Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00702

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух, утас *****, *****, РД:******Шыбарайгыр овогт Хупырын С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Х банк/захирал Б.Б/-т холбогдох нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Н.А /Улаанбаатар хотоос онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х банкын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/109 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Х банкын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Х.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх Х банкын Дэлүүн сум дахь тооцооны төвийн няраваар 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр томилогдсон юм. Дараа нь тус банкны Баян-Өлгий аймаг дахь Төв тооцооны төвийн харилцааны менежер буюу эдийн засагчаар 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон 2017 оны 9 дүгээр сарын 07-ныг хүртэл ажиллаж байсан юм. Х.С- би тус байгууллагад ажиллаж байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, иргэдэд банкны үйлчилгээг хүртэмжтэй хүргэх үйлсэд хүчин зүтгэж, байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч “Өргөмжлөл” зэрэг шагнал хүртэж байсан. Гэтэл ажил олгогч Х банкын захирал намайг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б\209 дүгээр тушаалаар ажлын хариуцлага алдсан гэж ажлаас сахилгын шийтгэл ногдуулж ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Х.С- би эрхэлсэн ажилдаа ямар нэгэн дутагдал зөрчил гаргаагүй, банкны мөнгийг завшаагүй, хэрэглэгчдэд хохирол учруулаагүй. Намайг ажил олгогч ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлдээ “Орон нутгийн Иргэдийн банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер Х.С- ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийг банканд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээллийг задруулсан үйлдлээр”... гэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр ажлын байранд байхад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч А.Х  нь 99424640 дугаартай утсаар надад залгаж “Би цагдаагийн газрын мөрдөн байцаагч А.Х  гэдэг хүн байна” гэж хэлээд Абайн Аын данс мөн байна уу яаралтай мэдэх шаардлагатай байна гэж хэлсэн. Абайн Аын данс мөн байна уу яаралтай мэдэх шаардлагатай байна гэж хэлсэн. А.Х  нь Цагдаагийн газрын мөрдөн байцаагчаар ажилладаг болохыг би сайн мэддэг байсан ба ажлын шаардлагаар надад яаралтай хандаж байна, чухал асуудал гэж ойлгоод дансны дугаарыг шалгахад явуулсан данс нь А.Аын данс мөн байсан. Би түүнээс дансыг яах гэж байгаа вэ гэж асуухад мөнгө шилжүүлэх гэж байна гэхээр нь хэрэглэгч мөнгийг буруу дансанд явуулахгүй гэж баталгаажуулж асууж байна, нөгөө талаар ажлын шаардлагаар яаралтай асууж байна гэж ойлгож таны хэлж байгаа данс А.Аын данс мөн байна гэж хэлж өгсөн. А.Х  нь надад А.Аын дансны дугаарыг өөрөө хэлж өгсөн болохоор мөн нэрийг нь тодорхой хэлж байсан болохоор уг дугаарыг мөн эсэхийг баталгаажуулж асууж байна гэж ойлгосон. Би түүнээс ямар зорилгоор утасны дугаарыг нь авч байгаа болохыг шаардаж асуугаагүй. Хуулийн ажилтан асууж байгаа болохоор түүнд би А.Аын дугаарыг хэлж өгсөн. Харин бусдын банкан дахь мэдээллийг задруулах, ямар нэгэн хувийн ашиг сонирхол, хэрэгцээ шаардлага надад байгаагүй. Болсон үйл асуудал энэ болно. Гэтэл Х банкны төвөөс ирсэн аудитын хяналт шалгалтынхан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр намайг дуудаж “таны тухай нэг харилцагчаас гомдол ирсэн байна. Энэ ямар учиртай вэ Абайн А гэдэг хүнээс гомдол ирсэн. Та хэрэглэгчийн утасны дугаарыг бусдад задруулсан байна гэсэн. Танд ажлын хариуцлага тооцно гэсэн. Энэ үед би болсон асуудлыг ярьсан. Нэгэнт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан ажлын өдөр Абайн Аын тухай дээрх мэдээллийн талаар яаралтай хэлж өг гэж шаардлага тавьсан тул би түүний шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй байдалтай болсон гэж тайлбарласан юм. Иймд надад ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Ажил олгогч нь ингэхээр асуудлын үнэн мөнийг олохгүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд  Х банкын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б\109 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” бүхэлд нь хүчингүй болгож, Х банкын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Х.С- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие Х банкын Дэлүүн сум дахь тооцооны  төвийн нярваар 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдөр томилогдсон юм. Дараа нь тус банкны Баян-Өлгий аймаг дахь Төв тооцооны төвийн харилцааны менежер буюу эдийн засагчаар 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байсан юм. Х.С- би тус байгууллагад ажилдаа байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, иргэдэд банкны үйлчилгээг чанартай хүргэх үйлсэд хүчин зүтгэж, байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч “өргөмжлөл” хүртэж байсан юм. Гэтэл ажил олгогч намайг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/109 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Х.С- би эрхэлсэн ажилдаа ямар нэгэн дутагдал, зөрчил гаргаагүй. Банкны мөнгийг завшаагүй, хэрэглэгчдэд ноцтой хохирол учруулаагүй юм. Х.С- би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн үед ажлын байранд байхад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахмад А.Х  нь 99424640 гэсэн утсаар надад хандаж “Би цагдаагийн газрын мөрдөн байцаагч А.Х  байна, манайд иргэдээс гомдол ирсэн” гэж хэлээд “Абайн А гэдэг хүний танай банк дахь дансыг өгч байна, энэ данс нь Абайн Аын данс мөн байна уу” гэж асуухад би мөрдөн байцаагч А.Х ад “танд би Аын дансны дугаарыг хэлэх боломжгүй” гэж хэлэхэд тэрээр “Би цагдаагийн мөрдөн байцаагч хүн байна. Манай байгууллагад гомдол ирсэн. Мөрдөн байцаагчаас тавьж буй шаардлагыг та заавал биелүүлэх ёстой” гэж хэлэхээр нь би А.Х  нь тус аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар  ажиллаж байгааг мэддэг учраас аргагүй эрхэнд цагдаагийн эрх бүхий албан тушаалтан шаардлага тавихад Абайн Аын дансны дугаартай А.Абайн дансны дугаар тохирч байна” гэж хэлсэн юм. Хэсэг хугацааны дараа мөрдөн байцаагч А.Х  нь дахин над руу утастаж “Та Аын утасны дугаарыг хэлж өг” гэж хэлсэн юм. Тэгээд би Абайн Аын утасны дугаарыг программаас хараад  мөрдөн байцаагчид хэлж өгсөн юм.  Болсон үйл баримт энэ юм. Гэтэл Х банкны төвөөс ирсэн аудит хяналт шалгалтынхан 2017 оны 09 дүгээр сарын 04-ий өдөр намайг дуудаж “Таны тухай нэг харилцагчаас гомдол ирсэн байна, энэ ямар учиртай юм бэ” гэж хэлэхэд би “энэ асуудлыг мэдэхгүй байна, санахгүй байна” гэж хэлсэн юм. Тэрээр ахлах аудитор “Таны тухай Абайн А гэдэг хүнээс гомдол ирсэн. Та хэрэглэгчийн утасны дугаарыг бусдад задруулсан байна, танд ажлын хариуцлага тооцно” гэж хэлсэн юм. Тэгээд би энэ асуудлыг гэнэт санаж тэр ахлах аудиторт болсон асуудлыг дээрх байдлаар тайлбарласан юм. Иймээс Х.С- надад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий байгууллагын албан тушаалтан ажлын өдөр Абайн Аын мэдээллийн талаар шаардлага тавьсан тул би түүний шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй байдалтай болсон гэж тайлбарласан юм. Иймд Х.С- надад ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Ажил олгогч нь ингэхээр асуудлын үнэн мөнгийг олохгүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х банкын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг тус банкны Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Х банкын захирал Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Х.С-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40.1.4, 131.1.3. Х банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн ажилтан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул нэхэмжлэгч Х.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Нэхэмжлэгч Х.С-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дах заалтад хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийг тусгасан бөгөөд Х.С- нь үүнийг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Х.С- нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргасан. Энэ үйлдэл нь Х банкны ёс зүйн дүрмийн 5.2.1,5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологи журмын нийтлэг үндэслэл хэсгийн 1.4, хориглох зүйлийг 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.34, 2.3.5, 2.36, 2.37, 2.38, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, 3.2.10 дахь заалтуудыг тус тус зөрчиж байгаа бөгөөд Х.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний  5.7.1, 5.7.2, 5.7.3-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Х.С-ийн гаргасан зөрчлийн улмаас харилцагч гомдол ирүүлсэн бөгөөд гомдлын дагуу Аудитын шалгалт хийгдэж зөрчлийг тогтоосон. Х.С- нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд Х банкын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б\109 тоот тушаал хууль тогтоомжийн дагуу гарсан хуульд нийцсэн тул Х.С-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х банкын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Х банкын Төв тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан Х.С-ийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/109 тоот тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцлах шийдвэр гарсан. Сая Х.С- нэхэмжлэлдээ болсон нөхцөл байдлыг тодорхой дурдлаа. Би мөрдөн байцаагч А.Х  гэдэг хүн утсаар ярьсан. Тэгээд би харилцагчийн мэдээллийн өгсөн гэдгийг дурдлаа. Тэгэхээр ийм үйл баримт болсон гэдэг дээр маргаагүй байна гэсэн үг. Энэ мэдээллийг өгөхөөс өмнө энэ мэдээллийг өгөх боломжгүй гэж хэлсэн гэлээ. Энэ нь өгч болохгүй гэдэг хориглосон зүйл заалт байдаг гэдгийг Х.С- өөрөө мэдэж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт олон жил ажилласан Х банкны ажилтны хувьд харилцагчийн нууц мэдээлэл гэж юу байдаг уу, харилцагчийн нууц мэдээллийг ямар тохиолдолд задруулж болох уу, ямар тохиолдолд хориглодог юм бэ, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэдэгт ямар байдлаар заасан бэ гэдгийг мэдсээр байж зөрчил гаргасан. Мөн утасны цаанаас мөрдөн байцаагч А.Х  байна гэхэд итгээд харилцагчийн бүх мэдээллийг өгч байгаа нь хариуцлагагүй хандаж байгаа байдал нь харагдаж байна. Жишээ нь, би ерөнхийлөгч байна гэнгүүт ерөнхийлөгч над руу ярьж байгаа юм чинь гээд бүх мэдээллийг өгөх юм уу. Энэ мэтээр тайлбарлаж байгаа нь өөрөө хариуцлагагүй байгаагаа харуулж байгаа юм. Хоёрдугаарт журам зөрчигдөөд байгаа нь харагдаж байгаа юм. Гуравдугаарт цаашид банканд тэнцэх эсэх нь эргэлзээтэй харагдаж байгаа юм. Тэгэхээр утасны цаанаас хэн нэгний нэрийг барьж ярихад мэдээлэл өгөх ёстой юм уу. Утасны цаанаас би мөрдөн байцаагч байна гээд ярингуут мөрдөн байцаагч хүн хэний ч мэдээллийг авах эрхтэй гээд шууд өгч байгаа нь дүрэм журмаа мэдэхгүй байна, зөрчиж байна гэдгийг харуулж байна. Болсон үйл явдал бол утсаар ярьсан байна, харилцагчийн нууц мэдээллийг өгсөн байна. Харилцагч нууц мэдээллээ задруулсантай холбоотой гомдол гаргасан байна. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө би гомдол гаргасан, ажлын цаг дуусаж байсан тул маргааш нь гомдол гаргасан гэсэн. Тэр хүн яагаад гомдол гаргасан юм бэ?. Банканд харилцагч болж ирсний хувьд өөрийнхөө мэдээллийг хэн нэгэн этгээд өөр ашиг сонирхлын үүднээс задруулаад байвал таатай байх уу. Тийм учраас гомдол гаргасан. Гомдлын үндсэн дээр шалгаж үзэхэд Х.С-ийн үйлдэл тогтоогдсон. Үүнийг Х.С- өөрөө хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн шүүх хуралдаан тайлбар дээр ч тодорхой хэллээ. Гэрчийн мэдүүлгүүд дээр тодорхой байгаа. Процесс бол тодорхой байгаа. Энэ процесс нь банканд дотоодод мөрдөгдөж байгаа эрх зүйн баримтад яаж тусгагдсан бэ гэдэг нь гол асуудал юм. Х банкны нууцын журмыг зөрчсөн. Х банкны ажилтны ёс зүйн дүрэмд заасан хориглосон зүйл заалтуудыг зөрчсөн. Ажлын байрны тодорхойлолтод заасан болон хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил буюу 5.7-ийн 1,2,3 дахь хэсгүүдэд заасан нууц задруулсан үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарч байгаа. Үүнийг ойлгохгүйгээр үйлдлээ буруу зүйл хийгээгүй мэтээр яриад байгаа нь харамсалтай байна. Олон жил ажиллаж байсан ажилтны хувьд чадваргүй байна гэдгийг харуулж байна гэдгийг хэлмээр байна. Х банкны ёс зүйн дүрэм дээр харилцагчийн нууц мэдээллийг задруулах юм бол ноцтой зөрчилд хамаарна шүү гээд уг дүрмийн 2.1.10-т тодорхой заасан байгаа. Х банкны ёс зүйн дүрмийн 2.1.10-т “5.7.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцно” гээд тусгасан байна. Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-т “Х банкны нууцыг чандлан баримталж журамд заасан харилцагчийн мэдээлэл бүх нууцад хамааралтай мэдээллийг задруулахыг хориглоно” гэж заасан. Энэ бол өөрөө ноцтой зөрчил хамаарч байгаа учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан.  Х банкны нууцын журмын 2.2.3-т “банк нь хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээллийг банкны тухай хуулийн 7.2-т зааснаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задлах, ашиглахыг банкны бүх түвшний ажилтанд хориглоно” гэж заасан. Уг журмын 3.2.2-т “Ажилтан ажил үүргийн дагуу банкны болон хувь хүний нууцтай танилцсан бол хууль журмын дагуу цаашид гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй ажиллана” гэж заасан. Энэ хоёр заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, 3.2.10-т заасныг зөрчөөд 5.7-ийн 1,2,3 дахь хэсэгт заасан эдгээр зөрчлүүдийг гаргасан. Харилцагч гэдэг хүн банканд итгэхгүй байна. Харилцагчийн дансны мэдээлэл гэдэг бол харилцагчийн түрүүвч юм. Түрүүвч бол хувь хүний нууцад шууд хамаарч байгаа мэдээлэл юм. Үүнийг хэн нэгэн этгээд мэдээд байвал хэнд таатай байх юм бэ. Хэн банканд итгэж мөнгө хадгалуулах юм бэ. Хэн итгэж банкны харилцагч байх юм бэ. Харилцагч байхгүй бол банк тогтохгүй. Харилцагч бол манайд нууцаа хангалттай хадгалж чадахгүй байна гэвэл харилцагч биш болно. Энэ бол сөргөөр нөлөөлөх үйлдэлд шууд хамаарч байгаа. Х банкны ёс зүйн дүрмийн 2.1.10-т “5.7.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцно” гэж заасан. Тэр дотроо нууц задруулах тухай заалт хамаарч байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлыг давуу талаа бусдад ашиглуулсан байна. Х банкны харилцааны менежерээр Х.С- гэдэг хүн ажиллаагүй бол А.Аын мэдээллийг мөрдөн байцаагчид гаргаж өгөх эрх мэдэл байх юм уу, боломж байх юм уу, байхгүй шүү дээ. Харилцааны менежер гэдэг бол харилцагчийн бүх мэдээллийг харах эрхтэй байдаг. Энэ бол ажлын байран дээр олгосон давуу тал. Х банкны гадна ажиллаж байгаа хэн нэгэн иргэн үүнийг харах боломжгүй. Тэгэхээр энэ албан тушаалын эрх мэдлээ бусдад ашиглуулсан. Энэ бол Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т шууд хамаарч байгаа. Тэгэхээр Х.С-ийн гаргасан үйлдэл нь тогтоогдсон. Энэ нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Үүнд өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээр А.Х  гэдэг хүнд А.Аын мэдээллийг би утсаар өгсөн гэдэг үйлдэл нь тогтоогдож байгаа. Мөн аудитын шалгалтын үеэр харилцагчийн ирүүлсэн гомдлыг шалгаж үзсэн аудитын тайлан байна. Мөн Х.С-ийн тухайн үед гаргаж өгсөн тайлбар зэргээр хангалттай нотлогдож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын ногдуулсан.  Энэ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хугацааны шаардлагыг хангаж байгаа. Х.С- нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зөрчил гаргасан. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр А.Ааас ирүүлсэн гомдлыг дагуу аудит шалгаад зөрчил тогтоогдсоноор 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тушаал гарсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан шаардлагыг хангаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Энэхүү шаардлагыг гэрээнд заасан байгаа гэдгийг түрүүн тайлбарласан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.С-ийг Х банкын захирлын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар Х банкын Дэлүүн сум дахь тооцооны төвийн няраваар 6 сарын туршилтын хугацаагаар томилон, улмаар  Х банкын захирлын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар “Ажилтанг жинхлэх тухай” тушаалаар Х банкын эдийн засагчаар жинхлэн ажиллуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр үйлийн 24.1-д заасны дагуу хариуцагч (ажил олгогч) Х банкын захирал Б.Б нь нэхэмжлэгч (ажилтан) Х.С-тэй 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан байна.

Хариуцагч Х банкын захирал Б.Б 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/109 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Х банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.2 дахь заалт болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний талуудын ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой.

Х банкын захирал Б.Б,   нэхэмжлэгч Х.С-тэй 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7-д “ажилтан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заалтын дагуу Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан ба нэхэмжлэгч Т.С- зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэдэгт зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д “Х банкны эрх ашиг, сонирхолд харш сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банканд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх  үйлдэл, үйлдэхүй гаргасан”, мөн 5.7.2-д “Х банкны ажилтны ёс зүйн дүрэм”-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчил гаргасан, мөн 5.7.3-д ”ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдол”-д гэж тус тус нэрлэн заасан байна.

Иймд нэхэмжлэгч Х.С- ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийг банканд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн хувийн мэдээлэл буюу дансны дугаар, утасны дугаарыг тус тус гуравдагч этгээдэд задруулсан үйлдэл нь тус банкны харилцагч А.Аын тус банкны захиргаанд гаргасан гомдол, А.Аын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, Х банкны дотоод аудитад Х.С-ийн хүлээн мэдүүлсэн тайлбар, Х банкны дотоод аудитын газрын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №51/07/21 “Аудитын дүгнэлт”-ээр тус тус нотлогдож байна.

2.Мөн Х банкны ёс зүйн дүрмийн 5.4.4-д “Харилцагч, үйлчлүүлэгч, хамтран ажилладаг хүмүүстэйгээ харьцан ажиллахдаа ажилтан нь аливаа хэлбэрээр ашиг, сонирхлын зөрчил гаргахгүй байж банкны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах үүрэгтэй” гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч Х.С- анх Х банкт гаргасан тайлбарт “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний Х  гэсэн найз маань 05 цагийн үед залгаж ... тоот дансны дугаарыг өөрөө хэлж дансанд мөнгө хийх гэсэн данс зөв байна уу гэж асуухад, тэр хүний данс мөн байна гэж хэлсэн, дараа нь утасны дугаарыг асуухад хэлээд өгсөн гэсэн” бол, дараа нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт А.Х  нь манай банкны харилцагч бөгөөд мөрдөн байцаагч гэдгийг мэддэг байсны хувьд А.Х  албаны ажлын шаардлагаар асуусан гэж бодоод гуравдагч этгээдийн данс, утасны дугаарыг хэлсэн” гэж янз бүрээр мэдүүлж байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлын зөрчилтэй, үүрэгт ажлаа зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй болохыг нотолж байна.

3.Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад А.Х  албаны ажлын хүрээнд иргэдээс ирсэн гомдлын дагуу шуурхай арга хэмжээ авах зорилгоор нэхэмжлэгч Б.С-ээс А.Аын данс, утасны дугаарыг асууж авсан гэх боловч тухайн үед Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт хэнээс, хэзээ ямар гомдол, мэдээлэл ирсэн эсэхийг бүртгэлд аваагүй, мөрдөн байцаагчийн зүгээс ямар байцаан шийтгэх ажиллагаа явуулсныг бэхжүүлэн авсан бичгийн баримтгүй байна.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно:  ... 7.2.3-д” шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар,... тэдгээрийн удирдлагын хүсэлтийг прокурор зөвшөөрснөөр тухай гуравдагч этгээдэд холбогдолтой мэдээллийн бусад өгнө гэсэн хуулийн заалтыг нэхэмжлэгч Х.С- мөн зөрчсөн байна.  

Иймд нэхэмжлэгч Х.С- нь дээрх Хөдөлмөрийн гэрээ болон Х банкны ёс зүйн дүрэмд заасан ажилтанд хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан нэхэмжлэгч Х.С-ийн Х банкын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/109 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Х банкны Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.МАНГИЛИК