Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00102

 

   Л.О-гийн нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай                                        

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02416 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2065 дугаар магадлалтай,       

            Л.О-гийн нэхэмжлэлтэй,

            “Б” ХХК-д холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч Л.О-гийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.О- нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс “Б” ХХК-д үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын сүүлээс хүүхэд өвдөж эмнэлэгт хэвтээд, залгуулаад би өөрөө жирэмсэн байсан тул эмчийн хяналтад орох, шинжилгээ өгөх, оношилгоо хийлгэх гээд 12 дугаар сарын дунд хүртэл ажлаа алдаг оног хийсэн. Энэ хугацаанд ажил олгогчид чөлөө авах хүсэлтийг амаар гаргахад “чөлөө өгөхгүй, ажлаа хийж чадахгүй бол гар” гэж шаардаж байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн намайг ажил хийлгээгүй, тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байгууллага дээр очиж ямар нэгэн тушаал шийдвэр гарсан бол түүнийгээ авья, гараагүй бол ажлаа хийе гэж удаа дараа шаардсан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй. Хамгийн сүүлд энэ асуудлаа шийдвэрлүүлье гэж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нөхөр н.Пүрэвдорж, найз н.Сарнай нарын хамт байгууллагын үүдийг бүтэн 4 өдөр сахиж захирал, нягтлан, хуулийн зөвлөхтэй уулзсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр надад ажлаас чөлөөлөх тухай А/27 тоот тушаал гарсан болохыг танилцуулж өгсөн. Энэ тушаал нь 2017 оны 12 дугаар сарын 27 гэсэн огноотой байх бөгөөд ажил олгогч байгууллага ямар нэгэн үндэслэл баримтгүй, тушаал шийдвэргүйгээр намайг ажил хийлгэхгүй байсан, хожим ийм тушаал надад хийж өгсөн. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг үндэслэл болгон шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул “Б” ХХК-д үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Б” ХХК-ийн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.О- нь зарын дагуу манай байгууллага дээр ярилцлагад орж, үл хөдлөх эд хөрөнгийн менежерийн ажилд гэрээ байгуулан орсон. Манай компанийн нэг чиг үүрэг нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиг үүргийг үл хөдлөх эд хөрөнгийн менежер буюу Л.О- гүйцэтгэдэг байсан. Тухайн үед энэ ажлын байранд Л.О-, Б.Наранмандах нар ажиллаж байсан. Манай байгууллагын төв байр 13-р хороололд байдаг. Харин Л.О- нь Мишээл барилгын их дэлгүүрт байрлах орон сууцны бирж, орон сууцны зориулалттай манай байгууллагын салбар байранд ажилладаг байсан. Л.О-гийн гол хийж гүйцэтгэх ёстой ажил нь гэрээ байгуулсан байгууллагын орон сууцыг сонирхсон этгээдэд зуучилж, худалдан борлуулах ажил хийдэг байсан. Хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг багаар тооцохоор харилцан тохиролцсон. Учир нь ажилтан нь орон сууц зарсан тохиолдолд зуучлалын шимтгэлээс тодорхой хувийг авдаг байсан. Тухайлбал 100.000.000 төгрөгийн орон сууц зарлаа гэхэд манай байгууллага тухайн орон сууцны үнийн дүнгийн 2 хувийг /2.000.000 төгрөг/ зуучлалын хөлсөнд тооцож авдаг. Үүнээс ажилтан нь 50 хувь буюу 1.000.000 төгрөгийг авдаг байсан. Л.О- нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа нэг ч байр зараагүй. Гэхдээ худалдан борлуулах гэж идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан учраас компанийн зүгээс дэмжин ажиллаж байсан. Л.О- нь 2016 оны 11 дүгээр сарын 03-наас жирэмсэн болсон мөн ар гэрийн шалтгаанаар ажлаас чөлөө авдаг байсан. Чөлөө авахаар хүссэн үед нь компанийн зүгээс чөлөөг олгодог байсан. 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр нэхэмжлэгч нь жирэмсэн болсон учраас байнга өдрийн 8 цагаар ажиллах боломжгүй байна гэдгээ хэлж, өөр байдлаар буюу гэрээт нөхцөлөөр ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн учраас бид 2 харилцан ярилцаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжгүй юм бол компанийн зүгээс ажиллуулах сонирхолтой байсан учраас хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллах талаар ярилцаж байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажиллах боломжгүй болсон гэж ажлаас гарах өргөдлөө бичиж өгсөн байдаг. Тус өргөдөлдөө “... би 12 дугаар сард хэд хоног ажилласан байдаг. Тэр өдрүүдийн цалинг бодож, нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийгээд өгөөрэй.” гэж бичсэн байдаг. 2016 оны 12 дугаар сарын цалин 2017 оны 1 дүгээр сард бодогдсон. Л.О-гийн 12 сард ажилласан хугацааны цалинг бодож өгөөрэй гэж би нягтланд хэлсэн. 12 сард бүтэн ажиллаагүй учраас цалинг нь бодоогүй асуудал гарсан байх. Харин дарамт шахалт үзүүлж, ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Ажилчиддаа ажлаа сайн хий гэх зэрэг шаардлагыг компанийн удирдлагуудаас тавьж байсан. Энэ нөхцөл байдал нь дарамттай санагдаж, ажлаасаа гарах байдалд хүргэсэн байж магадгүй. Өөрөө ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гаръя гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02416 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.О-гийн “Б” ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2065 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Л.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101\ШШ2017\02416 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2065 дугаар магадлалыг “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Ажил олгогч “Б” ХХК нь ажилтан миний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хүүхэд маань хүндээр өвдсөн, жирэмсэн болж эмнэлгийн хяналтад орох зэрэг шаардлагатай үед чөлөө олгохгүй байсан ба арга буюу ажлаа алдаг оног хийсээр 2016 оны 12 дугаар сарын 27 болсон. Гэтэл намайг дарга дуудаж ажлаа хүлээлгэж өгөөд гар, өөрийн хүсэлтээр гарна гэж бич гэсэн. Тэгээд намайг хуулийн зөвлөх н.Төмөрсүхтэй уулз гэсэн. н.Төмөрсүхтэй уулзахад өөрийн хүсэлтээр гэж бичвэл ядаж нэг сарын цалин чамд олдоно, тэгэхгүй бол байгууллагын санаачилгаар ажлаасаа халагдвал юу ч олдохгүй гэсэн. Ингээд би өөрөө хүсээгүй боловч эмнэлэгт хүүхдээ үзүүлэх, жирэмсэний хяналтад орох гээд чөлөө дахиж өгөхгүй гэсэн тул арга буюу өргөдөл бичиж өгсөн. Энэ өдрөөс хойш байгууллагаас халсан бол тушаалаа авъя, халаагүй бол ажлаа хийе гэхэд ажил ч хийлгэхгүй тушаал ч өгөхгүй байсаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нэхэл дагал болж байж “2017.12.27” гэсэн огноотой тушаал гардаж авсан. Ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тухайлбал, Хөдөлмөрийн гэрээг сунгаагүй атлаа ажил үүрэг гүйцэтгүүлсээр байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1, 23.3 дахь заалт, чөлөөг хүссэн үед нь ажилтанд олгоогүй нь хуулийн 80.1, 80.2 дахь заалт, ажлаас халсан тушаалыг халсан гэх өдрөөс хойш 5 сарын дараа гардуулсан нь хуулийн 43.2, 43.3 дахь заалт, Л.О- миний бие 12 сард ажилласан, байгууллага 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан атлаа 12 дугаар сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалыг төлөөгүй, дэвтэрт бичилт хийгээгүй явдал нь хуулийн 46.1, 46.2 дахь заалтууд, мөн намайг жирэмсэн болсныг мэдсээр байж халсан нь хуулийн 100.1 дэх хориглосон болон үүрэг болгосон заалтуудыг ноцтой зөрчсөн үйл баримтууд тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгч болоннэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгчийн асуултанд хариуцагчийн төлөөлөгч н.Төмөрсүх хариулахдаа “Л.О-гийн хүүхэд нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн, мөн өөрөө жирэмсэн болсон гэдгийг байгууллага мэдэж байсан, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэдгээ хэлж байсан, Л.О- өөрөө тушаалаа авъя гэдэггүй байсан учир ажлаас халсан тушаалыг нь өгөөгүй, хожим нэхэхээр нь өгсөн нь үнэн,          мөн сүүлийн 12 дугаар сарын цалинг нь Л.О-д бодож олгоод дэвтэрийг нь бөглөж өгөхийг байгууллагын зүгээс нягтландаа хэлсэн боловч нягтлан биелүүлээгүй байна” гэсэн тайлбаруудаас \шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан\ харахад Хөдөлмөрийн тухай хуулийн үүрэг болгосон заалтуудыг биелүүлээгүй, түүнчлэн хориглосон заалтуудыг ноцтой зөрчсөн үйл баримтууд тогтоогдсон гэж үзэж байна. Магадгүй ажлаас халсан хууль зүйн үндэслэлийг зөв гэж шүүх дүгнэж байгаа тохиолдолд гаргасан тушаал шийдвэрээ хэрхэн гардуулсан, халагдах үед ажилласан хугацааны цалин хөлсийг бүрэн тооцож олгоогүй байгаа, нийгмийн даатгалын төлөлтийг сүүлийн нэг сар төлөөгүй, бичилт хийгээгүй зэрэг ажил олгогчийн хуулиар үүрэг болгосон заалтуудыг зөрчсөн үйлдлүүд байхад иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй шүүх эрх зүйн дүгнэлтийг буруу хийж байгаад гомдолтой байна. Байгууллага тушаал шийдвэр гаргасан бол өөрт нь танилцуулах, гардуулах үүргээ биелүүлээгүйн улмаас бусад хуулиар олгосон эрхээ эдэлж чадаагүй. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй. Учир нь байгууллага тушаалаа гаргаж өгөөгүй тул халагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор харъяа НДГ-т хандах боломжгүй болсон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар жирэмсэн амаржсаны тэтгэмж авах гэхэд даатгал төлсөн сарын тоо нэгээр дутаж \байгууллага 12 сарыг ажилласан хоногт нь тооцож олгон, нийгмийн даатгалыг хуульд зааснаар төлөх үүргээ биелүүлсэн бол\ тэтгэмжээ авч чадаагүй давхар давхар хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах үндэслэлтэй гэж үзэж байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101\ШШ2017\02416 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2065 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Л.О-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй.

            Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хууль бусаар ажлаас чөлөөлөөгүй гэж маргажээ.

         Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд ажил олгогч “Б” ХХК-ийн дэд захирлын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/27 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.11-д заасныг баримтлан ажилтан Л.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа  ажилтны  2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэл болгосон тухай баримт хэрэгт авагдсан байна.

            Нэхэмжлэгч Л.О- нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, өөрийн хүсэл зориг байгаагүй, хариуцагчаас дарамт шахалт үзүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ тодорхойлсон боловч энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтээр асуулгасан гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй, шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан “...ар гэрийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөх, мөн 12 сард ажилласан өдрийн цалин хөлсийг тооцон, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх хүсэлт”-ийг ажил олгогч хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу Л.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д нийцсэн гэж үзнэ.

               Хариуцагч "Б” ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчиж, ажилтныг жирэмсэн гэдгийг мэдсээр байж ажлаас халсан нь буруу гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан боловч хуулийн уг заалт нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажилтныг ажлаас халахыг хориглох хязгаарлалт учир энэ маргаанд хамааралгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

               Л.О-гийн “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн үүрэг болгосон заалтуудыг биелүүлээгүй, түүнчлэн хориглосон заалтуудыг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02416 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2065 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Нэхэмжлэгч Л.О- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН