Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00210

 

 

 

 

 

 

 

 

 

  2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/00210

           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: 00000000000000 тоотод байрлах, “Б.К” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: 000000000000000 өөрийн байр, “Т.З” ХК -д холбогдох, 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагч Т.З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лувсандорж, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.К ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баялаг коллект" ХХК нь 2009 оноос хойш "Төмрийн Завод" ХК-ийн 540 м.кв талбайтай ажлын байрыг түрээсэлсэн бөгөөд "Ажлын байрны түрээсийн гэрээ"-г жил бүр сунган ажиллаж байсан. 2013 оны 09 сарын 20-ны өдөр "Ажлын байрны түрээсийн гэрээ" байгуулсан. Нэхэмжлэгч "Баялаг коллект" ХХК нь түрээсийн гэрээний дагуу улирал бүр түрээсийн төлбөрийг төлж барагдуулж байсан бөгөөд 2014 оны 03 сарын 24-ний өдрөөс 2014 оны 06 сарын 24-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг 2014 оны 02 сарын 24-ний өдөр хариуцагч "Төмрийн Завод" ХК-ний санхүүд бэлнээр тушаасан. Гэтэл хариуцагч "Төмрийн Завод" ХК нь 2014 оны 03 сарын 18-ны өдөр гэнэт  урьдчилан мэдэгдэлгүйгээр түрээсийн гэрээгээ зөрчин ажлын байрыг чөлөөлж өгөхийг шаардсан. Нэхэмжлэгч "Баялаг коллект" ХХК нь түрээсийн ажлын байрыг засан сайжруулахад 30 орчим сая төгрөг зарцуулсан. Түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж түрээсэлж байсан ажлын байрыг 2014 оны 04 сарын 01-ний өдөр чөлөөлсөнтэй холбоотойгоор манай компаний хэвийн үйл ажиллагаа алдагдаж их хэмжээний алдагдалд орсон. Энэ талаар хариуцагч "Төмрийн Завод" ХК-д удаа дараа хэлж гэрээг цуцалсантай холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч хариуцагчийн зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2013 оны 02 сарын 08-ны өдрийн 23 тоот тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын захирагчийн албанаас шаардсан үүргийг биелүүлсний дараа түрээсийн гэрээг үргэлжлүүлнэ. Боломжгүй бол түрээсийн төлбөрийг чинь буцааж олгоно гэж байсан боловч өгөөгүй. Иймд 2013 оны 09 сарын 20-ны өдөр "Ажлын байрны түрээсийн гэрээ"-ний дагуу 2014 оны 02 сарын 24-ний өдөр хариуцагч "Төмрийн Завод" ХК-д урьдчилан төлсөн 6,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Т.З ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.К ХХК-ийн тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч "Баялаг коллект" ХХК нь түрээсийн төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Т.З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лувсандорж, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.К ХХК нь манай компанийн 540 м.кв талбайг түрээсэлж байсан бөгөөд энэ талбайн хэсэг дээр 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар, үйлчилгээ хийсэн асуудал байхгүй. Т.З ХХК-ийн барилгын энэ хэсэгт түрээсийн төлбөргүйгээр хаягдал хуванцар цуглуулаад овоолж хогийн цэг болгосон. Хотын захирагчийн албанаас 2006 онд хотын Засаг даргын захирамжаар хотын төвд хаягдал хогийн цэг байлгахыг хориглосон гэх албан шаардлага ирүүлсэн. Учир нь Засаг даргын 2006 оны захирамжийн дагуу шалгалт ирэхэд хогийн цэг шиг болгосон байсан. Бид энэ хэсгийг түрээсийн төлбөрийг авч байсан боловч хог бий болгосон хэсгийн түрээсийн төлбөрийг авч байгаагүй. 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэл өгөхөд Б.К ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөө нүүж гарсан. Их хэмжээний хогийг нэхэмжлэгч тал өөрсдөө зөөж цэвэрлэсэн. 2014 оны 06 дугаар сар гартал их хэмжээний хог манай үйлдвэрийн байранд байж байсан. Нэхэмжлэгч талын түрээсэлж байсан хэсэгт ороод үзэхэд цементэн шалтай байсны эвдээд хуванцар дүүргэж оргисон байсан. Энэ хар шаарны үлдэгдэл орхисон хогийг ачуулахад 30 машин хог болсон. Бидний ашиглаж байсан ачдаг, буулгадаг хогийн машины нэг машин хог 100,000 төгрөгийн үнэтэй байсан. Бид тусдаа хүмүүстэй гэрээ хийж түрээсэлж байсан хэсгийн доод талын хогийг цэвэрлэсэн. Өмнө нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан бөгөөд бид дүүргийн хороо хариуцсан цагдаагийн ажилтан газар дээр нь байгаа байдлыг харуулсан. Гэтэл тус цагдаа Б.К ХХК-ийн хүмүүст өөрсдөд нь хэлж байсан. Тухайн хуванцрын хар шаар байгаль орчинд шингэж алга болдоггүй. Манайхан дүүргийн байгаль орчны мэргэжлийн хяналтыг дуудаж газар дээр нь хүртэл үзүүлсэн. Тэгээд бид нэгэнт түрээсийн гэрээ цуцлагдсан, байрнаас гараад явсан учраас өөрийн хүч хөдөлмөрөөр 6,975,000 төгрөг зарцуулан цэвэрлэсэн. Энэ хогийн цэг болгосон хэсэг дээр 2 жил дараалан цэвэрлэгээний ажил хийж байна. 2015 онд гэхэд 63.5 сая төгрөг зарцуулсан. Нэгэнт хаяад явсан хүмүүсийг хөөцөлдөөд байх араггүй байдалд байна. Иймд 6,975,000 төгрөгийн цэвэрлэгээний зардал гарсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлд “Гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа эрх зөрчигдсөн өдрөөс хойш 3 жил байна” гэж заасан. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эрх зөрчигдсөн өдөр бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь энэ хуулийн заалтад нийцэхгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэл байна. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.К ХХК нь хариуцагч Т.З ХХК-д холбогдуулан 6,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.К ХХК нь хариуцагч Т.З ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Т.З ХХК-ийн нимгэн төмрийн цехийн 540 м.кв хэмжээтэй талбайг 1 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний агуулгад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Зохигчид Т.З ХХК-ийн нимгэн төмрийн цехийн 540 м.кв хэмжээтэй талбайг хэсэгчлэн түрээслэн үйл ажиллагаа явуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 03 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөгийг төлсөн, түрээслэгч тал гэрээг цуцлахаар мэдэгдэл өгснөөр түрээслэгч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлж, гэрээ цуцалсан тухайд маргаагүй байна.

 

Хариуцагч “...түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг буцаан шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн, ...түрээсийн талбайд их хэмжээний хог хаягдал үлдээснийг цэвэрлэхэд 6,975,000 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж, нэхэмжлэгч “...түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг буцаан өгөхийг байнга шаардаж байсан бөгөөд 2015 оны 11 сарын 20-ны өдөр бичгээр шаардлага гаргаж хүргүүлсэн. ...түрээсийн газарт хог хаягдал үлдээгээгүй” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан.

 

Талуудын гэрээний үүрэг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.

 

Түрээсийн гэрээ цуцлагдсан боловч түрээслүүлэгч нь түрээслэгчид түрээсийн төлбөр 6,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Түрээслүүлэгч өөрт учирсан хохирлоо нөхөн төлөхийг шаардаж шүүхэд шаардлага гаргаагүй тул түрээслэгчээс түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 6,000,000 төгрөгийг хохиролд тооцож авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Т.З ХХК-иас 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.К ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.З ХХК-иас 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.К ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.К ХХК-д олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР