Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 673

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00673

 

 

“БК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00210 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “БК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТЗ” ХК-д холбогдох,

 

6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Оюун-Эрдэнэ

Хариуцагчийн төлөөлөгч: Т.Лувсандорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БК" ХХК нь 2009 оноос хойш "ТЗ" ХК-ийн 540 м.кв талбайтай ажлын байрыг түрээсэлсэн бөгөөд түрээсийн гэрээний дагуу улирал бүр түрээсийн төлбөрийг төлж барагдуулж байсан.

2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр болох 6 000 000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч "ТЗ" ХК-ийн санхүүд бэлнээр тушаасан.

Гэтэл хариуцагч "ТЗ" ХК нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэнэт, урьдчилан мэдэгдэлгүйгээр түрээсийн гэрээгээ зөрчин ажлын байрыг чөлөөлж өгөхийг шаардсан. Нэхэмжлэгч "БК" ХХК нь түрээсийн ажлын байрыг засан сайжруулахад 30 000 000 орчим төгрөг зарцуулсан. Түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, түрээсэлж байсан ажлын байрыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлсөнтэй холбоотойгоор манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж их хэмжээний алдагдалд орсон.

Энэ талаар хариуцагч "ТЗ" ХК-д удаа дараа хэлж гэрээг цуцалсантай холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч хариуцагчийн зүгээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 тоот тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын захирагчийн албанаас шаардсан үүргийг биелүүлсний дараа түрээсийн гэрээг үргэлжлүүлнэ, боломжгүй бол түрээсийн төлбөрийг буцааж олгоно гэж байсан боловч өгөөгүй.

Иймд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Ажлын байрны түрээсийн гэрээний дагуу 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч "ТЗ" ХК-д урьдчилан төлсөн 6 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна

Нэхэмжлэгч “БК” ХХК нь манай компанийн 540 м.кв талбайг түрээсэлж байсан бөгөөд энэ талбайн хэсэг дээр 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар, үйлчилгээ хийсэн асуудал байхгүй.

“ТЗ” ХК-ийн барилгын энэ хэсэгт түрээсийн төлбөргүйгээр хаягдал хуванцар цуглуулаад овоолж хогийн цэг болгосон. Хотын захирагчийн албанаас 2006 онд хотын Засаг даргын захирамжаар хотын төвд хаягдал хогийн цэг байлгахыг хориглосон гэх албан шаардлага ирүүлсэн. Учир нь Засаг даргын 2006 оны захирамжийн дагуу шалгалт ирэхэд хогийн цэг шиг болгосон байсан. Бид энэ хэсгийг түрээсийн төлбөрийг авч байсан боловч хог бий болгосон хэсгийн түрээсийн төлбөрийг авч байгаагүй.

“ТЗ” ХК-иас 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэл өгөхөд “БК” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөө нүүж гарсан. Их хэмжээний хогийг нэхэмжлэгч тал өөрсдөө зөөж цэвэрлэсэн. 2014 оны 06 дугаар сар гартал их хэмжээний хог манай үйлдвэрийн байранд байж байсан. Нэхэмжлэгч талын түрээсэлж байсан хэсэгт ороод үзэхэд цементэн шалтай байсныг эвдээд хуванцар дүүргэж орхисон байсан. Энэ хар шаарны үлдэгдэл орхисон хогийг ачуулахад 30 машин хог болсон. Бидний ашиглаж байсан ачдаг, буулгадаг хогийн машинаас нэг машин хогийг  100 000 төгрөгийн үнэтэйгээр хаядаг байсан. Бид тусдаа хүмүүстэй гэрээ хийж түрээсэлж байсан хэсгийн доод талын хогийг цэвэрлэсэн.

Өмнө нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан бөгөөд бид дүүргийн хороо хариуцсан цагдаагийн ажилтанд газар дээр нь байгаа байдлыг харуулсан. Гэтэл тус цагдаа “БК” ХХК-ийн хүмүүст өөрсдөд нь хэлж байсан. Тухайн хуванцрын хар шаар байгаль орчинд шингэж алга болдоггүй. Манайхан дүүргийн байгаль орчны мэргэжлийн хяналтыг дуудаж газар дээр нь хүртэл үзүүлсэн.

Тэгээд бид нэгэнт түрээсийн гэрээ цуцлагдсан, байрнаас гараад явсан учраас өөрийн хүч хөдөлмөрөөр 6 975 000 төгрөгийг зарцуулан цэвэрлэсэн. Энэ хогийн цэг болгосон хэсэг дээр 2 жил дараалан цэвэрлэгээний ажил хийж байна. 2015 онд гэхэд 63.5 сая төгрөг зарцуулсан.

Иймд 6 975 000 төгрөгийн цэвэрлэгээний зардал гарсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлд гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа эрх зөрчигдсөн өдрөөс хойш 3 жил байна гэж заасан. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эрх зөрчигдсөн өдөр бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь энэ хуулийн заалтад нийцэхгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэл байна. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “ТЗ” ХК-иас 6 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БК” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТЗ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.   

            Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Зохигчдын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн ба талууд түрээсийн төлбөрийн үүрэгтэй холбоотой асуудлаар маргасан. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн харилцааг үндэслэлгүй хөрөнгөжих хэмээн тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх байдлаар зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсноос Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглэвэл зохих тус хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Шүүх нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн хэмээн тайлбарлаж буй хугацаанаас хойш шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байдлыг үл харгалзан үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Бид шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах, мөн сөрөг нэхэмжлэл гаргах боломж олгох хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг маань үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэртээ шүүхэд шаардлага гаргаагүй гэх дүгнэлтийг хийн хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзнэ.

 Шүүх хэргийн бодит байдлыг зөв үнэлээгүй буюу нэхэмжлэгч гэрээг цуцалснаас хойш түрээсийн байрыг буцаан хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэлгүй 2014 оны 6 дугаар сард түрээсийн байрыг буцаан өгсөн байдлыг бодитой үнэлэлгүй шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан, нэг талд давуу байдал олгосон, баримт үндэслээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “БК” ХХК нь хариуцагч “ТЗ” ХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу төлсөн 6 000 000 төгрөгийг буцуаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “ТЗ” ХК нь нэхэмжлэгч “БК” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн байрны 540 м.кв талбайг үйлдвэрийн зориулалтаар 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 1 000 000 төгрөгөөр, мөн гэрээний нэмэлт нөхцөлд 2014 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөгөөр тооцож түрээслүүлэхээр тохиролцсон, түрээсийн зүйлийг түрээслэгчид шилжүүлэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх тогтоон, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаан дахь түрээсийн төлбөрийн талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч буюу түрээслэг нь хариуцагчид 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээний 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацааны төлбөрт 6 000 000 төгрөгийг урьдчилж төлжээ. Түрээслүүлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг түрээслэгчид өгсөн, түрээслэгч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн байрнаас гарсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

            Түрээслэгч болох нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ашиглаагүй хугацаан дахь төлбөрийг буцаан гаргуулах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг түрээслүүлэгч зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ түрээсийн байрыг цэвэрлэсэнтэй холбон тайлбарлажээ.

 

            Гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч “БК” ХХК нь түрээсийн гэрээний дагуу урьдчилж төлсөн төлбөр болох 6 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардах эрхтэй байна.

 

            Харин хариуцагч тал нь уг төлбөрийг буцаан төлөхгүй гэх үндэслэлтэй эсэхийг тодруулах нь зүйтэй. Түрээслэгч нь түрээсийн гэрээг дуусгавар болоход түрээсийн зүйлийг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэж өгөх үүргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх зохицуулалтын хүрээнд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1 дэх хэсэгт зааснаар хүлээх юм.

 

            Түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй гэх тайлбар гаргасан боловч сөрөг шаардлага гаргаагүйгээс гадна гарсан зардлаа баримтаар нотлоогүй тул 6 975 000 төгрөгийн хохирлыг харилцан тооцох боломжгүй байна.

 

            Анхан шатны шүүх хариуцагч талд нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан өгчээ. Хариуцагч тал шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тайлбар ирүүлсэн ба хүсэлт гаргаагүй тул шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан нь зөв болжээ. Хариуцагч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг  хүртэл 19 хоногийн хугацаагаар хойшлуулжээ. Энэ хугацаанд хариуцагч тал шүүх хуралдаанд бэлтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүүх хуралдаанд өмгөөлөгчтэй ирснээс хэргийн материал танилцах хүсэлтийг гаргаснаас шүүх хуралдааныг дахин хойшлуулах үндэслэл болжээ. Анхан шатны шүүх улмаар шүүх хуралдааныг дахин 7 хоногоор хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр явуулахаар товлосон байна.

 

            Иймд нэхэмжлэл гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 40 хоногийн хугацаанд хариуцагч тал нотлох баримт болон сөрөг нэхэмжлэл гаргах хангалттай  хугацаа байтал гаргаагүй, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр холбогдох хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлоогүй тул хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Хохиролтой холбоотой маргааныг шийдвэрлээгүй тул хариуцагчийн эрхийг шүүхийн шийдвэрээр хөндөөгүй гэж үзнэ.

 

            Түүнчлэн хариуцагч нь гэрээний үүрэг шаардах эрхийг хугацаандаа дуусан гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч “БК” ХХК нь түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 6 000 000 төгрөгийг шаардсан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг хүргүүлснийг хариуцагч “ТЗ” ХК хүлээн авсан байгаагаас үзвэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг уг өдрөөс тоолбол 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор гэж дүгнэхээр байна. Дээрх албан бичгийг хариуцагч тал үгүйсгэсэн тайлбарыг гаргаагүй тул хариуцагч талыг хүлээн авсан гэж үзнэ.

 

            Харин анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжих хэлбэрээр гэрээний зүйлийг ашиглаагүй хугацааны төлбөр шаардахад Иргэний эрх зүйн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ гэж дүгнэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

            Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний цуцалж, дуусгавар болгож буй боловч өргөн утгаараа шууд дуусгавар болоогүй, харин түүний үр дагаврыг арилгах Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалтын хүрээнд өгсөн авснаа буцаахад чиглэгдэх үүрэгт гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх болох Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацааг хэрэглэх нь зүйтэй.

 

            Түүнчлэн “ТЗ” ХК нь “БК” ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгч, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор талбайг чөлөөлөх талаар мэдэгдсэн боловч түрээслэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр талбайг чөлөөлсөн гэх талуудын тайлбарыг үндэслэн ашиглагдаагүй хугацаанд төлөгдсөн      6 000 000 төгрөгийн төлбөрийг буцаан өгөх нь зүйтэй.

 

            Анхан шатны шүүх дүгнэлт буруу хийсэн боловч зөв шийдэл гаргасан тул агуулгаар нь шийдвэрийг хэвээр үлдээж, зүйлчлэлийг хөндөлгүй орхив.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА