Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 101/2016/06901/и |
Дугаар | 1876 |
Огноо | 2016-11-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 1876
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/05783 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Э-д холбогдох
Тээврийн зээлийн гэрээний үүрэгт 164 128 632 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц , Ж.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Э нь БНСУ-аас өөрийн ачааг оруулж ирэхээр нэхэмжлэгч “С” олон улсын тээвэр зуучийн компаниар 2013, 2014 онуудад зуучлуулан тээвэрлүүлж ирсэн бөгөөд нэхэмжлэгч “С"олон улсын тээвэр зуучийн компаниар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн хөлсийг дараа төлөх нөхцөлтэйгөөр буюу ачааг эцсийн хүлээн авах газар болох Улаанбаатар хотод ирсний дараа төлөхөөр тохиролцсон.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч “С” ХХК-иар 69 630 ам.долларын нийт 15 чингэлгийг зуучлуулж тээвэрлүүлсэн байдаг.
Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасны дагуу Б.Э нь нэхэмжлэгч “С” ХХК-иар БНСУ-аас зуучлуулж тээвэрлүүлсэн 14 чингэлгийн хөлсийг Улаанбаатарт ирсний дараа төлөх нөхцөлтэй боловч одоо төлөх боломжгүй байна удахгүй төлнө гээд зээлээр тухайн 15 чингэлгийг Б.Э нь өөрийн гарын үсгээ зурж авч явсан байдаг бөгөөд нийт 69 630 ам.долларын 15 чингэлгийн тээврийн хөлснөөс 13 700 ам.долларыг хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч компанид төлсөн боловч үлдэгдэл 55 930 ам.долларыг төлөөгүй тул нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч Б.Э нар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хоёр талын байгуулсан тооцоо нийлсэн актаар хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч “С” ХХК-д 55 930 ам.долларын үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Нэхэмжлэгч “С” ХХК болон хариуцагч Б.Э нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасны дагуу өмнө нь байгуулсан тээвэрлэлтийн зуучлалын гэрээний үүргийг сольж үлдэгдэл 55 930 ам.долларт нэхэмжлэгч “С” ХХК болон хариуцагч Б.Э нар нь “Тээвэрлэлтийн зээлийн гэрээ”-г 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан.
Хоёр талын байгуулсан тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 2.1-д заасны дагуу хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч талаар зуучлуулж тээвэрлүүлсэн 15 чингэлгийн нийт үлдэгдэл төлбөр болох 55 930 ам.долларыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч компанитай байгуулсан тээврийн зээлийн гэрээ, тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш DJLU5012545 тоот чингэлгийн үлдэгдэл 400 ам.долларыг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн боловч үлдэгдэл 55 530 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч “С” ХХК-ийг хохироож байна.
Хариуцагч Б.Э нь хоёр талын байгуулсан Тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 2.1-т заасан хугацаанд нэхэмжлэгч талаар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн үлдэгдэл төлбөр 55 530 ам.долларыг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа тул хоёр талын байгуулсан Тээврийн зээлийн гэрээний 2.3-д зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг зээлдүүлэгч талд үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу тээврийн зээлийн гэрээний 2.1-д заасан хугацаа буюу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн алданги тооцох ёстой боловч хариуцагч Б.Э нь хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гарах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өдрийн 277 ам.долларын алданги нийт 281 өдрийн алданги 77 837 ам.доллар болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 27 765 ам.долларын алдангийг нэхэмжлэгч “С” ХХК-д төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн зүгээс удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч хариуцагч Б.Э нь тээврийн үлдэгдэл хөлсийг удахгүй төлнө, төлөх гэж байна гэх зэргээр нэхэмжлэгч компанийг хохироож байна.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч “С” ХХК-иас зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн үлдэгдэл хөлс 55 530 ам.доллар, алданги 27 765 ам.доллар нийт 83 295 ам.долларыг ИХШХШТХуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гарах өдрийн Монгол банкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 1 970.45 төгрөгөөр тооцож 164 128 632 төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК-д төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн 2 талын байгуулсан Тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 2.1, 3.2-т заасны дагуу 55 530 ам.доллар, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, Тээврийн зээлийн гэрээний 2.3-т заасны дагуу алданги 27 765 ам.доллар нийт 83 295 ам.доллар буюу ИХШХШТХуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гарах өдрийн ханшаар тооцоход нийт 164 128 632 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох Б.Э аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Э аас 164 128 632 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 978 600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э аас 978 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Э миний бие дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие БНСУ-аас Монгол улсад тавилга оруулж ирэн зардаг бөгөөд 2013, 2014 оноос БНСУ-ын “Дунгён” \Dungyon\ гэх компанитай тээврийн гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан бөгөөд 2015 оноос “С” ХХК-нь “Д” ХХК-ийн оронд надтай харилцах болсон. Гэтэл нэхэмжлэгч “С” ХХК нь өмнө ажиллаж байсан “Д” ХХК-ийн надаас авах ёстой төлбөрийг сүүлд тус компанитай хамтран ажилласан тээврийн хөлстэй нэмж нэгтгэн 55 930 ам.долларын тээврийн хөлс нэхэмжлэх болсон. Тухайн үед миний бие дээрхи төлбөрийн тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч “Д” ХХК-д төлөх ёстой төлбөрийг танайд төлөхгүй гэснээс бидний дунд маргаан үүссэн юм.
Бид хамтран ажиллах хугацаандаа тээврийн гэрээг бичгээр үйлдэж, ямар нэг хүү, алданги нэхэмжлэх эрх, үүргийн тухайд тохиролцоогүй бөгөөд өмнө нь хамтран ажиллаж байх үедээ миний бие тээврийн хөлсийг төлж, хөлс төлсөн тухай баримт авч, зарим тохиолдолд төлбөр төлсөн тухай баримт авахгүй байх тохиолдол ч байдаг байсан. Үндсэндээ бидний хооронд хийгдсэн тээврийн гэрээ нь цэвэр итгэлцэл дээр сууриладаг байсан бөгөөд зах зээлийн хямрал бүхий өнөө үед бараа материалын борлуулалт муудаж, дээр дурьдсан төлбөрийн нэхэмжлэлийг цаг хугацаанд нь төлөх боломжгүй болсон юм. Гэтэл нэхэмжлэгч “С” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн зээлийн гэрээ байгуулсан гэх худал мэдүүлгийг шүүхэд өгч, хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, өмнө нь тохиролцоогүй хүү, алдангийг нэхэмжилсэн байдаг. Өөрөөр хэлбэл миний бие 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчтэй Тээврийн зээлийн гэрээ гэх зүйл огт байгуулж байгуулаагүй бөгөөд харин тооцоо нийлэх акт үйлдсэн баримтанд гарын үсэг зурж байсан. Нэхэмжлэгч нь миний тооцоо нийлэх актанд зурсан гарын үсгийг дуурайлган зурж, надаас ийнхүү үндэслэлгүйгээр алданги нэхэмжилсэн байхад шүүх миний шүүх хуралд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчин нэхэмжлэлийн иаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр дараах үндэслэлээр няцаагдана. Үүнд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй.
1. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эрх, үүргийг эдэлж оролцсон бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу хэргийн материалтай танилцах эрхтэй. Гэтэл шүүх миний дээрх эрхийг хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр, хэргийн материалтай танилцаж гарын үсэг зураагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т хариуцагчийг шүүх хуралдааныг хойшлуулах эрхтэй тухай зохицуулсан байдаг. Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр үйлдэж, хуульд заасны дагуу холбогдох баримттайгаар хүргүүлсэн боловч шүүх миний хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж мөн хуулийн 25 дугаар зүйл, 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлээгүй.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй.
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх тухай зохицуулалтыг оруулсан бөгөөд шүүх дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл миний бие шүүх хуралдааныг хойшлуулахаар Улсын Клиникийн Нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай эмнэлгийн тамга тэмдэг бүхий хууль ёсны баримт хавсаргасан хүсэлт өгсөн бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан болно. Гэтэл шүүгч нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлтийг ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн хангасан нь ойлгомжгүй. Хуульд хариуцагч шүүх хурлыг зөвхөн нэг л удаа өвчтэй гэх шалтгаанаар хойшлуулж болно гэсэн зохицуулалт байхгүй юм. Ийнхүү шүүгчийн дээрхи шийдвэр нь хуульд үндэслэх тухай Иргэний хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болсон.
2. Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтдээ бичсэн хуурамч баримт бичиг ашиглаж хурал хойшлуулсан гэдэг үгийг үндэслэн миний хуралд биечлэн оролцох эрхийг хязгаарласан. Гэтэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т нэхэмжлэгчийн хуурамч нотлох баримтыг шалгуулах эрхийг хуульчилсан байна. Гэтэл шүүх миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай баримтыг хуурамж эсэхийг шалгаагүй байж ийнхүү шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болох юм.
Иймд хуулийг буруу хэрэглэн, хариуцагч миний хэргийн материалтай танилцах эрхийг олгоогүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг эдлүүлээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмуудыг ноцтой зөрчсөн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 5783 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Хариуцагч Б.Э-д холбогдуулан нэхэмжлэгч “С” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 164 128 632 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал өгч авалцсан зүйлээ хоёр талын нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлээр нийлж хариуцагч нь 55 930 ам.долларын өртэй гарсныг харилцан батлаж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг үйлдэж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Б.Э нь 15 чингэлэг ачааг нэхэмжлэгч “С” ХХК-иар зуучлуулан тээвэрлүүлсэн хөлсний үлдэгдэл болох 55 930 ам.долларыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлөх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр “Тээврийн зээлийн гэрээ” гэх нэртэй 15/001 тоот гэрээ байгуулжээ. /хэргийн 8, 9 дүгээр тал/
Хариуцагч нь 15 чингэлэг ачааг хүлээн авсан эсэх үйл баримт, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 400 ам.доллар төлж, 55 530 ам.долларын үлдэгдэлтэй талаар маргаагүй байна.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан “Худалдааны зуучлал”-ын гэрээний харилцаа үүсэж, тээврийн хөлс төлөх үүргийг мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний үүргээр сольсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээл 55 530 ам.доллар, алданги 27 765 ам.доллар, нийт 83 295 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй юм.
Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.долларыг 1 970.45 төгрөгөөр тооцож, 83 295 ам.доллар буюу 164 128 632 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна.
Шүүх хариуцагч Б.Э-д 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь танилцуулж, мөн өдөр болон 8 дугаар сарын 12-ны өдөр тус тус хэргийн материалыг түүнд танилцуулж, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар мөн сарын 19-ний өдөр шүүх хуралдаан товлосныг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар 8 дугаар сарын 23-ны өдөр болгосныг хариуцагчийг өвчтэй гэх хүсэлтээр мөн оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулж, мөн өдрийн хурлыг хариуцагчийн эрх зүйн туслалцаа авах хүсэлтийн дагуу тус тус хойшлуулжээ. /хэргийн 84, 93, 104 дүгээр тал/
Улмаар шүүх 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцах талаар болон 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг мөн оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчид тус тус мэдэгдэх хуудсаар мэдэгджээ.
/хэргийн 85, 106 дугаар тал/
Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй бөгөөд өвчтэй гэх үндэслэл заан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагчийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэж, 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу татгалзаж буй үндэслэл тайлбараа баримтаар нотлож чадаагүй байна.
Шүүх хариуцагчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулж, түүний хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул хариуцагчийг эрхээ эдлэх боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримттай холбоотой хүсэлт гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/05783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
С.ЭНХТӨР