Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Батцэрэн |
Хэргийн индекс | 188/2016/0088/Э |
Дугаар | 298 |
Огноо | 2016-11-28 |
Зүйл хэсэг | 096.1., 181.1., |
Улсын яллагч | Ш.Эрдэнэбилэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 298
Б.Өлзийсайхан, Н.Мөнхбаяр нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ш.Эрдэнэбилэг,
шүүгдэгч Б.Өлзийсайханы өмгөөлөгч Н.Жамъян, Ц.Батбаяр,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 613 дугаар магадлалтай, 201626010876 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Өлзийсайханы өмгөөлөгч Н.Жамъян, Ц.Батбаяр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2005 онд Эрүүгийн хуулийн 181 дугаар ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, бүгд 5 жил 10 хоног хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Талст овогт Баттулгын Өлзийсайхан нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Нямбазарын Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх заалтад заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Өлзийсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Н.Мөнхбаярыг танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханыг 5 жил 1 хоног хорих ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар Н.Мөнхбаярыг 5 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Б.Өлзийсайханы эдлэх жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 90 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Н.Мөнхбаярын эдлэх 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлган ялыг эдлүүлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Н.Жамъян, Ц.Батбаяр нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Өлзийсайханы өмгөөлөгч Н.Жамъян хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Б.Өлзийсайхан нь хохирогчийн хууль бус буруутай үйлдлийн улмаас учрах хор уршгийг зайлуулж, аргагүй хамгаалалтын байдалд, хүч хэрэглэн заналхийлэлд автсан үедээ гэмт хэрэг үйлдсэн. Б.Өлзийсайханы анх өмгөөлөгчөөр авах гэж байсан өмгөөлөгч Н.Цэрэндулам нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцон холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хуралд хохирогч Н.Мөнхбаяр онлайнаар оролцохдоо цохиулсан нүд нь өмнө гэмтэл авч хагалгаанд орсон талаар хэлсэн бөгөөд тухайн асуудлыг мэдэх гэрч нараас байцаалт аваагүй. Б.Өлзийсайханы хувийн байдал, ар гэрийн гачигдал, хэрэгт оролцсон байдал зэрэг цагаатгах, хөнгөрүүлэх талын ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж ял шийтгэлийг хөнгөрүүлэх, эсвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Б.Өлзийсайханы өмгөөлөгч Ц.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... хэрэгт авагдсан зарим гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэйгээс гадна анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэхэд эргэлзээтэй байх тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.
Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Б.Өлзийсайхан, Н.Мөнхбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.Өлзийсайханы өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шалтаг, шалтгаангүйгээр иргэн Б.Өлзийсайханы нүүр рүү цохиж, хүч хэрэглэн танхайрсан,
шүүгдэгч Б.Өлзийсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд иргэн Н.Мөнхбаярт цохиулсны дараа түүний нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь Н.Мөнхбаяр /хх-18/, Б.Өлзийсайхан /хх-21/ нарын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч З.Даваадорж /хх-23/, Б.Батбаяр /хх-24/, Б.Батжаргал /хх-25/, Б.Батчимэг /хх-26/, Ж.Алтан-Очир /хх-29/, Н.Ханбүргэд /хх-34/ нарын мэдүүлгүүд, Н.Мөнхбаярын биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод талын хугарал, эвэрлэгийн шарх, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимны хатангаршил, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 668 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-39/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн тухайн хэргийн үйл баримт, зүйлчлэлийг тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Өлзийсайхан нь 2005 онд Эрүүгийн хуулийн 181 дугаар ангийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, бүгд 5 жил 10 хоног хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд тэрээр гэмт хэрэг үйлдээгүй тул дээрх гэмт хэргүүдэд ялтайд тооцогдох хууль зүйн үр дагавар нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар арилсан ба Б.Өлзийсайханы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, хохирогч Н.Мөнхбаярын эмчилгээний зардалд 1.140.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Б.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаас доогуур хөнгөн ял оногдуулах боломжтой байх тул энэ талаар шүүгдэгч Б.Өлзийсайханы өмгөөлөгч Н.Жамъянгийн гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь Б.Өлзийсайханд цохиулснаас болж түүний зүүн нүд гэмтсэн ба тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо урьд нь баруун нүдэндээ гэмтэл авч, хагалгаа хийлгэж байсан талаар мэдүүлснээс гадна 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4707 дугаар шинжээчийн дүгнэлт гарах үед Н.Мөнхбаярын харааг шалгах боломжгүй байсан талаар шинжээч дүгнэлтдээ тодорхой тусгасан ба Н.Мөнхбаярын биед зүүн нүдний хараагүйдэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 668 дугаар шинжээчийн дүгнэлтийг /хх-39/ үгүйсгэх, эсхүл уг шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчиж гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн байдлыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эсхүл нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах боломжгүй тул өмгөөлөгч Ц.Батбаярын “хэргийг мөрдөн байцаалтад буцааж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Б.Өлзийсайханд холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН