа нийлүүлэхээр болсон. Түүний дагуу барааны төрөл, үнийн тохиролцоо хийж ундаагаа Монгол улс руу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр явуулсан. Ингээд хариуцагч бараагаа 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж авлаа гэсэн утгатай цахим шуудан ирсэн. Хамгийн сүүлд 2015 оны 6 дугаар сард тооцоогоо явуулья гэсэн захидал бичсэн. Түүнээс хойш ямар нэгэн шуудан захидал ирүүлээгүй, барааг илгээснээс хойш хуулийн хугацаанд “Ошее Полска” ХХК-иас нэхэмжлэх илгээсэн боловч хүлээж авсан эсэх талаар мэдээлэл ирүүлээгүй, холбоо бариагүй, хариу өгөөгүй тул хуулийн компанид хандаад уг компаниас “Дэлгэр интернэшнл” ХХК-д төлбөрөө төлөх тухай шуудангаар захидал явуулсан боловч хариу ирүүлээгүй. Бидний зүгээс ундаа нийлүүлсэн тул төлбөрөө төлнө гэсэн тохиролцоотой байсан атлаа төлбөрөө шилжүүлээгүй, барааны нийт үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлж үлдсэн төлбөрөө төлчих гэхээр ямар ч хариу ирүүлээгүй, ямар нэгэн бизнесийн шинжгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. “Дэлгэр интернэшнл” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдсан боловч иргэний маргаан болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Дараа нь шүүхэд хандсан боловч өнөөдрийн хүртэл төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг асуухад  компанийн захирал байхгүй гэсэн хариу өгсөн. Иймээс барааны үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтрүүлсний хохирлыг хадгаламжийн хүүгээр тооцож нийт 33 926 217 төгрөгг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Талуудын хооронд бичгийн хэлцлийн дагуу маргаан гарсан тохиолдолд “Польш улсын Краков хотын дүүргийн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан байхад нэхэмжлэгч харьяалал зөрчиж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Манайхаас төлбөр төлөхгүй байх үндэслэлээ нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангагдаагүй, зах зээлд гологдол үүссэн, бараа бүтээгдэхүүнд их хэмжээгээр хаягдал үүссэн, урьд нь худалдаж авсан иргэдээс харшил өгсөн талаар гомдлууд гаргасан, өмнө нь борлуулагдаж байгаагүй, Мэргэжлийн хяналтын байгууллагаар зөвшөөрөөгүй бараа бүтээгдэхүүний улмаас борлуулалт зогссон. Иймээс бид төлбөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болж энэ тухай нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан.

Гэрээ байгуулагдсан гэдгийг талуудын хооронд цахим шуудангийн баримтууд, 2014 оны 12 дугаар сараас эхлэн 2015 оны 01 дүгээр сар хүртэл гэрээ байгуулах урьдчилан нөхцөл болсон саналуудыг солилцож, цахим шуудангаар “Дэлгэр интернэшнл” ХХК-ийн төлөөлөгчөөс Польш улсын тодорхой этгээдтэй харилцаж байсан цахим шуудангийн хуулбаруудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Талууд гэрээ байгуулахад урьдчилан тохиролцож байсан, Польш улсаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бид гэрээгээ байгуулж байгаа уг гэрээний төслөө дараагийн 7 хоногт явуулья гэсэн захидал илгээж, 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулах төслийг цахим шуудангаар ирүүлсэн. Түүний дагуу “Дэлгэр интэрнэшнл” ХХК нь гарын үсгээ зураад, гэрээний хувийг нөгөө талд буцаагаад явуулсан. Иймээс талуудын хооронд бичгийн хэлцэл хийгдсэн. Уг хэлцлийн үндсэн төсөл “Ошее Полска” ХХК-иас ирсэн. Гэрээний дагуу бараа нийлүүлэгдсэн гэдэг нь тодорхой. Нэхэмжлэгчийн тодорхойлж байгаа үнэ 33 000 000 төгрөг, 12000 евро гэж дагалдах бичиг баримттайгаа ийм хэмжээний барааг гадаад улсуудад зээлээр худалдаж байгаа бол хэлбэрийн хувьд бичгийн хэлцэл хийхгүйгээр худалдаа наймаа хийх үндэслэлгүй. Энэ нь бодит нөхцөл байдалд хүчин төгөлдөр бичгийн хэлцэл байж, түүний дагуу талууд үнийн дүнгээ тодорхойлдог. Хэрвээ бичгийн хэлцэл байхгүй бол энэ үнийн дүнгээ яаж тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй.

2. Торгууль тооцсон талаар бичгээр хийсэн хэлцэл байхгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслээд цахим хэлбэрээр хэлцэл хийгдээгүй гэж үздэг, манайх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2-т заасныг үндэслээд талуудын хооронд бичгийн хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Бичгийн хэлцэл хийгдсэнтэй холбогдуулан бид тухайн үед Польш улсын тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй, зохих орчуулгатай баримтууд болон шуудан хаягаар харилцаж байсан баримтуудыг мөн Монгол улсын хилээс бараа оруулсан гаалийн мэдүүлэг гэх зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Барааг хүлээж авахад бичгээр хийсэн гэрээгээ гаргаж өгч, албан ёсоор шаардлагын дагуу баримт бичиг бүрдүүлж байсан. Нэхэмжлэл гаргахдаа компаниас олгосон итгэмжлэл эргэлзээтэй мөн нэхэмжлэл гаргах өдрийн еврогийн ханшаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар хөрвүүлэн тооцно, тухайн үеийн ханш гэдгийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт зааснаар “Дэлгэр интернэшнл” ХХК-иас гэрээний үүрэг 12 092 33 евро буюу 32 181 197 төгрөг гаргуулж “Ошее Полска” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 740 020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар “Дэлгэр интернэшнл” ХХК-иас 318 855 төгрөг гаргуулж “Ошее Полска” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 582 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг хэрэг Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгдэх харьяаллын хэрэг биш бөгөөд худалдагч талын гэрээгээр сонгож авсан маргааныг хянан шийдвэрлэх харьяалал нь худалдагч талын оршин буй газрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн харьяалалтай байх тул тус шүүхийн харьяаллын маргаан гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Ошее полска” ХХК хариуцагч “Дэлгэр интернэшнл” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 33 926 217 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Урангоо нь нэхэмжлэгч байгууллагаас 2016 оны 01 дүгээр сард явуулсан и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр и-мэйлд үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байна.

Анхан шатны шүүх үзлэгийн үр дүнг баримтжуулаагүй  учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд харилцаж байсан и-мэйл хаягийн талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн “Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй  байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадвараа алдсан баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.  

Хариуцагчийн өмгөөлөгч хэргийг Монгол Улсын шүүхийн харьяалал мөн эсэх талаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг асуудлыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2017/03494 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул энэ талаар  давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

Дээрх шүүгчийн захирамжид хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тухайн шатны шүүхэд гомдол гаргасан боловч уг гомдлоосоо татгалзсан байх тул уг асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дэлгэр интернэшнл” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА