Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01020

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03130 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 448 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Б-, Б.Т- нарт холбогдох,

Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагч Ш.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ганбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний эцэг Ш.Цогтсайхан 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Би өөрийн төрсөн аавын хууль ёсны өвлөгч юм. Бид аавын өмч болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот байршилтай Г-2203001657 дугаарт бүртгэгдсэн 1864331201826 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 493.10 мкв га газрын өмчлөгч байсан. Аавыг нас барснаас хойш бид аавын иргэний үнэмлэх болон дээрх хөрөнгийн гэрчилгээ зэргийг хайгаад олохгүй байсаар 2013 онд улсын бүртгэлийн газраас лавлагаа авч баримтуудыг бүрдүүлснээр өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг 2015 онд шүүхэд гаргасан юм. Аавын бичиг баримт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдохгүй байсан тул өвлөх эрхээ нээлгэж чадаагүй. Аавын бичиг баримтыг ашиглаж бэлэглэлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол байдаг. Аавын бичиг баримтыг ашиглан Ш.Б-, Л.Бямбацэрэнд газар бэлэглэсэн гэж би бодож байна.

Иймд намайг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгчөөр тогтоож, 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн Газар бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний төрсөн дүү Ш.Цогтсайхан 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Нэхэмжлэгч Ц.Б- нь намайг аавынх нь бичиг баримтыг ашиглан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот байршилтай үл хөдлөх хөрөнгийг бусдад бэлэглэсэн гэж гүтгэж байна. Энэ талаар нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Би энэ хэргийн хариуцагч биш. Дээрх үл хөдлөх хөрөнгийг би анх худалдан авч аавынхаа нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргасан байдаг. Манай аав Шаалуугийн Шарав нь 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байхад 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ааваас Ш.Цогтсайхан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан байдаг. Эндээс харахад аавыг нас барснаас бэлэглэлийн гэрээ хийгдэж Ш.Цогтсайханы өмчлөлд очсон нь хууль бус үйлдэл юм. Нэхэмжлэгч Ш.Болор нь хууль ёсны өвлөгч эсэх нь тодорхойгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т- шүүхэд гаргасан тайлбартаа:

Дээрхи үйлдлийг гэрчлэхдээ миний бие Нотариатын тухай хуулийн дагуу, хууль ёсны үйлчилгээг үзүүлсэн нь архивт авагдсан материалаар батлагдаж байна. Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нь тэдний авчирсан иргэний үнэмлэхийг үндэслэн тогтоосон бөгөөд иргэний үнэмлэхүүд нь хүчинтэй, мөн эх хувиараа байсан, иргэний үнэмлэх дээр гарын үсгийн зураглал нь нотариатын бүртгэлийн дэвтэрт бичигдсэн гарын үсэгтэй ижил зурагдсан байна. Түүнчлэн гэрээнд оролцогч талууд Бэлэглэлийн гэрээний нэмэлт нөхцөлд хамаатан учраас ах бид хоёрыг асрана, халамжилна гэж бэлэг хүлээн авагчид тодорхой үүрэг оногдуулан өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийг тодорхой тусгасан байсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэхүү 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 457 тоот бүртгэлтэй газар өмчлөх эрх бэлэглэх гэрээг Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 97 тоот шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон гэжээ. Энэ талаар надад өмнө нь ямар нэгэн мэдээлэл байгаагүй бөгөөд нэгэнт шүүхээс дээрх гэрээг хүчингүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа тохиолдолд дахин нотариатын үйлдлийг хүчингүй болгохоор хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээ нь хүчингүй болсон тохиолдолд тухайн гэрээг баталсан нотариатын үйлдэл бас хүчингүй болох учиртай. 2008 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Бэлэглэлийн гэрээг байгуулан бүртгүүлж, улмаар 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг 261 дугаартай нотариатчаар батлуулж байхдаа эдгээр хүмүүс Нотариатын болон Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлж, нас барсан хүний бичиг баримтыг ашиглан хууль бус үйлдэл хийж, бусдын өмч хөрөнгийг залилан мэхлэх аргаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь тодорхой байгаа тул нэхэмжлэгч тал тэднийг холбогдох газарт нь өгч шалгуулах бүрэн үндэслэлтэй байна. Талийгаачтай царай төрхийн ижил төстэй хүнийг ашиглан, түүний хүчин төгөлдөр байгаа иргэний үнэмлэхийг нь ашиглан Бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэн гарын үсгийг нь дуурайлган зурж, улмаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үед нас барсан хүний нэрээр бүртгэл хийх боломжгүй байх ёстой. Гэтэл тэд энэ бэлэглэлийн гэрээг яаж, хэрхэн улсын бүртгэлд бүртгүүлсэн, талийгаач хэзээ яаж, юуны учир нас барсан, “Буян” ХХК дахь улсын бүртгэгч 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1057 тоот нас барагчийн гэрчилгээ олгохдоо яагаад нас барсан хүний баримт бичгийг хайчилж хүчингүй болгоогүй орхисон, тухайн үед ямар учраас талийгаачийн бүртгэлийг улсын бүртгэлээс хасаагүй орхисон, түүний энэ алдаатай үйлдэл хэнд ашигтай байсан зэрэг олон асуудал урган гарч байгаа.

Дээрхээс дүгнэж үзэхэд талийгаачийн өмчлөлийн газрыг авахын тулд хүнд бэлэглэх нэрээр шилжүүлээд, тухайн хүний нэр дээр бүртгэгдсэний дараа талийгаачийн ах нь хамтран өмчлөгч болсон байх ба талийгаачийг төрсөн үр хүүхэдтэй гэдгийг мэдсээр байж өөрийн нэр дээр газар өмчлөх эрхийг нь шилжүүлэн авах зорилгоор Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гаргуулсан нь тодорхой байна. 

Иймд шүүхээс маргааны нөхцөл байдлыг хянан үзээд Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03130 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ыг Ш.Цогтсайханы хууль ёсны өвлөгчөөр тогтоож, 2008 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар бэлэглэх гэрээг гэрчилсэн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т-ийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 448 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Ш.Б- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2018/00213 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь илт үндэслэл муутай, хариуцагч Ш.Б-, түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарын анхан шатны шүүхийн шийдвэрийг илт гуйвуулж гаргасан гомдлыг үндэслэсэнд гомдолтой байна. Мөн тусдаа хариуцагч Б.Т- гомдол гаргаагүй байхад шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

...Талийгаачийн төрсөн охин болох намайг иргэний үнэмлэхний он, сар, өдрөөр талийгаач аавтайгаа хамт амьдарч байсан эсэх нь тодорхойгүй гэж мушгиж байна. Үнэн чанартаа дээрх цахим үнэмлэхний хаяг нь миний өмнө байсан үнэмлэхний хаягийг үндэслэж гаргасан хаяг билээ. Улс даяар 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үнэмлэх цахим үнэмлэхээр автоматаар солигдсон байхад дээрх хаягт байсан эсэх нь тодорхойгүй гэж үзэж байгаад гомдолтой байна. Мөн Ц.Б-оос өөр өвлөгч байгаа эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой гэсэн нь хэт хувь хүмүүсийн хууль ёсны эрхээ эдлэх эрхийг зөрчиж байна. Надаас гадна ээж, дүү 2 маань байдаг боловч тэд миний ийнхүү өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгааг мэдэж байгаагаас гадна ээж маань анхан болон давж заалдах шатны шүүх хуралд ажиглагчаар сууж байсан билээ. Дүү маань одоогоор гадаадад байгаа бөгөөд намайг дэмжиж байгаа. Харин хэн нь өв залгамжлах, хэн нь татгалзах нь бид гурвын хоорондох жичдээ асуудал юм. Ийм байхад давж заалдах шатны шүүх сайн нягтлалгүй зөвхөн хариуцагчийн гомдлоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ц Болор нь өөрийгөө талийгаач Ш.Цогтсайханы хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн газар бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Өв залгамжлалын талаар эрх зүйн маргаан гарсан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д зааснаар хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгахаас гадна талийгаач өөр өв залгамжлагчтай эсэхийг тогтоох, түүнчлэн, өвлөгч өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан эсэхийг тодорхой болгох шаардлагатай болно.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжийн өвлөгчид хамаардаг ба тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд талийгаач Ш.Цогтсайханы хүү Ц.Болдбаатар, эхнэр Я.Жаргалсайхан нарын талаар дурдсан байхад анхан шатны шүүх тэдгээрийн шаардах эрхийг тодруулаагүй нь учир дутагдалтай болсон ба давж заалдах шатны шүүх энэ байдлыг шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болгожээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1., 528.2.-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж, харин тэдгээрээс бусад буюу хамт амьдарч байгаагүй өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үздэг байна.

Мөн зүйлийн 528.3.-т зааснаар хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үздэг.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б-ын оршин сууж байсан хаягийг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 448 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН