Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 429

 

“Төгс наран ундарга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/0046 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Төгс наран ундарга” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мөнххан-Оргил” ХХК-д холбогдох

 

9 799 920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Отгонбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 11 сард “Мөнххан-Оргил” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус компаний Цонжинболдог дахь зочид буудлын барилгын 1 дүгээр давхрын бассейны засал чимэглэлийн ажил, А, С блокуудын гипсэн таазны заслын ажил, С блокын таазны заслын ажил, Е, Г блокуудын таазны заслын ажил, А блок болон 2 пабны хэсэг дэх заслын ажил, 1-2 давхрын дотор заслын ажил зэрэг ажлуудыг нийт 61 299 940 төгрөгийн өртөгтэйгээр тохиролцон хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу “Мөнххан-Оргил” ХХК нь гүйцэтгэлийн хөлсөнд 51 500 000 төгрөг олгосон бөгөөд 1 дүгээр давхрын бассейны ажлын засал чимэглэл ажлаас 424 200 төгрөг, А, С блокуудын гипсэн таазны ажлаас 2 233 500 төгрөг, С блокын таазны засал ажлаас 1 704 980 төгрөг, Е, Р блокуудын таазны ажлаас 1 208 400 төгрөг, А блок болон 2 пабны хэсэг дэх заслын ажлаас 3 874 700 төгрөг, 1-2 давхрын заслын ажлаас 354 140 төгрөг, нийт 9 799 920 төгрөгийг олгохгүй удаж байна. Мөн ажлын гүйцэтгэлийн хөлсний алдангийг Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож үзэхэд 4 899 960 төгрөг болж байгаа бөгөөд манай компани алданги болон ажлын хөлсийг “Мөнххан-Оргил” ХХК-аас гаргуулж авах хүсэлтэй байна. Иймээс гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 9 799 920 төгрөг болон хуульд заасан гэрээний алданги 4 899 969 төгрөг, нийт 14 699 880 төгрөгийг “Мөнххан-Оргил” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч “Мөнххан-Оргил” ХХК-иас 9 799 920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Төгс наран ундарга” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 899 969 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 171 748 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 6 551 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/0046 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна.

1. “Мөнххан Оргил” ХХК-ийн захирал С.Отгонбаяр би “Төгс наран ундарга” ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан бөгөөд сөрөг нэхэмжлэлээ 14 хоногийн дотор өгөхөөр болсон. Ингэхдээ шүүхийн нарийн бичигт нь манай компанийн нягтлан Солонгос явсан байгаа ирэнгүүт нь санхүүгийн баримтаа нягтлаад сөрөг нэхэмжлэлээ өгнө гэсэн. Олон хоногийн баярын амралт, шинэ жил давхцаад тайван байж байтал 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө утасдаад шүүх хурал 2017 оны 01 дүгээр сарын 02-нд болсон ирж шүүхийн шийдвэрээ аваарай гэж мэдэгдсэн. Би учрыг асуухад: та хурлын тов зарласан баримт дээр гарын үсэг зурсан байгаа гэсэн. Би олон баримтад гарын үсэг зурсан боловч чин үнэнээ хэлэхэд 2017 оны 01 дүгээр сарын 02-нд шүүх хурал болно гэдгийг ер олж хараагүй. Сүүлд нь би бодож байсан анзаараагүй болов уу. Шүүгчийн туслах 14 хоногийн дотор тайлбараа ирүүлээрэй гэж хэлснээс өөр шүүх хурлын товын тухай ерөөсөө хэлээгүй. Ингээд шүүх хурлын мэдэгдэх хуудсыг үзэхэд хурал зарласан өдөр засвартай байсан. Би шүүхийн нарийн бичигт хүн ёсныхоо хувьд ядаж утсаар шүүх хурлын товыг хэлчихгүй дээ гэхэд утсаар хэлэх албагүй гэж хэлсэн. Би шүүх хурал болохыг урьдчилан мэдсэн бол хуралдаа заавал оролцох байсан. Учир нь манай компаниас үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байдаг. Гэтэл надад хурлын зарыг мэдэгдээгүй хурлын товын өдрийг зассан байгаа нь миний шүүх хуралд оролцож өөрийн эрх ашгаа хамгаалах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

2. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг 65 855 110 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэсэн гэсэн байна. Энэ хэдийгээр ажлын гүйцэтгэлийг гаргаж тооцоо нийлсэн этгээд зохигчдыг буюу хариуцагчийг төлөөлөх эрхтэй гэдэг нь баримтаар нотлогдоогүй боловч хариуцагч эдгээр ажлыг хийсэн талаар маргаангүй гэсэн нь ИХШХШТХуулийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Мөнххан Оргил” ХХК-д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн 101/ШЗ2016/33421 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж мөн өдрөө, нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбаярт гардуулж, эрх, үүрэг, хэргийн материалыг тус тус танилцуулж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаан хийх өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 101/ШЗ2017/00396 дугаартай захирамж гаргасан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийг мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжоор нь хангаагүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан тохиолдолд шүүх хуралдаан хэзээ хаана болохыг товлож, мөн хуулийн 76.1.2-д заасны дагуу хэргийн оролцогчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрх тус тус үүсэж, мэтгэлцэх боломж бүрдэнэ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/0046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Мөнххан Оргил” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 748 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

С.ЭНХТӨР