Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00965

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00210 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 673 дугаар магадлалтай, 

            “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Т” ХК-д холбогдох

             6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

             Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.   

     Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Б" ХХК нь 2009 оноос хойш "Т" ХК-ийн 540 м.кв талбайтай ажлын байрыг түрээслэсэн бөгөөд "Ажлын байрны түрээсийн гэрээ"-г жил бүр сунган ажиллаж байсан. 2013 оны 09 сарын 20-ны өдөр "Ажлын байрны түрээсийн гэрээ" байгуулсан. Нэхэмжлэгч "Б" ХХК нь түрээсийн гэрээний дагуу улирал бүр түрээсийн төлбөрийг төлж барагдуулж байсан бөгөөд 2014 оны 03 сарын 24-ний өдрөөс 2014 оны 06 сарын 24-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг 2014 оны 02 сарын 24-ний өдөр хариуцагч "Т" ХК-ийн санхүүд бэлнээр тушаасан. Гэтэл хариуцагч "Т" ХК нь 2014 оны 03 сарын 18-ны өдөр гэнэт урьдчилан мэдэгдэлгүйгээр түрээсийн гэрээгээ зөрчин ажлын байрыг чөлөөлж өгөхийг шаардсан. Нэхэмжлэгч "Б" ХХК нь түрээсийн ажлын байрыг засан сайжруулахад 30 орчим сая төгрөг зарцуулсан. Түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж түрээсэлж байсан ажлын байрыг 2014 оны 04 сарын 01-ний өдөр чөлөөлсөнтэй холбоотойгоор манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж их хэмжээний алдагдалд орсон. Энэ талаар хариуцагч "Т" ХК-д удаа дараа хэлж гэрээг цуцалсантай холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч хариуцагчийн зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2013 оны 02 сарын 08-ны өдрийн 23 тоот тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын захирагчийн албанаас шаардсан үүргийг биелүүлсний дараа түрээсийн гэрээг үргэлжлүүлнэ. Боломжгүй бол түрээсийн төлбөрийг чинь буцааж олгоно гэж байсан боловч өгөөгүй. Иймд 2013 оны 09 сарын 20-ны өдөр "Ажлын байрны түрээсийн гэрээ"-ний дагуу 2014 оны 02 сарын 24-ний өдөр хариуцагч "Т" ХК-д урьдчилан төлсөн 6,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

         Хариуцагч “Т” ХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч "Б" ХХК нь түрээсийн төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

            Хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лувсандорж, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч “Б” ХХК нь манай компанийн 540 м.кв талбайг түрээсэлж байсан бөгөөд энэ талбайн хэсэг дээр 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар, үйлчилгээ хийсэн асуудал байхгүй. “Т” ХК-ийн барилгын энэ хэсэгт түрээсийн төлбөргүйгээр хаягдал хуванцар цуглуулаад овоолж хогийн цэг болгосон. Хотын захирагчийн албанаас 2006 онд хотын Засаг даргын захирамжаар хотын төвд хаягдал хогийн цэг байлгахыг хориглосон гэх албан шаардлага ирүүлсэн. Учир нь Засаг даргын 2006 оны захирамжийн дагуу шалгалт ирэхэд хогийн цэг шиг болгосон байсан. Бид энэ хэсгийн түрээсийн төлбөрийг авч байсан боловч хог бий болгосон хэсгийн түрээсийн төлбөрийг авч байгаагүй. 2014 оны 03 сарын 18-ны өдөр мэдэгдэл өгөхөд “Б” ХХК нь 2014 оны 04 сарын 01-ний өдрөө нүүж гарсан. Их хэмжээний хогийг нэхэмжлэгч тал өөрсдөө зөөж цэвэрлэсэн. 2014 оны 6 сар гартал их хэмжээний хог манай үйлдвэрийн байранд байж байсан. Нэхэмжлэгч талын түрээсэлж байсан хэсэгт ороод үзэхэд цементэн шалтай байсныг эвдээд хуванцар дүүргэж орхисон байсан. Энэ хар шаарны үлдэгдэл орхисон хогийг ачуулахад 30 машин хог болсон. Бидний ашиглаж байсан ачдаг, буулгадаг хогийн машины нэг машин хог 100,000 төгрөгийн үнэтэй байсан. Бид тусдаа хүмүүстэй гэрээ хийж түрээсэлж байсан хэсгийн доод талын хогийг цэвэрлэсэн. Өмнө нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан бөгөөд бид дүүргийн хороо хариуцсан цагдаагийн ажилтан газар дээр нь байгаа байдлыг харуулсан. Гэтэл тус цагдаа “Б” ХХК-ийн хүмүүст өөрсдөд нь хэлж байсан. Тухайн хуванцарын хар шаар байгаль орчинд шингэж алга болдоггүй. Манайхан дүүргийн байгаль орчны мэргэжлийн хяналтыг дуудаж газар дээр нь хүртэл үзүүлсэн. Тэгээд бид нэгэнт түрээсийн гэрээ цуцлагдсан, байрнаас гараад явсан учраас өөрийн хүч хөдөлмөрөөр 6,975,000 төгрөг зарцуулан цэвэрлэсэн. Энэ хогийн цэг болгосон хэсэг дээр 2 жил дараалан цэвэрлэгээний ажил хийж байна. 2015 онд гэхэд 63.5 сая төгрөг зарцуулсан. Нэгэнт хаяад явсан хүмүүсийг хөөцөлдөөд байх аргагүй байдалд байна. Иймд 6,975,000 төгрөгийн цэвэрлэгээний зардал гарсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлд “Гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа эрх зөрчигдсөн өдрөөс хойш 3 жил байна” гэж заасан. 2014 оны 04 сарын 01-ний өдөр эрх зөрчигдсөн өдөр бөгөөд 2017 оны 11 сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь энэ хуулийн заалтад нийцэхгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэл байна. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00210 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Т” ХК-иас 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 673 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.            

          Хариуцагч байгууллагын төлөөлөгч /захирал/ Т.Чинзоригийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/00210 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, ийнхүү харилцааг буруу тодорхойлсны улмаас Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дор дурдсан үндэслэлээр гомдолтой байна. Зохигчдын хооронд 2013 оны 09 сарын 20-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдснаар түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн ба талууд түрээсийн төлбөрийн үүрэгтэй холбоотой асуудлаар маргасан. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн харилцааг “үндэслэлгүй хөрөнгөжих” хэмээн тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх байдлаар зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсноос улбаалан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглэвэл зохих тус хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэсэн нь илтэд үндэслэлгүй болсон. Шүүх нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн хэмээн тайлбарлаж буй хугацаанаас хойш шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байдлыг үл харгалзан үндэслэлгүй шийдвэр гаргасанд, Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тодорхойлохдоо нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хуурамч нотлох баримтыг үнэлэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн “...өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх тухай” заалтыг хэрэглэхдээ хариуцагчийн “... түрээсийн зүйлийг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүйтэй холбоотой сөрөг шаардлага гаргах боломж олгохыг хүссэн хүсэлтийг хүлээж аваагүйн улмаас хуулийн тус заалтыг талуудын эрхийг тэгш хангасан байдлаар хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Хоёр. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Бид анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах, мөн сөрөг нэхэмжлэл гаргах боломж олгох хусэлтийг гаргасан боловч хүсэлтийг маань үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэртээ "... шүүхэд шаардлага гаргаагүй ...” гэх дүгнэлтийг хийсэн. Харин шүүх бидний “хуурамч, байгаагүй баримт” хэмээн маргаж, нэхэмжлэгч талаас "үгүйсгэн маргаагүй” нэхэмжлэгчийн 2015 оны 11 сарын 20-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн гэх баримтыг "Т” хүлээн авсан мэтээр хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн, ийнхүү дүгнэлт хийхдээ "...албан бичгийг хариуцагч үгүйсгэсэн тайлбарыг гаргаагүй...” хэмээн илтэд нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шүүх хэргийн бодит байдлыг зөв үнэлээгүй буюу нэхэмжлэгч гэрээг цуцалснаас хойш түрээсийн байрыг буцаан хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэлгүй 2014 оны 6 сард түрээсийн байрыг буцаан өгсөн байдлыг бодитой үнэлэлгүй шийдвэр гаргасан нь мөн хэт нэг талыг барьсан, нэг талд давуу байдал олгосон, баримтад үндэслээгүй шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй байдлыг ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийн заалтыг үндэслэн зөвтгөсөн байх боловч бид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан 2018 оны 01 сарын 09-ний өдөр өмгөөлөгч шүүх хуралдаанд анх ирсэн ба үүнээс 71 хоногийн дараа буюу 2018 оны 01 сарын 16-ны өдөр товлогдсон хуралдаанд хүсэлт гаргасны үндсэн дээр хүсэлтээ гаргасан, энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарласан байтал ийнхүү дүгнэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

      Нэхэмжлэгч ”Б” ХХК нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу төлсөн 6,000,000.00 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээслэгчийн үлдээсэн хогийг   6,975,000.00 төгрөгийн зардал гарган цэвэрлүүлсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж маргажээ.

          2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Т” ХК-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн байрны 540 м.кв талбайг үйлдвэрийн зориулалтаар 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, сарын 1,000,000.00 төгрөгөөр, 2014 оны 01 дүгээр сараас түрээсийн төлбөрийг 2,000,000.00 төгрөгөөр тооцохоор тохиролцсон, гэрээний зүйлийг түрээслэгчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцсэн байна.

           2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн гэрээний дагуу 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын төлбөрт 6,000,000 төгрөгийг урьдчилж төлсөн,  2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийн дагуу түрээслэгч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн байрнаас гарсан нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

         Нэхэмжлэгч “Б” ХХК нь урьдчилж төлсөн төлбөр 6,000,000.00 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

         Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-д нийцжээ.

         Хариуцагч “...түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг буцаан шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн” гэж тайлбарласныг нэхэмжлэгч “...түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг буцаан өгөхийг байнга шаардаж байсан,  бичгээр  шаардлага  хүргүүлсэн  гэж  “хүлээн авав” гэсэн гарын үсэг бүхий 2015 оны 11 сарын 20-ны өдрийн бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн, хариуцагч үүнийг баримтаар няцаасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

         Түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй гэх тайлбар гаргасан боловч зардлаа баримтаар нотлоогүй тул 6,975,000 төгрөгийн хохирлыг харилцан тооцох боломжгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна. Учир нь 2018 оны 01 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч хог хаягдын баримтуудыг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан, гэвч талууд энэ баримтын талаар мэтгэлцээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна. /хх-77-63/

        “Түрээсийн талбайд их хэмжээний хог хаягдал үлдээснийг цэвэрлэхэд зардал гарсан, сөрөг нэхэмжлэл гаргана” гэж хариуцагч 2017 оны 12 сарын 12-ны өдөр гаргасан хариу тайлбарт дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээ гаргаагүй, энэ тухай хүсэлтийг 2018 оны 01 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасныг шүүх хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй.  

          Хэргийн баримтаас үзэхэд анхан шатны шүүх хариуцагч талд нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарласан, хариуцагч нь шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тайлбар ирүүлсэн, шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаснаас үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

             Түүнчлэн хариуцагч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 19 хоногийн хугацаагаар хойшлуулжээ. Энэ хугацаанд хариуцагч тал шүүх хуралдаанд бэлтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч хэргийн материал танилцах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр явуулахаар товлож, хурлыг хийжээ. Иймээс нэхэмжлэл гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хариуцагч тал нотлох баримт болон сөрөг нэхэмжлэл гаргах хангалттай хугацаа байсан, тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлоогүй тул хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.  

           “Т” ХК-аас түрээсийн зүйлийг ашиглаагүй хугацаанд төлөгдсөн  6,000,000.00  төгрөгийн төлбөрийг гаргуулан “Б” ХХК-д буцаан  олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

          Хариуцагч нь нэхэмжлэгчийн түрээсийн зүйлд үлдээсэн хог, хаягдлыг цэвэрлэхтэй холбоотой гаргасан зардлаа нэхэмжлэгчээс шаардахад шүүхийн энэ шийдвэр, магадлал, тогтоол саад болохгүй, хариуцагчид учирсан хохирлын маргааныг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

           Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00210 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 673 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.    

         2. Хариуцагч “Т” ХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН