Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2018/00032

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 27 өдөр

 Дугаар 184/ШШ2018/00032

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт Ц...-ийн Э........../РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт В...-ийн З........../РД:......../,

Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт С...-ийн С........../РД:......../ нарт холбогдох

 

243.210.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Э- надаас В.З-, С.С- нар нь 2013.07.26-ны өдөр 100.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Хан уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр /17041/, ХД-96 дугаар байрны 15 тоот, 3 өрөө байрыг барьцаалсан болно. Энэ зээлээс 2013 оны 8, 9, 10, 12-р сарын буюу 4-н сарын хүүг төлсөн. 2015.04.24-нд буюу хугацаа хэтэрсэн хойно 60.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд хугацаа хэтэрсэн хүү 24.000.000 төгрөг, алданги 62.045.000 төгрөг, нийт 186.067.500 төгрөгөөс төлсөн 60.000.000 төгрөгийг хүү алдангиас хасаж тооцоод 126.067.500 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. 2014.01.21-ний өдрөөс 2014.07.27-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд эргэн төлөгдөөгүй учир 6 сарын хүү 1.800.000 төгрөг, алданги 5.900.000 төгрөг, нийт 17.700.000 төгрөг нэхэмжилж байна. 2014.01.29-ний өдөр 2.943.000 төгрөг зээлсэн, эргэн төлөгдөөгүй. 2014.09.04-ний өдөр 15.000.000 төгрөг зээлсэн бөгөөд 12.000.000 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 3.000.000 төгрөг төлөгдөөгүй. 2014.09.05-ны өдөр 30.000.000 төгрөг зээлж 11.500.000 төгрөг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 18.500.000 төгрөг төлөгдөөгүй. 2015.08.28-ны өдөр, 2015.09.10-ны өдрүүдэд зуу зуун сая төгрөгөөр 200.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд үүнээс 50.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөн харилцан тохиролцсоны дагуу 200.000.000 төгрөгийн ашгийн 50% буюу 25.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Эдгээр зээлийн үлдэгдлүүд нийлээд 99.443.000 төгрөгийг нэхэмжилж мөн байна. БНХАУ-ын иргэн В.З- түүний эхнэр С.С- нараас дээрх мөнгөнүүдийн нийлбэр дүн болох 243.210.500 төгрөгийг нэхэмжилж байгаа тул шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Э- нь БНХАУ-ын иргэн В.З-, С.С- нарт холбогдуулж

  1. 2013 оны 7 сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сар бүр 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэрийн гудамж /17041/, хд 96 дугаар байр, 15 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан. Энэ зээлээс 2013 оны 8, 9,10, 12 дугаар сар буюу 4 сарын хүү 12.000.000 төгрөгийг төлсөн. 2015 оны 4 сарын 24-ний өдөр 60.000.000 төгрөг төлөгдсөн. Үүнийг үндсэн зээлээс хассан. Жилийн хугацаанд төлөх хүү буюу 8 сарын хүү 24.000.000 төгрөг, алданги 62.045.000 төгрөг, нийт 186.067.500 төгрөгөөс төлөгдсөн 60.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасаад үлдэгдэл хүү, алдангийн хамт 126.067.500 төгрөгийг эхний зээлийн гэрээнээс нэхэмжилж байна.
  2. 2014 оны 01 сарын 24-ний өдөр 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 7 сарын 21-ний өдөр хүртэл 10.000.000 төгрөгийг хариуцагч нарт зээлүүлсэн. Үүнээс эргэн төлөлт огт хийгдээгүй. Тиймээс 6 сарын хүү 1.800.000 төгрөг, алданги 5.900.000 төгрөг, нийт 17.700.000 төгрөгийг энэ гэрээний дагуу нэхэмжилж байна.
  3. 2014 оны 01 сарын 29-ний өдөр 2.943.000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнд бичгийн баримт байхгүй. Үүнийг хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг. Эргэн төлөлт хийгдээгүй учраас үндсэн төлбөр 2.943.000 төгрөгийг нэхэмжилж байна.
  4. 2014 оны 9 сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнээс 12.000.000 төгрөг төлөгдсөн. Бичгийн гэрээ байгуулаагүй учраас үлдэгдэл 3.000.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа.
  5. 2014 оны 9 сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнээс 11.500.000 төгрөг төлөгдсөн. Бичгийн гэрээ байгуулаагүй учраас үлдэгдэл 18.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.
  6. 2015 оны 8 сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015 оны 9 сарын 10-ны өдөр 100.000.000 төгрөг, нийт 200.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүнээс 150.000.000 төгрөг төлөгдөөд 50.000.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Энэ мөнгөөр самар авч борлуулаад ашгаа хувааж авна гэж тохиролцсон байсан. Үүний ашгийн 50 хувь буюу 25.000.000 төгрөг, нийт 75.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 243.210.500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

  1. 2013 оны 7 сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээг Ц.Э-, В.З-тай байгуулсан. Энэ зээлийн гэрээтэй холбогдуулаад төлбөрийн баталгаа болгож, В.З-ы орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр бус юм. 2013 оны 7 сарын 26-ны өдөр зээл аваад 2013 оны 8, 9, 10, 12, 2014 оны 01 дүгээр сард нийт 5 сарын хүү 15.000.000 төгрөг төлсөн. Ц.Э-ийн төрсөн ээж П.Ц- тухайн үед В.З-аас 25.000.000 төгрөг авсан байдаг. Ингэхдээ В.З-ы зээлсэн 100.000.000 төгрөгийн үлдэгдлээс хасахаар тохиролцсон. Зээлийн хүүг хугацаа хэтрүүлж төлсөн гэж үзэхгүй байна. 100.000.000 төгрөгийн хувьд хүү төлөх үндэслэлгүй юм. Үндсэн зээлээс 60.000.000 төгрөгийг 2015 онд төлсөн. Үндсэн зээлээс 40.000.000 төгрөгийн үлдэгдэл, алданги 20.000.000 төгрөгийг төлнө. Гэрээний алданги 0,3 хувь гэж зээлийн гэрээг тохиролцсон.
  2. 2014 оны 01 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хувьд зээлсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс энэ маргааныг шүүхээр шийдвэрлэх боломжгүй.
  3. 2014 оны 01 сарын 29-ний өдрийн зээлийн үүрэг 2.943.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Авсан тул өгнө.
  4. 2014 оны 9 сарын 04-ний өдрийн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, мөн маргахгүй.
  5. 2014 оны 9 сарын 05-ны өдрийн зээлийн үлдэгдэл 18.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Бас маргаангүй.
  6. 2015 оны 8 сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015 оны 9 сарын 10-ны өдрүүдэд 100.000.000 төгрөгөөр нийт 200.000.000 төгрөгийн хувьд самарны бизнес хийхээр зээлсэн. Гэтэл энэ самарны наймаа бүтэлгүйтсэн. Аргагүй эрхэнд В.З- 150.000.000 төгрөгийг буцаан өгсөн байдаг. Зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөгийг дараа төлнө гэж талууд тохиролцсон болохоос биш ашиг тооцно гэсэн гэрээ хийгдээгүй. Тиймээс зөвхөн 50.000.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Ашиг гээд нэхэмжлээд байгаа 25.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээгээр өгсөн авсанаа л буцаана. Зээлийн гэрээнд ашиг хуваах гэсэн ойлголт яригдахгүй.

Талууд 2012 оноос эхлээд бизнес хамтран эрхэлдэг байсан. Маш дотно харилцаатай байсан болохоор ингэж зээлийн гэрээгүй мөнгө зээлдэг, өгдөг, авдаг байсан. Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Ц.Э- нь хариуцагч В.З-, С.С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 243.210.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь “...2013 оны 7 сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөг зээлүүлсэн гэрээний үүрэгт 126.067.500 төгрөг, 2014 оны 01 сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг зээлүүлсэн гэрээний үүрэгт 17.700.000 төгрөг, 2014 оны 01 сарын 29-ний өдөр зээлүүлсэн 2.943.000 төгрөг, 2014 оны 9 сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөг зээлүүлсэн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг, 2014 оны 9 сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөг зээлүүлсэн гэрээний үүрэгт 18.500.000 төгрөг, 2015 оны 8 сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015 оны 9 сарын 10-ны өдөр 100.000.000 төгрөг, нийт 200.000.000 төгрөг зээлүүлсэн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг, уг мөнгөөр самар авч борлуулаад ашгаа хувааж авна гэж тохиролцсон тул 25.000.000 төгрөг, нийт 243.210.500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргав.

 

Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэвэл:

  1. 2013 оны 7 сарын 26-ны өдөр Ц.Э- нь В.З-, С.С- нартай зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү зээлийн гэрээгээр 1 жилийн хугацаатай, сар бүр 3 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцож 100.000.000 төгрөгийг зээлдэгч нарт зээлүүлсэн болох нь зээлийн гэрээгээр нотлогдов. /хх9-12х/ Нэхэмжлэгч “...зээлийн хүүнд 2013 оны 8,9,10,12 сард тус бүр 3.000.000 төгрөгөөр 12.000.000 төгрөг, 2015 оны 4 сарын 24-нд 60.000.000 төгрөг авсан...” гэж, хариуцагч “...2013 оны 8,9,10,12 сар, 2014 оны 1 сард тус бүр 3.000.000 төгрөгөөр 15.000.000 төгрөг төлсөний 10 сарын мөнгийг н.Б- гэх хүний дансаар, 25.000.000 төгрөгийн хүүг Ц.Э-ийн ээж П.Ц-д өгсөн мөнгөндөө тооцож, хүүний үлдэгдэл байхгүй, үндсэн зээлээс 2015 онд 60.000.000 төгрөг төлсөн тул одоо үлдэгдэл 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг нийт 60.000.000 төгрөг төлнө” хэмээн маргав.

 

Талууд зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагчийн “...5 сарын хүүнд 15.000.000 төгрөг төлсөн...” тайлбар үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан тэмдэглэлийн дэвтрийн хуудсан дээрх бичиглэлээр Ц.Э- 2013 оны 12 сар, 2014 оны 1 сард тус бүр 3.000.000 төгрөгийн хүү авсан талаар тэмдэглэжээ. Нэхэмжлэгч тал Ц.Э-ийн гарын үсэг мөн болохыг зөвшөөрч маргаагүй. Хаан банкны 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 29/12248 дугаар албан бичгээр Хаан банк дахь Ц.Э-ийн эзэмшдэг 500............. тоот дансны гүйлгээний хуулгаар 2013 оны 8 сарын 26, 9 сарын 30-ны өдрүүдэд хариуцагч С.С-ээс тус бүр 3.000.000 төгрөгийг, 2013 оны 10 сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг н.Б-аас шилжүүлсэн баримт авагджээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2013 оны 8, 9, 10, 12-р сарын буюу 4-н сарын хүүг төлсөн” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэхүү тайлбарыг дэмжсэн тайлбар гаргасан, мөн 2013 оны 12 сар, 2014 оны 1 сард тус бүр 3.000.000 төгрөг авсан талаар маргаагүй атлаа аль сарын хүүнд мөнгө аваагүй болохоо өөрсдөө нотлоогүй. Тиймээс хариуцагч нар 2013 оны 8,9,10,12, 2014 оны 1 сард тус бүр 3.000.000 төгрөгөөр 15.000.000 төгрөгийн хүү төлсөн болох нь нотлогдов. /хх-48, 77-79х/

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...С.С-25.000.000 төгрөг Ц.Э-ийн ээж П.Ц-д зээл гаргуулах гэж өгсөн. Энэ зээл нь бүтээгүй тул үлдэгдэл хүүний мөнгөндөө энэ 25.000.000 төгрөгийг тооцсон” гэх тайлбар үндэслэлгүй. П.Ц-, Ц.Э- нар нь иргэний эрхзүйн чадамж бүхий тусдаа субъектүүд юм. Тиймээс нь П.Ц-гаас авах авлагаа Ц.Э-т өгөх өглөгт тооцох боломжгүй.

 

Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч нар нь 2014 оны 7 сарын 26-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болоход үндсэн зээл 100.000.000 төгрөг, 7 сарын хүү 21.000.000 төгрөг, нийт 121.000.000 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй байна. 2014 оны 7 сарын 26-ны өдрөөс 2015 оны 4 сарын 24-ний өдөр хүртэл 9 сар буюу 270 хоног үүргээ гүйцэтгээгүй тул 121.000.000. төгрөгийн алдангид хоног тутамд 0,3 хувиар тооцоход 98.010.000 төгрөг байхаар байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 121.000.000 төгрөгт ногдох алдангийн хэмжээг 60.500.000 төгрөг гэж тооцно. 2015 оны 4 сарын 24-ний өдрийн байдлаар нийт 181.500.000 төгрөгийн үүрэг үүссэн байна. Үүнээс мөн өдөр 60.000.000 төгрөг төлсөн тул үндсэн зээлээс хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөг, хүү, алдангид 81.500.000 төгрөг, нийт 121.500.000 төгрөгийг 2013 оны 7 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

 

  1. 2014 оны 01 сарын 24-ний өдөр Ц.Э-, С.С- нар зээлийн гэрээ байгуулжээ. /хх-8х/ Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 6 сарын хүү 1.800.000 төгрөг, алданги 5.900.000 төгрөг, үндсэн зээл 10.000.000 төгрөг, нийт 17.700.000 төгрөг гаргуулахаар шаардав. Энэхүү зээлийн гэрээгээр 2014 оны 1 сарын 21-ний өдрөөс 2014 оны 7 сарын 21-ний өдөр хүртэл, 10.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлжээ. Хариуцагч зээл авсан талаар маргаагүй боловч “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй” хэмээн тайлбар гаргав.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заажээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 7 сарын 21-ний өдөр дууссан ба энэ хугацаанаас эхлэн зээлдүүлэгч Ц.Э- гэрээний үүргийг биелүүлэхийг зээлдэгч С.С-ээс шаардах эрхтэй байжээ. Хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан тул зээлдүүлэгч Ц.Э-ийн энэхүү зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 7 сарын 22-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2017 оны 10 сарын 03-ны өдөр гаргасан ба зээлийн гэрээний үүргийг 3 жилийн хугацаанд шаардаж байсан эсэх, үүргийн гүйцэтгэлийг харилцан тохиролцож хойшлуулсан эсэх баримтыг шүүхэд гаргаагүй, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй тул энэ шаардлагын тухайд С.С-ээс 17.700.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй.

 

  1. 2014 оны 01 сарын 29-ний өдөр зээлсэн 2.943.000 төгрөг, 2014 оны 9 сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөг зээлснээс 12.000.000 төгрөгийг эргүүлж төлсөн тул үлдэгдэл 3.000.000 төгрөг, 2014 оны 9 сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөг зээлж 11.500.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 18.500.000 төгрөг, нийт 24.443.300 төгрөгийн шаардлагын тухайд хариуцагч нар маргаангүй болох талаар тайлбарлав. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй хэдий боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нарын өмчлөлд мөнгө шилжүүлсэн, зээлийн үүргийн зарим хэсгийг хариуцагч нар биелүүлсэн үйл баримт тогтоогдсон тул  зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Нэгэнт хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул 2014 оны 01 сарын 29-ний өдөр зээлсэн 2.943.000 төгрөг, 2014 оны 9 сарын 04-ний өдөр зээлсэн 15.000.000 төгрөгийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, 2014 оны 9 сарын 05-ны өдөр зээлсэн 30.000.000 төгрөгийн үлдэгдэл 18.500.000 төгрөг, нийт 24.443.300 төгрөгийг В.З-, С.С- нараас гаргуулах нь зүйтэй.

 

  1. 2015 оны 8 сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015 оны 9 сарын 10-ны өдөр 100.000.000 төгрөг, нийт 200.000.000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. С.С-ийн бичсэн гар бичмэлээс үзэхэд Ц.Э-ээс 200.000.000 төгрөгийг С.С-зээлсэн байх ба, зээлсэн 200.000.000 төгрөгийг 2016 оны 3 сарын 10-ны дотор буцаан төлөхөөр тохиролцжээ. Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний шинжийг агуулсан тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зээлдэгч зээлийн төлбөрөөс 150.000.000 төгрөг төлсөн 50.000.000 төгрөгийн үлдэгдэл төлөх талаар маргаагүй. Харин “...энэ мөнгөөр самар авч борлуулаад ашгаа хувааж авна гэж тохиролцсон тул ашгийн 50 хувь буюу 25.000.000 төгрөг нэмж нэхэмжилнэ” хэмээн нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул зээлдэгч зээлсэн 200.000.000 төгрөгийг 200.000.000 төгрөгийн хэмжээнд буцаан төлөх үүргийг хүлээх ба зээлийн гэрээнээс ашиг авах тухай ойлголт байхгүй. Тиймээс нэгэнт 150.000.000 төгрөг төлөгдсөн тул 2015 оны 8 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн, 2015 оны 9 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс 50.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэж болохоор байна. Энэхүү зээлийн гэрээний тухайд хариуцагчийн 50.000.000 төгрөг төлөх тухай тайлбар үндэслэлтэй. Харин зээлийн гэрээг Ц.Э- С.С- нар байгуулсан тул С.С-ээс 2015 оны 9 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Эцэст нь нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн дүгнэхэд 2013 оны 7 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 121.500.000 төгрөг, 2014 оны 01 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2.943.000 төгрөг, 2014 оны 9 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг, 2014 оны 9 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 18.500.000 төгрөг, нийт 145.943.000 төгрөгийг хариуцагч С.С-, В.З- нараас, хариуцагч С.С-ээс 2015 оны 9 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-т олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.  

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.374.002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 522.808 төгрөг, хариуцагч С.С-ээс 772.807 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                         

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч В.З- /W.Z/-аас 72.971.500 төгрөг, хариуцагч С.С-ээс 122.971.500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 47.267.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.374.002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.З- /W.Z/-аас улсын тэмдэгтийн хураамжид 522.808 төгрөг, хариуцагч С.С-ээс 772.807 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ