Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/001083

 

П.А, Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03512 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 500 дугаар магадлалтай,

П.А, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

А.У-т холбогдох,

20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч А.У-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч П.А, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.У-т 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоотын 183.8 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц болон 506.23 м.кв талбай бүхий газрыг нийт 130.000.000 төгрөгөөр худалдсан. Уг орон сууц нь Д.Б ын өмчлөлийнх, харин 506.23 м.кв талбай бүхий газар нь 1 гишүүнтэй Ай Энд Юу Тур ХХК-ийн эзэмшлийнх байсан. Д.Бгэр бүлээрээ 2010 оны 7 дугаар сараас гадаадад амьдрах болж орон сууцаа зарах болсон. А.У-аас 110.000.000 төгрөгийг бэлнээр авсан. А.У- 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ай Энд Юу Тур ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэгтэй 506.23 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан. А.У-ын хувьд үлдэх 20.000.000 төгрөгийг 506.23 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гарсны дараа өгөхөөр 2011 оны 2 дугаар сарын 08-ны өдөр бичгээр тохиролцсон. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд А.У- нь Нийслэлийн засаг даргад холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ай Энд Юу Тур ХХК-иас дээрх орон сууцны газрыг эзэмших эрхийг өөрт шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 367 тоот шийдвэрээр А.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ай Энд Юу Тур ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот орон сууцны газрыг эзэмших эрхийг А.У-т шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн ба талууд уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй.

А.У нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон талбай бүхий газрыг 2016 оны 3 дугаар сард өмчлөн авсан бөгөөд энэ хугацаанаас хойш үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөхгүй, элдэв шалтаг тоочин өгөхгүй байгаа бөгөөд одоо уг 2 давхар орон сууц, газраа зарах зар өгсөн байгаа. Иймд А.У-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.А, Д.Бнарт олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.У шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б аас 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот 2 давхар амины орон сууцыг болон орчны газар болох 506.23 м.кв бүхий эзэмшил газрынх нь хамт 130.000.000 төгрөгөөр худалдаж авч 110.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэрээ байгуулсны дараа орон сууц нь А.У-ын өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд Ай Энд Юу Тур ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж амины орон сууц болон орчны газар болох 506.23 м.кв бүхий газрыг эзэмшилдээ шилжүүлэхээр болсон. Ай Энд Юу Тур ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэг нь А.У-т шилжүүлсэн газраасаа Хан Ченук ХХК-д зарсан. Ингээд захиргааны хэргийн шүүхэд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой маргаан үүсгэн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн шүүх А.У-т газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ай Энд Юу Тур ХХК-иас дээрх 66/4-2 тоот орон сууцны газрыг эзэмших эрхийг А.У-т шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгасан. А.У- нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 387.09 м.кв талбай бүхий газрыг 2016 оны 3 дугаар сард өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Орон сууц болон 506.23 м.кв талбай бүхий газар худалдан авахаар тохирч гэрээ байгуулан бэлнээр 110.000.000 төгрөг өгсөн атал газар нь гэрээнд заасан хэмжээнээс 119.14 м.кв талбайгаар дутуу олгогдон А.У- хохирч үлдэж байгаа тул 20.000.000 төгрөг гаргуулах шаардлага хуульд нийцэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03512 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б , П.А нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У-аас 257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б , П.А нарт олгож, хариуцагч А.У- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 500 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 257.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.У- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.06-ны өдрийн 101/ШШ2017/03512 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 500 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.3-т зааснаар шүүгчийг татгалзахад хүсэлтийг хүлээж авахгүй гэж өөрөө шийдвэрлээд явчихсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, 2010 онд нэхэмжлэгч нараас 506 м2 талбай бүхий газар худалдаж авахаар 110 сая төг.бэлнээр төлсөн боловч одоо хүртэл 119 м2 газар дутуу, шилжүүлж өгөөгүй, мөн үл хөдлөх хөрөнгийн талбай нь 30 м2-аар дутуу байгаа зэрэг үндэслэлээр үлдэгдэл 20 сая төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.06-ны өдрийн 101/ШШ2017/03512 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 500 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.А, Д.Бнарын “...20.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  хариуцагч А.У- эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 66/4-2 тоотын 183.8 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууц болон 506.23 м.кв талбай бүхий газрыг 130.000.000 төгрөгөөр худалдсан, хариуцагч 110.000.000 төгрөг төлсөн...” талаар дурдаад үлдэх төлбөрийг шаарджээ. Хариуцагч орон сууц өөрийнх нь өмчлөлд шилжсэнийг үгүйсгээгүй боловч гэрээг 50.000.000 төгрөгөөр байгуулсан, орон сууцны болон газрын хэмжээ тохиролцсоноос бага байсан гэж маргажээ. 

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгийн үнийг шаардах үндэслэл бий болно.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан.  Талууд  дээрх орон сууцыг ямар үнээр худалдах, худалдан авахаар тохирсон, бичгээр гэрээ байгуулсан, уг гэрээг бүртгэлийн газар бүртгүүлсэн эсэх нь  тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Түүнчлэн худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй” гэж, 252 дугаар зүйлийн 252.1-т “худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө” гэж үзэхээр тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нарын худалдсан орон сууц, газар биет байдлын болон эрхийн доголдолтой байсан эсэх талаар талууд маргажээ.  

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 367 дугаар шийдвэрээр дээрх орон сууцны газрын эзэмших эрхийг А.У-т шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан нь хүчин төгөлдөр байна /хэргийн 37-41 дүгээр тал/.

Нийслэлийн Засаг дарга 387.09 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн талаар хариуцагч тайлбар гаргасан боловч уг шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд орон сууц, газрыг хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхой бус байхад шүүх энэ талаар тодруулалгүй, хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй гэж үзнэ.  

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-т заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүхэд “...2010 оны 8 дугаар сард газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед хийгдсэн кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ”г гаргуулах, мөн “Хар ченук” ХХК-иас  гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан байх ба эдгээр нь зохигчийн хооронд үүссэн маргаанд хамааралтай байхад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь  үндэслэлгүй болжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчийг  татгалзан гаргах хүсэлт гаргасан,  шүүгч уг асуудлыг өөрөө хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар  зүйлийн 92.6-г зөрчжээ.  

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүйгээс гадна татгалзлыг шүүгч өөрөө шийдвэрлэх эрхтэй гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй байна.    

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.  

Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03512 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 500 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 257.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.             

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ