Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2417

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЙС85031321 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, их тойруу 62 дугаар байр, 36 тоотод оршин суух Боржигин Лхагвасүрэнгийн Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 6030548 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, өөрийн байранд байрлах “Барилга Эм Эн” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх, гэрч Б.Нармандах, Н.Пүрэвдорж, Ч.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                  

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Отгонсүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс “Барилга Эм Эн” ХХК-нд үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын сүүлээс хүүхэд өвдөж эмнэлэгт хэвтээд, залгуулаад би өөрөө жирэмсэн байсан тул эмчийн хяналтад орох, шинжилгээ өгөх, оношилгоо хийлгэх гэээд 12 дугаар сарын дунд хүртэл ажлаа алдаг оног хийсэн, энэ хугацаанд ажил олгогчоос чөлөө олгооч гэж амаар хүсэлт гаргахад чөлөө өгөхгүй, ажлаа хийж чадахгүй бол гар гэж намайг шахаж шаардаад байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн намайг ажил хйилгээгүй, тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байгууллага дээр очиж ямар нэгэн тушаал шийдвэр гарсан бол түүнийгээ авья, гараагүй бол ажлаа хийе гэж удаа дараа шаардсан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй. Хамгийн сүүлд энэ асуудлаа шийдвэрлүүлье гэж 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нөхөр Пүрэвдорж, найз Сарнай нарын хамт байгууллагын үүдийг бүтэн 4 өдөр сахиж захирал, нягтлан, хуулийн зөвлөхтэй уулзсан. Гэтэл намайг хэл ам хийгээд байсан тул 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр надад ажлаас чөлөөлөх тухай А/27 тоот тушаал гарсан болохыг надад танилцуулж өгсөн. Гэтэл энэ тушаал нь 2017 оны 12 дугаар сарын 27 гэсэн огноотой байх бөгөөд ажил олгогч байгууллага ямар нэгэн үндэслэл баримтгүйгээр ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр намайг ажил хийлгэхгүй байсан, хожим ийм тушаал надад хийж өгсөн байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг үндэслэл болгон шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул “Барилга Эм Эн” ХХК-нд үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

           

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Отгонсүрэн нь зарын дагуу манай байгууллага дээр ярилцлагад орж, үл хөдлөх эд хөрөнгийн менежерийн ажилд гэрээ байгуулан ажилд орсон. Манай компани нэг чиг үүрэг нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиг үүргийг үл хөдлөх эд хөрөнгийн менежер буюу Л.Отгонсүрэн гүйцэтгэдэг байсан. Тухайн үед энэ ажлын байранд Л.Отгонсүрэн, Б.Наранмандах нар ажиллаж байсан. Манай байгууллагын төв байр 13-р хороололд байдаг. Харин Л.Отгонсүрэн нь Мишээл барилгын их дэлгүүрт байрлах орон сууцны бирж, орон сууцны сууцны зориулалттай манай байгууллагын салбар байранд ажилладаг байсан. Л.Отгонсүрэнгийн гол хийж гүйцэтгэх ёстой ажил нь гэрээ байгуулсан байгууллагын орон сууцыг сонирхсон этгээдэд зуучилж, худалдан борлуулах ажил хийдэг байсан. Хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг багаар тооцохоор харилцан тохиролцсон. Учир нь ажилтан нь орон сууц зарсан тохиолдолд зуучлалын шимтгэлээс тодорхой хувийг авдаг байсан. Тухайлбал 100,000,000 төгрөгийн орон сууц зарлаа гэхэд манай байгууллага тухайн орон сууцны үнийн дүнгийн 2 хувийг /2,000,000 төгрөг/ зуучлалын хөлсөнд тооцож авдаг. Үүнээс ажилтан нь 50 хувь буюу 1,000,000 төгрөгийг авдаг байсан. Л.Отгонсүрэн нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа нэг ч байр зараагүй. Гэхдээ худалдан борлуулах гэж нэлээн идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан учраас компаний зүгээс дэмжин ажиллаж байсан. Л.Отгонсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 03-наас жирэмсэн болсон мөн ар гэрийн шалтгаанаар ажлаас чөлөө авдаг байсан. Чөлөө авахаар хүссэн үед нь компанийн зүгээс чөлөөг олгодог байсан. 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр нэхэмжлэгч нь жирэмсэн болсон учраас байнга өдрийн 8 цагаар ажиллах боломжгүй байна гэдгээ хэлж, өөр байдлаар буюу гэрээт нөхцөлөөр ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлдэг байсан учраас бид 2 харилцан ярилцаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжгүй юм бол компаний зүгээс ажиллуулах сонирхолтой байсан учраас хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажиллах талаар ярилцаж байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажиллах боломжгүй болсон гэж ажлаас гарах өргөдлөө бичиж өгсөн байдаг. Тус өргөдөлдөө “ ... би 12 дугаар сард хэд хоног ажилласан байдаг. Тэр өдрүүдийн цалинг бодож, нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийгээд өгөөрэй.” гэж бичсэн байдаг. 2016 оны 12 дугаар сарын цалин 2017 оны 01 дүгээр сард бодогдсон байдаг. Л.Отгонсүрэнгийн 12 сард ажилласан хугацааны цалинг бодож өгөөрэй гэж би нягтланд хэлсэн. 12 сард бүрэн ажиллаагүй учраас цалинг нь бодоогүй асуудал гарсан юм шиг байна лээ. Харин ажлаас нь дарамт шахалт үзүүлж, чөлөөлсөн зүйл байхгүй. Ажилчиддаа ажлаа сайн хий гэх зэрэг шаардлагыг компаний удирдлагуудаас тавьж байсан. Энэ нөхцөл байдал нь дарамттай санагдаж, ажлаасаа гарах байдалд хүргэсэн байж магадгүй. Өөрөө ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гаръя гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Отгонсүрэн нь хариуцагч “Барилга Эм Эн” ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч “Барилга Эм Эн” ХХК нь нэхэмжлэгч Л.Отгонсүрэнг хууль бусаар ажлаас чөлөөлөөгүй, түүний хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж мэтгэлцэж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “Барилга Эм Эн” ХХК-ийн дэд захирлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг ажил олгогчоос 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан байна.

Ажил олгогч “Барилга Эм Эн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/33 дугаар тушаалаар ажилтан Л.Отгонсүрэнг тус байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийн менежер албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь ажил горилогчийн анкет, үл хөдлөх эд хөрөнгийн менежерийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилтаны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 6-9, 24, 28-32 дугаар тал/

“Барилга Эм ЭнТэгш дүүрэн хүслэн” ХХК-ийн дэд захирлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Л.Отгонсүрэнг  үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Уг тушаалын огноо техникийн алдаатай гарсан талаар хариуцагч тайлбарласан бөгөөд уг тайлбарыг нэхэмжлэгч няцааж, мэтгэлцээгүй болно.

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “ажилтан санаачилсан” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Л.Отгонсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогч “Барилга Эм Эн” ХХК-ийн удирдлагад хандаж, ар гэрийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд уг  хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гаргаагүй, ажил олгогч “Барилга Эм Эн” ХХК-ийн дарамт, шахалтаас шалтгаалж гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж тайлбарлаж байна./.х.х-ийн 16 дугаар тал/

Шүүх хуралдаанд гэрч Б.Нармандах “... хүүхэд нь байнга өвдөж байсан учраас байнга чөлөө авахад хэцүү байна, ажилд орсон цагаасаа хойш борлуулалт хийгээгүй учраас шантарч найз нь ажлаасаа гардаг юм билүү хэсэг хөдөө явъя гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Н.Пүрэвдорж “...манай эхнэр ажилд ороод удаагүй байхад хүүхэд маань өвдөөд ажлаасаа чөлөө хүсэхэд ажлаас нь чөлөө өгөхгүй байсан, гэрээрээ ажлаа хийж байсан, гэтэл гэнэт нэг өдөр ажлаас гаргах өргөдлөө өгчихлөө гээд их бухимдалтай орж ирсэн. Ажил олгогчийн зүгээс ер нь их дарамттай, чөлөө өгөхгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Сарнай “...2016 оны сүүлээр намайг утсаар ярихад 2 хүүхэдтэй, жирэмсэн тонус өгөөд, ажлаас чөлөө авах гэхээр чөлөө өгөхгүй хэцүү байгаа талаар” ярьж байсан гэж тус тус мэдүүлэг, зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн ажил олгогчид хандан гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулга зэргийг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, ажилтан Н.Дэлгэрмөрөнгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий хүсэлтийн учир шалтгааныг зохигчдын тайлбараас гадна хэрэгт авагдсан бусад нотлогооны хэрэгсэлтэй шүүх харьцуулан дүгнэхэд уг хүсэлтийг гаргахад ажил олгогч “Барилга Эм Эн” ХХК-ийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг өөрийн сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ажил олгогчийн зүгээс шахаж шаардсан, дарамталсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Ажил олгогч “Барилга Эм Эн” ХХК нь ажилтан Н.Дэлгэрмөрөнг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг гаргахдаа жирэмсэн байсан үйл баримтын талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж зохицуулсан нь жирэмсэн болон хуульд заасан бусад үндэслэл бүрдсэн тохиолдолд ажилтаны эрхийг хамгаалах агуулагаар тайлбарлагдана.

Тодруулбал, хуульд заасан дээрх үндэслэл бүрдсэн тохиолдолд ажил олгогчийг ажлаас чөлөөлөх үйлдэл хийхийг тодорхой хэмжээгээр хягаарлаж хориглосон зохицуулалт хэдий боловч нөгөө талаар ажилтаны зүгээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлэхэд саад болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч Л.Отгонсүрэнгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай хариуцагч “Барилга Эм Эн” ХХК-нд холбогдох гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон,

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Отгонсүрэнгийн “Барилга Эм Эн” ХХК-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Отгонсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ЭНХЖАРГАЛ