Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2065

 

Л.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02416 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.Огийн нэхэмжлэлтэй, хариуцагч БЭЭ ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.О нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс БЭЭ ХХК-д үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй бөгөөд 2016 оны 11 сарын сүүлээр хүүхэд өвдөж эмнэлэгт хэвтсэн. Мөн би жирэмсэн байсан бөгөөд эмчийн хяналтад орох, шинжилгээ өгөх, оношилгоо хийлгэх гээд 12 сарын дунд хүртэл ажлаа сайн хийж чадаагүй.

Энэ хугацаанд би ажил олгогчоос чөлөө олгооч гэж амаар хүсэлт гаргахад чөлөө өгөхгүй, ажлаа хийж чадахгүй бол гар гэж намайг шахаж шаардсан. Ингээд хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажил хйилгээгүй, тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байгууллага дээр очиж ямар нэгэн тушаал шийдвэр гарсан бол түүнийгээ авья, гараагүй бол ажлаа хийе гэж удаа дараа шаардсан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй. Сүүлд энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр тус компанийн нягтлан, хуулийн зөвлөх нартай уулзсан. Гэтэл хариуцагч компанийн зүгээс 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр надад ажлаас чөлөөлөх тухай А/27 тоот тушаал гарсан болохыг танилцуулж, гардуулж өгсөн. Энэхүү тушаал нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэсэн огноотой байсан бөгөөд ажил олгогч байгууллага ямар нэгэн үндэслэл баримтгүйгээр ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр намайг ажил хийлгэхгүй байсан, хожим нь ийм тушаал үйлдэж надад гардуулж өгсөн.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг үндэслэл болгон шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул БЭЭ ХХК-д үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч БЭЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх шүүхэд гаргасан тайлбартаа: Л.О нь зарын дагуу манай байгууллагад ярилцлаганд орж, үл хөдлөх эд хөрөнгийн менежерийн ажилд гэрээ байгуулан ажилд орсон. Манай компанийн чиг үүрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зуучлалын үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ чиг үүргийг үл хөдлөх эд хөрөнгийн менежер Л.О гүйцэтгэдэг байсан. Тухайн үед энэ ажлын байранд Л.О, Б.Наранмандах нар ажиллаж байсан. Манай байгууллагын төв байр 13 дугаар хороололд байдаг, харин Л.О нь Мишээл барилгын их дэлгүүрт байрлах орон сууцны бирж, орон сууцны сууцны зориулалттай манай байгууллагын салбар байранд ажилладаг байсан. Л.Огийн гол хийж гүйцэтгэх ёстой ажил нь гэрээ байгуулсан байгууллагын орон сууцыг сонирхсон этгээдэд зуучилж, худалдан борлуулах ажил хийдэг байсан.

Хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг багаар тооцохоор харилцан тохиролцсон. Учир нь ажилтан нь орон сууцыг худалдсан тохиолдолд зуучлалын шимтгэлээс тодорхой хувийг авдаг байсан. Тухайлбал 100 000 000 төгрөгийн орон сууц худалдсан тохиолдолд тухайн орон сууцны үнийн дүнгийн 2 хувийг /2 000 000 төгрөг/ зуучлалын хөлсөнд тооцож авдаг. Үүнээс ажилтан нь 50 хувь буюу 1 000 000 төгрөгийг авдаг байсан. Л.О нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа нэг ч байр худалдан борлуулаагүй. Гэхдээ худалдан борлуулах гэж нэлээн идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан учраас компаний зүгээс дэмжин ажилласан.

Л.О нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн жирэмсэн болсон, мөн ар гэрийн шалтгаанаар гэх үндэслэлээр ажлаасаа байнга чөлөө авдаг байсан. Чөлөө авахаар хүссэн үед нь компанийн зүгээс чөлөөг олгодог байсан. 2016 оны 11 сарын сүүлээр нэхэмжлэгч нь жирэмсэн болсон учраас байнга өдрийн 8 цагаар ажиллах боломжгүй гэдгээ хэлж, өөр байдлаар буюу гэрээт нөхцөлөөр ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн учраас бид харилцан ярилцаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжгүй бол компанийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулахаар ярилцаж байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Л.О нь ажиллах боломжгүй болсон гэж ажлаас гарах өргөдлөө өөрийн гараар бичиж өгсөн. Тус өргөдөлдөө ... би 12 сард хэд хоног ажилласан. Тэр өдрүүдийн цалинг бодож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээд өгнө үү гэж бичсэн.

2016 оны 12 сарын цалин 2017 оны 01 сард бодогдсон. Нэхэмжлэгч нь 12 сард бүрэн ажиллаагүй учраас цалинг нь бодоогүй. Харин ажлаас нь дарамт шахалт үзүүлж, чөлөөлсөн зүйл байхгүй. Ажилчиддаа ажлаа сайн хий гэх зэрэг шаардлагыг компанийн удирдлагуудаас тавьсан. Энэ нөхцөл байдал нь дарамттай санагдаж, ажлаасаа гарах байдалд хүргэсэн байж магадгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Огийн БЭЭ ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогч нь ажилтан миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн. Намайг тус байгууллагын дарга дуудаж, ажлаа хүлээлгэж өгөөд гар, өөрийн хүсэлтээр гарна гэж бичиж өг, мөн хуулийн зөвлөх Г.Төмөрсүхтэй уулз гэж хэлсэн. Г.Төмөрсүхтэй уулзахад өөрийн хүсэлтээр гэж бичвэл нэг сарын цалин чамд олдоно, бичихгүй бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдвал танд юу ч олдохгүй гэсэн. Ингээд би өөрөө хүсээгүй боловч эмнэлэгт хүүхдээ үзүүлэх, жирэмсний хяналтанд ороход чөлөө дахин олгохгүй гэсэн тул аргагүйн эрхэнд өргөдлөө бичсэн.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.3, 80 дугаар зүйлийн 80.1, 80.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн үйл баримтууд тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч төлөөлөгчийн асуултад хариуцагчийн төлөөлөгч Г.Төмөрсүх хариулахдаа “... Л.Огийн хүүхэд нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн, мөн өөрөө жирэмсэн болсон гэдгийг байгууллага мэдэж байсан, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэдээ хэлж байсан, Л.О өөрөө тушаалаа авья гэж хэлдэггүй байсан учраас ажлаас халсан тушаалыг нь өгөөгүй, хожим өгсөн нь үнэн, мөн сүүлийн 12 сарын цалинг Л.Од бодож олгоод дэвтрийг нь бөглөж өгөхийг нягтланд хэлсэн боловч нягтлан биелүүлээгүй” гэснээс харахад Хөдөлмөрийн тухай хуулийн үүрэг болгосон заалтуудыг биелүүлээгүй, түүнчлэн хориглосон заалтуудыг ноцтой зөрчсөн үйл баримтууд тогтоогдсон гэж үзэж байна.

Ажил олгогч тушаал, шийдвэр гаргасан бол өөрт нь танилцуулах, гардуулах үүргээ биелүүлээгүйн улмаас би Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлын тэтгэмжээ авч чадаагүй. Иймд байгууллага тушаалаа гаргаж өгөөгүй тул халагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор харьяа Нийгмийн даатгалын газарт хандах боломжгүй болж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах гэхэд даатгал төлсөн сарын тоо нэгээр дутаж, тэтгэмжээ авч чадахгүй хохирсоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч БЭЭ ХХК-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч БЭЭ ХХК-ийн дэд захирлын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/27 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.11-д заасныг баримтлан Л.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэл болгосон байна. /хх-16 дугаар тал/

Ажилтан Л.О нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ “өөрийн хүсэл зориг байгаагүй, хариуцагчаас дарамт шахалт үзүүлсэн” гэж тайлбарлан, гэрчээс мэдүүлэг авахуулсан боловч гэрч Б.Нармандах, Н.Пүрэвдорж, Ч.Сарнай нарын мэдүүлгээр дээрх үйл баримт нотлогдоогүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм. Мөн хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь ажил олгогч компанидаа “ар гэрийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөх, мөн 12 сард ажилласан өдрийн цалин хөлсийг тооцон, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх хүсэлт”-ийг гаргасныг хүлээн авч, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу Л.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч тал, хариуцагч БЭЭ ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчиж ажилтан жирэмсэн гэдгийг мэдсээр байж ажлаас халсан гэж буруутгах боловч хуулийн уг заалт нь нэг талын санаачилгаар буюу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тохиолдолд хориглох хязгаарлалтыг зохицуулж өгсөн учир энэ маргаанд хамааралгүй юм.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Л.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ         

 ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                                     Ч.ЦЭНД