Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 299

 

Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

шүүгдэгч С.Нэмэхбаярын өмгөөлөгч Т.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 598 дугаар магадлалтай, 201524000702 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч С.Нэмэхбаярын өмгөөлөгч Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1976 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шангас овогт Дагвын Батбаяр нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2001 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Цагаан тугтан овогт Сүрэнгийн Нэмэхбаяр нь Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батбаярыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж, бусдын амь насыг хохироосон”, шүүгдэгч С.Нэмэхбаярыг “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал ашиглалтын аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж, хүний амь нас хохироосон” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 4 жил хорих ялаар, шүүгдэгч С.Нэмэхбаярыг Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, ялтан С.Нэмэхбаяр, түүний өмгөөлөгч Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Д.Цэрэнханд, Т.Сайнбаяр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Нэмэхбаярын өмгөөлөгч Ж.Ариунтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... С.Нэмэхбаярт Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байхад хорих ял шийтгэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ хэрэг нь тохиолдлын шинж чанартай, болгоомжгүй үйлдэгдсэн хүндэвтэр гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар С.Нэмэхбаярт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Мерекс ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт бүрэн төлсөн, С.Нэмэхбаярын хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэн харгалзаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.Нэмэхбаярын өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Нотлох баримтуудыг тал бүрээс нь бодит байдлаар хянаж үзвэл жолооч Д.Батбаяр нь урдаа таарсан саадыг мөргөхгүйн тулд жолооны хүрдийг зүүн гар тийш нь мушгисан байх магадлал өндөр байна. Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч дээр автомашины тоормосны мөрийг зүүн 20.84 метр, баруун 19.44 метр гэж тодорхой тэмдэглэсэн бөгөөд тоормосны мөр үлдээж зогсохдоо автомашин өөрөө бүрэн зогсолт хийж чадаагүй. Энэхүү зам тээврийн осол нь хурд хэтрүүлснээс болж гарсан болох нь тодорхой харагддаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.3 дахь заалтуудыг зөрчсөн байхад яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт энэ талаар нэг ч өгүүлбэр байхгүй, Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай автомашин зөвхөн техникийн бүрэн бус байдлаас болоод осол гаргасан мэтээр яллаж С.Нэмэхбаярын эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтийг шүтэж нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үнэлж чадсангүй.

Хэдийд уг тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бус болсон бэ гэдэг асуудлыг тогтоож чадаагүй... Тухайн өдрийн өглөө осол гаргасан тээврийн хэрэгслийн тоормосны системд ямар нэгэн доголдол илрээгүй талаар хэрэгт холбогдсон жолооч Д.Батбаяр, механик С.Нэмэхбаяр нар байцаан шийтгэх ажиллагааны явцад тогтвортой мэдүүлдэг. Энэ нь жолооч Д.Батбаяр 2 удаагийн рейс хийхэд тоормосны системд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй гэж түүний тогтвортой өгсөн мэдүүлгүүд болон гэрч Б.Зоригтын мэдүүлгүүдээр нотлогддог. Механик С.Нэмэхбаяр энгийн нүдээр хараад тэнхлэг шилжсэн байдлыг тогтоох боломжгүй юм. ...Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт “...илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан...” нь гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж байхаар заасан байна. Гэтэл Хьюндай HD270 маркийн тээврийн хэрэгслийн урд 2 дугуйны тоормосны механизм ажиллагаагүй, хурд хэмжигч, тахометр ажиллахгүй байсан нь осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй гэж шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогоод байгаа боловч энэ нь тухайн тээврийн хэрэгслийн хувьд илт бүрэн биш байсан гэхэд эргэлзээтэй байна. С.Нэмэхбаяр нь Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь бүрэн тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24.1.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Д.Цэрэнханд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно” гэж заасан боловч Д.Батбаярт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэлгүй хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх заалтад заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь шүүх тогтоолдоо Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг заасан л байгаа бол уг хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг хэрэглэж байгаа бол түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй ял оногдуулах боломжтой. Д.Батбаярын хувьд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, уг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн, өндөр настай эцгийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч С.Нэмэхбаяр, Д.Батбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлсийг бүрэн шалгасан, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Батбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 12 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нийслэл өргөө” ХХК-ийн урд талын замд “Мерекс” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, мөн дүрмийн 2.3.а заалт “Жолооч нь ...хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчиж замын эсрэг урсгалд зорчиж явсан “Тоёота Премио” загварын 54-39 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг автомашинд зорчиж явсан 5 сартай эрэгтэй О.Билгүүний амь насыг хохироон, хохирогч Г.Долгорын биед хүнд гэмтэл, хохирогч З.Энхтунгалаг, Л.Бямбасүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Болор-Эрдэний биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол, Мерекс ХХК-нд 443.000 төгрөгийн шууд, 616.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.Нэмэхбаяр нь “Мерекс” ХХК-ийн авто механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн өглөө “Мерекс” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйны тоормосны механизм ажиллагаагүй, хурд хэмжигч, тахометр ажиллахгүй буюу техникийн стандартын шаардлага хангахгүй илт бүрэн биш тээврийн хэрэгслийг жолооч Д.Батбаяраар жолоодуулан ажилд гаргах зөвшөөрөл өгсний улмаас жолооч Д.Батбаяр нь зам тээврийн осол гаргаж, Тоёота Премио загварын 54-39 УНН дугаартай автомашинд зорчиж явсан 5 сартай эрэгтэй О.Билгүүний амь насыг хохироон, хохирогч Г.Долгорын биед хүнд гэмтэл, хохирогч З.Энхтунгалаг, Л.Бямбасүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Л.Болор-Эрдэний биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 7.081.000 төгрөгийн шууд хохирол, 8.021.000 төгрөгийн нийт хохирол, “Мерекс” ХХК-нд 443.000 төгрөгийн шууд, 616.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн болох нь хохирогч Л.Болор-Эрдэнэ /1-р хх-39/, Л.Бямбасүрэн /1-р хх-72/, З.Энхтунгалаг /1-р хх-95/, Г.Долгор /1-р хх-101/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Октябрь /1-р хх-80/, иргэний хариуцагч С.Жавхлантөгс /1-р хх-112/, гэрч Ш.Хаш-Эрдэнэ /1-р хх-125/, Д.Ням-Очир /1-р хх-130/, Т.Отгоншагай /1-р хх-134/, М.Мөнхзолбоо /1-р хх-143/, Д.Даваажав /1-р хх-145/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10040, 10010, 10007, 10008 тоот шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-157, 159, 161, 163/, талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн 1205 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-185/, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн дүгнэлт /1-р хх-191/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хьюндай HD270 загварын автомашинд хийсэн 3731 дүгээр шинжээчийн дүгнэлт /1-р хх-201/, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 525 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-214/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4329 дүгээр дүгнэлт /1-р хх-218/, Замын цагдаагийн газрын 613 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх-226/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 5705 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-191/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2384 дүгээр шинжээчийн дүгнэлт /3-р хх-83/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч С.Нэмэхбаяр, Д.Батбаяр нарын гэм буруу, хэргийн зүйлчлэл, ял оногдуулахад харгалзан үзэх хуульд заасан нөхцөлийг зөв тогтоож шийдвэрлэсэн гэж үзэв.

Шүүгдэгч С.Нэмэхбаяр нь “Мерекс” ХХК-ийн авто механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтны хувьд Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлд заасан субьектийн шинжийг хангасан бөгөөд түүнийг “ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, бүрэн бус, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл ажилд гаргасан” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон техникийн шинжээчдийн удаа дараагийн дүгнэлт, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар “Мерекс” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай HD270 загварын 47-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд хэмжигч ажиллахгүй, мөн тоормосны систем бүрэн бус байсныг техникийн ашиглалт хариуцсан ажилтан илрүүлэх боломжтой байсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Д.Батбаяр нь зам тээврийн осол гаргах үедээ хэдэн км/цагийн хурдтай явснаа мэдэх боломжгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн хурдыг баримжаагаар сонгож явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчихөд нөлөөлснөөс гадна баруун урд талын тоормосны систем нь ажиллахгүй хүнд даацын тээврийн хэрэгслийг тоормослох үед зүүн талын дугуй чирэгдсэнээс болж уг автомашин зүүн тийш даялж эсрэг урсгалд орсон нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон талаарх удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүхээс Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримталж Д.Батбаяр, С.Нэмэхбаяр нарт хуульд заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 болон 61 дүгээр зүйлийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Д.Цэрэнхандын “Шүүгдэгч Д.Батбаярт Эрүүгийн хуулийн 551, 61 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх, шүүгдэгч С.Нэмэхбаярын өмгөөлөгч Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр нарын “С.Нэмэхбаярын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, С.Нэмэхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 598 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч С.Нэмэхбаярын өмгөөлөгч Ж.Ариунтуяа, Т.Сайнбаяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ,           

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН