Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01084

 

Ц.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00032 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 617 дугаар магадлалтай,

Ц.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Ву Зихун /Wu Zhihong/, С.Соёл-Эрдэнэ нарт холбогдох,

243.210.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч М.Бадамханд, Д.Алтантуяа, Т.Баярбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ву Зихун, С.Соёл-Эрдэнэ нар нь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-96 дугаар байрны 15 тоот, 3 өрөө байрыг барьцаалсан. Энэ зээлээс 2013 оны 8-12 дугаар саруудын хүүг төлж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 60.000.000 төгрөгийг төлсөн ба хугацаа хэтэрсэн хүү 24.000.000 төгрөг, алданги 62.045.000 төгрөг, нийт 186.067.500 төгрөгөөс 60.000.000 төгрөгийг хасч 126.067.500 төгрөгийг нэхэмжилнэ.

2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй тул 6 сарын хүү 1.800.000 төгрөг, алданги 5.900.000 төгрөг, нийт 17.700.000 төгрөг нэхэмжилнэ.

2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2.943.000 төгрөг зээлж, эргэн төлөөгүй. 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөг зээлснээс 12.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 3.000.000 төгрөг төлөөгүй. 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөг зээлж 11.500.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 18.500.000 төгрөг төлөөгүй. 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 200.000.000 төгрөг зээлж авч, үүнээс 50.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд 200.000.000 төгрөгийн ашгийн 50 хувь 25.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Эдгээр зээлийн үлдэгдлүүд нийлээд 99.443.000 төгрөг болно.

Иймд БНХАУ-ын иргэн Ву Зихун түүний эхнэр С.Соёл-Эрдэнэ нараас нийт 243.210.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ву Зихун /Wu Zhihong/, С.Соёл-Эрдэнэ нарт шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг Ц.Энхцэцэг, Ву Зихунтай байгуулсан. Энэ гэрээний төлбөрийн баталгаа болгож, Ву Зихуны орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иймд гэрээ хүчин төгөлдөр бус. 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зээл аваад 2013 оны 8-12 дугаар сарууд, 2014 оны 01 дүгээр сар нийт 5 сарын хүү 15.000.000 төгрөгийг төлсөн. Ц.Энхцэцэгийн төрсөн ээж П.Цэцэгмаа тухайн үед Ву Зихунаас 25.000.000 төгрөг авсан. Ингэхдээ Ву Зихуны зээлсэн 100.000.000 төгрөгийн үлдэгдлээс хасахаар тохиролцсон. 100.000.000 төгрөгийн хувьд хүү төлөх үндэслэлгүй. Үндсэн зээлээс 60.000.000 төгрөгийг 2015 онд төлсөн. Үндсэн зээлээс 40.000.000 төгрөгийн үлдэгдэл, алданги 20.000.000 төгрөгийг төлнө. Зээлийн гэрээнд алдангийг 0,3 хувь гэж тохиролцсон. 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг төлөх үндэслэлгүй. 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн үүрэг 2.943.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн үлдэгдэл 18.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө.

2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 100.000.000 төгрөг нийт 200.000.000 төгрөгийн хувьд самарны бизнес хийхээр зээлсэн боловч бүтэлгүйтсэн. Ву Зихунд 150.000.000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 50.000.000 төгрөгийг дараа төлнө гэж тохиролцсоноос ашиг тооцно гэсэн гэрээ хийгээгүй тул 50.000.000 төгрөгийг төлнө. Ашиг гэх 25.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00032 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ву Зихун /Wu Zhihong/-аас 72.971.500 төгрөг, хариуцагч С.Соёл-Эрдэнээс 122.971.500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 47.267.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.374.002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ву Зихун /Wu Zhihong/-аас 522.808 төгрөг, хариуцагч С.Соёл-Эрдэнээс 772.807 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхцэцэгт олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 617 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч Ву Зихун /Wu Zhihong/-аас 72.971.500 төгрөг, хариуцагч С.Соёл-Эрдэнээс 122.971.500” гэснийг “хариуцагч Ву Зихун /Wu Zhihong/, С.Соёл-Эрдэнэ нараас 69.000.000 төгрөг, хариуцагч С.Соёл-Эрдэнээс 74.443.000” гэж, “47.267.500” гэснийг “99.767.500” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Ву Зихун /Wu Zhihong/-аас 522 808 төгрөг, хариуцагч С.Соёл-Эрдэнээс 772.807 төгрөг” гэснийг “хариуцагч нараас 875.165 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.137.665 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018-03-05-ны өдөр нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 617 тоот магадлал гарсан. Энэхүү магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, хянах хэсгийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон хэсгийг эс зөвшөөрөн дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

2014-01-24-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа зогсоогүй, 3-н жилийн хугацаанд зээлийн гэрээний үүргийг байнга шаардаж байсан нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа гэж үзэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж үзэн давж заалдах гомдлыг хангаагүй явдлыг мөн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Учир нь хариуцагч тал нэхэмжлэгч талтай дээрх зээлийн гэрээнүүдийн эргэн төлөгдөх хугацаа дууссанаас хойш байнга уулзах буюу утсаар ярих, мессеж бичих зэргээр харилцан хэлэлцэж байсан бөгөөд хэргийн материалд Б. Соёл- Эрдэнийн өөрийнх нь гаргаж өгсөн 243,000,000 төгрөгийг хэрхэн яаж төлөх талаар бичсэн тайлбарт 2014-01-24-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичсэн тайлбар, мөн хариуцагч Соёл- Эрдэнийн хэрэгт нотлох баримтаар авагдсан утасны бичлэгт энэ талаар тодорхой дурдагдаж нотлох баримт болон үлдсэн байдаг. Магадлалд зааснаар алдангийг давхар тооцсон зүйл үгүй, гэрээнд буюу хуульд заасны дагуу үндсэн зээлийн төлөгдөөгүй хугацаанд алдангийг тооцсон нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа юм.

Иймд 2013-07-26-ны өдрийн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалын нэгдэх заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 17,700,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэх хоёр дахь заалтыг хүчингүй болгож, 17,700,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Энхцэцэг нь хариуцагч Ву Зихун /Wu Zhihong/, С.Соёл-Эрдэнэ нараас 243.210.500 төгрөг нэхэмжлэхдээ зээл, хүү, алданги, ашиг гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж, маргажээ.

Зээлийн төлбөр шаардахдаа нэхэмжлэгч дараах зээлийн гэрээнүүдийг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

            1.2013 оны 7 сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар  сарын 3 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Уг гэрээний дагуу  хариуцагч 2013 оны 8, 9,10, 12 дугаар сар буюу 4 сарын хүү 12.000.000 төгрөг төлсөн. Иймд зээл 100.000.000 төгрөг, 8 сарын хүү 24.000.000 төгрөг, алданги 62.045.000 төгрөг нийт 186.067.500 төгрөг төлөхөөс 2015 оны 4 сарын 24-ний өдөр төлсөн 60.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 126.067.500 төгрөг.

            2. 2014 оны 01 сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн боловч төлөөгүй тул 6 сарын хүү 1.800.000 төгрөг, алданги 5.900.000 төгрөг нийт 17.700.000 төгрөг.

            3. 2014 оны 01 сарын 29-ний өдөр зээлсэн 2.943.000 төгрөг.

            4. 2014 оны 9 сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөг зээлж, 12.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3.000.000 төгрөг.

            5. 2014 оны 9 сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөгийг зээлж, 11.500.000 төгрөг төлсөн,  үлдэгдэл 18.500.000 төгрөг.

            6. 2015 оны 8 сарын 28, 2015 оны 9 сарын 10-ны өдрүүдэд тус бүр  100.000.000 төгрөг нийт 200.000.000 төгрөг зээлснээс 50.000.000 төгрөг төлөөгүй. Энэ мөнгөөр самар авч борлуулаад ашгаа хувааж авна гэж тохиролцсон тул ашгийн 50 хувь буюу 25.000.000 төгрөг нийт 75.000.000 төгрөг гэжээ.

Хариуцагч дээрх мөнгийг зээлж авснаа үгүйсгээгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний дагуу нэхэмжилсэн 17.700.000 төгрөгийг эс зөвшөөрч, 2013 оны 7 сарын 26-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг төлнө, зээлийн гэрээнд ашиг хуваах ойлголт байхгүй гэсэн тайлбар гаргаж, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Талууд хүү, алданги тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагад нийцсэн, нэхэмжлэгч 2013 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхтэй.  Уг гэрээний дагуу зээлдэгч 5 сарын хүү төлсөн боловч мөнгийг хугацаанд нь буцааж төлөөгүй  тул алданги төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээл 100.000.000 төгрөг, 7 сарын хүү 21.000.000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 60.500.000 төгрөг нийт 181.500.000 төгрөг бөгөөд үүнээс 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 60.000.000 төгрөгийг хасахад 121.500.000 төгрөг байна.  

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т заасан.

2014 оны 01 сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэгч уг гэрээний үүргийг  шаардаж байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд “...самар худалдан авч борлуулаад ашгаа 50 хувиар хуваахаар тохиролцсон” гэсэн  тайлбар гаргасан боловч талууд ашиг олох зорилгоор хамтран ажилласан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг тухайн  маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээр 2013 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн гэрээний үүргийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэж, нэхэмжлэлээс 195.943.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 223.6-т нийцсэн боловч хариуцагч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэх бөгөөд мөн зүйлийн 242.11.-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.   

Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагч тус бүрээс шаардаагүйгээс гадна тэдгээрийн тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох боломжгүй байгааг шүүх анхаараагүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 617 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Ву Зихун /Wu Zhihong/, С.Соёл-Эрдэнэ нараас 195.943.000 /нэг зуун ерэн таван сая есөн зуун дөчин гурван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлээс 47.267.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.374.002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.137.665 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 508.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ