Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00720

 

Ш.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02209 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00164 дүгээр магадлалтай

Ш.Б-ын нэхэмжлэлтэй

Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох

Автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол шуудан банкнаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны зоорийн давхрын 15 тоот автомашины зогсоолыг 5000 ам.доллараар худалдаж авсан. Тухайн үед автомашины зогсоолын үнийг төлөхдөө В-74 тоот гэж тушаасан бөгөөд энэ нь байрны дугаар юм. Сүүлд Архивын газраас ирсэн баримтуудаас үзвэл Монгол шуудан банк Ш.Б- нарын хооронд байгуулагдсан 74 тоот гэрээ гарч ирсэн. Энэ гэрээнд 3 өрөө орон сууц, гараашийн асуудал тусгагдсан байх ба гэрээн дээрх гарын үсэг Ш.Б-ынх мөн юм шиг байсан. Ш.Б- нь тухайн үед Одод ХХК-д ажиллаж байсан бөгөөд тус байгууллагаас түүний ажил, хөдөлмөрийг үнэлж Монгол шуудан банкны бариулсан 120 айлын орон сууцнаас 3 өрөө байр бэлэглэсэн байдаг. Ш.Б- нь уг орон сууцанд амьдарч байгаад бусдад худалдсан. Энэ орон сууцны асуудал өнөөдрийн манай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Маргаан бүхий гараашийг СӨХ-оос 15 тоот гэж дугаарласан юм. Ш.Б- нь уг гараашийг анх худалдаж авсан 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшин ашиглаж байгаа. Одоо уг зогсоолоо зарах болоод өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч уг эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй тул мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан. Одоо Монгол шуудан банк нь татан буугдсан, актив, пассив хөрөнгө нь Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжсэн учир бид тус байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон. Иймд Ш.Б- өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болсон тул Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны 15 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн A153 дугаартай тушаалаар "Х" ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн A157 дугаартай Албадан татан буулгах тухай тушаалаар "Х" ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар "Х ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг нэг жил хүртэл хугацаагаар, 2015 оны 07 сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалаар 1 жил хүртэл хугацаагаар, 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалаар 6 capын хугацаагаар, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалаар 6 сарын хугацаагаар тус тус сунгасан. Хны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 тоот хамтарсан тогтоол, мөн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монгол шуудан банкны зарим актив, пассив хөрөнгийг салгах баланс үйлдэн Х шилжүүлэн авсан. Х нь Монгол шуудан банкны үүргийг бүхэлд нь шилжүүлж аваагүй ба энэ нь тогтоолын 7 дугаар хэсэгт зааснаар нотлогдоно. Монгол шуудан банк хуулийн этгээдийн хувьд татан буугдаагүй улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байна. Сүүлд ирсэн архивын баримтаас үзвэл Монгол шуудан банк болон Ш.Б- нарын хооронд байгуулагдсан 74 тоот гэрээ гарч ирсэн. Энэ гэрээнд 3 өрөө орон сууц, гараашийн асуудал тусгагдсан байна. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч нь энэ гэрээг мэдэхгүй, мөн гараашид улсын бүртгэлийн гэрчилгээ гардаг талаар мэдээгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Гэрээний график төлөлтөөс харвал энэ орон сууцны үнэ, гараашийн төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь орон сууцыг Одод ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр авсан гэсэн. Бид тухайн үед Монгол шуудан банкны асуудлаар 2003 оны 10 сард нийтэд мэдээлсэн, тэр үед гомдлоо гаргаагүй. Мөн нэхэмжлэгч тал автомашины зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар бүртгэлийн байгууллагад хандаагүй байна гэсэн албан бичиг Архивын ерөнхий газраас ирсэн. Тийм учраас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02209 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ш.Б-ыг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны 15 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00164 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02209 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж,

Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар: 

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Дээрх орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгч Ш.Б- нь Монгол шуудан банкинд 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5000 ам.долларыг гараашийн төлбөр гэж тушаасан үйл баримт тогтоогдсон” гэжээ.

Шүүх гараашийн төлбөр 5 000 ам.доллар тушаасан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа маргааны зүйл болох авто зогсоолын өмчлөх эрх Монгол шуудан банкнаас хариуцагч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжсэн эсэх нөхцөл байдал тодорхой бус байна гэж эсрэг дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл уг авто зогсоолын төлбөр 2007 оны 06 дугаар сарын 15-нд Монгол шуудан банкны актив хөрөнгөнд орж, эргэлтийн хөрөнгө болон үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Монгол шуудан банкны мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор тус банкны “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх тухай” Хны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан тогтоолоор “Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийн хамт шилжүүлэхийг гүйцэтгэх захирал П.Мөнх-Эрдэнэд үүрэг болгосон.

Мөн түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч авто зогсоолтой холбоотой асуудлыг Х шилжүүлж аваагүй гэж тайлбарладаг боловч түүний төлбөрт шилжүүлсэн 5000 ам.доллар нь Монгол шуудан банкны актив хөрөнгөнд тусгагдаад балансаараа эргэлдэх хөрөнгө болж байсныг үгүйсгэж, өөрийн татгалзлаа нотолж чадаагүй юм.

Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Хны эрх хүлээн авагчид шилжсэн данс ... Монгол шуудан банкных байсан гэдгийг зөвшөөрч байна уу? гэхэд хариуцагчийн төлөөлөгч Д.Гантөмөр “Баримт байгаа бол хүлээн зөвшөөрнө” шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд/ гэж хариулсан. Энэ нь уг 5000 ам.доллар шилжсэн данс бөгөөд данс нь эрх хүлээн авагчид шилжсэн байхад актив хөрөнгө нь шилжиж ирээгүй гэх тайлбар үндэслэлгүй болохыг нотолж байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс өөрийн татгалзлаа нотлоход ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар 2017-10-26-ны шүүх хуралдаанд хүсэлт гаргаж /хх-137 дахь тал/, шүүх 182/Ш32017/09808 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба дахин ямар нэгэн ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаагүй.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нотолгооны хэрэгслийг хянаагүй дүгнэлт гаргасан талаар:

Мөн хэсэгт “...Улсын дээд шүүх нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад шүүх уг алдааг залруулаагүй хэргийг дахин шийдвэрлэсэн байна” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх зохигчдын хүсэлтийг хүлээн авч хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлсэн ба хуралдаанаас өмнө шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж хэн аль нь энэ талаар санал хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн юм.

Нэхэмжлэгч талаас 2017-10-12-ны өдөр 12 хуудас бичгийн нотлох баримт гаргаж өгсөн ба цаашид нэмэлт нотлох баримт шаардлагагүй байсан тул бичгээр хүсэлт гаргаж /хх-113 дахь тал/ өгсөн.

Тодруулбал магадлалд “Хариуцагч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчид Монгол шуудан банкнаас шилжүүлсэн эд хөрөнгийн жагсаалтыг нотлох баримтаар гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлт хэрэгт ач холбогдолтой, уг баримтыг тодруулах зайлшгүй шаардлагатай” гэж дурдсан боловч уг шилжүүлсэн эд хөрөнгийн жагсаалтад 15 тоот авто зогсоол байсан гэдгийг хариуцагчийн төлөөлөгч Д.Гантөмөр 2017-09-12-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгч П.Золзаяагийн “15 тоот зогсоол танай хөрөнгө биш юм уу гэсэн асуултад “Тийм. Монгол шуудан банкны зарим актив, пассивыг шилжүүлж авахад 15 тоот зогсоол байсан” /хх-101 дэх тал/ гэж хариулсан тул түүнийг дахин тодруулах шаардлагагүй болсон юм.

Мөн хариуцагчийн төлөөлөгч ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба 2017-11-15-ны өдрийн шүүх хуралдаанд төлөөлөгч Д.Гантөмөр “Актив, пассив хөрөнгө шилжүүлсэн гэрээний хавсралт нь бараг 300 хуудас шахуу. Тийм учраас бид үзлэг хийлгэе гэж бодож байсан боловч нэхэмжлэгч өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзсан. Тийм учраас дээд шүүхийн тогтоолд дурдсан асуудлыг биелүүлэх шаардлагагүй болж байгаа юм гэв” /тэмдэглэл-6 дахь тал/. Энэ нь хариуцагч тал үнэхээр уг авто зогсоолын актив хөрөнгө шилжиж ирээгүй бол үзлэг хийлгэх хүсэлт гаргах эрхээ эдлэх байсантай шалтгаант холбоотой байна.

Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримт нь зохигчдын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүх авто зогсоолыг Монгол шуудан банкнаас Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжсэн эсэх, хариуцагч нь уг хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй эсэх нөхцөл байдал тодорхой бус байна гэж үзсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өмчлөлийн маргаангүй өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа хөрөнгөө хуулийн дагуу захиран зарцуулах эрхээ олж авахад нотлох баримтын хүрээнд хянаагүйд гомдолтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Б- нь Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 2007 онд худалдан авсан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д “энэ хуулийн 38.6.-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж хяналтын шатны шүүхээс дүгнэж, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2017/00928 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хэрэг анхан шатны шүүхэд хянагдах явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь “...12 хуудас нотлох баримт гаргаж өгөв. Нэмэлт нотлох баримт шаардлагагүй гэж үзэж байх тул шүүх хуралдааныг товлож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна./хэргийн 1 дүгээр хавтас 113/

Нэхэмжлэгч шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээсээ татгалзсан байхад давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, ...Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан ...алдааг залруулаагүй” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэстэй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь авто зогсоолын үнэд 5 000 ам долларыг төлж, хариуцагчийн дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон бөгөөд тус авто зогсоолыг 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшсэн байхад худалдагч, худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан “...худалдагч нь ...эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...” үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос цугларч, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль  ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00164 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ш.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

         ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД