Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00152/и |
Дугаар | 142/ШШ2016/01491 |
Огноо | 2016-12-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2016/01491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-11-32 тоотод оршин суух, Намхай овогтой Сарантуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг.Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, “Металл индустриал” ХХК-нд холбогдох 56 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “Металл индустриал” ХХК-ийн “хэлцэл хүчин төгөлдөр бусд” тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намхайн Сарантуяа миний бие 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-9-1 тоотод оршин суудаг “Металл индустриал” ХХК-ий захирал Д.Нансалмаатай “бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулан нэг бүр нь 280 000 төгрөгөөр үнэлэгдэх 200 ширхэг буюу нийт 56 000 000 төгрөгний DTS3 380 вольтын тоолуурыг урьдчилгаагүй, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг хүлээн авахаар тохирч худалдсан юм. Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцоод аль аль талынх нь хүсэл зориг хэрэгцээ шаардлагын дагуу хийсэн, тухайн үед худалдан авагчид хэрэгцээ байсны улмаас хийсэн байтал, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа өнгөрөөд байхад худалдан авагч талаас төлбөрөө хийхгүй удаа дараа шаардуулж, шаардлага гаргахаар тухайн төлбөрийг хийхээс татгалзаж, элдэв шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-нд талуудын үүрэг, төлбөр төлөх нөхцөл, хугацаа гэх мэт нөхцөл шаардлагуудыг тодорхой тусгасан байгаа. Иймд миний нэхэмжилж байгаа 56 000 000/ тавин зургаан сая/ төгрөгийг “Металл индустриал” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Н.Сарантуяа миний бие 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-9-1 тоотод оршин суудаг “Металл индустриал” ХХК-ийн захирал Нансалмаатай “бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэг бүр нь 280 000 төгрөгөөр үнэлэгдэх 200 ширхэг буюу нийт 56 000 000 төгрөгийн DTS3 380 вольтын тоолуурыг урьдчилгаагүй, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг хүлээн авахаар тохирч худалдсан юм. Гэрээ байгуулснаас хойш 200 ширхэг тоолуураа тухайн компанийн нярав Б.Отгонбаярт хүлээлгэн өгөөд хүлээлгэн өгсөн тухай баримт авахаар Д.Нансалмаатай ярих гэсэн боловч огт утсаа авахгүй байсан, мөн нярав Б.Отгонбаяраас баримт авахаар бараа хүлээлгэн өгснөөс хойш залгахад “би амарчихсан байна, хотод, Хөвсгөлд явж байна, намайг ажилдаа орохоор баримтаа аваарай” гэдэг байснаа сүүлдээ мөн утсаа авахаа больсон. Тэгээд гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дуусмагц төлбөрийг тус компаниас шаардахад тус компанийн захирал Д.Нансалмаа элдэв шалтаг тоочоод “тоолуураа буцааж аваарай” гэсэн утгатай зүйл яриад төлбөрөө төлөхөөс татгалзсан юм. Үүнээс хойш Д.Нансалмаагийн утас руу олон удаа залгахад нэг ч удаа авч яриагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан болохоор аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Нансалмаа нь надаас гаргасан нэхэмжлэл шүүхэд очсоноос хойш нэхэмжлэлийг авахгүй маш их цаг хугацаа алдагдуулж, мөн хариу тайлбартаа П.Алтанхуягтай намайг хамтран өөрийг нь залилсан гээд, тоолуур худалдан авахад гэрээ хэрэгтэй байна гэж ойлгуулж гэрээ хийсэн мэтээр тайлбарлаад удаа дараагийн шүүх хуралдаанд ямар нэгэн шалтгаан олж, тоочиж шүүхийн хэрэг шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулах арга хэрэглэн улмаар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сөрөг нэхэмжлэл шүүх хуралдаан дээр гаргасан юм. Энэхүү сөрөг нэхэмжлэлд дурьдаж байгаа зүйлүүд нь оргүй худал зүйл бөгөөд анхнаасаа Д.Нансалмаа нь гэрээг бичгээр байгуулахаас өмнө амаараа “би чиний тоолуурыг худалдан аваад төлбөрийг нь хэсэгчлэн төлөхгүй ээ, ерөөсөө бөөнөөр нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлчихье, болох уу” гэхэд нь би “болно оо” гээд гэрээндээ энэ хугацааг болоод тоолуурын үнийг 2 талын хүсэл зоригийн дагуу тусгасан юм. Гэрээ байгуулсан өдар буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.Нансалмаа нь гэрээсээ хүрч ирэхдээ “Металл индустриал” ХХК-ийнхаа тамгыг гэрээг байгуулж баталгаажуулахаар өөрийн биедээ авч ирсэн нь бид энэ гэрээний үнэ болоод төлбөр төлөх нөхцлийг урьдчилаад ойлголцчихсон байсныг харуулж байгаа юм. Ийм учраас би “Металл индустриал” ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн хүссэний дагуу өөрөөсөө зардал гарган өөрийн хөрөнгөөр 200 ширхэг буюу нийт 56 000 000 төгрөгийн Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, чанарын шаардлагыг хангасан DTS3 380 вольтын тоолуурыг тухайн компанид хүлээлгэн өгсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учраас сөрөг нэхэмжлэлд дурьдсанаар буцаан авах ямар ч боломжгүй гэдгээ илэрхийлж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Нансалмаа нь “Металл индустриал” ХХК-ийн захирлын ажил хашдаг. Манай компани нь ЭБЦТСүлжээ ТӨХК-д эрчим хүчний өртэй. Манай компаний цахилгааны байцаагч хийж байсан Алтанхуяг нь 2015 оны 09 дүгээр сард над руу удаа дараа утсаар залгаж, “Танай компани сүлжээнд өртэй юм байна, би судлаж мэдлээ, цахилгааны өрөө барагдуулах нэг арга байна. Надад цахилгаан тоолуур их хэмжээгээр байгаа, өрөндөө тоолуур сүлжээнд нийлүүлээд надад та мөнгөтэй болохоороо тооцоо хийгээрэй. Урд нь би танай компанитай хамтарч нэг удаа тоолуур нийлүүлж байсан юмаа” гэж над руу ярьснаар, дараа нь нэг удаа бид хоёр Эрдэнэт хотод Сэлэнгэ ресторанд 10 минут орчим уулзаж суусан. Алтанхиуяг нь Улаанбаатар хотод ирсэн байна гэж удаа дараа утсаар залгаж, гэрийн гадаа хүртэл ирсэн байна уулзая гэж дуудаж байсан. Би гэрт уулзахгүй ойроор нь Скай дэлгүүрийн кофены газарт уулзахаар цаг товлон очиход, зүс танихгүй эмэгтэй дагуулан ирээд, миний тоолуур авах хүн байгаа юм гээд тоолуур авахад гэрээ хэрэгтэй байна. /энэ гэрээ үзүүлэхэд хэрэг болоод байна 1 тоолуураа 280 000 төгрөг/ гэж ойлгуулсан. Хамт сууж байх үедээ Алтанхуяг бие засаад ирье гэж гараад над руу та тамга дарсан дээр гэсэн мессеж бичсэн.
Тоолуураа ЭБЦТС ТӨХК-д нийлүүлэхээр зохих мэргэжилтэнгүүдтэй уулзаж, тоолуураа үзүүлэхэд 1 ширхэгийн үнийг 140 000 төгрөгөөр авах боломжтой гэсэн тул Алтанхуяг руу ярихад тоолуурыг 140 000 төгрөгөөр өгөхгүй гэсэн учир тоолуурыг буцааж авахыг санал болгоод орхисон. Өнөөдрийг хүртэл тоолуураа аваагүй байна. Миний бодлоор Алтанхуяг, Сарантуяа 2 харилцан тохирч, худлаа гэрээ хийн надаар зуруулж, намайг залилахаар оролдсон гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан эрхийн дагуу Н.Сарантуяагийн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие нь 2015-10-07-ны өдрийн “бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг” Н.Сарантуяатай байгуулахдаа уг гэрээний зүйл болох 20 ширхэг тоолуурыг өөртөө худалдан авах хүсэлт зориг огт байгаагүй. Надад тоолуур авах, түүнийг хэрэглэх ямар ч шаардлага байхгүй тул гэрээ хийх ямар ч шаардлагагүй байсан.
Харин манай компанийн цахилгааны байцаагч байсан Алтанхуяг нь удаа дараа залгаж, танай компани ЦШС-д өртэй юм байна, энэ өрөнд чинь тоолуур өгч оронд нь та надад мөнгөтэй болохоороо мөнгийг цувуулж өгөх боломж байна гэж утсаар ярьсан. Дараа нь энэ тухай уулзаж, энэ талаараа ярьж, надаас тус болохыг гуйсан хэдэн жилийн өмнө Алтанхуяг нь манай компанийг хариуцсан цахилгааны байцаагч байхдаа манай тооцоонд тоолуур өгч өрийг хааж, компани түүний мөнгийг нь цувуулан өгч байсан юм. Ийм болохоор нээрээ ч үйлдвэрээ цахилгааны өргүй, алданги тооцуулахгүйгээр Алтанхуягт дараа нь боломжтой үедээ мөнгийг нь цувуулаад өгч болно гэж тооцоод асууж үзье, болохоор бол чи тоолуураа аваад ир гэж хэлсэн. Тухайн үед үнэ мөнгийг нь ч сонирхоогүй. Үнэ мөнгийг Алтанхуяг өөрөө мэдэж байгаа гэж итгэсэн. Ингээд Алтанхуягыг хотруу нэг тоолуур явуул үзүүлье гэтэл явуулсан гэсэн боловч тэрийг нь аваагүй. Тэгээд байж байтал Алтанхуяг би Улаанбаатарт ирчлээ тантай уулзая гэхээр нь би гарч уулзахад нөгөө тоолуур өгөх хүн маань тоолуур авахад гэрээ шаардаад байна та тэгэхээр надад нэг гэрээн дээр л гарын үсэг зураад өгчмөөр байна гэсэн санаа хэлээд байсан. Ингээд 2015-10-07-ны өдөр 15 цагт Скай дэлгүүр дээр уулзая гээд салсан. Очтол Алтанхуяг нь Сарантуяа гэдэг хүнийг дагуулан ирээд энэ хүн тоолуур гаргаж өгөх хүн юм энэ хүнд тоолуур гаргахад гэрээ хэрэгтэй байгаа юм гээд танилцуулаад бэлэн гэрээ гаргаж ирсэн. Гэрээг уншиж үзээч үгүй ач холбогдолгүй ч өгөхгүй шууд гарын үсэг зурчаад байж байтал Алтанхуяг ОО-д ороод ирье гээд босч яваад над руу мессеж бичсэн. Мессендээ та тамга дарсан нь дээр гэж бичсэн байсан. Тэгэхээр нь гэрээн дээр нь гарын үсэг зурчаад явах гэж байснаа буцаж очоод тэр 2-ын гэрээн дээр нь тамгаа дарсан. Ингээд гэрээ хийгдсэнээс хойш 17 хоногийн дараа 2015-10-24-нд 25 хайрцаг 200 ширхэг тоолуурыг манайд буулгасан байсан. Тэрнээс нь нэг ширхэг тоолуурыг нь аваад миний бие маргааш нь шугам сүлжээний дарга Баттуяатай уулзаж танилцуултал Ариунболд гэж ахлах инженерээ дуудаж, “Металл индустриал”-ын тооцоонд тоолуурыг тэнцэх эсэхийг шалгаж үзээд төсөвт батлагдсан тэндерийн үнээр нь авахыг үүрэг болгосон. Ариунболдтой 3 хоногийн дараа уулзтал энэ тоолуур нь манай тоолуурын шаардлагыг хангасан байна, тендерт авах үнэ нь 140 000 төгрөг тул энэ үнээр нь авъя гэсэн. Энэ үед миний бие Алтанхуяг руу залгаж, тоолуурыг чинь 140 000 төгрөгөнд авна гэнэ болох уу гэтэл үгүй 280 000 төгрөгөнд л өгнө, түүнээс доош үнэ байхгүй гэхээр нь өө тэгвэл тоолуураа буцааж ав энэ үнээр чинь авахгүй юм байна гэдгийг тэр дор нь хэлсэн. Энэ үеэс хойш би тоолуурын асуудлыг шийдвэрлээд дуусгасан гэж ойлгосон. Энэ хооронд Алтанхуяг нь ЦШС-нд ажиллахаа больсон, хүнд худлаа залилан маягийн юм хийгээд яваад байгаа шүү, осолтой шүү гэж хүн хэлсэн. Энэ үед Сарантуяа над руу ярьж таараад 280 000 төгрөгөнд авахгүй юм байна, Алтанхуяг чинь залилан маягийн юм хийгээд яваад байгаа гэж хүн надад хэллээ, тоолуураа хурдан аваарай, Алтанхуяг аваад явчих вий, би түүнд мөнгө урьдчилгаанд нь өгчихсөн байгаа, тэгвэл одоо очиж тоолуураа авъя гэж ярьсан. Тэр өдөрөөр энэ хүүхэн манай нярав Отгонбаяр луу залгаж, машин олж очно тоолуураа авна гэж ярьсан байсан боловч эргэж ирж аваагүй байсан. Дараа нь эдгээр хүмүүс Эрдэнэтийн телевизийн нэвтрүүлэгч хүүхний хамт ЦШС дээр очиж нөгөө тоолуураа 140 000 төгрөгөнд аваач гэж явж байсан тухай мэргэжилтэнгүүд нь хэлж байсан. Тэр нэвтрүүлэгч тухайн үед над руу бас яриад та тэр тоолуурыг авчих боломж алга уу гэж асууж байсан. Энэ тоолуур нь яг энэ хэвээрээ байж байгаа. Иймд миний бие Сарантуяатай гэрээ байгуулахдаа уг тоолуурыг худалдан авах хүсэл зориг байгаагүй бөгөөд өр төлбөрөө тооцуулж хүлээлгэн өгсөн тохиолдолд үнийг төлөх, хэрэв ингэж тооцохгүй бол буцаан өгөх хүсэл зорилготой байсан.
Иймд миний бие энэхүү гэрээнээс татгалзаж байх тул 200 ширхэг тоолуурыг биет байдлаар нь буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү. Мөн тоолуур худалдах, худалдан авах 2015-10-07-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь хариуцагч “Металл индустриал” ХХК-с “цахилгааны тоолуурын үнэ 56 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шардлага гаргажээ.
Хариуцагчи “Металл индустриал” ХХК-ийн захирал Д.Нансалмаад шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн бөгөөд, эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад хагалгаанд орсон, Монголд очих хугацаа 2017-03-15-нд очино, энэ хугацаагаар хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтээ имейлээр ирүүлсэн. Гадаадад хагалгаанд орсон эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015-10-07-ны өдөр “худалдах худалдан авах” гэрээ байгуулагдан 200 ширхэг цахилгааны тоолуурыг нэг бүрийг нь 280 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тоолуурыг “Металл индустриал” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, сөрөг нэхэмжлэл гаргаж “худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 200 ширхэг тоолуурыг буцааж өгөхөөр шаардсан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдах худалдан авах гэрээний дагуу 200 ширхэг цахилгааны тоолуурыг хариуцагч хүлээн авсан байх ба, уг тоолуур нь шаардлага хангасан талаар хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ дурьджээ.
Хариуцагч “Металл индустриал” ХХК сөрөг нэхэмжлэлдээ: “...миний бие Сарантуяатай гэрээ байгуулахдаа уг тоолуурыг худалдан авах хүсэл зориг байгаагүй бөгөөд өр төлбөртөө тооцуулж хүлээлгэн өгсөн тохиолдолд үнийг төлөх, хэрэв ингэж тооцохгүй бол буцаан өгөх хүсэл зорилготой байсан. Иймд миний бие энэхүү гэрээнээс татгалзаж байх тул 200 ширхэг тоолуурыг биет байдлаар нь буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү. Мөн тоолуур худалдах, худалдан авах 2015-10-07-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэсэн.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, 58.2.1-д “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” бол ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэжээ.
Дээрх тохиолдолд хүсэл зоригоо илэрхийлэх үйлдлээрээ болон гэрээний агуулга, сэдэлт шалтгааны хувьд төөрөлдсөн гэж үзэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” бол хэлцэл хийсэнд тооцохоор заажээ. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Нэгэнт талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, 200 ширхэг цахилгааны тоолуурыг хариуцагч тал хүлээн авч, тодорхой хугацааны дараа үнийг төлөхөөр тохиролцсон байх тул гэрээний үүргийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 437 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 437 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч “Металл индустриал” ХХК-аас 56 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сарантуяад олгосугай.
2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан “бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 200 ширхэг тоолуурыг буцаан өгөх” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 437 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 437 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА