Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 617

 

Ц.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00032 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Эийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ВЗ /W/, С.С-э нарт холбогдох

 

243 210 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Надаас Ву Зихун, С.С-э нар нь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 100 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-96 дугаар байрны 15 тоот, 3 өрөө байрыг барьцаалсан. Энэ зээлээс 2013 оны 8-12 дугаар саруудын хүүг төлж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 60 000 000 төгрөгийг төлсөн ба хугацаа хэтэрсэн хүү 24 000 000 төгрөг, алданги 62 045 000 төгрөг, нийт 186 067 500 төгрөгөөс 60 000 000 төгрөгийг хасч 126 067 500 төгрөгийг нэхэмжилнэ. 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй 10 000 000 төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй тул 6 сарын хүү 1 800 000 төгрөг, алданги 5 900 000 төгрөг, нийт 17 700 000 төгрөг нэхэмжилнэ.

2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 943 000 төгрөг зээлж, эргэн төлөөгүй. 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг зээлсэнээс 12 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 3 000 000 төгрөг төлөөгүй. 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 30 000 000 төгрөг зээлж 11 500 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 18 500 000 төгрөг төлөөгүй. 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 200 000 000 төгрөг зээлж авч, үүнээс 50 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд 200 000 000 төгрөгийн ашгийн 50 хувь 25 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Эдгээр зээлийн үлдэгдлүүд нийлээд 99 443 000 төгрөг болно.

Иймд БНХАУ-ын иргэн ВЗтүүний эхнэр С.С нараас нийт 243 210 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В З, С.С-э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 100 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг Ц.Э, Ву Зихунтай байгуулсан. Энэ гэрээний төлбөрийн баталгаа болгож, Ву Зихуны орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иймд гэрээ хүчин төгөлдөр бус. 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зээл аваад 2013 оны 8-12  дугаар сарууд, 2014 оны 01 дүгээр сар нийт 5 сарын хүү 15 000 000 төгрөгийг төлсөн. Ц.Эийн төрсөн ээж П.Цэцэгмаа тухайн үед Ву Зихунаас 25 000 000 төгрөг авсан. Ингэхдээ Ву Зихуны зээлсэн 100 000 000 төгрөгийн үлдэгдлээс хасахаар тохиролцсон. Зээлийн хүүг хугацаа хэтрүүлж төлсөн гэж үзэхгүй. 100 000 000 төгрөгийн хувьд хүү төлөх үндэслэлгүй. Үндсэн зээлээс 60 000 000 төгрөгийг 2015 онд төлсөн. Үндсэн зээлээс 40 000 000 төгрөгийн үлдэгдэл, алданги 20 000 000 төгрөгийг төлнө. Зээлийн гэрээнд алдангийг 0,3 хувь гэж тохиролцсон.

2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг төлөх үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн үүрэг 2 943 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн үлдэгдэл 18 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө.

2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 100 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 100 000 000 төгрөг нийт 200 000 000 төгрөгийн хувьд самарны бизнес хийхээр зээлсэн боловч бүтэлгүйтсэн. Ву Зихунд 150 000 000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 50 000 000 төгрөгийг дараа төлнө гэж тохиролцсоноос ашиг тооцно гэсэн гэрээ хийгээгүй тул 50 000 000 төгрөгийг төлнө. Ашиг гэх 25 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ВЗ/W/-аас 72 971 500 төгрөг, хариуцагч С.С-ээс 122 971 500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 47 267 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 374 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ВЗ/W/-аас 522 808 төгрөг, хариуцагч С.С-ээс 772 807 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эт олгохоор шийдвэрлэжээ. 

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн 17 700 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэх хэсгийн 2 дахь хэсгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч талтай 3 жилийн хугацаанд байнга уулзаж, утсаар харилцаж, зээлийн гэрээний үүргийн талаар шаардаж байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сард Б.Соёл-Эрдэнэ, өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар болон нэхэмжлэгч Ц.Э өмгөөлөгч миний бие хамтран уулзаж зээлийн эргэн төлөлт, хэрхэн яаж төлөх талаар хэлэлцэн харилцан шаардлага тавьж үүний дагуу Б.Соёл-Эрдэнийн өөрийнх нь гаргаж өгсөн 243 000 000 төгрөг хэрхэн яаж төлөх тухай бичсэн тайлбарт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээл буюу 17 700 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар бичсэн. Мөн хариуцагчийн гаргасан зээлийг хэрхэн төлөх талаарх Б.Соёл-Эрдэнийн утасны бичлэгт энэ талаар дурдагдсан.

            Иймд 17 700 000 төгрөгийг гаргах үндэслэлгүй гэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох заалт үндэслэлгүй, гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй үргэлжилж байсан. Дээрх үндэслэлээр 17 700 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож 17 700 000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч тал 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 100 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 1 жилийн xyгацаатай зээлж, 2013 оны 08-12 дугаар cap хүртэлх 5 сарын хүүнд 15 000 000 төгрөгийг төлсөн. Мөн хариуцагч тал 2014 оны 01-7 дугаар cap хүртэлх хүүг төлөхөөр төсөвлөсөн. Гэтэл 2014 оны 01 дүгээр сард Ц.Э, С.С-эд "манай ээж /П.Цэцэгмаа/ зээл хөөцөлдөхдөө сайн. Таны төсөл бичиг баримт бүрэн юм чинь Чингис бондоос зээл авчих. Манай ээж ажиллаж байсан компанидаа зээл авч өгч дампуурлаас гаргасан, танил ихтэй. Та бичиг баримтаа ээжид 25 000 000 төгрөгтэй өгчих" гэсэн тул  2014 оны 01-7 дугаар cap хүртэл хүү төлөхөөр төсөвлөсөн 15 000 000 төгрөг дээр 10 000 000 төгрөг нэмж Ц.Эийн ээж П.Цэцэгмааг Оргил сувилалд хэвтэж байхад нь бэлнээр 25 000 000 төгрөг аваачиж өгсөн.

Ц.Э С.С-эд мөнгө зээлүүлчихээд буцаагаад 25 000 000 төгрөгийг ээждээ өгүүлсэн, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд оролцоогүй, мөн хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт, үйл баримтыг үнэлэхдээ анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан.

2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө дууссанаас хойш Ц.Э, С.С-ийн гэр бүл удаа дараа уулзаж зээлийн гэрээний 100 000 000 төгрөгийг хамтарч бизнес хийх явцад төлөхөөр амаар тохиролцож байсан учир тухайн гэрээний нөхцөлд заасан хугацаанд хариу төлбөрийг тооцох, гэрээг сунгуулах, хүү, анз тооцох тухай яригдаагүй явсаар 2015 онд 60 000 000 төгрөг төлж, үлдэгдэлд нь хүү, алданги тооцох тохиролцоо хийсэн.

Ц.Э нь 2017 оноос хойш зээлүүлсэн мөнгөө ээжээрээ дамжуулан нэхэхэд нь С.С-э нар харилцан тооцоо хийж өнгөрсөн хугацаанд талуудын хооронд үүссэн өр, авлагыг харилцан суутгах, Ц.Эээс С.С-ийн хамтран байгуулсан "Эко Ургац" ХХК-ийн хувьцаанд тооцуулж төлөхийг санал болгож, нэхэмжлэгч Ц.Э нь зөрүү мөнгө өгөлгүйгээр тооцоог дуусгахыг хүлээн зөвшөөрсөн. Тус компанид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ Ц.Эт өгөх өр төлбөрийн хооронд зөрүүтэй учир С.С-э нь хоёр талаас тооцоогоо хийж дахин тохиролцоё гэсэн ч Ц.Э гадаадад байдаг, холбогдох боломжгүй байсан. Дээрх нөхцөл байдлын улмаас гэрээний хугацаа хэтрүүлсэн нь хариуцагч талд хамааралгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд алданги тооцохгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн "Тодорхойлох" хэсэгт заасан "2013 оны 7 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 121 500 000 төгрөг" гэснийг "40 000 000 төгрөг" гэж өөрчлөх, мөнхүү шийдвэрийн "Тогтоох" хэсгийн "хариуцагч By Зихунаас 72 971 500 төгрөг" гэснийг "32 971 500 төгрөг" гэж, "хариуцагч С.С-ээс 122 971 500 төгрөг" гэснийг "70 451 500 төгрөг" гэж тус тус өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч By Зихун /W/, С.С-э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 243.210.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Э, С.С-э нарын хооронд байгуулагдсан 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Ц.Э, Ву Зихун, С.С-э нарын 100 000 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ, С.С-ийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 200 000 000 төгрөгийн зээл авсан талаарх тодорхойлолт, хариуцагч талын, 2014 оны 01 дүгээр сарын 29, 9 дүгээр сарын 04, 05, 2015 оны 8 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдлийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 8-9, 13, 28-29/

Зохигчид дээрх үйл баримт болон мөнгийг шилжүүлэн авсан талаар маргаангүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийг, гэрээнд зааж тохиролцсон алдангийг гаргуулахаар шаардах эрхтэй. Талууд алдангийн талаар 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 100 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний хувьд зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний хувьд зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тус тус тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн байна. /хх 8-9 дэх тал/

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж буй үндэслэлээ “2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс хүүд 15 000 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн ээж П.Цэцэгмаагийн авсан 25 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасахаар тохиролцсон, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлан мэтгэлцэж, бусад зээлийн гэрээний үүргийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2013 оны 100 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Ву Зихун, С.С-э нарын хооронд үүссэн, хариуцагч нар уг гэрээний дагуу зээлийн хүүд 15 сая төгрөг, үндсэн зээлээс 60 000 000 төлсөн болох нь нэхэмжлэгч Ц.Эийн мөнгө хүлээн авсан тухай баримт, ХААН банкны депозит дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон. /хх-1, 48, 56-57, 78-79, 86 дахь тал/ Хариуцагч тал нэхэмжлэгчийн эх П.Цэцэгмаад өгсөн 25 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцохоор тохиролцсон гэж марган, С.С-ийн гар утсанд үзлэг хийлгэсэн байх ба уг үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан иргэн П.Цэцэгмаагаас хариуцагчид ирүүлсэн захиаг /мессежийг/ хариуцагч С.С-э, нэхэмжлэгч нарын тохиролцоо гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв байна. Харин хариуцагч нарын гүйцэтгээгүй үүргээс алдангийг давхар тооцож гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч Ву Зихун, С.С-э нар нэхэмжлэгч Ц.Эээс 2013 онд 100 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувиар алданги төлөх нөхцөлтэй зээл авч, гэрээний хугацаанд зээлийн хүүд 15 000 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 60 000 000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул хариуцагч нарын гүйцэтгээгүй үүргийг төлөөгүй үлдсэн зээлийн хүү болон үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөгөөс алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцэх тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч С.С-эд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, хариуцагч нь зээлийг 7 дугаар сарын 21-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн үйл баримтад талууд маргаангүй учир энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй. Хариуцагч С.С-э нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг  “гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр татгалзаж байна. Талуудын гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дууссан тул шаардах эрх энэ үеэс үүссэнд тооцохоор Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заажээ. Нэхэмжлэгч нь хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардах эрх үүссэн өдрөөс хойш энэ зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа 3 жилийн дотор гаргах ёстой байсан боловч хариуцагчаас зээлийн үүргийн шаардаж байсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон тохиолдол бий болсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Үүний улмаас хариуцагчид мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх үүсчээ. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Хариуцагч тал 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний үүрэгт 2 943 000 төгрөг, 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 3 000 000 төгрөг, мөн сарын 05-ны өдрийн зээлийн үлдэгдэл 18 500 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн 2015 оны зээлийн гэрээний үүргийн шаардлагаас 25 000 000 төгрөг ашиг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тооцооллын болон улсын тэмдэгтийн хураамжийн хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч ВЗ/W/-аас 72 971 500 төгрөг, хариуцагч С.С-ээс 122 971 500” гэснийг “хариуцагч ВЗ/W/, С.С-э нараас 69 000 000 төгрөг, хариуцагч С.С-ээс 74 443 000” гэж, “47 267 500” гэснийг “99 767 500” гэж, 2 дахь заалтын “хариуцагч ВЗ/W/-аас 522 808 төгрөг, хариуцагч С.С-ээс 772 807 төгрөг” гэснийг “хариуцагч нараас 875 165 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 137 665 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД