Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01072

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2018/00128 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “К” ХХК-д холбогдох,

Батлан даалтын болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймаг дахь Кны салбар нь намайг байхгүйгээр миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан батлан даалтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус гэрээнд гарын үсэг зураагүй. 

Банкнаас зээл авсан Ч.Эрдэнэбаатар, С.Энхзаяа нар нь манайх 60 000 000 төгрөгний машин, пургон, хашаа байшин бүх зүйлээ барьцаанд тавьсан одоо 400 000 төгрөгийн барьцаа л хэрэгтэй гэж хэлсэн. Би 400 000 төгрөгийн батлан даагч болж байгаа гэж ойлгоод С.Энхзаяа, Ч.Эрдэнэбаатар нарт бүх бичиг баримтаа өгч явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа уулзахад зээлээ авсан чамд явдал удахгүй машин зарсан хүний эхнэрээр гарын үсэг зуруулсан банк чамтай уулзах шаардлагагүй гэсэн.

Иймд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлттэй байна.

Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие нь тус шүүхэд хандан миний зөвшөөрөлгүй байгуулсан батлан даалтын гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлтэй уялдуулан миний хөрөнгийг барьцаалсан К, С.Энхзаяа, Ч.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 921 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагатай байна. Уг барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсанаар миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа юм.

Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж, К, С.Энхзаяа, Ч.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 971 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Баянхонгор аймагт байршилтай 77 мкв нэг давхар байр, Г-0320001080 дугаартай 347 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан нь хүчин төгөлдөр гэж үзэж байгаа болно. “К” ХХК-ийн зээлдэгч Ч.Энхбаатар нь зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй учраас Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 тоот захирамжийн дагуу 16 220 463 төгрөгийг банкинд олгох, сайн дураар биелүүлээгүй бол барьцаалуулсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн 2016 онд Б.Д- нь тус асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүгч хянаж үзээд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШЗ2016/01897 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан үйл баримтууд тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу энэ хэрэг маргаантай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж гарсан байх тул тус нэхэмжлэлийг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2018/00128 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасныг баримтлан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн К, Б.Д- нарын хооронд хийгдсэн №2051000071 дугаар батлан даалтын гэрээ, К, зээлдэгч Ч.Эрдэнэбаатар, С.Энхзаяа нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн №2051000071 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч К ХХК-ийн Баянхонгор салбараас зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Ү-0320001232 дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай, хувийн сууц, Г-0320001080 дугаартай 347 м2 газар, Ү-0320003041 дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг зээлийн барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулж нэхэмжлэгч Б.Д-т олгохыг хариуцагч К ХХК-д даалгаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д зааснаар Б.Д-ийн өмчлөлийн Баянхонгор сумын 5-8-1б тоотод байрших, улсын бүртгэлийн Ү-0320003041 дугаартай, 77 мкв талбай бүхий 3 өрөө 1 давхар орон сууцны 2014 оны 11 сарын 21-ний өдрийн барьцаалбарыг дуусгавар болгож бүртгэлд өөрчлөлт оруулахыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Кны Баянхонгор салбараас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-т олгуулж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 131/ШШ2018/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранбаатарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

...Хавтаст  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б.Д- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавиулахаар итгэмжлэл олгосон байдаг. Түүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмнөөс гарын үсэг зурсан. Иймээс тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчиж байгуулсан буюу барьцааны гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй байхад барьцаалсан байх тул барьцааны гэрээг дээрх хуулийн дагуу хүчин төгөлдөр бус гэж хэргийн үйл баримтын талаар хууль буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэх хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үйл баримттай мөн адил Батлан даалтын гэрээнд мөн нэхэмжлэгч Б.Д- нь гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр дахин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчиж байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Хариуцагч “К” ХХК нь Иргэний хуулийн 64 дэх зүйлд заасны дагуу Б.Д-ээс олгосон итгэмжлэлээр барьцаалах эрх бүхий этгээд болох Ч.Эрдэнэбаатартай Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэж байгаа хууль тогтоомжийн дагуу барьцааны болон зээлийн гэрээг байгуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Д- хариуцагч “К” ХХК-д холбогдуулан зээлийн батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн барьцааны гэрээг мөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжилжээ.

Хариуцагч “К” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүйгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, тухайн эрх зүйн маргааны оролцогч талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцуулах арга хэмжээ аваагүй байна.

Нэхэмжлэгч зээлийн батлан даалтын болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлд эдгээр гэрээг зөвшөөрөөгүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ч.Эрдэнэбаатар, “К” ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байна. Мөн өдөр Б.Д-, “К” ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээ байгуулагджээ.

Зээлийн гэрээнд зээлдэгчээр оролцсон Ч.Эрдэнэбаатар, түүний эхнэр, хамтран зээлдэгч С.Энхзаяа хоёр гарын үсэг зурсан байна.

Барьцааны гэрээнд Ч.Эрдэнэбаатар барьцаалуулагчаар оролцож, хамтран зээлдэгч С.Энхзаяагийн хамт гэрээнд гарын үсэг зуржээ.

Батлан даалтын гэрээнд батлан даагчаар Б.Д-ийн нэр заагдсан ба түүний нэр дээр гарын үсэг зурагджээ.

Дээрхээс гадна барьцааны гэрээг үндэслэн барьцаалбар гэх хоёр баримт үйлдэгдсэн ба эдгээрт Б.Д-, Ч.Эрдэнэбаатар, С.Энхзаяа нарын нэр тусгагдаж, гарын үсэг зурагдсан байна.

Нэхэмжлэгч Б.Д- нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Эрдэнэбаатарт итгэмжлэл өгч, “Кны зээлд барьцаалах үүргийн гүйцэтгэлийг хангах, нотариат, ҮХЭХБ-д төлөөлөх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах” бүрэн эрхийг олгосон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон шинжээч батлан даалтын гэрээ болон барьцаалбарын баримтад Б.Д-ийн нэр дээр зурагдсан гарын үсэг түүний гарын үсгийн загвартай тохирохгүй болохыг тогтоожээ.

Батлан даалтын гэрээнд батлан даагчаар тусгагдсан Б.Д- гарын үсэг зураагүй, өөрийгөө төлөөлж, ийм гэрээ байгуулах эрхийг хэн нэгэнд олгоогүй тохиолдолд “К” ХХК-тай байгуулагдсан батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй юм.

Харин барьцааны гэрээнд барьцаалуулагчаар Ч.Эрдэнэбаатар оролцож, түүнд  өөрийгөө төлөөлж барьцааны гэрээ байгуулах бүрэн эрхийг Б.Д- олгосон байх ба тухайн гэрээнд Б.Д-ийн нэр заагдаагүй, түүний өмнөөс гарын үсгийг нь хэн нэгэн дуурайлгаж зураагүй тохиолдолд шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Барьцаалбар гэх хоёр баримтад Б.Д-ийн өмнөөс гарын үсэг зурсан байдал тогтоогдсоноор барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэлийг шүүх  тодорхойлоогүй байна.

Анхан шатны шүүх барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний үнэ тусгагдаагүй гэж, улсын бүртгэлийн тэмдэглэгээ зөвхөн барьцаалбарын баримтад байгаа мэтээр шийдвэрт заасан нь ойлгомжгүй болжээ. “К” ХХК болон Ч.Эрдэнэбаатар нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээнд ямар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ямар эд хөрөнгийг барьцаалж байгаа талаар тодорхой заасан байгаагаас гадна барьцаа хөрөнгийн мэдээлэл тусгагдсан, улсын бүртгэлийн тэмдэг дарагдсан байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээ “К” ХХК болон Ч.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулагдсан байхад уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох Б.Д-ийн нэхэмжлэлийг шүүх зөвхөн нэг оролцогчид холбогдуулан хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулах эрхтэй. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчид хамтран хариуцагч татан оролцуулах эрхийг танилцуулж, хүсэлт гаргах боломжоор хангах үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухай маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3.-т заасныг зөрчжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2018/00128 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.      

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН