| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 106/2017/0016/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 091.2.1, 091.2.12, |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 31
Д.Д, Д.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор А.Баясгалан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н, түүний өмгөөлөгч С.Одгариг,
Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Ш.Бадмаараг,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Д, Д.Г нарт холбогдох эрүүгийн 201626021 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Халх овогт Дгийн Д.Д, 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, эгч, дүүгийн хамт Архангай аймгийн Хайрхан сум, Жаргалант багт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 17-484 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00000000/,
Халх овогт Дгийн Д.Г, 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эгч, ах нарын хамт Архангай аймгийн Хайрхан сум, Жаргалант багт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 17-484 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000/,
Д.Д, Д.Г нар нь бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар буюу 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 17-484 тоотод иргэн Ж.Сгийн биед тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга, баруун талын 4, 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт, доод эрүүний зүүн үений сэртэн, хамар ясны далд хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон далд хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр чих, их бие, дээд доод мөчний зөөлөн эдэд шарх, гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Д, Д.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Д, Д.Г нарыг хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Д.Дыг 14 жил хорих ялаар, шүүгдэгч Д.Гыг 14 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.Г нарт тус тус оногдуулсан 14 жил хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Дын цагдан хоригдсон 482 хоног, Д.Гын цагдан хоригдсон 402 хоногийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар панерин хавтангаар хийсэн эвдэрхий сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.Г нараас тус тус 2.013.053 төгрөг, нийт 4.026.107 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нд олгож, ...шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба ...Д.Д, Д.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “…Шүүхийн гаргасан шийдвэрт гомдолтой байна. ...Миний бие нь хэрэг гарах шөнө талийгаачийг дэлгүүр ороод буцаж харих замдаа танилцан гэртээ дагуулж очсон нь үнэн болно. ...Д.Гын найз охин нь уурлаж явлаа гээд гарсан ба Д.Г архи хийлгэж уучихаад найз охиноо буудал оруулж суулгаж өгөхөөр явсан нь үнэн. Энэ хооронд хохирогч бид хоёр үлдсэн архиа ууж дуусгаад “дахин архи ав” гэж хохирогч хэлээд хохирогч агсам тавьж бурхан тахил, өөд болсон ээжийн минь зургийг авч газар шидсэн нь үнэн. Үүнээс болж бид хоёр зодолдож эхэлсэн ба миний бие нь түлээний хайрцагаас мод авч хохирогчийн толгой, эрүү хэсэг рүү цохисон, мөн газар унасных нь дараа хэд хэдэн удаа дэвссэн нь үнэн. Энэ үед дүү Д.Г орж ирээд “та хоёр яаж байгаа юм бэ” гээд орилоод “цагдаа дуудна” гээд гарсан. Удаад байхаар нь араас нь гартал хажуу айлын хүнтэй юм ярьж байсан ба би гэртээ ор гэж хөөгөөд хажуу айлын хүн рүү уурласан. Тэгтэл аав ирж байсан ба Д.Г аав бид гурав гэрт ортол аав уурлаж Д.Гыг архи уулаа намайг дүүгээ уруу татан гэр орондоо хүн авчирч зодоон цохион хийлээ гэж бид хоёрыг алгадаж нөгөө хүн рүү заан гэрт нь хүргэж өг гэсэн нь үнэн зөв. Ингээд хохирогчийг авч гараад Д.Г над руу уурлаж “таниас болж байгаа юм” гээд уурлаад байхаар нь хоёр, гурав алгадаад автал уйлаад эхэлсэн. Тэгтэл хохирогч орилоод босоод ирэхээр нь “чи муу одоо юу гээд байгаа юм бэ, бүх юм ер нь чамаас болж байгаа юм” гээд дахин зодолдож эхэлсэн ба хохирогчийг би сандлаар цохисон. Энэ үед Д.Г “цагдаа дуудаж, таныг хэлнэ” гээд гүйгээд явсан нь үнэн. Тэр үед хохирогч газар унасан ба миний уур хүрч хэд хэдэн удаа дэвсээд хажууд нь суугаад унтсан байсан. Нэг сэртэл хүн татаад юм асуугаад байх шиг байсан ба би Д.Гыг цагдаа дуудаад намайг барьж өгч байна гэж ойлгож байсан. Иймд Нийслэлийн шүүх хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна. Надад үнэхээр хэцүү байна. Анхан шатны шүүх хэргийн тал бүрт бодит үнэлэлт өгч чадаагүйд гомдолтой байна. Би тухайн үед 2 хүн хоорондоо зодолдож байхад дундуур нь орж салгах гэсэн боловч салгаж чадахгүй байсан. Гэрч Д.Ариунболд, Н.Бат-Эрдэнэ нар намайг цохиж, зодож айлгаж мэдүүлэг авсан. Би амь хохирогчийг 2 удаа өшиглөсөн. Намайг найз охиноо автобусны буудал хүргэж өгчихөөд ирэхэд амь хохирогч, Д.Д ах 2 хоорондоо зодолдож байсан. Тэгээд дундуур нь орж тэр хоёрын зодооныг болиулах гэж орсон боловч салгаж чадахгүй байсан. Би үнэхээр энэ хэрэгт оролцоогүй. Гэрч Баттөмөр намайг гэм буруугүй, амь хохирогчийг цохиж зодоогүй талаар мэдүүлсэн байдаг. Баттөмөр намайг тухайн үед 2 хүн хоорондоо зодоон хийж байхад миний бие дундуур нь орж салгаж байхад амь хохирогчийг зодож байна гэж харсан. Надад амь хохирогчийн биед цохиж зодсон зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас уучлалт гуйж байна. Д.Доос анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ялыг бүлэглэж үйлдсэн гэдэг үндэслэлээр ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх хэргийг урьдчилан шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Энэ буцаасан хугацаанд зохих нотлох баримт бүрдсэн боловч энэ хэрэгт Д.Гын гэм бурууг тогтоосон нотлох баримт цуглараагүй. Ийм учраас Д.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Дээрх зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа Д.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж, түүндээ чин санаанаасаа гэмшсэн. Хохирогчид учруулсан хохирлыг анхан шатны шүүхийн шатанд 500.000 төгрөг, сая шүүх хуралдааны өмнө 500.000 төгрөг, нийтдээ хохиролд 1.000.000 төгрөг төлсөн. Хэдийгээр шүүгдэгч нар ял авсан ч гэсэн эцэг нь чадлынхаа хэрээр хүүхдийнхээ хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Д.Дын Д.Гтай бүлэглэж үйлдсэн нь нотлогдохгүй байгаа учраас энэ хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээг оногдуулж, шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанаар Д.Г, Д.Д нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Амь хохирогчид учирсан гэмтлийг хэн хэрхэн яаж учруулсан болохыг нарийвчлан тогтоож ажиллагаа хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан. Үүний дагуу хэрэгт зургаар таниулах, мөн гэрч Т.Бөөс 2 удаа мэдүүлэг авах, шинжээч эмчээс мэдүүлэг авах зэргээр мэдүүлэг авсан байдаг. Д.Гын гэм бурууг нотлох баримт нь анхан шатны шүүх шинээр авсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, анхаарч үнэлэлгүй орхигдуулсан. Эдгээр нотлох баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Гэрч Т.Б “Д.Гыг амь хохирогчийг зодож, цохиогүй, хажууд нь хараад зогсож байсан гэсэн мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй орхигдуулсан, гэм бурууг тогтоохдоо анхаарч үзээгүй гэж үзэж байна. Шинжээч эмч Сэлэнгийг дахин байцаасан. Давж заалдах шатны шүүхээс гэмтлийг хэн учруулсан бэ, бүлэглэсэн гэж зүйлчлэхэд энэ гэмтлийг Д.Гын үйлдлээс хохирогчид ямар гэмтэл учруулсан бэ гэдгийг ялган тогтоох шаардлагатай гэсэн. Шинжээч эмч дахин мэдүүлэг өгөхдөө “амь хохирогчид учруулсан олон тооны гэмтлүүдийг өшиглөх, дэвсэх, сандлаар цохих үед үүсэх боломжтой, 1 эсхүл 2 хүн учруулсан эсэхийг ялган тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс гадна Д.Д анхнаасаа энэ хэргийг ганцаараа үйлдсэн, хохирогчийг сандлаар цохисон асуудал байгаа. Эдгээр өшиглөх, дэвсэх үйлдлүүдийг хийсэн гэдэг. Шүүх шинжээч эмчийн ялган тогтоох боломжгүй, 1 хүн учруулах боломжтой байсан гэх мэдүүлгийг үнэлэлгүй орхигдуулсан. Энэ нь Д.Гын гэм буруутайг тогтооход чухал ач холбогдолтой гэж өмгөөлөгчийн хувьд үзсэн. Д.Г хохирогчийн хаана нь хэдэн удаа, яаж цохиж, ямар гэмтэл учруулсан бэ. Үүний улмаас хохирогчийн амь нас хохирсон эсэхийг тогтоогоогүй, тогтоох боломжгүй байна. Ийм учраас Д.Г, Д.Д нарын бүлэглэсэн гэсэн үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй учраас Д.Гад оногдуулсан гэмт хэрэгт гэм буруутай гэсэн шууд нотлох баримт байхгүй учраас түүнд оногдуулсан ялыг үндэслэлгүй гэж үзээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Г холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Бүх зүйл нь тогтоогдоод шийдвэрлэгдсэн учраас хэлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нгийн өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Дын давж заалдах гомдолд хохирогчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсан, Д.Дын эхийнх нь зургийг авч шидсэн гэсэн гэж яриад байна. Тэр үйлдэл нь хүнийг харгис, хэрцгийгээр зодож алах хэмжээний асуудал биш. Үүнийг шүүгдэгч нар өөрсдөө ойлгооч ээ. Хохирлыг яаралтай төлүүлэх талаар шийдвэрлэж өгнө үү. Гэмт үйлдлийн талаар хэлэх зүйл байхгүй...” гэв.
Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Д.Д, Д.Г нар 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Ж.Сг архи ууж согтуурсан үедээ онц харгис хэрцгий аргаар зодож биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж алах гэмт хэргийг Д.Д, Д.Г нар нь бүлэглэж үйлдсэн гэж яллаж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүхээс тэднийг бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай тохирсон, тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Д.Г нь гэмт хэрэгт холбогдолгүй, хохирогчийг зодоогүй гэсэн утгатай гэсэн гомдол гаргасан. Гэрч Т.Б мэдүүлэхдээ “20-21 цагийн үед гэртээ ирэхэд тог нь тасарсан байсан учраас гараад хартал Д.Г, Д.Д нар нь хашаандаа хохирогч Ж.Сг гэр лүүгээ 2 талаас нь сугадаад, чирээд аваад орсон” гэж мэдүүлдэг. “Энэ үед хохирогч нь гэр лүү нь орох дургүй, хөлөөрөө жийсэн байдалтай байсан боловч 2 талаас нь сугадаад гэр лүүгээ хүчээр авч орсон. Үүнээс хойш 1 цаг орчим тухайн гэр дотор алаад өгье гэсэн чимээ гарсан. Мөн нэгнийгээ ямар нэг зүйлээр зодоод байгаа чимээ гарсан. Бүтэн нэг цагийн турш гэр дотор хохирогчийг зодсон” гэдэг нь Т.Бийн мэдүүлгээр тодорхой болдог. Мөн цаашлаад орой гэгээ тасарсан байхад Д.Г, Д.Д нар нь хохирогчийг гэрээсээ чирээд гаргасан. Гэрийнхээ үүдэнд Д.Д зодож байсан. Д.Г хараад зогсож байгаад гэрийнхээ хойшоо хамт чирч зөөсөн. Энэ бүх цаг хугацаанд Д.Г, Д.Д нар нь хамт явж байсан гэдгийг Т.Б тодорхой мэдүүлдэг. Т.Бийн мэдүүлгээр Д.Г, Д.Д нар нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээсээ төгсөх хүртэл хамт байсан, үйлдлээрээ нэгдсэн гэдгийг тодорхой мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь хэргийн газар дуудлагаар очсон Д.Ариунболд, Н.Бат-эрдэнэ нарын мэдүүлгээр нотлогддог. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан олон тооны гэмтлийг хэн нь учруулсныг ялгаж тогтоох боломжгүй гэсэн. Гэсэн ч тэдгээрийн үйлдэл нь нэгдсэн, хохирогчоос ирсэн эсэргүүцлийг хоёулаа хамт дарж байсан, гэр лүүгээ чирч орсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Д.Д, Д.Г нар нь бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 17-484 тоотод иргэн Ж.Сгийн биед тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга, баруун талын 4, 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт, доод эрүүний зүүн үений сэртэн, хамар ясны далд хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон далд хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр чих, их бие, дээд доод мөчний зөөлөн эдэд шарх хохирол учруулан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нгийн “...Миний бие 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хужирт рашаан сувилалд яваад 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод буцаж ирсэн боловч манай бага дүү Сэргэлэн гэртээ байгаагүй. Тэр өдөр Сэргэлэн манай гэрийн цонхыг арчиж өгчихөөд найз хүүхнийх рүүгээ явлаа гэж аавд хэлчихээд гараад явчихсан байсан. ...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газраас намайг дуудаж уулзаад Сэргэлэнг нас барсан талаар бидэнд хэлэхэд нь би дүү Сэргэлэнг талийгаач болсоныг мэдсэн. Тэгээд тэр өдрөө би Гэмтлийн эмнэлэг дээр талийгаачийн 2 хүүхдийг болон 1 дүүгээ дагуулж очсон, талийгаачийн цогцсыг хүүхдүүд нь харсан боловч талийгаачийн нүүр царай танигдахын аргагүй, түүний нүүр, бие нь хөхөрсөн, хоёр шанаа нь тэр чигтээ зулгарсан, бие нь энд тэндгүй хөх няц, өөрөөр хэлбэл газарт унагаж байгаад хүн өшиглөж зодчихсон юм уу гэлтэй бүх бие нь эрүүл газар байхгүй гэмээр болчихсон байсан...” /хх-32-I/,
Гэрч Т.Бийн “...2016 оны 7 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл манай эмээ миний хүү хойд хашааны улсууд шуугилдаад байна гэхээр нь би гараад хашааны завсраар хартал хойд талын хашаанд гурван цээж нүцгэн залуу нэгийгээ дундаа сугадчихсан гэр рүүгээ орж байсан. Тухайн үед нөгөө сугадуулчихсан байсан залуу гэр рүү орох дургүй эсэргүүцсэн байдалтай байсан. Тэгээд тэд нар гэр рүүгээ ороод нэг хэсэг чимээгүй байж байснаа ална гээд орилоод нэгнийгээ нэг зүйлээр цохиод байх шиг чимээ гараад байсан. Тэр үед манай гэрийн тог тасарчихсан байхаар нь тэрийгээ залгах санаатай оролдож байтал сугадаж орсон хоёр залуугийн нэг нь болох арай өндөр залуу нь хашаан дотроо явж байхаар би дуудаад манай пускатель буучихаад байдаг юм, пускатель буусан байгаа эсэхийг нь харчихмаар байна гээд яриад зогсож байтал цаанаас арай намхан залуу нь гүйж ирээд “чи муу яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би “манай тог тасарчихаад тэгээд манай пускатель буусан байна уу үгүй эсэхийг нь харах гэсэн юм” гэтэл нөгөө өндөр залуу нь “юу ч гэсэн түлхүүр байна уу үгүй юу үзээдэхье” гээд орсон. Тэгтэл нөгөө намхан залуу “бид гурав жаахан юм уугаад” гэж байсан. Тэгтэл гаднаас нэг 40 гаран насны ах орж ирэх үед нөгөө өндөр залуу очиж уулзаад намхан залуугаа дуудсан. Тэр үед нь би хашааны завсраар хараад хүлээгээд байж байтал тэд нар гэртээ ороод нөгөө гаднаас ирсэн ах нөгөө хоёр залууг зодоод байсан. Тэгэхээр нь би энэ бүтэхгүй юм байна, маргааш өглөө цахилгаанчин дуудъя гэж бодоод гэртээ 30-40 гаран минут байж байгаад гараад хартал цээж нүцгэн явж байсан хоёр залуу хашаан дотроо нэг хүнийг зодоод байхаар нь би цагдаа руу залгаад “манай гэрийн хойно хүмүүс зодолдоод байна” гэж дуудлага өгчихөөд цагдаа ирэхийг хүлээж байх хооронд нөгөө хоёр залуу гэрийнхээ хойд тал руу хүн зөөчих шиг болохоор нь би цагдаа руу ахиж залгаад “гэрийнхээ хойд тал руу хүн зөөгөөд байна шүү дээ, та нар ирж байна уу” гэсэн чинь өмнө ирчихээд явсан хоёр цагдаа маш хурдан буцаж ирээд манай хашаагаар дамжиж хойд талын хашаа руу орсон юм. Сугадуулчихсан байсан залуу их согтуу байсан харин нөгөө хоёр залуу нь надтай уулзах үед тийм ч их согтуу байгаагүй юм. Би сугадуулчихсан байсан хүнийг цээж нүцгэн байсан хоёр залуу зодоод байна гэж харсан. Тэр дундаа намхан залуу нь голчлон зодоод байсан юм. Тэр үед гадаа харанхуй болчихсон байсан болохоор юм сайн харагдахгүй байсан. “Чамайг алчихсан ч яадаг юм, ална аа” гээд орилоод байсан. Тэдгээр хүмүүс хоорондоо зодоон хийгээгүй харин сугадуулчихсан байсан хүнийг намхан залуу болон өндөр залуу хоёр хамт л яваад байсан ба орилж дайраад байсан...” /хх-172-I/,
Гэрч Н.Дгийн “...орой 22 цагийн үед өөрийн гэрт ирэхэд манай 2 хүүхэд Д.Д, Д.Г нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэг залууг зодож байсан ба би тухайн үед хоёр хүүгээ нэг нэг удаа шанаа руу нь цохиж хөөгөөд гаргахад тухайн зодуулж байсан залуугаа сугадаад чирээд аваад гарсан, тухайн үед нөгөө залуу нь нүүр толгой нь бүхэлдээ цус болчихсон, цээж нүцгэн байдалтай байсан ба нөгөө хүн нь ухаангүй байсан. Харин манай дунд хүү Д.Д гар, нүүр, хувцас нь цус болсон байдалтай харин бага хүү Д.Гын нүүр, гар, хувцас нь бас цус болчихсон байдалтай байсан...” /хх-37-I/,
Гэрч Н.Бийн “...намайг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Тайшир-112 чиглэлд цагдаагийн дэслэгч Д.Ариунболдын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Тайшир-10 буюу жижүүрээс “22 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ЗАА-ын 9-254 тоот хашааны хойд талд зодоон болоод байна гэсэн дуудлага ирлээ та хоёр очоод байж бай” гэсний дагуу хэргийн газарт очоод хашаагаар дамжаад ортол Монгол гэрийн гадаа хоёр согтуу залуу хэвтэж байсан ба нэгнийх нь нүүр ам нь нэл цус болчихсон нөгөө нь өмдөндөө баачихсан, ухаангүй байдалтай байсан ба гэрт 50 орчим насны нэг ах гэрийнхээ шалны цусыг цэвэрлээд байж байсан. Тэгэхээр нь “энд юу болсон бэ” гэхэд тэр ах “гадаа байгаа хоёрын нэг нь манай хүүхэд нөгөө нь би мэдэхгүй юм байна, манай хүүхэдтэй хамт архи уусан юм шиг байна, тэгэхээр нь би уурлаад хүүхдээ алгадаад хөөгөөд гаргачихлаа” гэж байсан. Тэгэхээр нь би Ариунболдын хамт хашаан дотор үзлэг хийгээд явж байтал хашааны үүдэнд нэг залуу бид хоёрыг хараад нааш цаашаа яваад байхаар нь жаахан шахаад асуутал нөгөө залуу “ах аа би үнэнээ хэлье, манай ахтай энэ ах гэрт хамт архи ууж байгаад ахтай муудалцаад улмаар бид хоёрыг зодохоор нь би энэ ахыг хоёр удаа л өшиглөж авсан” гэж ярьж байсан. Тэгэхээр нь бид хоёр 103 болон жижүүрийн бүрэлдэхүүн дуудаад өгч явуулсан юм. Тэгээд байж байтал удаа ч үгүй нөгөө залууг нас барчихлаа гэж гэмтлийн эмнэлгээс ярьж байсан...” /хх-174-I/,
Гэрч Д.Аын “...2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би Тайшир-112 чиглэлд цагдаагийн дэд ахлагч Н.Бат-Эрдэнийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд бид хоёрыг үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн үед Тайшир-10 буюу жижүүрээс “Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ЗАА-ын 9-254 тоот хашааны хойд талд зодоон болоод байна гэсэн дуудлага ирлээ та хоёр очоод байж бай” гэсний дагуу очиж дуудлага өгсөн гэх залуутай уулзаад яг хаана ямар зодоон болоод байгаа талаар асууж тодруулан өөрийнхөө утасны дугаарыг өгчихөөд уг хаягаар машинтайгаа очих гээд явж байтал дуудлага өгсөн залуу утсаар яриад энд нэгнийгээ өргөөд зөөж гаргаад байна гэхээр нь бид хоёр эргэж очоод уг залуугийн хашаагаар дамжаад ортол Монгол гэрийн гадаа хоёр залуу согтуу хэвтэж байсан ба нэгнийх нь нүүр ам нь нэл цус болчихсон байсан ба юу болсон талаар асуухад юм ярьж чадахгүй өөрийн ухаангүй байхаар нь гэрт ортол Д гэх 50 орчим насны ах гэрийнхээ цус болсон шалыг угаагаад сууж байхаар нь “энд юу болоод байгаа юм” гэхэд Д “гадаа байгаа хоёрын нэг нь манай хүүхэд нөгөө нь би мэдэхгүй юм байна манай хүүхэдтэй хамт архи уусан юм шиг байна тэгэхээр нь би уурлаад хүүхдээ алгадаад хөөгөөд гаргачихлаа” гэхээр нь би “гадаа байгаа хүнийг хэн ийм болтол нь зодчихсон юм” гэхэд “намайг ирэхэд ийм байдалтай байсан манай хүүхэд энэ хоёр хоорондоо зодолдсон юм байлгүй” гэж байсан. Тэгэхээр нь бид хоёр энэ талаар жижүүртээ мэдэгдэж улмаар 103 дуудчихаад хашаан доторх эд зүйлсийг нь шалгаж байтал уг хашааны үүдэнд нэг залуу эргэлдээд бид хоёрын хийж байгаа зүйлийг хараад нэг л сэжигтэй яваад байхаар нь бид хоёр тэр залууг дуудаад шалгахад уг залуу нь тэр айлын хүү буюу Дгийн Д.Г гэх жаахан халамцуу залуу байсан ба түүний өмсөж байсан гутал өмд зэрэг нь цус болсон байхаар нь “чи хаана байж байгаад ирж байгаа юм” гэхэд Д.Г “би нийтийн байранд найз охинтойгоо хэрэлдчихээд ирлээ энд юу болсон юм бэ” гэхээр нь би “чи гэртээ байсан юм биш үү, чиний өмд, гутал чинь яагаад цус болчихсон юм” гэхэд өөдөөс “өдөр миний хамраас цус гараад тэгээд цус болчихсон юм байлгүй” гээд худлаа яриад байхаар нь би тэр залууг машиндаа суулгачихаад Дгээс “энд хэн хэн байдаг юм, зодоон хийсэн гээд байгаа хүүхэд чинь хаана байна” гэхэд “би юу ч мэдэхгүй байна, хөдөө ажиллаж байгаад сая л гэртээ ирсэн чинь архи уучихсан байдалтай байхаар нь би хөөж гаргаад гэрээ цэвэрлээд байж байсан” гэсэн. Харин Д.Г болохоор “манай аав гэртээ өдөржингөө байсан ийш тийшээ яваагүй” гээд аавтайгаа яриа нь зөрөөд байхаар нь Д.Гыг худлаа яриад байгааг нь мэдээд юу болсон талаар нэлээн ширүүн асууж цохиж автал Д.Г “ах аа би үнэнээ хэлье, манай ахтай энэ ах гэрт хамт архи ууж байгаад ахтай муудалцаад улмаар бид хоёрыг зодохоор нь би энэ ахыг хоёр удаа л өшиглөж авсан” гэж ярьж байсан...” /хх-177-I/,
Шинжээч эмч Т.Сэлэнгийн “...Талийгаачийн тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 4-11 дүгээр хавирга, баруун талын 4, 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт, доод эрүүний зүүн үений сэртэн, хамар ясны далд хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон далд хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих, их бие, дээд доод мөчний зөөлөн эдэд шарх цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдсон ба талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд шууд хүргэх ямар нэг архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг харахад талийгаачийн газар уначихсан байх үед хатуу мохоо зүйлээр буюу хөлөөрөө өшиглөх, дэвсэх үед уг гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. Мөн сандлаар цохиж зодох үед гэмтэл үүсч болно. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх гэмтлийг авсан дариуд ухаан алдсан, ухаангүй байдалтай болох ба шууд нас барахгүй хэсэг хугацаанд амьд байх боломжтой боловч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” /хх-179-I/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 1360 дугаартай дүгнэлтийн “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9, 10 11 дүгээр хавирга, баруун талын 4, 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт, доод эрүүний зүүн үений сэртэн, хамар ясны далд хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон далд хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархи, цээжний гэмтэл нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Доод эрүүний зүүн үений сэртэнгийн далд хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Хамар ясны далд хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 4.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Талийгаачийн цус нь О (I) бүлэг байна...” гэх дүгнэлт /хх-54-56-I/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 849 дугаартай дүгнэлтийн “...Тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга, баруун талын 4, 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт, доод эрүүний үений сэртэн, хамар ясны далд, зүүн хацар ясны нумны хоёрлосон далд хугарал, дээд эрүүний 2 шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих, их бие, дээд эрүүний 2 шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сандлаар цохих, гараар цохих, өшиглөх үед дээрх гэмтлүүд бүгд үүсэх боломжтой. Чирэх үед зулгаралт гэмтэл тухайлбал зүүн тохой, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд үүсэх боломжтой. Гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сандлаар хавирга орчимд цохиход тухайн хүч үйлчилсэн газар ясны хугарал, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөл рүү өшиглөхөд тухайн хүч үйлчилсэн газар хугарал, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд учрах бол талийгаачийн биед сандлаар хавирга орчимд цохиход тухайн хүч үйлчилсэн газар хавирганы хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн хөл рүү өшиглөхөд тухайн хүч үйлчилсэн газар зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан байх боломжтой байна. 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн №1360 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-164-II/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-13-I/, хэргийн газрын схем зураг /хх-14-I/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-20-I/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-I/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-22-I/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-29-I/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-30-I/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-99-102-II/, зурагаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-14-II/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Д, Д.Г нар энэ хэрэгт Д.Гыг оролцоогүй талаар давж заалдах гомдлууддаа бичсэн байх боловч гэрч Т.Б, Д.Ариунболд, Н.Бат-Эрдэнэ нарын үйл баримтын талаарх хоорондоо уялдаа бүхий мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн биед учирсан олон тооны шарх, гэмтэл, эрүүл мэндэд учруулсан хохирлын шинж чанар зэргээс үзэхэд Д.Г нь уг хэрэгт оролцоогүй гэх байдал үгүйсгэгдэж байна.
Д.Д, Д.Г нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн, тэднийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж зөв дүгнэж, хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, Д.Гад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, тэдэнд холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, Д.Г нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолд гэрч Т.Бийн нэрийг “Т.Баттөр” гэж бичвэрийн алдаа гаргасныг, мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Д.Д, Д.Г нар тус бүр 250.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нд төлсөн болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Д.МЯГМАРЖАВ