Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2017/01152/И |
Дугаар | 001/ХТ2018/01010 |
Огноо | 2018-06-19 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2018/01010
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг
Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаар магадлалтай,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй,
“Р” ХХК-д холбогдох\
Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр 25,999,541 төгрөгийг гаргуулах, түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл,
149,928,800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн\
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч А.Туул, С.Одгариг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус нийгэмлэг нь “Р” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, УБТЗ ХНН-ийн Тээш худалдааны төвийн ногоон зоорь, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүр зэргийг түрээслүүлдэг бөгөөд хариуцагч түрээсийн төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн, зөрчлөө засахыг мэдэгдэхэд үл тоож биелүүлэхгүй байгаа тул түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн гэрээг цуцлах, дутуу төлсөн 25,999,541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь УБТЗ ХНН-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 19 дүгээр дэлгүүрийг 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 15/2-36 дугаартай гэрээгээр сарын 6,000,000 төгрөгөөр түрээслэдэг бөгөөд хариуцагч ашиглалтын зардлыг цаг хугацаанд нь төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн болно. Мөн хариуцагч нь УБТЗ ХНН-ийн Тээш худалдааны төвийн ногоон зоорийг 2014 оны 09 сарын 15-ны өдрийн 14/2-53 тоот гэрээгээр сарын 7,000,000 төгрөгөөр түрээслэсэн боловч 2016 оны 5 сараас эхлэн түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр төлж, сар бүр 2,000,000 төгрөгийг дутуу төлж байсан. Түрээсийн гэрээнд заасан зориулалтын дагуу түрээсийн зүйлийг ашиглалгүй хүнсний ногооны зоорийг авто зогсоол болгож гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болно. Мөн хариуцагч УБТЗ ХНН-ийн худалдааны төвийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 33 дугаар байрны нутагт 380 м.кв талбай бүхий дэлгүүрийг сарын 4,940,000 төгрөгөөр түрээслэн ажилладаг бөгөөд түрээсийн гэрээнд заасан ашиглалтын зардлыг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх зэргээр удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа УБТЗ ХНН-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ байгуулах журмын дагуу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй сонгон шалгаруулалт хийгээгүй байна. Компанийн захирал Д.Мөнхжаргал Тээш худалдааны төвийн эрх бүхий ажилтнуудыг удаа дараа дарамтлах, галын аюулгүй байдлыг хангах үүргээ зөрчин түрээсийн зүйлд хохирол учруулсан ба түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш түрээсийн хөрөнгийг УБТЗ ХНН буцаан шилжүүлээгүй болно. Иймд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасны дагуу цуцалж, түрээсийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гүйцэтгээгүй үүрэг болох 25,999,541 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэлийг гаргахдаа нэхэмжлэлийн үнэ 29,999,541 төгрөгийг 25,999,541 төгрөг гэж бичиглэлийн алдаа гаргасан байна. Хариуцагч байгууллага нь ногоон зоорины түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг, ашиглалтын зардал 7,656,201 төгрөг төлөөгүй, мөн 19 дүгээр дэлгүүрийн ашиглалтын зардал 159,740 төгрөгийг төлөөгүй тул түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Ногоон зооринд гал гарсан тул галын аюулгүй байдлыг хангах шаардлага тавихад хүлээж авдаггүй. Манай байгууллага Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө туслах үйл ажиллагаа явуулсан. УБТЗ ХНН нь өөрийн ажилтнуудаа хэвийн, аюулгүй ажиллах нөхцлийг хангах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбарт: “Р” ХХК түрээсийн гэрээний дагуу өнөөдрийг болтол ажиллаж ирэх хугацаандаа УБТЗ ХНН-ийн итгэл найдварыг алдалгүй түрээслэж буй обьектуудынхаа түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлж, чирэгдэлгүй ажиллаж ирсэн. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай УБТЗ-ын харъяа ногоон зоорины ерөнхий түрээслэгчээр 2013 оны 06 сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Түрээсийн төлбөр сар бүр 1,000,000 төгрөгөөр тохирсон. Мөн 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөг болгож хийхдээ тухайн гэрээнд нэхэмжлэгч байгууллагын харуул хамгаалалтын ажилтны 3 хүний цалинг нэмж олгохоор тохирч, түрээсийн төлбөрийн 7,000,000 төгрөгт оруулан тооцож байхаар хийсэн. Тухайн харуул хамгаалалт ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, хариуцлагагүй байдлаас манай компани давхар харуул хамгаалалтыг цалинжуулан ажиллуулж байсан. Иймээс харуул хамгаалалтыг өөрөө хариуцах хүсэлтийг удаа дараа нэхэмжлэгчид гаргасан. Ингээд манай хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авч, 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар гэрээг шинэчилсэн. Гэрээнд харуул хамгаалалтын зардлыг хасч, түрээсийн гэрээний төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тохирсон. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны 1 давхарт 380 м.кв дэлгүүрийн зориулалттай ажлын байрыг 2015 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр гэрээ хийхдээ өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар тус объектын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн тул эхний 1 жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөж, 2016 оны 03 сарын 01-ний өдрөөс сард 4,940,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр дэлгүүрийг түрээслэхээр 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ хийгдсэн. Сар бүр 600,000 төгрөг төлж байхаар түрээсийн гэрээнд тусгагдсан. Иймд нэхэмжлээд байгаа мөнгөн дүн ор үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: “Р” ХХК нь дэлгүүрт түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгө 23,928,800 төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн бид худалдааны төвийн ногоон зоорийн хашааг түрээслэхдээ уг газрын хог хаягдлыг цэвэрлэж, ухсан нүхнүүдийг шороогоор дүүргэж газрыг тэгшлэн, ашиглах боломжтой болгох, ашиглалтын хугацаа дууссан ногоон зоорийг буулгах, хашааны хаалгыг гүйдэг хаалгаар солих зэргээр тохижуулсан болно. Эдгээр ажлуудыг тухайн үед хувь хүмүүсээр хийлгэж, мөнгийг нь бэлнээр өгч байсан. Иймд түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгө 126,000,000 төгрөгийг, нийт 149,928,800 төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргуулж өгнө үү. Түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар гаргасан шаардлагаа манайх дэмжихгүй байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 09 сарын 15-ны өдрийн 147/2-53 гэрээний 4.2.1, 4.2.4, 4.2.16-д тус тус зааснаар мөнгө нэхэмжлэх эрхгүй болно. Мөн 19 дүгээр дэлгүүрт тохижилтын ажил хийсэн зардал 23,928,800 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ дэлгүүрийг түрээслүүлэх тухай 2015 оны түрээсийн гэрээний 4.2.9-д түрээсийн байранд зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ тохижилтыг түрээслэгч тал хариуцна гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн засвар хийх зөвшөөрөл хүссэн хүсэлт ирж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, УБТЗ ХНН-ийн ажилтан албан хаагчдыг удаа дараа заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлах үйл ажиллагаа явуулж, тэднийг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болгож байгаа “Р” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлан, УБТЗ ХНН-ийн ажилтнуудын хэвийн ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлж өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, УБТЗ ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг хариуцагч “Р” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх болон хариуцагчаас 25,999,541 төгрөгийг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс засварын зардал 149,928,800 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Р” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307,948 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 1,135,699 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Одгарагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 00011 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2018 оны 588 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх “...Нотлох баримтыг дүгнэхэд түрээслэгч түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтын дагуу төмс хүнсний ногоо хадгалах, барилгын материал хадгалах, худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалтаар ашигласан нь тогтоогдоогүй... машины зогсоолын зориулалтаар ашигласан, төмөр бетон хийцтэй зоориудыг галлагаатай, автомашины дулаан зогсоол болгож ашиглаж, үүний тулд ердийн галлагаатай ил зуух тавьж, янданг агааржуулалтын модон хоолойгоор гаргаснаас төөнөлт үүсч, гал гарч, түрээслүүлэгчийн төвийн эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил гаргасан, ажил үүргээ гүйцэтгэж байгаа УБТЗ-ын ажилчидтай зүй бусаар харьцаж, шаардлагатай үйл ажиллагаа явуулахад саад учруулсан байдал тогтоогдож байна...” гэж дүгнэн Иргэний хуулийн 318.1, 221.1, 320.3, 320.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 3-р хороо, 24-р байрны 1-р давхарт байрлах 19-р дэлгүүр, УБТЗ ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг хариуцагч “Р” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Баянгол дүүргийн 4-р хороо, 33-р байрны 1-р давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх болон хариуцагчаас 25,999,541 төгрөгийг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анх нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний төлбөр болон ашиглалтын зардал төлөгдөөгүй гэж гаргасан байхад шүүх гэрээний үүргийн зөрчлийг гал гарсан, зооринд ногоо хадгалаагүй, ажилчидтай зүй бус харилцсан гэж өөр үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Зүй нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдвөл шүүх тодруулж байж, түүнийг нь хариуцагчид гардуулж тайлбар авсны дараа шийдвэрлэдэг юм билээ. Гэтэл хариуцагч тал өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг цаг тухайд төлж байгаа болно. Иргэний хуулийн 318.1-д гэрээний үүргийг гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ч гэрээ цуцлах үндэслэлд төлбөр төлөөгүй бол үүрэг зөрчигдсөнд тооцож, гэрээг цуцлахаар тохиролцсон байхад шүүх гэрээний үүрэгт хамааралгүй асуудлуудыг гэрээний үүргийн зөрчилд тооцсон байна. Тухайлбал, Иргэний эрх зүйн харилцаанд түрээсийн гэрээний зүйл болох эд хөрөнгийн зориулалт нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулагдах, түрээслэгч дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулахаар байх ёстой гэж тодорхойлсон байна. Гэтэл шүүх ногоон зоорийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг зоорь нь тоосгоор баригдсан, гадна талыг нь шороогоор хучсан \ газар гэр маягийн\, цонхгүй учраас барилгын материал хадгалах, худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалтаар ашиглах боломжгүй бөгөөд түрээслэгч зоорийн гаднах хашаанд контейнер байршуулан барилгын материал хадгалан, худалдаа үйлчилгээ явуулсан нь “Р” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нийцсэн байхад зөвхөн ногооны зооринд нь ногоо хадгалаагүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгаж байгаа нь учир дутагдалтай байна. Мөн хариуцагчийг түрээсийн зүйлийг автомашины дулаан зогсоол болгож ашигласны улмаас гал гарч, түрээслүүлэгчийн төвийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж буруутгажээ. Гэтэл энэ гал нь автомашины дулаан зогсоол болгосон гэх зооринд гараагүй хашааны баруун талд байрлах зоорины дээврийн янданг тойрсон багахан хэсэгт гараад тэр дор нь арга хэмжээ авч унтраасан, ногооны зоорь нь бүхэлдээ шатчихаагүй бөгөөд автомашины дулаан зогсоол болгож ашигласан хэсэг гал гарсан зоорийн хэсэгт хамааралгүй, шалтгаант холбоогүй байхад гэрээний үүргийн зөрчил гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. УБТЗ-ын ажилчидтай зүй бус харьцсаныг шүүх гэрээний үүргийн зөрчил гэж үзжээ. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй, шүүх маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч тал гэрээг цуцлагдсан гэж мэдэгдэл наах, контейнер тавьсан түрээслэгч нартай гэрээ байгуулахаар оролдох гэх мэтээр хууль бус шаардлага тавьсны улмаас Д.Мөнхжаргал болон УБТЗ-ын ажилчдын хооронд маргаан гарсан байхад зүгээр ажлаа хийгээд явж байсан ажилчидтай зүй бус харьцсан мэтээр ойлгож, үйл ажиллагаа явуулахад нь саад учруулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Тэгээд ч гэрээнд энэ талаар тохиролцсон зүйл байхгүй тул тухайн үйлдлийг зохицуулсан бусад хуулиар шийдвэрлэгдэх асуудлыг хамааруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ийм учраас шүүх хариуцагчийг гэрээний үүрэг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх дээрх үйл явдлуудыг гэрээний үүргийн зөрчил гэж дүгнэж, Иргэний хуулийн 221-д заасан “...хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээнээс татгалзаж болно...талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ...” гэсэн хуулийн заалтыг баримтлан түрээсийн зүйлүүдийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ямар нөхцөл үүссэн байгааг нарийвчлан тодорхойлоогүй бөгөөд гэрээний үүргийн зөрчил гэж үзээд байгаа зүйлүүд нь цаг хугацааны хувьд болоод өнгөрсөн, нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулаагүй, хохирол арилсан, гэм буруутай гэж үзэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, одоо нэхэмжлэгчийн эрх яаж зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй, цаашид үйл ажиллагаанд нь ямар байдлаар саад учруулах нь ойлгомжгүй байхад хуулийн дээрх заалтыг баримталж байгаа нь үндэслэлгүй байна.
Тэгээд ч хуулийн дээрх шаардлага нь мөн хуулийн 221-р зүйлийн 221.3-т зааснаар хэрэгжихээр байгааг шүүх анхаараагүй байна. Мөн шүүх түрээсийн гэрээг цуцалж байж түрээсийн гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөх ёстой байхад шууд чөлөөлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, хариуцагч тал түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тохиолдолд шүүх гэрээний харилцааны үйлчлэлд дүгнэлт өгч шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал манай гэрээ хүчин төгөлдөр, шүүх цуцлаагүй гэж сүүлд нь маргавал яах вэ. Түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл аваад байгааг юу гэж ойлгох вэ, гэрээгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш үү. Шүүх Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т заасан журмыг мөрдөх үндэслэлтэй гэжээ. Хуулийн энэ заалт нь түрээсийн гэрээний хугацааг талууд тогтоогоогүй тохиолдолд хэрэглэх хуулийн заалт болохоос гэрээний үүрэг зөрчигдсөнөөс гэрээ цуцлах үндэслэлд хамаарахгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 сарын 01-ний өдрийн гэрээний хугацаа 2021 он хүртэл үргэлжлэхээр тохирсон байна. Шүүх Баянгол дүүргийн 3-р хороо, 24-р байрны 1-р давхарт байрлах 19-р дэлгүүрийг түрээслэх гэрээг “...түрээсийн тодорхой бус хугацаатай гэрээг Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт заасны дагуу буюу түрээсийн жил дууссан 2016 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш нэг сарын дотор түрээслүүлэгч гэрээг цуцлах эрхтэй байна...” гэж дүгнэн шийдвэрлэсэн. Гэтэл түрээслүүлэгч тал гэрээний төлбөрийн нэхэмжлэлээ 2017 оны 6 сар хүртэл өгч байсан, түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл түрээслэгч төлж байсан талаарх баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй. Ийм учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч А.Туулын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 588 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээнд заасан зориулалтын дагуу төмс хүнсний ногоо хадгалах, барилгын материал хадгалах, худалдаа үйлчилгээ явуулсан нь тогтоогдоогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй тайлбар байна. 2016 оны 05 сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 2-р зүйлийн 2-ын 4-т түрээсийн зүйлийн онцлогыг тусгаж өгсөн байдаг тээш худалдааны төвийн ногоон зооринд төмс, хүнсний ногоо хадгалах хашаанд гадаа талбай түрээслэгч өөрийн контейнарыг байршуулж барилгын материал хадгалах худалдаа явуулах мөн зүйлийн 2-ын 5-д түрээслүүлэгч талын эзэмшилд буй объектын 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар тохиролцсон байдаг. Түрээсийн гэрээний 4.2.17-д түрээслэгч нь ашиглаж байгаа талбайд контейнар тавиулж давхар түрээслүүлэх эрхтэй гэж заасан байна. Гэрээний хугацаа дуусаагүй байхад мөн шүүх маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч тал гэрээг цуцалсан гэж УБ төмөр замтай гэрээ хийхгүй тохиолдолд тог усаар хангахгүй гэсэн мэдэгдэлтэй анхан шатны шийдвэрийг хавсаргаж түрээслэгч нарт тарааж гэрээ хийхийг шаардаж ИХШХШТ хуулийг зөрчиж УБ төмөр замын хуулийн хэлтэс зар нааж гэрээ тарааж байна. “Р” ХХК-ийн захирал Д.Мөнхжаргалыг Нийслэлийн ОБА 250 мянган төгрөгөөр торгож, 48,460 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ямар эд хөрөнгө ямар хэмжээгээр шатсан, хохирлыг хэрхэн тооцсон талаар нотолгоо хэрэгт хавсаргаагүй байхад УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 17-12 дугаарын албан бичгийг үндэслэл нь гал гарч эд хөрөнгөд 239 мянган төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлтийг хийсэн захиргааны зөрчлөөр авагдсан арга хэмжээг хариуцлага хүлээлгэсэн байхад түүнийг гэрээний үүргийн зөрчилд хамааруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд галын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай багаж хэрэгслүүдийг бэлтгэж байрлуулах үүргийг хариуцагч бөгөөд энэ үүрэг нь зөрчигдсөнөөс гал гарч хохирол учирсаныг тогтоосон талаар баримт байхгүй байхад ил зуух тавьсанаас гал гарсаныг гэрээний үүргийг зөрчигдсөнд хамааруулан гэрээгээр тохиролцоогүй нөхцлийг гэрээний үүрэг зөрчигдсөн гэж шүүх дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүх нь Иргэний хуулийн 318.1-д гэрээний үүргийн гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх гэж тодорхойлсныг талууд хоорондын байгуулсан гэрээнд гэрээ цуцлах үндсэн төлбөр төлөөгүй бол үүрэг зөрчигдсөнд тооцож гэрээг цуцлуулахаар тохирсон байна. Иймд гэрээний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд гэрээний үүрэг зөрчигдсөн асуудал яригдах болохоос шүүхийн шийдвэрт дурьдсан үндэслэлүүд нь гэрээний үүргийн зөрчилд хамаарахгүй юм. Мөн УБТЗ-ын ажилчидтай зүй бус харьцсаныг шүүх гэрээний үүргийн зөрчил гэж үзэж байгаа нь гэрээнд тусгагдаагүй заалтыг нэмж оруулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. БГД-ийн 3 хороо, 24 байрны 1 давхарт байрлах 19-р дэлгүүрийн түрээсийн гэрээ нь түрээсийн тодорхой бус хугацаатай гэрээг Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн жил дууссан гэж дүгнэн шийдвэрлэсэн нь түрээслүүлэгч тал нь гэрээний төлбөрийн нэхэмжлэхдээ 2017 оны 6 сар хүртэл өгч байсан түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл түрээслэгч төлж байсан талаар баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 588 дугаартай магадлалыг хүчингүй болгож, гомдолд дурьдсан нөхцөл байдлуудыг тодруулсаны үндсэн дээр гэрээнд тусгагдаагүй үгнүүдийг гэрээний зүйл мэт тайлбар хийсэн нь үндэслэлгүй байгаа тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 25,999,541 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлүүдийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, түрээслэсэн обьектод хийсэн засварын зардал 149,928,800 төгрөг гаргуулна гэж маргажээ.
2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 14/2-53 тоот түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногооны зоорийг төмс, хүнсний ногоо хадгалах, хашаанд түрээслэгчийн контейнерийг тавиулж барилгын материал хадгалах, худалдаа явуулах зориулалтаар хариуцагчтай 3 жилийн хугацаатай, сарын 7,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон, улмаар 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулахдаа хугацааг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жил, түрээсийн төлбөрийг сар бүр 5,000,000 төгрөг гэж тохиролцсон нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.
2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 15/2-36 тоот түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 давхарт байрлах 19 дүгээр дэлгүүрийг хариуцагчид 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, сард 600,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон, харин 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15/2-35 тоот гэрээгээр Баянгол дүүрэг 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сард 4,940,000 төгрөгөөр түрээслүүлэхээр талууд тохиролцсон гэрээний хуулбарууд хэрэгт авагджээ.
Зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Гэрээний зүйл болох Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногоон зоорь, 19 дүгээр дэлгүүр, 33 дугаар байрны 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилга нь нэхэмжлэгч байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй, тухайн байгууллагын хөрөнгө болох нь баримтаар нотлогдсон, бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө биш учраас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан зохицуулалт энэ харилцаанд хамааралгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч түрээсийн зүйл болох зоорийг зориулалтын бусаар ашигласнаас 2016 оны 12 дугаар сарын 09-ний шөнө гал гарч, түрээслүүлэгчийн эд хөрөнгөд 2,039,000 төгрөгийн хохирол учруулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээг цуцлах мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 06, 2017 оны 03 дугаар сарын 17, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд тус тус хүргүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн, нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т нийцжээ.
Нэхэмжлэгч түрээсийн гэрээг тухайн жилийн эцэс буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын дотор цуцлах эрхтэй тул 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалж, хариуцагчийн эзэмшлээс түрээсийн зүйлийг чөлөөлсөн нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 320 дугаар зүйлийн 320.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч дээрх гэрээнд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, түрээсийн сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр багасгасныг хууль зүйн албаар хянуулж дугаар аваагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл гаргасан боловч удирдлагаас зохих зөвшөөрөл авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Иймээс хариуцагчаас 9 сарын түрээсийн төлбөрийн дутуу төлбөрт 18,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн гэрээний зүйлийн ашиглалтын зардалд 7,656,201 төгрөгийг хариуцагч төлсөн нь тогтоогдсон тул шүүх хариуцагч гэрээний үүргийг зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмаар үнэлжээ.
Харин 15/2-35 тоот түрээсийн гэрээгээр Баянгол дүүрэг 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, сард 4,940,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь баримтаар тогтоогдоогүй учраас уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй гэж хариуцагчийн эзэмшлээс түрээсийн зүйлийг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ.
Түүнчлэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 давхарт байрлах 19 дүгээр дэлгүүрийг сард 600,000 төгрөгийн төлбөртэй, ашиглалтын зардлыг түрээслэгч хариуцахаар тохиролцсон 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 15/2-36 тоот гэрээний үүргээ хариуцагч зөрчсөн, 159,470 төгрөгийн ашиглалтын зардал төлөөгүй гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд дээрх гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч хариуцагч түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж, төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 318 дугаар зүйлийн 1 318.5 дахь хэсэгт заасны дагуу тодорхой бус хугацаагаар түрээсийн гэрээг сунгасан гэж шүүх зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн жил дууссан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс нэг сарын дотор цуцлах эрхтэй тул 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс цуцалж, хариуцагчийн эзэмшлээс түрээсийн зүйлийг чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь түрээсийн зүйл болох 19 дүгээр дэлгүүрт 2016 онд хийсэн засварын ажлын зардалд 23,928,800 төгрөг, ногоон зооринд 2013-2015 онд засвар хийсэн зардалд 126,000,000 төгрөг, нийт 149,928,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, түрээслэгч түрээсийн зүйлд хийсэн засварын зардлыг өөрөө бүрэн хариуцахаар түрээсийн гэрээгээр тохирсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч баримтаар нотлоогүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, маргааны үйл баримтад Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч “Р” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 307,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН