Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0658

 

“СГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “СГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр:

“...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /д/, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч СГ ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Тамхины зөвшөөрөл олгох тухай А/51 дугаар бүхий захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ....” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.М давж заалдах гомдолдоо:

“...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байгаа болно.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох “СГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийн иргэн М.Д-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн. Учир нь уг тамхи худалдаалах цэг нь Орхон аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн хичээлийн байрны 500 метрийн радиус дотор байрлаж байгаа нь /хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ Тамхины хяналтын тухай хуулийг илтэд зөрчиж байна гэж үзэж уг нэхэмжлэлийг гаргасан болно.

Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14-д “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглосныг дурдсан боловч Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум дүүргийн засаг дарга ... олгоно” гэж заасны дагуу буюу хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр гэдэгт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургууль нь албан ёсоор хамаардаг байна. Энэ нь Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Бүрэн дунд боловсрол олгох сургалтыг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага эрхэлж болно”, 14¹ дүгээр зүйлийн 141.1-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно” дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь бүрэн дунд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага байна.

Түүнчлэн “СГ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг A/51 дүгээр захирамж зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа нь Тамхины хяналтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар аж ахуй нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага нь энэ хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина гэж заасан байдаг.

Иймд анхан шатны шүүхээс Тамхины хяналтын тухай хууль илтэд зөрчиж A/51 дүгээр захирамж гаргасан актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 47.1.6-д зааснаар хууль зөрчөөгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь шүүх Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14¹ дүгээр зүйлийн 141.1-д заасныг орхигдуулж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийг хэрэгсэхгүй болгож. Орхон аймгийн засаг даргын А/51 дүгээр захирамжийг илтэд хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “СГ” ХХК Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар захирамжийн М.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий дүгнэлт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх учиртай.

Энэхүү хэргийн хувьд иргэн М.Д-д тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй тухайд маргаж байх ба тус тусгай зөвшөөрөл олгосон газар нь Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14-д хориглосон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байраас 500 метрийн дотор байгаа эсэхэд маргааны гол үйл баримт оршиж байна.

Гэтэл анхан шатны шүүх “... “СГ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг А/51 дугаар захирамж зөрчсөн болох нь тогтоогдсонгүй ...” хэмээн шууд дүгнэн хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээд М.Д-гийн тусгай зөвшөөрөл бүхий газар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах “Энэрэл” хүүхэд асрах төв, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Орхон эмпати ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байрнаас 500 метрийн радиус дотор байрлаж байгаа талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “СГ” ХХК-ийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар тайлбарлаж байхад нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд захиргааны байгууллагын шийдвэр хэрхэн халдаж байгаа талаар тодруулж, хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

Гэтэл “СГ” ХХК-ийн “...иргэн, хуулийн этгээдэд ялгамжтай байдлаар хандсан нь миний бизнесийн эрхэд халдсан...” гэх тайлбарын хүрээнд нэхэмжлэгчийн хувьд ямар эрх, ашгийг захиргааны байгууллага ялгамжтай хандаж, бизнэсийн эрхэд халдаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд анхнаас анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй бөгөөд үүнээс хамаарч анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эргэлзээтэй үр дагаврыг үүсгэж байна.

Дээрхээс нэгтгэн үзвэл уг хэргийг шийдвэрлэхэд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болон нэхэмжлэгчийн тайлбарлаж буй эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлийг анхан шатны шүүх тус тус тодорхойлоогүй, дүгнэлт өгч шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар шууд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд маргааны үйл баримтуудыг нотлох баримтуудыг бүрэн цуглуулан нөхцөл байдлыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА