Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ө.Уянга, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.С-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.У-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 1,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагч Э.У, иргэдийн төлөөлөгч Я.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Гансүх миний бие ГАҮ 74-85 улсын дугаартай Хьюндай Верна маркийн авто машинаар 2017 оны 6 сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын үед Сансарын колонкын буудлаас 100 айл чиглэлд 3 дугаар эгнээгээр уулзварт ороод гарч явтал 100 айлаас сансар чиглэлд Э.Уранчимэгийн жолоодож явсан 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машин Дарь-Эх рүү зүүн гар тийшээ эргэхдээ миний машины зүүн хойд тал руу мөргөсний улмаас машин шарваж баруун хойд дугуйгаараа бордюр мөргөсөн. Э.Уранчимэгийн буруутай үйлдлийн улмаас миний машины хойд эд анги бүхэлдээ эвдрэлд орж, машин өөрөө явах боломжгүй болсон тул ачилтын машин дуудаж Мастер төвд очиж явах эд ангийн оношилгоо, Ашид билгүүн ХХК-аар хохирлын үнэлгээ тус тус гаргуулсан. Машинд учирсан нийт хохирлын үнэлгээ 1,160,000 төгрөг гэж гарсан бөгөөд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний хөлс 59,000 төгрөг, Мастер төвийн оношилгооны хөлс 31,000 төгрөг, Юу эн пи ХХК-д ачилтын хөлсөнд нийт 130,000 төгрөгийн зардал тус тус гаргасан. Замын цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн техникийн байцаагч, цагдаагийн ахмад Х.Амартүвшингийн 2017 оны 6 сарын 26-ны өдрийн 12 дугаар шинжээчийн дүгнэлтээр 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машины жолооч Э.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас осол гарсан гэж тогтоосон. Миний бие ГАҮ 74-65 улсын дугаартай Хьюндай Верна маркийн авто машиныг хүр дүү Ч.Соос сард 500,000 төгрөг төлөхөөр аман гэрээгээр цэргээс иртэл нь төлнө гэж 2017 оны 5 сард зээлээр худалдаж авсан бөгөөд хүр дүү маань хугацаат цэргийн албанд татагдсан тул бичиг баримтыг шилжүүлж чадаагүй байсан. Цагдаагийн байгууллага Э.У-ийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан тул хоорондоо яриад тохиролц гэсэн боловч Э.У нь уулзахгүй, утсаа авахгүй ослын улмаас учирсан хохирлыг өнөөг хүртэл төлөхгүй байна. Иймд хариуцагч Э.У-ээс машинд учруулсан хохирол болох 1,160,000 төгрөг, оношилгоо хийлгэсний төлбөр 31,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 59,000 төгрөг, ачилтын хөлсөнд төлсөн 130,000 төгрөг, нийт 1,380,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 6 сарын 18-ны өдрийн шөнө 00:10 минутын орчимд миний бие нь 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машинтай 100 айлаас Дарь-Эх чиглэлд гэрлээр эгнээ байраа эзлэж байгаад зүүн гар тийш эргэх нэмэгдэл гэрлээр хөдөлгөөн эхлэх гэж байхад 74-85 ГАҮ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машин сансрын колонкоос 100 айл чиглэл рүү 3 дугаар эгнээгээр улаан гэрлээр хурд хэтрүүлэн орж ирж миний унаж явсан 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машины зүүн урд талыг мөргөн ослын газраасаа хол очиж зогссон. Осол гарангуут цагдаагийн дуудлага өгөхөд цагдаагийн ахмад Б.Мөнхбат ирж лазерын гэрэл асааж шалгаж байсан. Цагдаагийн ахмад Б.Мөнхбат хэлтэс дээр очиж байцаалт өгөөрэй гэхэд миний унаж явсан машин явж болохгүй байсан тул Дарь-Эхийн зүүн хойд талын уулзварт байх М-ойл шатахуун түгээх станцын ойролцоо машинаа байрлуулан Баянзүрх дүүрэг рүү такси барин явсан. Миний машиныг мөргөсөн 74-85 ГАҮ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машин нь бид нарыг хөдлөхөөс өмнө машинаа асаагаад яваад өгсөн. Баянзүрх Дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очиж уулзахад цагдаагийн ахмад Б.Мөнхбат нь 74-85 ГАҮ улсын дугаартай  Хьюндай Верна маркийн машины жолоочийг улаан гэрлээр 3 дугаар эгнээгээр 80-100 км цагийн хурдтай дүрэм зөрчиж 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машиныг мөргөж мөргөснөөс хойш тормозны мөр нь 43.8 м явж зогссон байна гэсэн. Осол гарснаас хойш 2 өдрийн дараа цагдаагийн ахмад Б.Мөнхбаттай очиж уулзахад цагдаагийн хошууч М.Энхтүвшинтэй очиж уулз гэсэн. Уулзахад осол гарсан хэмжилтийн бүдүүвч зурган дээрээ миний буруутай үйл ажиллагаагаар хийсэн байсан тул би хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Цагдаагийн хошууч М.Энхтүвшин нь 2017 оны 6 сарын 23-ны 15 цагт осол гарсан газарт хүрч ирж хэмжилт хийлгээрэй гэж утсаар хэлсний дагуу 16 цагийн орчимд цагдаагийн ахмад Б.Мөнхбат ирж хэмжилт хийсэн. 2017 оны 6 сарын 26-ны өдөр очиж дүгнэлттэй танилцахад миний эсрэг дүгнэлт гарсан тул би хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Үүнээс хойш цагдаагийн хошууч М.Энхтүвшинтэй очиж уулзах гэхэд өөр хэлтэс рүү шилжсэн байсан тул утсаар холбогдоход чам дээр ямар нэгэн асуудал байхгүй бичиг баримтаа манай өрөөнд байгаа Пунсалдулам гэдэг хүнээс аваарай гэсний дагуу би бичиг баримтаа авсан. Ингээд л би энэ хэрэг дууссан гэж ойлгосон. Гэтэл 2017 оны 10 сарын 2-ны өдөр Сүхбаатар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл аваарай гэсэн. Нэхэмжлэлдээ намайг машиныхаа зүүн хойд тал руу мөргөсний улмаас уг автомашин шарваж баруун хойд дугуйгаар бордюр мөргөсөн гэдэг нь ташаа мэдээлэл байна. Харин тэр машины зүүн хойд хаалга, крыло, гупер бага ээрэг хонхойсон байсан. Мөн хойд эд анги бүхэлдээ эвдрэлд орж, машин өөрөө явах боломжгүй гэсэн нь мөн ташаа мэдээлэл юм. Нэхэмжлэгч улаан гэрлээр хурд хэтрүүлэн орж ирж мөргөсөн, хурдаа тохируулж явсан бол ийм зүйл болохгүй байсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Э.У-т холбогдуулан зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 1,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө хурд хэтрүүлэн явсны улмаас зам тээврийн осол болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг, Дарь-Эх салдаг уулзварт 2017 оны 6 сарын 18-ны шөнийн 00.15 цагийн үед Хьюндай верна маркийн 7485ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота спринтер маркийн 3977УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол хэрэг гарсан, Хьюндай верна маркийн 7485ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Гансүх, Тоёота спринтер маркийн 3977УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.У жолоодож явсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-66 тал/ болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хьюндай верна маркийн 7485ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ч.С болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-7 тал/-аар тогтоогдож байна.

 

Хариуцагч Э.У нь Тоёота спринтер маркийн 3977УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч биш, уг тээврийн хэрэгсэл нь Энхтуяа гэх найзын автомашин байсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлтэй ашиглаж байсныг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд болох Э.У-т холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан байх ба нэхэмжлэгч автомашинд учирсан хохиролд 1,160,000 төгрөг нэхэмжилсэн, автомашинд 1,160,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 6 сарын 21-ний өдрийн 1105 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /хх-22/-гаар тогтоогдсон, “Ашид билгүүн” ХХК-д үнэлгээний хөлсөнд төлсөн 59,000 төгрөгийг нэхэмжилсэн, уг төлбөрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч 2017 оны 6 сарын 21-ний өдөр “Ашид билгүүн” ХХК-д төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт /хх-21 тал/-аар тогтоогдсон, автомашины эвдрэл гэмтлийг оношлуулахтай холбогдон гарсан зардалд 31,000 төгрөгийг нэхэмжилсэн, уг төлбөрийг нэхэмжлэгч тал 2017 оны 6 сарын 21-ний өдөр төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Мастер авто сүлжээ” ХХК-ийн хүлээн авах хуудас /хх-20 тал/-аар тогтоогдсон, тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхөд гарсан зардалд 130,000 төгрөг нэхэмжилсэн, тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөсний төлбөрт нэхэмжлэгч тал 130,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Юу эн пи эм жи эл” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтууд /хх-24,25 тал/-аар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад “Бусдын ... эд хөрөнгөнд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалтад “Хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцна ...”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дахь заалтад “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

 

Шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрыг шинжээчээр томилсны дагуу шүүхэд 2017 оны 12 сарын 19-ний өдөр ирүүлсэн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн огноо бүхий шинжээчийн дүгнэлтээр Хьюндай верна маркийн 7485ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, Тоёота спринтер маркийн 3977УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  Э.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон.

 

Нэхэмжлэгчид ослын улмаас 1,380,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд Б.Гансүхийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дахь заалтад “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг баримтлан шүүх бүрэлдэхүүн хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж, хариуцагч Э.У-ээс гэм хорын хохиролд 690,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.С-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 690,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.У-ээс 690,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.С-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 690,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 37,050 төгрөгийн 37,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 20 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.У-ээс 21,110 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.С-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                              Б.УУГАНБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                              Ө.УЯНГА

 

                                                 ШҮҮГЧ                                              С.ЭНХБАЯР