Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 114

 

П.Хишигбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Хишигбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Хишигбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Хишигбаяр нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын орон тооны зөвлөх буюу хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад орон тоог нь хассан учир Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-208 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас халагдсан. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.3 болон хамтын гэрээний заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэвч хөдөлмөрийн гэрээг цуцлах гол үндэслэл болох хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэл байхгүй байгаа юм. Хуулийн зөвлөх гэсэн орон тоог хассан гэж байгаа боловч нэрийг нь өөрчлөн зөвлөх гэсэн орон тоо байхаар шийдвэрлэсэн. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын А67 тоот тушаал дээр замын даргын алба түүний 5 дахь заалтад замын даргын зөвлөх гэсэн орон тоо байна. Энэ тушаал нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Үүний дараа 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 70 тоот тушаалаар П.Хишигбаярыг Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын хуулийн зөвлөхөөр ажилд авсан. П.Хишигбаяр зөвлөх гэсэн орон тоонд ажилд орсон ба А67 тоот тушаалаар ямар нэг өөрчлөлт ороогүй. Тиймээс П.Хишигбаярын орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэлгүй. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлд ерөнхий хорооны эрх хэмжээний талаар тусгасан ба 17з-д ажилчдад олгох хөдөлмөрийн хөлсний системийг тогтоох ба орон тооны жагсаалт, албан тушаалын цалинг батлана гэсэн байгаа. 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий хороо хуралдаад 04 тоот хурлын тэмдэглэлийн 16 дугаар зүйлд орон тооны жагсаалт батлах эрх хэмжээг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргад олгосон. Моц 04 тоот хурлын тэмдэглэлийн 16 дугаар зүйлд дотоод бүтэц, салбар нэгжийг байгуулах татах буулгахтай холбоотой шийдвэр гаргахыг замын даргад зөвшөөрсөн. Иймд замын даргын эрх хэмжээний хүрээнд А67 тоот тушаал гарсан. Замын дарга хуулийн зөвлөх гэсэн орон тоог шинээр бий болгосон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Ажилд авах болохоор орон тоо бий болгоод, хална гэхээр хасна гэсэн үг биш байх. Иймд П.Хишигбаярыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаар тушаалыг гаргахдаа тус нийгэмлэгийн ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр протоколын 10.6 дахь заалтыг үндэслэж гаргасан. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-208 тушаалаар П.Хишигбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн А, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монголын төмөр замчдын Үйлдвэрчдийн эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14, Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны А-257 тоот тушаалыг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын гаргасан дээрх тушаал нь хууль хэрэглээний болон процессийн ямар нэгэн алдаагүй. Замын дарга өөрт олгосон эрхийнхээ хүрээнд П.Хишигбаяртай 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Захиргаа удирдлагын албаны орон тоонд нэмэлт, өөрчлөлт хийж Замын даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ямар нэгэн үр ашиг гараагүй, УБТЗ-ын ажлын цаг 08.00-17.00 хүртэл байдаг. П.Хишигбаяр нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт бодит байдлаар ажиллаагүй, ажилдаа ирдэггүй, ирсэн ч өглөөний 10.00 цагаас хойш ирдэг. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт хууль зүйн алба гэсэн мэргэшсэн алба ажилладаг тул ийм орон тоо шаардлагагүй гэж үзсэн. Замын даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо шаардлагагүй гэж үзсэн тул хуулийн зөвлөхийн орон тоог хассан. Орон тоо хасагдсан, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №90/288 албан бичгээр П.Хишигбаярт мэдэгдэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн. П.Хишигбаяр уг мэдэгдлийг биечлэн хүлээн авч гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажилтан нь ажил хүлээлгэн өгөх гэж заасан. П.Хишигбаяр нь УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлцэх, хүлээлгэн өгөх, ажил хийсэн тухай тайлан байхгүй. Ажил дээрээ ирсэн харагддаггүй. Түүний хийсэн ажлын тайлан үр дүн хэнд ч байхгүй. Өнөөдрийн байдлаар төмөр замын даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо байхгүй. Зөвлөх гэсэн орон тоо нэмсэн боловч энэ нь өмнөх замын дарга дараагийн замын даргын зөвлөхөөр ажилладаг. Учир нь өмнөх даргын гаргаж байсан бодлого шийдвэрүүдийг холбох, ажлын уялдаатай байх үүднээс дараагийн замын даргын зөвлөхөөр ажилладаг. Зөвлөх гэсэн орон тоо нэмсэн болохоос хуулийн зөвлөх гэж нэмээгүй. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр орон тоо нэмэх тушаал, 8 дугаар сарын 16-ны өдөр орон тоо хасах тухай тушаал гарч тухайн өдрөө П.Хишигбаярт тушаалыг мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн байдаг. Иймд П.Хишигбаярын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Хишигбаярыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтээс биелэгдсэн гэсэн үндэслэлээр татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Тус шүүхийн шийдвэр нь хууль зүйн болон бодит байдлын ямар ч үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагатай нийцэхгүй байгаа бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн мэтгэлцээний үед шүүхэд мэдүүлсэн хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр, хариуцагчийн хэлсэн үгийг зөрүүлж бичиж хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг илтэд хохироосон бодит байдлаас зөрчилтэй гаргасанд гомдолтой байна. Үүнд:

1. “УБТЗ” ХНН-ийн дарга нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-208 дугаар тушаалыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан болно. Үндэслэл нь:

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 8-д Нийгэмлэгийн удирдах байгууллагууд: б/ Ерөнхий хороо, Дүрмийн 17 дугаар зүйлд Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурдсан үүргүүдийг биелүүлнэ. Үүнд: з/-д Ажилчдад олгох хөдөлмөрийн хөлсний системийг тогтоох ба орон тооны жагсаалт, албан тушаалын цалинг батална гэж тус тус заасан.

“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын №4 тэмдэглэлийн 10 дугаар асуудлыг хэлэлцсэн шийдвэрээрээ Ерөнхий хороо нь дүрмийн 17 дугаар зүйлийн з/-д заасан эрх, үүргээ Замын даргад шилжүүлсэн. Энэхүү шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Замын дарга нь олгогдсон эрхийнхээ хүрээнд өөртөө зориулж, орон тоо нэмэх, хасах эрхийг эдэлдэг.

2. “УБТЗ” ХНН нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Замын даргын Б-1-70 тушаалаар П.Хишигбаярыг УБТЗ-ын даргын хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар ажилд авсан. П.Хишигбаярыг Замын даргын хуулийн зөвлөхөөр ажиллуулахаас өмнө “УБТЗ” ХНН-ийн Захиргаа удирдлагын албанд “Замын даргын хуулийн зөвлөх” гэсэн орон тоо байгаагүй ба 2016 оны орон тооны бүтцийн төлөвлөгөөнд “Замын даргын хуулийн зөвлөх” гэсэн орон тоо багтаагүй байсан юм. Харин Замын дарга өөрийн ажлын албаны хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 23-нд “Замын даргын хуулийн зөвлөх” гэсэн орон тоог нэмж П.Хишигбаярыг авсан ба тэрбээр хүлээн зөвшөөрч “УБТЗ” ХНН-т Замын даргын хуулийн зөвлөхөөр ажилд авсан.

Удирдах газрын 2016 оны үндсэн орон тоог хавсралтаар баталж, хавсралтын 4-т зөвлөх, 5-д замын даргын зөвлөх гэсэн орон тоо батлагдсан байдаг. “УБТЗ” ХНН-ийн “Зөвлөх” гэсэн орон тоонд Төмөр замын мэргэжлийн хүнийг авч ажиллуулдаг ба өмнөх Замын даргын гаргаж байсан бодлого шийдвэрүүдийг холбох, ажлын уялдаатай байх үүднээс ажилладаг орон тоо юм. “Замын даргын зөвлөх” нь мөн адил төмөр замын мэргэжлийн хүн байх ба Замын дарга гадны байгууллагатай харилцахад эдийн засаг, улс төр, нийгмийн асуудлыг шийдэврлэх уялдаа холбоог холбож өгдөг орон тооны түр ажилтан байдаг юм. Эдгээр орон тоо нь УБТЗ-ын үндсэн орон тоо юм. Харин “Замын даргын хуулийн зөвлөх” гэдэг орон тоо нь үндсэн орон тоо биш бөгөөд Замын даргад өөрт нь нэмж, хасах эрх нь байдаг тул өөрийн бүрэн эрхийн хүрээнд авч ажиллуулаад л халсан.

“УБТЗ” ХНН-ийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А-257 тушаалаар Замын даргын хуулийн зөвлөхийн орон тоог хасч, П.Хишигбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн 22 дугаар зүйлийн “а” заалт, Монголын төмөр замчдын Үйлдвэрчдийн эвлэлийн холбооны 2016-2017 оны Хамтын гэрээний 3.14 дэх заалт, УБТЗ-ын даргын 2016 оны А-257 тоот тушаалыг үндэслэн цуцалсан билээ.

3. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нөхцөлүүдийг талууд хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй ажилтанг авч ажилласан буруутай, ажил олгогч энэ эрхээ хэрэгжүүлээгүй хэмээн үзжээ.

П.Хишигбаяр нь хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба талууд энэ асуудлаар шүүхэд гаргаагүй.

Анхан шатны шүүх хуралдаанд П.Хишигбаяр нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж гэж, Замын даргын хуулийн зөвлөхийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэгчийн эрхтэйгээр оролцох ёсгүй ба шүүгч болон зохигч нарын хооронд мэтгэлцээн үүсэх ёсгүй юм. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал болон хариуцагч талын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ажил олгогч хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгөөгүй, ажил олгогч хөдөлмөрлөх эрхийг хангаагүй гэх зэрэг асуудлаар маргаагүй, мэтгэлцээнд энэ талаар нэг үг цухуйлгаагүй, хөдөлмөрийн гэрээ нь маргааны зүйл биш байхад шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын 2016-2017 оны хамтын гэрээний 3.6-д “Батлагдсан орон тоонд мэргэжлийн бус ажилтанг шинээр авч ажиллуулсан тохиолдолд 3 сараас илүүгүй хугацаанд дагалдангаар ажиллуулах гэрээ байгуулна” гэсэн заалт байгаа юм. Гэтэл шүүх ажил олгогчийг хамтын гэрээний энэхүү заалтыг зөрчсөн гэж үзэж шийдвэрт тусгасан байна.

Хамтын гэрээний 3.6 дах заалтыг П.Хишигбаярт хэрэглэх заалт биш юм. “УБТЗ” ХНН нь П.Хишигбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хамтын гэрээний 3.14-т зааснаар түүнд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг нэг бүрчлэн заасан бөгөөд Хамтын гэрээнд Хөдөлмөрийн гэрээ байгуулах болон хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцааг зохицуулдаггүй. Гэтэл хамтын гэрээний 3.6 дахь заалтыг шүүхийн шийдвэрт хэрэглэж, хууль хэрэглээний, энгийн түвшний ноцтой алдаа гаргасан байна.

Ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хууль болон удирдах газрын дотоод журмыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт үйлчилдэг. П.Хишигбаяр нь хуулийн зөвлөхийн орон тоонд томилогдсноос хойш ажлын үр дүн гараагүй, хийсэн ажлын тайлан байхгүй тул тухайн орон тоог бий болгоод эргэн хассан юм.

4. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын шаардсан бүх нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтад: Орон тоо хасах тухай А-257 тушаал, Удирдах газрын тооны штат /хуулийн зөвлөх нэмсэн/, Захиргаа удирдлагын албаны орон тооны штат /Хуулийн зөвлөх хассан/, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б-1-208 тушаал зэргийг хэрэгт хавсаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтын хуулийн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн шүүхээс үнэлж байгаа талаар тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай болоход нөлөөлсөн байна. Иймээс ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач олбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй тус тус нийцэхгүй болсон.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч П.Хишигбаяр нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “хууль зүйн албатай тул хуулийн зөвлөхийн орон тоо шаардлагагүй гэж үзэн Замын даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон тоо хасах тушаал гарч П.Хишигбаярт мэдэгдэх хуудсаар мэдэгдэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б-I-70 тоот тушаалын дагуу нэхэмжлэгч П.Хишигбаяр нь Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар маргаагүй байна. Улмаар түүнийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-I-208 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны Хамтын гэрээний 3.14 дэх заалт, Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны А/257 тоот тушаалыг үндэслэн Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь талуудын тайлбар, тушаалуудаар тогтоогдож байна. /хэргийн 5, 21 дүгээр тал/

 

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 17 з-д Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд ажилчдад олгох хөдөлмөрийн хөлсний системийг тогтоох ба орон тооны жагсаалт, албан тушаалын цалинг батлах эрх хэмжээтэй байх ба уг байгууллагын зохион байгуулалт, бүтцэд өөрчлөлт оруулах зарим эрхийг Улаанбаатар төмөр замын даргад шилжүүлэхээр Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлээр зөвшөөрсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

/хэргийн 5, 57 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийг ажилд авахаас өмнө хариуцагч байгууллагын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Удирдах газрын орон тоо батлах тухай” А-67 тоот тушаалын хавсралтаар Захиргаа удирдлагын албанд Зөвлөх, Замын даргын зөвлөх гэсэн орон тоо тус бүр 1 байхаар батлагдсан байх боловч даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоогүй байна.

 

Харин нэхэмжлэгчийг даргын хуулийн зөвлөхийн албан тушаалд авсан 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б-I-70 тоот тушаалыг үндэслэн удирдах газарт хуулийн зөвлөхийн орон тоо 1 байхаар баталж, мөн оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А-257 тоот тушаалаар тус орон тоог хассан гэх боловч, ямар үндэслэлээр тус орон тоог бий болгож, улмаар хассан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ тус орон тоо нэмсэн хассан гэх тушаалын хавсралтад хуулийн зөвлөх гэж орон тоог баталснаас бус даргын хуулийн зөвлөх гэж тусдаа орон тоог батлаагүй байна.

/хэргийн 23, 24, 25, 47-49 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгуулага нь нэхэмжлэгчийг ажилд авах үед хууль зүйн албагүй байгаад дараа нь хууль зүйн албатай болсноор даргын хуулийн зөвлөхийн албан тушаалыг хассан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгчийг ажилд авч талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэхээс өмнө даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо байгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй тул шүүх нэхэмжллэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                             ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

 

                                                            С.ЭНХТӨР