Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00848

 

“Ц” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн  шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

              2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/03322 дугаар шийдвэр,

              Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

              2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 385 дугаар магадлалтай,                                                                                                             

              “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

              “Н” ХХК-д холбогдох

            Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 135,908,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Н” ХХК-тай байгуулсан Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 489.76 тонн цементийг бэлтгэн нийлүүлсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “худалдан авагчид нийлүүлэх цементийг зээлээр худалдан авч байгаа бөгөөд ямар ч тохиолдолд худалдсан цементийн төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлсөн байна”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “худалдан авагч нь энэхүү гэрээний 5 дугаар бүлэгт заасны дагуу цемент худалдан авсан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги төлөх үүрэгтэй” гэж харилцан тохирсон. Гэтэл тус компани өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаанд төлбөрөө төлөхгүй хэтрүүлсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, нийт 135,908,400 төгрөгийн хуримтлал үүссэн. Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 90,605,600 төгрөг, алданги 45,302,800 төгрөг, нийт 135,908,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Н” ХХК 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Цемент худалдах, худалдан авах гэрээг “Ц” ХХК-тай байгуулаагүй. “Ц” ХХК нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож шүүхэд өгсөн гэрээнд “Н” ХХК-ийг төлөөлж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Лхагваням гэх хүн гарын үсэг зурсан бөгөөд манай компани нэг хувьцаа эзэмшигчтэй, компанид төлөөлөн удирдах зөвлөл байхгүйгээс гадна Г.Лхагваням манай байгууллагад ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, “Н” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхийг Г.Лхагванямд олгоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.          

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/03322 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК-д холбогдох цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 135,908,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 385 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/03322 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Н” ХХК-иас 90,605,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын алданги 45,302,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дах заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж” гэж өөрчилж, “хариуцагч “Н” ХХК-иас 610,978 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч "Ц” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133,078,400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй гэж маргасан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулсанд тооцогддог. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцохоос гадна хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шаардлага хангасан байхыг мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан байна. Гэтэл талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэх Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээнд “Н” ХХК-ийг төлөөлж ТУЗ- ийн дарга Г.Лхагваням гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байх боловч тэрээр ТУЗ-ийн дарга биш, түүнд тус компанийг төлөөлж “Ц” ХХК-тай гэрээ байгуулах бүрэн эрх олгогдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Даваасамбуу нь Г.Лхагванямаар төлөөлүүлэх тухайгаа амаар мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгогдсон гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү мэдэгдсэн эсхүл хожим уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг хариуцагчийн зүгээс олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тохиолдолд гэрчийн мэдүүлгээр төлөөлөгчийн бүрэн эрх тодорхойлогдсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно. Гэрч Г.Лхагванямын "... Э.Даваасамбуу амаар зөвшөөрөл өгсөн, цемент зээлээр олж өгөх арга байна уу гэж Э.Даваасамбуу гуйхаар нь гэрээ хийсэн..” гэж мэдүүлснээр /хх-ийн 50-51/ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрх олгогдсон, эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэх үндэслэлгүй болно. Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч тал цемент хүлээн авсан зарлагын баримтуудаар давхар нотлогдоно гэж тайлбарлан, “Н” ХХК-ийн нэр дээр бичигдсэн зарлагын баримт, нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргасан боловч уг санхүүгийн анхан шатны баримтуудад хариуцагч “Н” ХХК-ийн бус, “Суурь” ХХК-ийн ажилчид гарын үсэг зурсан болох нь гэрч Б.Дашдаваагийн “...гэрээний дагуу “Суурь” ХХК-д цементийг нийлүүлсэн, цементийг хүлээн авсан 2 хүний гарын үсэг нь “Суурь” ХХК-ийн ажилтан ..." гэсэн мэдүүлэг, хариуцагч “Н” ХХК-ийн захирал Э.Даваасамбуугийн “бараа материал хүлээн авсан гэх 2 хүний нэр хэлж байна. Манай компанид тийм хүн байхгүй ...” гэх тайлбараар тогтоогдсон тул гэрээний зүйл болох 489,76 тонн цементийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал үгүйсгэгдсэн байна. Энэ талаар шүүхээс “Суурь” ХХК-иас хариуцагчид цемент нийлүүлсэн баримтыг шаардсан боловч зөвхөн “Суурь” ХХК-ийн тооцооны баримт байхаас гадна хариуцагч түүнийг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн шүүхээс бичиг хүргэгч хайгаад олохгүй байгаа хуулийн этгээд “манайх олон дахин нүүсэн учир “Н” ХХК-д хүлээлгэн өгсөн баримт устсан, “Н” ХХК-д дээрх хэмжээний цемент нийлүүлсэн” гэсэн албан бичиг өгөөд байгаа нь “Н” ХХК-д дээрх тооны цемент нийлүүлсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна. Энэ талаарх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулах зорилгоор цемент нийлүүлсэн, хэрэгт ашиг сонирхолын зөрчилтэй гэрч Г.Лхагванямын мэдүүлгээр талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм. Хоёр хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдүүд бие биенээ мэдэхгүй байхад хүсэл зоригоо нэгтгээд гэрээ байгуулсан гэж үзсэн 2 шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байхаас гадна тамга дарагдсан байдлаас нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчид гэрээний зүйл болох 489,76 тонн цементийг хүлээлгэн өгсөн болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т тус тус зааснаар зохигчдын хооронд Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь байгуулагдаагүй худалдах, худалдан авах гэрээний үүргийг “Н” ХХК-иас шаардах эрх үүсээгүй болно. Анхан шатны шүүх талуудын хооронд 489 тонн цементийг хүлээлгэн өгсөн баримт тогтоогдохгүй байна гэж зөв дүгнэсэн хэдий ч гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь алдаатай байхаас гадна анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

          Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д нийлүүлсэн цементийн үнэ 90,605,600 төгрөг, алданги 45,302,800 төгрөг, нийт 135,908,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компани нэг гишүүнтэй, ТУЗ байхгүй, гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан мөн нэхэмжлэгчээс цемент худалдан аваагүй гэж маргажээ.  

            Хариуцагч “Н” ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цемент худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

          2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Ц” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Цемент зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-нд “Н” ХХК-ийн тамга дарагдсан, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж тус компанид ажилладаггүй, компанийг төлөөлөх эрхгүй Г.Лхагваням гарын үсэг зурсан байдал тогтоогдсон байна.

         Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дах хэсэгт төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж зааснаас үзвэл Г.Лхагванямтай худалдан авагч компанийн төлөөлөгчийн хувьд харьцаж, гэрээний харилцаанд орсон “Ц” ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх этгээд нь барилгын ажил гүйцэтгэгч “Н” ХХК байна гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

             Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан боловч энэ маргааны үндэслэл болж буй гэрээнд Б.Лхагваням өөрийгөө төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж гарын үсэг зурснаас гадна уг гэрээнд компанийн тамга дарагдсан зэргээс дүгнэхэд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэсэн зохицуулалтын дагуу талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

             Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчийг гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй буюу хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.

           Нэхэмжлэгч нь 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цемент худалдах- худалдан авах гэрээ”-ний дагуу 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 489.76 тонн цементийг бэлтгэн нийлүүлсэн гэсэн байна.

           Хэрэгт гэрч Г.Лхагванямын ”...Ц” ХХК-иас авсан цементийг “Суурь” ХХК-д өгч боловсруулаад барилгадаа ашигласан...”, “Вива сити” төслийн хүрээнд хийгдсэн талбай дээр 500 автомашины гарааш барьсан, гэрээнд ТУЗ-ийн дарга гэж гарын үсэг зураад тамга дарснаа санаж байна...” гэсэн мэдүүлэг, Э.Даваасамбуугийн “...бетоноор яармагт автограж барьсан... бид 2 хамт байж байгаад гарын үсэг зурсан ...миний гарын үсэг ч байдаг...” гэсэн мэдүүлэг болон “Ц” ХХК-ийн зарлагын баримтууд, нэхэмжлэхүүд, “Суурь” ХХК-ийн тодорхойлолт гэсэн баримтууд авагджээ.

              Хариуцагч “Н” ХХК-ийн захирал Э.Даваасамбуу, гэрч Г.Лхагваням нар нь Яармагт байрлах “Вива сити” хорооллын төсөл дээр авто гарааш барьж хамтран ажиллаж байхдаа нэхэмжлэгч “Ц” ХХК-аас гэрээний үндсэн дээр 489.76 тн цементийг авч барилгад ашигласан үйл баримт тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

              Хариуцагч “Н” ХХК нь Г.Лхагванямаас  авлагатай байсан гэх асуудал энэ хэргийн маргааны зүйл биш бөгөөд Г.Лхагванямаас авах авлагад цемент тооцож авсан гэх хариуцагчийн тайлбар, татгалзал нь “Ц” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, энэ маргаанд хамааралгүй болно.

             Иймд хариуцагч “Н” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт цементийн үнэ 90,605,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

          Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т заасан талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан агуулгад нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 45,302,800 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамаарах Иргэний хуулийн зохицуулалт болон хэлцэлд төлөөлөх эрхтэй этгээдийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 385 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

             2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 610,978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН