Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0626

 

“” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 572 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 572 дугаар шийдвэрээр: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай /2002/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан “А” ХХК-аас Ус сувгийн удирдах газарт холбогдуулан гаргасан ““Ө” ХХК-д олгосон 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлийн дагуу “Ө” ХХК-ийн бохирын шугамыг холбохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... “Өгөөмөр монгол” ХХК-ийн хувьд хангагчид техникийн нөхцөлийг өөрчилж олгосон зүйл байхгүй бөгөөд харин “Зэт ди эл” ХХК-ийн хийсэн ажлын зурагт Ус суваг удирдах газрын мэргэжилтэн Ж.Ганчимэг газраар “зөвшилцсөн” гэсэн тэмдэглэгээг хийсэн байдаг.

Энэхүү зөвшилцсөн гэх гар цохолт бүхий бичигт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 болон 11.1.2-т “цэвэр бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ, тэдгээрийг шугам сүлжээнд нийлүүлэх нөхцөл” гэсэн шаардлагуудыг хангаагүй мөн эрх бүхий албан тушаалтнаас техникийн нөхцөл олгоогүй байх тул техникийн нөхцөл олгогдоогүй гэж үзэхээр байна.

Иймд “Ө” ХХК-ийн орон сууц, цэцэрлэгийн барилгыг 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлд хуучин оросын ф400 шугамд холбохоор заасан байхад техникийн нөхцөлгүй ф200 шугамд холболтыг хийсэн байгаа нь Хот, суурины ус хангамж ариутгах татуургын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. 2012 онд техникийн нөхцөлд өөрчлөлт оруулсан гэх шийдвэр нь хуульд нийцээгүй байна гэж маргасан.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгтээ маргааны зүйлийг шийдвэрлэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай /2002/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг хэрэглэж, хэргийг шийдвэрлэж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг ашигласан байна.

Учир нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай /2002/ оны хууль 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон байх бөгөөд нэхэмжлэгчийн маргааны гол зүйл нь 2012 оны 10 дугаар сард болсон үйл баримтын талаар маргаж байхад хүчингүй болсон хуулийг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-аас ““Ө” ХХК-д олгосон 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлийн дагуу бохирын шугамыг холбохыг Ус сувгийн удирдах газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Ус сувгийн удирдах газар анх олгосон техникийн нөхцөлөө зөрчсөн шийдвэр гаргаснаар манай газар эзэмших эрхийг зөрчиж байна” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэл, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлд дүгнэлт хийлгүй “...эрх бүхий байгууллага нь татан зайлуулах боломжтой шугамд холболт хийхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4-д нийцэхгүй байна.

Учир нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох ёстой. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй.

Нэхэмжлэгчээс Газрын тухай хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргаж байгаагаа бүрэн тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд газар эзэмшихтэй холбоотой ямар эрх нь, хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг зөрчжээ.

Мөн 2003 оны Барилга байгууламжийн хот суурины ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдох техникийн нөхцөл олгох зөвлөлийн ажиллах журмын 1.3-д “Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдтэй байна”, 2.2-т “Зөвлөлийн үүрэг”, 2.2.1-д “Техникийн нөхцөл олгох, цуцлах, өөрчлөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж тус тус зааснаар Зөвлөлийн шийдвэрээр олгосон техникийн нөхцөлийг Ус сувгийн удирдах газрын техникийн нөхцөлийн инженер Ж.Г өөрчлөх эрхтэй этгээд мөн эсэх, одоо 2011 оны 515/11 дүгээр техникийн нөхцөлийн дагуу шугам сүлжээг холбохыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т даалгах боломжтой эсэх, энэхүү техникийн нөхцөлийн дагуу шугам сүлжээг холбох үүрэг хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах эсэхийг зайлшгүй тодруулж, дүгнэх шаардлагатай.

Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан эсхүл хууль бус татгалзал байх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон техникийн нөхцөлийн дагуу шугам сүлжээг холбох чиг үүрэг хариуцагч байгууллагад байхгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч шүүхийн шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжгүйд хүрэх юм.

Мөн хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... бохир усны шугамын холболтыг баригдах барилгаас ... ф400мм-ийн цуглуулах шугамыг сэргээж холбоход хүндрэлтэй гэсэн тодорхой, бодит шалтгааныг тоочсон тайлбар өгсөн ...” зэргээр техникийн нөхцөлийг өөрчлөх шаардлага зайлшгүй үүссэнтэй холбон тайлбарласан байхад үүнтэй холбоотой анхан шатны шүүх ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, анх батлагдсан техникийн нөхцөлийн дагуу шугам сүлжээг холбох боломжгүй болсон болон техникийн нөхцөлийг зайлшгүй өөрчлөх ямар шалтгаан нөхцөл үүссэнийг бүрэн тогтоогоогүй, дүгнэлт өгөөгүй, энэ талаар ямар ч баримт хэрэгт байхгүй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шинжээчийн дүгнэлтэд “... “5000 хүн амын 1 хоногийн хэрэглээг төлөвлөлтийн тооцоогоор авахад 1430 м3/хоног болохоор байна”, “150-250мм бохир усны голчтой шугамын хамгийн бага хурдыг 0.7 м/сек, дүүргэлтийг 0.6 буюу 60% байхаар тооцдог”, “ф200мм голчтой шугам нь 1497 м3/хон бохир ус нэвтрүүлэх боломжтой”, “200мм голчтой шугам нь 1497.7 м3/хоногоос их усны зарцуулалтыг нэвтрүүлэх боломжтой харагдаж байна”, “1012.5 м3/хон бохир ... усыг 50% дүүргэлттэй 0.8 м/сек хурдтай зайлуулах боломжтой”, “Монгол хотхоны сар бүрийн цэвэр усны тоолуурын бичилтээс харахад сард дунджаар 64510,9 м3 ус, хоногт 214 м3/хоног ус хэрэглэж ... татан зайлуулж байна”” гэх зэргээр хотхоноос гарч буй бохир усны хэмжээ, ф200мм голчтой хоолойн бохир ус татан зайлуулах хүчин чадлын тоо, хэмжээнүүд зөрүүтэй, шинжээчийн хариултууд хоорондоо зөрчилдсөн, ойлгомжгүй, эргэлзээтэй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т “Шинжээч шүүх хуралдаанд оролцож байгаа бол өөрийн дүгнэлтийг тайлбарлана. Дараа нь шинжээчид асуулт тавьж болно”, 102.3-д “Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзвэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэж болно” гэж зааснаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах, өөрийн гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах, шинжээчид асуулт тавих зэргээр ямар ч ажиллагаа хийгээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН