Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01042

 

Ч.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00055 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаар магадлалтай,

Ч.С-ын нэхэмжлэлтэй,

Э.У-т холбогдох,

1.380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагч Э.У-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Гансүх миний бие ГАҮ 74-85 улсын дугаартай Хьюндай Верна маркийн авто машинаар 2017 оны 6 сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын үед Сансарын колонкын буудлаас 100 айл чиглэлд 3 дугаар эгнээгээр уулзварт ороод гарч явтал 100 айлаас сансар чиглэлд Э.У-ийн жолоодож явсан 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машин Дарь-Эх рүү зүүн гар тийшээ эргэхдээ миний машины зүүн хойд тал руу мөргөсний улмаас машин шарваж баруун хойд дугуйгаараа бордюр мөргөсөн. Э.У-ийн буруутай үйлдлийн улмаас машины хойд эд анги бүхэлдээ эвдрэлд орж, өөрөө явах боломжгүй болсон тул ачилтын машин ачуулан Мастер төвөөр явах эд ангийн оношилгоо, Ашид билгүүн ХХК-аар хохирлын үнэлгээ тус тус гаргуулсан. Машинд учирсан нийт хохирлын үнэлгээ 1,160,000 төгрөг гэж гарсан бөгөөд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний хөлс 59,000 төгрөг, Мастер төвийн оношилгооны хөлс 31,000 төгрөг, Юу эн пи ХХК-д ачилтын хөлсөнд нийт 130,000 төгрөгийн зардал тус тус гаргасан. Миний бие ГАҮ 74-65 улсын дугаартай Хьюндай Верна маркийн авто машиныг дүү Ч.С-оос сард 500,000 төгрөг төлөхөөр аман гэрээгээр цэргээс иртэл нь төлнө гэж 2017 оны 5 сард зээлээр худалдаж авсан бөгөөд бичиг баримтыг шилжүүлж чадаагүй. Иймд хариуцагч Э.У-ээс машинд учруулсан хохирол болох 1,160,000 төгрөг, оношилгоо хийлгэсний төлбөр 31,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 59,000 төгрөг, ачилтын хөлсөнд төлсөн 130,000 төгрөг, нийт 1.380.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 6 сарын 18-ны өдрийн шөнө 00:10 минутын орчимд 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машинтай 100 айлаас Дарь-Эх чиглэлд гэрлээр эгнээ байраа эзэлж байгаад зүүн гар тийш эргэх нэмэгдэл гэрлээр хөдөлгөөн эхлэх гэж байхад 74-85 ГАҮ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машин сансрын колонкоос 100 айл чиглэл рүү 3 дугаар эгнээгээр улаан гэрлээр хурд хэтрүүлэн орж ирж миний унаж явсан 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машины зүүн урд талыг мөргөн ослын газраасаа хол очиж зогссон. Осол гарангуут цагдаагийн дуудлага өгсөн. Миний машиныг мөргөсөн 74-85 ГАҮ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машин нь бид нарыг хөдлөхөөс өмнө машин асаад явсан. Баянзүрх Дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очиж уулзахад цагдаагийн ахмад Б.Мөнхбат нь 74-85 ГАҮ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машины жолоочийг улаан гэрлээр 3 дугаар эгнээгээр 80-100 км цагийн хурдтай дүрэм зөрчиж 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машиныг мөргөж мөргөснөөс хойш тормозны мөр нь 43.8 м явж зогссон байна гэсэн. Цагдаа дээр 2017 оны 6 сарын 26-ны өдөр очиж дүгнэлттэй танилцахад миний эсрэг дүгнэлт гарсан тул гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч улаан гэрлээр хурд хэтрүүлэн орж ирж мөргөсөн, хурдаа тохируулж явсан бол ийм зүйл болохгүй байсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00055 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.У-ээс 690,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.С-од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 690,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 37,050 төгрөгийн 37,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 20 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.У-ээс 21,110 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.С-од олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “499 дүгээр зүйлийн 499.3”, “514 дүгээр зүйлийн 514.1-д” гэснийг хасч, “690.000” гэснийг “1.380.000” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “21.110” гэснийг “37.030” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.У- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Гансүхийн нэхэмжилж байгаа үнийн дүн зах зээлийн ханштай нийцэхгүй байна. Уг үнэлгээний төлбөрийг үнэн эсэхийг шалгаж тодруулж өгөхийг хүсэж байна. Харин тэр машины зүүн хойд хаалга, крыло, гупер бага зэрэг хонхойсон байсан. Мөн хойд эд анги бүхэлдээ эвдрэлд орж, машин өөрөө явах боломжгүй гэсэн нь мөн ташаа мэдээлэл. Үүнийг гэрчлэх гэрч байгаа /X.Батбаяр, Д. Энхтуяа/ Миний машины жолоочийн эсрэг их гэрэл, гупер, зүүн крыло руу мөргөснөөс болж хаалга онгойхгүй болсон, хөмсөг мөн усны сав хагарч эвдэрсэн гэмтлүүд гарсны улмаас би “Вендо” ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгэхэд 760.000 төгрөгийн төлбөр гарсан. “Түмэн кредит ББСБ” нэр дээр байсан 39-77 УНА улсын дугаартай “Тоуоta sprinter” маркийн машины эзэмшигчийн зөвшөөрөлтэй байсан гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй  байна.

Нэхэмжлэгч Ч.С- нь хариуцагч Э.У-ээс 1.380.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ зам тээврийн ослын улмаас учирсан хохирол гэж тодорхойлжээ.

Хариуцагч Э.У- нь 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн, Б.Гансүх нь Ч.С-ын өмчлөлийн 74-85 ГАҮ улсын дугаартай Хьюндай Верна маркийн авто машиныг тус тус жолоодон явахдаа 2017 оны 06 дугаар сарын 18-ны 00 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эх уулзварт хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

Зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Б.Гансүх хурд хэтрүүлснээс осол гаргасан  буруутай” гэсэн тайлбар гаргажээ.  

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-т заасан “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гаргасан болох нь тогтоогджээ. Түүнчлэн уг дүгнэлтэд “...74-85 ГАҮ улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийн тормозны мөрөөр хурдыг тодорхойлоход 82.68 км/цагийн хурдтай явж байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” талаар дурджээ.

Дээрх ослын улмаас Хьюндай Верна маркийн машинд 1.160.000 төгрөгийн хохирол учирсан ба нэхэмжлэгч оношилгооны төлбөр 31.000 төгрөг, үнэлгээний хөлс 59.000 төгрөг, уг тээврийн хэрэгслийн ачилтын зардал 130.000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас учирсан гэм хор нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн машиныг тухайн үед жолоодож явсан Б.Гансүх хурд хэтрүүлсэн нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж, хохирлын хэмжээг багасгахдаа хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 37.050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ