Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01047

 

Х.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00014 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х-т холбогдох,

Х-ын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/109 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Х-ын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Х.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Ч.Баднайнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Ажил олгогч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал намайг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б\209 дүгээр тушаалаар ажлын хариуцлага алдсан гэж ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлдээ “Орон нутгийн Иргэдийн банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер Х.С- ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийг банканд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээллийг задруулсан үйлдлээр...” гэжээ. Ийнхүү ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа бөгөөд ажлаас чөлөөлсөн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байранд байхад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч А.Хуат нь 99424640 дугаартай утсаар над руу залгаж “Би цагдаагийн газрын мөрдөн байцаагч А.Хуат гэдэг хүн байна” гэж хэлээд “Абайн Ардахын данс мөн байна уу яаралтай мэдэх шаардлагатай байна” гэж хэлсэн. А.Хуат нь Цагдаагийн газрын мөрдөн байцаагчаар ажилладаг болохыг би сайн мэддэг байсан ба ажлын шаардлагаар яаралтай хандаж байна, чухал асуудал гэж ойлгоод дансны дугаарыг шалгахад явуулсан данс нь А.Ардахын данс мөн байсан. Би түүнээс дансыг яах гэж байгаа вэ гэж асуухад мөнгө шилжүүлэх гэж байна гэхээр нь хэрэглэгч мөнгийг буруу дансанд явуулахгүй гэж баталгаажуулж асууж байна, нөгөө талаар ажлын шаардлагаар яаралтай асууж байна гэж ойлгож таны хэлж байгаа данс А.Ардахын данс мөн байна гэж хэлж өгсөн. А.Хуат нь надад А.Ардахын дансны дугаарыг өөрөө хэлж өгсөн болохоор мөн нэрийг нь тодорхой хэлж байсан болохоор уг дугаарыг мөн эсэхийг баталгаажуулж асууж байна гэж ойлгосон. Би түүнээс ямар зорилгоор утасны дугаарыг нь авч байгаа болохыг шаардаж асуугаагүй. Хуулийн ажилтан асууж байгаа болохоор түүнд би А.Ардахын дугаарыг хэлж өгсөн. Харин бусдын банк дахь мэдээллийг задруулах, ямар нэгэн хувийн ашиг сонирхол, хэрэгцээ шаардлага надад байгаагүй. Болсон үйл асуудал энэ болно.

Гэтэл ХААН банкны төвөөс ирсэн аудитын хяналт шалгалтынхан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр намайг дуудаж таны тухай нэг харилцагчаас гомдол ирсэн байна. Абайн Ардах гэдэг хүнээс гомдол ирсэн. Та хэрэглэгчийн утасны дугаарыг бусдад задруулсан байна. Танд ажлын хариуцлага тооцно гэсэн. Нэгэнт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан ажлын өдөр Абайн Ардахын тухай дээрх мэдээллийн талаар яаралтай хэлж өг гэж шаардлага тавьсан тул би түүний шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй байдалтай болсон тухай тайлбарласан. Иймд надад ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Ажил олгогч нь асуудлын үнэн мөнийг олохгүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Х-ын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б\109 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Х-ын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Иргэн Х.С-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, ХААН Банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн ажилтан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул нэхэмжлэгч Х.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Нэхэмжлэгч Х.С-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтад хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийг тусгасан бөгөөд Х.С- нь үүнийг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Х.С- нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргасан. Энэ үйлдэл нь ХААН Банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банк программ ашиглах технологи журмын нийтлэг үндэслэл хэсгийн 1.4, хориглох зүйлийг 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.34, 2.3.5, 2.36, 2.37, 2.38, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, 3.2.10 дахь заалтуудыг тус тус зөрчиж байгаа бөгөөд Х.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-т заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Х.С-ийн гаргасан зөрчлийн улмаас харилцагч гомдол ирүүлсэн бөгөөд гомдлын дагуу аудитын шалгалт хийгдэж зөрчлийг тогтоосон. Х.С- нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн.

Иймд Х-ын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б\109 тоот тушаал хууль тогтоомжийн дагуу гарч хуульд нийцсэн тул Х.С-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан нэхэмжлэгч РД:БЖ83021071 Шыбарайгыр овогт Хупырын Серикийн Х-ын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/109 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Х-ын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00014 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Х.С-ийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Х.С- би ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь Төв тооцооны төвийн харилцааны менежер буюу эдийн засагчаар 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажиллаж байсан юм. Х.С- би тус байгууллагад ажилдаа байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хөдөлмөрчдөд банкны үйлчилгээг хүртэмжтэй хүргэх үйлсэд хүчин зүтгэж, байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч “Өргөмжлөл” зэрэг шагнал хүртэж байсан юм.

...Ажил олгогч нь асуудлын үнэн мөнийг олохгүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би тухайн үед Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Хуатын хууль ёсоор тавьсан шаардлагыг биелүүлсэн явдалд ажил олгогч намайг буруутгаж байгаа асуудалд гомдолтой байна. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар аливаа, иргэн, хуулийн этгээд цагдаагийн ажилтнаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна. Тухайлбал Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.”, 23.3-т “Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай хуулиар хориглосноос бусад баримт эд зүйлийг гаргаж өгөхийг шаардаж болно.”, 23.6-д “Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг биелүүлсний төлөө Х.С- би буруутан болох ёсгүй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус   хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.С- нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Х-ын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б\109 дугаартай тушаалыг  хүчингүй болгуулж, Х-ын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж марган, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Х.С- Х-т харилцааны менежерээр ажиллаж байгаад салбарын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б\109 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Ажил олгогчийн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3, ХААН банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэсэн ба ажил олгогч ажилтныг ажлын байрны давуу талаа ашиглан, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний мэдээллийг задруулсан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэж заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг нотлох хэрэгт авагдсан баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, банкны үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журмын зохицуулалтад нийцүүлэн эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй болно. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00014 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН