Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00014

 

Х.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702 дугаар шийдвэртэй, Х.С-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны Баян-Өлгий салбарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А/онлайнаар/ , хариуцагчийн өмгөөлөгч Н.Б /онлайнаар/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: ХААН банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/109 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, ХААН банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

            Нэхэмжлэлд: “Миний бие ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Дэлүүн сум дахь тооцооны төвийн нярваар, мөн тус банкны Баян-Өлгий аймаг дахь Төв тооцооны төвийн харилцааны менежер буюу эдийн засагчаар тус тус ажиллаж байсан. Х.С би тус байгууллагад ажиллаж байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, иргэдэд банкны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үйлст хүчин зүтгэж, байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч “Өргөмжлөл” зэрэг шагнал хүртэж байсан. Х.С би эрхэлсэн ажилдаа ямар нэгэн дутагдал зөрчил гаргаагүй, банкны мөнгийг завшаагүй, хэрэглэгчдэд хохирол учруулаагүй. Гэтэл ажил олгогч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал намайг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б\209 дүгээр тушаалаар ажлын хариуцлага алдсан гэж ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлдээ “Орон нутгийн Иргэдийн банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер Х.С ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийг банканд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээллийг задруулсан үйлдлээр...” гэжээ. Ийнхүү ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа бөгөөд ажлаас чөлөөлсөн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байранд байхад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч А.Х нь 99424640 дугаартай утсаар над руу залгаж “Би цагдаагийн газрын мөрдөн байцаагч А.Х гэдэг хүн байна гэж хэлээд А.А-ын данс мөн байна уу яаралтай мэдэх шаардлагатай байна” гэж хэлсэн. А.Х нь Цагдаагийн газрын мөрдөн байцаагчаар ажилладаг болохыг би сайн мэддэг байсан ба ажлын шаардлагаар яаралтай хандаж байна, чухал асуудал гэж ойлгоод дансны дугаарыг шалгахад явуулсан данс нь А.А-ын данс мөн байсан. Би түүнээс “дансыг яах гэж байгаа вэ” гэж асуухад “мөнгө шилжүүлэх гэж байна” гэхээр нь хэрэглэгч мөнгийг буруу дансанд явуулахгүй гэж баталгаажуулж асууж байна, нөгөө талаар ажлын шаардлагаар яаралтай асууж байна гэж ойлгож таны хэлж байгаа данс А.А-ын данс мөн байна гэж хэлж өгсөн. А.Х нь надад А.А-ын дансны дугаарыг өөрөө хэлж өгсөн болохоор мөн нэрийг нь тодорхой хэлж байсан болохоор уг дугаарыг мөн эсэхийг баталгаажуулж асууж байна гэж ойлгосон. Би түүнээс ямар зорилгоор утасны дугаарыг нь авч байгаа болохыг шаардаж асуугаагүй. Хуулийн ажилтан асууж байгаа болохоор түүнд би А.А-ын дугаарыг хэлж өгсөн. Харин бусдын банк дахь мэдээллийг задруулах, ямар нэгэн хувийн ашиг сонирхол, хэрэгцээ шаардлага надад байгаагүй. Болсон үйл асуудал энэ болно. Гэтэл ХААН банкны төвөөс ирсэн аудитын хяналт шалгалтынхан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр намайг дуудаж “таны тухай нэг харилцагчаас гомдол ирсэн байна. А.А гэдэг хүнээс гомдол ирсэн. Та хэрэглэгчийн утасны дугаарыг бусдад задруулсан байна. Танд ажлын хариуцлага тооцно” гэсэн. Нэгэнт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан ажлын өдөр А.А-ын тухай дээрх мэдээллийн талаар яаралтай хэлж өг гэж шаардлага тавьсан тул би түүний шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй байдалтай болсон тухай тайлбарласан. Иймд надад ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Ажил олгогч нь асуудлын үнэн мөнийг олохгүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ХААН банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б\109 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, ХААН банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэв.        

 

Хариуцагчийн тайлбарт: “Иргэн Х.С-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40.1.4, 131.1.3. ХААН Банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн ажилтан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул нэхэмжлэгч Х.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Нэхэмжлэгч Х.С-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтад хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийг тусгасан бөгөөд Х.С нь үүнийг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Х.С нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргасан. Энэ үйлдэл нь ХААН Банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологи журмын нийтлэг үндэслэл хэсгийн 1.4, хориглох зүйлийг 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.34, 2.3.5, 2.36, 2.37, 2.38, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, 3.2.10 дахь заалтуудыг тус тус зөрчиж байгаа бөгөөд Х.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-т заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Х.С-ийн гаргасан зөрчлийн улмаас харилцагч гомдол ирүүлсэн бөгөөд гомдлын дагуу аудитын шалгалт хийгдэж зөрчлийг тогтоосон. Х.С нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн. Иймд ХААН банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б\109 тоот тушаал хууль тогтоомжийн дагуу гарч хуульд нийцсэн тул Х.С-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702  дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан нэхэмжлэгч Х.С-ийн ХААН банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/109 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, ХААН банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “Нэхэмжлэгч Х.С би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх тухайн хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Х.С би ХААН Банкны Баян-Өлгий аймаг дахь Төв тооцооны төвийн харилцааны менежер буюу эдийн засагчаар 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Х.С би тус байгууллагад ажилладаг байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хөдөлмөрчдөд банкны үйлчилгээг хүртэмжтэй хүргэх үйлст хүчин зүтгэж, байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч “Өргөмжлөл” зэрэг шагнал хүртэж байсан. Гэтэл ажил олгогч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал намайг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б\209 дүгээр тушаалаар ажлын хариуцлага алдсан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас гэнэт чөлөөлсөн. Намайг ажил олгогч ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлдээ ”ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийг банканд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээллийг задруулсан үйлдлээр ..." гэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Х.С би 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байранд байхад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад А.Х нь 99424640 тоот утсаар над руу утасдаж “Би цагдаагийн газрын мөрдөн байцаагч А.Х гэдэг хүн байна гэж хэлээд. “А.А гэдэг хүний танай банк дахь дансыг өгч байна энэ данс нь А.А-ын данс мөн байна уу.” гэж асуухад би мөрдөн байцаагч А.Х-д “Танд би Ардахын дансны дугаарыг хэлэх боломжгүй” гэж хэлэхэд тэрээр “Би цагдаагийн мөрдөн байцаагч хүн байна. Манай байгууллагад гомдол ирсэн. Хуулийн байгууллагаас тавьж буй шаардлагыг та заавал биелүүлэх ёстой” гэж хэлэхээр нь би А.Х тус аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажилладаг болохыг мэддэг учраас аргагүй эрхэнд цагдаагийн эрх бүхий албан тушаалтан шаардлага тавихад А.А-ын дансны дугаарыг мэдээллийн сангаас тулган үзээд А.Хад “Таны өгсөн дансны дугаартай А.А-ын дансны дугаар тохирч байна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа мөрдөн байцаагч А.Х нь дахин над руу утасдаж “Та А.А-ын утасны дугаарыг хэлж өг" гэж хэлсэн. Би А.А-ын утасны дугаарыг программаас хараад мөрдөн байцаагчид хэлж өгсөн. Гэтэл ХААН Банкны төвөөс ирсэн аудитын хяналт шалгалтынхан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр намайг дуудаж “Таны тухай нэг харилцагчаас гомдол ирсэн талаар асуухад “энэ асуудлыг мэдэхгүй байна, санахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд ахлах аудитор “Таны тухай А.А гэдэг хүнээс гомдол ирсэн. Та хэрэглэгчийн утасны дугаарыг бусдад задруулсан байна. Танд ажлын хариуцлага тооцно” гэж хэлсэн. Тэгээд би энэ асуудлыг гэнэт санаж тэр ахлах аудиторт болсон асуудлыг тайлбарласан. Иймд Х.С надад ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Ажил олгогч нь асуудлын үнэн мөнийг олохгүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би тухайн үед Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Х-ын хууль ёсоор тавьсан шаардлагыг биелүүлсэн явдалд ажил олгогч намайг буруутгаж байгаа асуудалд гомдолтой байна. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар аливаа, иргэн, хуулийн этгээд цагдаагийн ажилтнаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х.С миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дахь заалт, ХААН банкны хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн тус салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер ажилтай Х.С нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагч ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээллийг задруулж, ХААН Банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологи журмын нийтлэг үндэслэл хэсгийн 1.4, хориглох зүйлийг 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.34, 2.3.5, 2.36, 2.37, 2.38, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, 3.2.10 дахь заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-т заасан ноцтой зөрчил гаргасан байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

 

Зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, банкны харилцагч А.А-ын гомдол, Х.Сийн банканд гаргаж өгсөн тайлбар, ХААН банкны дотоод аудитын газрын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 51/07/21 дугаар дүгнэлт, ХААН банкны Ёс зүйн дүрэм, гэрч А.Х, А.А нарын мэдүүлэг зэргээс дүгнэвэл, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан Х.С нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.2.-т “ХААН банкны ажилтны ёс зүйн дүрэмд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан” гэж, ХААН банкны Ёс зүйн дүрмийн 2.1.10, 5.7.1.-т “...харилцагчид хамаарах бүхий л төрлийн мэдээлэл, ... хуульд зааснаас бусад тохиолдолд удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, ...” гэж заасныг тус тус  зөрчиж, харилцагч банканд биечлэн ирээгүй, бусад хэлбэрээр банктай харилцаагүй байхад өөрийн танил, мөрдөн байцаагч ажилтай А.Хын утсаар ярьсан хүсэлтийн дагуу ажлын байрны давуу байдлаа ашиглан харилцагчийн дансыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2 удаа лавлаж, харилцагчийн нэр, дансны болон утасны дугаар зэрэг мэдээллийг бусдад буюу А.Хад задруулж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь бүрэн, хангалттай тогтоогдсон байна.

 

Ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн талаар талууд маргаагүй боловч Х.С нь ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчийн албан шаардлагыг биелүүлж харилцагчийн мэдээллийг мөрдөн байцаагчид өгсөн” гэж тайлбарлаж, гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.-т “Цагдаагийн албан хаагч гэмт хэрэг, зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай хуулиар хориглосноос бусад баримт эд зүйлийг гаргаж өгөхийг шаардаж болно.”, мөн зүйлийн 23.6.-д “Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан нь гомдол гаргагчийн үндэслэлийг дэмжих хуулийн зохицуулалт мөн боловч банкны ажилтны үйл ажиллагааг тухайлан, нарийвчлан зохицуулсан Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.3.-т заасан зохицуулалт нь дээрх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болно.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны ... ажилтанд хориглоно:”, 7.2.3.-т “шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, ... тэдгээрийн удирдлагын хүсэлтийг прокурор зөвшөөрсөн.” гэж заасан бөгөөд үүнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2, ХААН банкны ёс зүйн дүрмийн 2.1.10, 5.7.1, ХААН банкны нууцын журмын 2.2.3, 3.2.2 дахь заалтууд тус тус нийцжээ. Гэтэл ажилтан Х.С нь ажлын байрны онцлогтой нь холбоотой, нарийвчлан зохицуулсан Банкны тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ХААН банкны Ёс зүйн болон Нууцын журмаар тогтоосон хязгаарлалтыг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасныг Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.6.-д зааснаар зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Гомдол гаргагч Х.С-ээс анхан болон давж заалдах шатны шүүхэд “цагдаагийн албан хаагч А.Х нь “Би цагдаагийн мөрдөн байцаагч хүн байна. Манай байгууллагад гомдол ирсэн. Мөрдөн байцаагчаас тавьж буй шаардлагыг та заавал биелүүлэх ёстой.” гэж хэлэхээр нь би түүнийг аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажилладаг гэдгийг мэддэг учраас аргагүй эрхэнд ... /харилцагчийн мэдээллийг/ хэлсэн юм” гэж гаргасан зөрчлийн учир, шалтгааны талаар цагдаагийн албан хаагчийн тулган шаардалтаар мэдээллийг бусдад задруулсан гэсэн агуулгаар тайлбар гаргажээ. Цагдаагийн байгууллагын ажилтны хуульд заасан журмаар бус, хувийн журмаар харилцагчийн нэр, дансны болон утасны дугаарыг утсаар лавласан зүй бус үйлдэлд банкны ажилтан Х.С нь урьдчилан дүгнэлт хийхгүйгээр, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.3, хөдөлмөрийн гэрээ, банкны ёс зүйн дүрэмд тухайлан заасан хязгаарлалтыг зөрчиж харилцагчийн мэдээллийг бусдад задруулсан үйлдлийг уг тайлбарыг үндэслэн үгүйсгэх боломжгүй.  

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр ажилтны ажлаас буруу халагдсан тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Түүний давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Х.С-ийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК