Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00575

 

 

Ч.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00055 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Сын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Ут холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 380 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гийг ГАҮ 74-85 улсын дугаартай Хьюндай Верна маркийн авто машин жолоодон  2017 оны 6 сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын үед Сансарын колонкын буудлаас 100 айлын чиглэлд 3 дугаар эгнээгээр уулзварт ороод гарч явахад  Э.У нь 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машинаар  хойд тал руу мөргөсний улмаас машин шарваж баруун хойд дугуйгаараа замын хавтан  мөргөсөн. Э.Уийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан. Нэхэмжлэгчийн  машины хойд эд анги бүхэлдээ эвдрэлд орж, машин өөрөө явах боломжгүй болсон тул ачилтын үйлчилгээ  дуудаж Мастер төвд очиж явах эд ангийн оношилгоо, А ХХК-аар хохирлын үнэлгээг тус тус гаргуулсан. Машинд учирсан нийт хохирлын үнэлгээ 1 160 000 төгрөг гэж гарсан бөгөөд А ХХК-ийн үнэлгээний хөлс 59,000 төгрөг, Мастер төвийн оношилгооны хөлс 31.000 төгрөг, Юу ХХК-д ачилтын хөлсөнд нийт 130 000 төгрөгийн зардал тус тус гаргасан. Замын цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн техникийн байцаагч цагдаагийн ахмад Агийн 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шинжээчийн дүгнэлтээр 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машины жолооч Э.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас осол гарсан гэж тогтоосон. Г нь ГАҮ 74-65 улсын дугаартай Хьюндай Верна маркийн авто машиныг хүргэн дүү Ч.Соос сард 500 000 төгрөг төлөхөөр аман гэрээгээр цэргээс иртэл нь төлж дуусгахаар  2017 оны 5 дугаар сард худалдаж авсан байсан. Хүргэн дүү нь  хугацаат цэргийн албанд татагдсан тул бичиг баримтыг шилжүүлж чадаагүй байсан.  Э.У нь уулзахгүй, утсаа авахгүй ослын улмаас учирсан хохирлыг өнөөг хүртэл төлөхгүй байна. Иймд Э.Уээс машинд учруулсан хохирол болох 1 160 000 төгрөг, оношилгоо хийлгэсний төлбөр 31 000 төгрөг, үнэлгээний  төлбөр 59 000 төгрөг, ачилтын хөлсөнд төлсөн 130 000 төгрөг, нийт 1 380 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "2017 оны 6 сарын 18-ны  шөнө 00:10 минутын орчимд  39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машинтай 100 айлаас Дарь-Эх чиглэлд гэрлээр эгнээ байраа эзэлж байгаад зүүн гар тийш эргэх хөдөлгөөн эхлэх гэж байхад 74-85 ГАҮ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машин сансрын колонкоос 100 айл чиглэл рүү 3 дугаар эгнээгээр улаан гэрлээр хурд хэтрүүлэн орж ирж 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машины зүүн урд талыг мөргөн ослын газраасаа хол очиж зогссон. Осол гарангуут цагдаад дуудлага өгөхөд ахмад Б.М ирж лазерын гэрэл асааж шалгаж байсан. Цагдаагийн ахмад Б.Мын даалгаснаар  хэлтэс дээр очиж байцаалт өгөхөөр явах гэсэн боловч машин явж болохгүй байсан тул Дарь-Эхийн зүүн хойд талын уулзварт байх М-ойл шатахуун түгээх станцын ойролцоо байрлуулж,  таксигаар явсан. Машиныг мөргөсөн 74-85 ГАҮ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машин нь яваад өгсөн. Баянзүрх Дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очиж уулзахад цагдаагийн ахмад Б.М нь 74-85 ГАҮ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машины жолоочийг улаан гэрлээр 3 дугаар эгнээгээр 80-100 км цагийн хурдтай дүрэм зөрчиж 39-77 УНА улсын дугаартай Тоёота спринтер маркийн машиныг мөргөж, мөргөснөөс хойш тормозны мөр нь 43.8 м явж зогссон байна гэсэн. Осол гарсан хэмжилтийн бүдүүвч зурган дээрээ хариуцагчийн  буруутай мэт дүгнэсэн байсан тул зөвшөөрөөгүй,гарын үсэг зураагүй. Нэхэмжлэлд  мөргөсний улмаас уг автомашин шарваж баруун хойд дугуйгаар бордюр мөргөсөн гэдэг нь худал. Тэр машины зүүн хойд хаалга, крыло, гүпер бага зэрэг хонхойсон байсан. Мөн хойд эд анги бүхэлдээ эвдрэлд орж, машин өөрөө явах боломжгүй гэсэн нь мөн ташаа мэдээлэл юм. Нэхэмжлэгч улаан гэрлээр хурд хэтрүүлэн орж ирж мөргөсөн, хурдаа тохируулж явсан бол ийм зүйл болохгүй байсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Уээс 690 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Сод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 690 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 37 050 төгрөгийн 37 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 20 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Уээс 21 110 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Сод олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тухайн үед нэхэмжлэгч тал  замын хөдөлгөөний дүрэм,  журмыг зөрчөөгүй. Сүүлд томилсон 2017.12.11-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гэх зүйлийг үндэслэн Б.Гийн  жолоодож явсан машин нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзсэнд гомдолтой.  Учир нь  тухайн үеийн осол гаргасан машины үндсэн схем зураг буюу  буруу дүрслэн зурсан зургийг үндэслэн дүгнэлт гаргажээ. 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн цагдаагийн ахмад Агийн гаргасан дүгнэлтээр "Верна маркийн 74-85 ГАҮ улсын дугаартай автомашины жолооч Б. Г нь Монгол улсын  Замын хөдөлгөөний дүрмийн  заалтыг зөрчсөн үндэслэл байхгүй". Спринтер маркийн 39-77 УНА дугаартай автомашины жолооч Э-ийн У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавык өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг зөв үнэлээгүй.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Э.У-ээс гэм хорын хохиролд 1 380 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн нутаг Дарь эхийн салдаг уулзварын замд 2017 оны 6 дугаар сарын 18-ний шөнө зам тээврийн осол гарч хариуцагч Э.Уийн жолоодож явсан Тоёота спринтер маркийн 39-77УНА улсын дугаартай машин, нэхэмжлэгчийн өмчлөлийн Хьюндай верна маркийн ГАЗ 74-85 машины зүүн хойд талд мөргөсний улмаас нэхэмжлэгчийн машинд 1 380 000 төгрөгийн хохирол учирсан нь үйл баримт баримтаар тогтоогдсон.

 

Замын осол дээр ажилласан шинжээчийн дүгнэлтээр “ Хьюндай верна маркийн автомашины жолооч Б.Г нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй. Харин Тоёота спринтер маркийн 39-77 УНА маркийн автомашины жолооч Э.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан : “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн талаар заажээ. / хх-ийн 13/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч нь дээрх дүгнэлтийг үндэслэлтэй, зөв гэж баталсан боловч  тухайн үед нэхэмжлэгч талын жолооч Б.Г нь хурд хэтрүүлж явсан талаар дүгнэжээ. / хх-ийн 111-112/

 

Анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ хууль зөрчсөн үйлдэл, үр дагаврын хоорондын шалтгаант холбооны талаар зөв дүгнээгүй байна. Ослын шалтгаан нь нэхэмжлэгч талын машины жолоочийн хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлсэн үйлдлээс болоогүй, харин зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, зөвшөөрөгдөөгүй орон зай, урсгалд орж ирж, уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж явсан тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсэгт мөргөсөн хариуцагчийн үйлдлээс болсон байна.

 

Ослын шалтгаан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй бүрэн шалтгаант холбоотой, нэхэмжлэгчийн хурд хэтрүүлсэн гэх нөхцөл байдал нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд хэрхэн нөлөөлсөн нь тодорхой бус байхад гэм буруугийн хэмжээг адил тэнцүү гэж үзэж, эрсдэл, хохирлыг тэнцүү хувиарлан хариуцуулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай этгээд хохирлыг хариуцах зарчимд нийцээгүй, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэжээ. Иймд 1 380 000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас бүрэн гаргуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Гэм хор учруулсан этгээдэд холбогдуулан өөрөөр нь гэм хорыг арилгуулахаар шаардаж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагад хамаарах Иргэний хуулийн 499 дүгээр зүйл хэрэглэгдэхгүй. Иймд хууль хэрэглээний хувьд тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг хасч өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “499 дүгээр зүйлийн 499.3”, “514 дүгээр зүйлийн 514.1-д” гэснийг хасч, “690 000” гэснийг “1 380 000” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “21 110” гэснийг “37 030” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                          Ш.ОЮУНХАНД