Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00755

 

В.С, Н.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШЗ2017/01276 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалтай

В.С, Н.Н нарын нэхэмжлэлтэй

С.Ж, С.А нарт холбогдох

Байрны үлдэгдэл мөнгө 17 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Н-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Шинэжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Шинэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.С- амьдрах нөхцөл байдлаа сайжруулахаар одоогийн амьдарч байгаа 5-7а-12 тоот орон сууцыг 8%-ийн лизингэд /Хас банк/ хамрагдан өөрийн өмчлөл болгосон. Амьдарч байсан хуучин сууц болох 4-20-144 тоот 1 өрөө байрыг /65 сая төгрөгөөр/ С.А, С.Ж нар авахаар тохиролцон, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж худалдан авалт хийсэн. Тухайн үед банкнаас тавьсан шаардлагын дагуу уг байр 55 сая төгрөгөөр үнэлэгдэж, тэд үлдсэн 10 сая төгрөгийн барьцаанд Их залуу багийн Хабитатын 4-17 тоот хашаа байшинг бид худалдан авснаар тохиролцож, бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлсэн. Тэд 4-20-144 тоот байрыг өөрийн эзэмшил болгож, би 55 сая төгрөгөөс Хас банкны бизнесийн зээлээ төлөөд үлдсэн 17 сая төгрөгийг С.Ж, С.А нар ...бидэнд зээлүүлээч, ...бид зээл чөлөөлдөг хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө авсан, түүнийг төлөх шаардлагатай байна, бид таны мөнгийг удаахгүй ГОК-оос өгөх 8 сая төгрөг дээр нь машин, хашаа байшин /миний нэр дээр шилжүүлсэн /зэргээ зараад буцааж өгнө гэж хэлэхэд нь бид итгээд 2015.03.05-ны өдөр 17 сая төгрөгийг бэлнээр тэдэнд өгсөн. Тэд итгэлцлийн гэрээг 2016.03.20-нд гараар бичиж өгсөн. Түүнээс хойш утсаар ярьж, гэрт нь хэд хэдэн удаа очиж, тэдний эцэг эх, ах дүү нарт нь энэ учрыг тайлбарлан хэлж ойлгуулсан боловч тэд өгнө гэж аргацаасаар өнөөг хүртэл бүтэн 2 жил 7 сар буюу 31 сарын хугацаа өнгөрөөд байна.

Энэ хугацаанд бид 17 сая төгрөгөө тэднээс авахаараа төлнө гэж төлөвлөн иргэн Баасанхоролоос 10 сая төгрөгийг сарын 7% хүүтэйгээр 2015 оны 04 сарын 23-ны өдөр авч, сар тутам 700.000 төгрөг төлсөөр, бүтэн 2 жил 7 сарын хугацаанд зөвхөн хүүнд нь 21.700.000 төгрөг төлж, эргэн төлж чадахгүй явсаар, анх авсан мөнгийг 2.2 дахин өсгөн төлж алдагдал хүлээгээд байна.

Тэдний 10 сая төгрөгийн барьцаанд тавьсан хашаа байшинг 5-7а-12 тоот байрны урьдчилгаа төлбөр дутуу төлөгдсөний улмаас тухайн компанийн шаардлагаар үлдсэн төлбөрт тооцож өгсөн. Мөн тэднээс олон удаа нэхэл дагуул болж 2 удаа авсан 950 000+350 000=1.300.000 төгрөгийг бид 2,7 жилийн хугацаанд түүнээс хэд дахин илүү төгрөгийг зөвхөн хүү төлсөнтэй адилтгаж, тэднээс авах 17 сая төгрөгөөс хасч тооцуулахгүй болно.

... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу байрны зээл гарсны дараа В.С- /Н.Н-/ надаас авсан, худалдсан байрны үлдэгдэл болох бэлнээр авсан 17 сая төгрөгийг С.А, С.Ж нараас гаргуулж, В.С- /Н.Н-/ намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.А хариу тайлбартаа: Тус байранд амьдран сууж байгаа С.Ж-тай тохиролцсоны үндсэн дээр 4-20-144 тоот байрыг зарж борлуулж байж өрийг барагдуулахаар тохиролцсон болно гэжээ.

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Ж би Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-20-144 тоот нэг өрөө орон сууцыг В.С-аас 65.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Ингээд доорх нөхцөлөөр тохиролцсон. Үүнд:  С.Ж миний аав ээж дүүгийн нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг хуучин Хабитатын 4-17 тоотод орших хашааг, амины орон сууцны хамт 17.000.000 төгрөгт тооцож худалдан авах, Төрийн банк Хүрэнбулаг багийн 4-20-144 тоот нэг өрөө орон сууцыг 55.000.000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаа 30 хувь нь 16.500.000 төгрөгийг банкинд байршуулна. Урьдчилгаа 30 хувь бид хоёрт байхгүй тул хүнээс хүүтэй зээлдэж аваад зээлийн урьдчилгаанд16.500.000 төгрөгийг банкинд байршуулж, орон сууцны зээл гарахаар өндөр хүүтэй зээлийг эхний ээлжид төлнө. Үлдэгдэл 38.000.000 төгрөгийг В.С-т өгөх, үлдсэн 10.000.000 төгрөгийг үйлдвэрээс байрны хөнгөлөлтийн мөнгө орж ирэхээр өгөхөөр тохиролцсон.

Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг хуучин Хабитатын 4-17 тоот хаягт байрлах 750 кв.м газрыг, хувийн сууцны хамт 17.000.000 төгрөгт тооцон 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр тус тус В.С-ын өмчлөлд шилжүүлсэн.

2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-20-144 тоот нэг өрөө орон сууцыг В.С-аас худалдах, худалдан авах гэрээ байгуулж С.Ж, С.А бидний өмчлөлд шилжүүлсэн. С.Ж, С.А бид Төрийн банктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 55.000.000 төгрөгийн зээл авахаар болж, зээлийн урьдчилгаа 30 хувь болох 16.500.000 төгрөгийг 2015-03-01-ний өдөр байршуулсан.

2015-03-04-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2015-03-06-ны өдөр 55.000.000 төгрөг миний дансанд орсноос 38.000.000 төгрөгийг В.С-т бэлнээр өгсөн. С.Ж би сүүлд орон сууцны үнэнд 2 удаа мөнгө өгсөн. Миний санаж байгаагаар 900.000 төгрөг, 450.000 төгрөг, нийт 1.350.000 төгрөгийг Нарантуяагийн дансаар шилжүүлсэн байх гэж бодож байна. Хүрэнбулаг багийн 4-20-144 тоот орон сууц худалдан авсны үнэ 56.350.100 төгрөг төлсөн. Үлдэгдэл 8.650.000 төгрөгийг В.С, Н.Н нарт төлөх ёстой гэж үзэж байна.

2015-03-05-ний өдөр 17.000.000 төгрөгийг В.С, Н.Н нараас С.Ж, С.А бид хоёр зээлж аваагүй. Энэ мөнгийг би огт мэдэхгүй. В.С, Н.Н нар андуурсан байна. В.С, Н.Н нар нь хэнд хэдэн төгрөгийн өр, зээлтэй болохыг мэдэхгүй тул энэ талаар тайлбар хэлж чадахгүй байна. Сүүлд 2 удаа цувуулж өгсөн 900.000 төгрөг, 450.000 төгрөг, нийт 1.350.300 төгрөгийг байрны үнэд оруулж тооцно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШЗ2017/01276 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан В.С, Н.Н нарын хариуцагч С.Ж, С.А нараас 17 000 000 /арван долоон сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Шинэжаргалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч В.С-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Миний бие өөрийн өмчлөлийн орон сууц болох Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-114 тоот байрыг С.Ж, С.А нарт 65 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. С.Жын Орхон аймаг Баян-Өндөр сум Хабитатын 4-17 тоот хашаа байшинг 10 000 000 төгрөг тооцон бидэнд барьцаалсан.

С.Ж, С.А нар нь Төрийн банкаар дамжуулан ипотекийн зээл хөөцөлдөж байраа худалдаж авахаар тохиролцсон. Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээ банкны шаардлагын дагуу 55 000 000 төгрөгөөр байгуулсан. Банкнаас 30% хувь буюу 16 500 000 төгрөгийг банкны дансанд байршуулахыг шаардахад хариуцагч бид нар дээр ирж хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ хийе гэж хэлэн хууль бус нотлох баримт бүрдүүлсэн.

Зээл бүтэж 55 000 000 төгрөг С.Жын данс руу оруулахад манай нөхөр В.С-ын данс руу хариуцагч бүх мөнгийг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа тэр өдрөө буцаагаад 16 500 000 төгрөгийг С.Ж, С.А нарт бэлнээр өгсөн. Манай нөхрийн дансны хуулгыг харвал тэр өдөр С.Жын хэрэгт гаргаж өгсөн зээл чөлөөлдөг хүмүүст өгсөн өдөртэй давхацна. Гэтэл анхан шатны шүүх бидэнд эрх үүргийг маань хангалттай сайн тайлбарлаж өгөлгүй шүүх хуралдааныг хийсэнд маш гомдолтой байна. Ямар баримт гаргаж өгөхөө ч мэдэхгүй хурлаа хийсэн. Мөн шүүх хуралдаанд ороход С.Аийг оролцуулах ёстой гэдгээ сайн ойлгоогүй байсан. Хариуцагч С.А болсон явдлыг бүгдийг мэдэж, нотлож өгөх хүн мөртлөө зугтаагаад ирэхгүй байна. Шүүх хуралдаанд С.Аийг заавал оролцуулж өгнө үү. С.Аийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбарыг үзэхэд бидний гаргасан нэхэмжлэлийн бүгдийг нь хүлээн зөвшөөрч байраа зараад төлбөрөө төлнө гэсэн байдаг.

Хариуцагч нарын бичиж 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хийсэн итгэлцлийн гэх нэртэй зээлийн гэрээг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.-д нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино. Мөн 199.2.-т заасны дагуу хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байвал зохино гэсний дагуу нэхэмжлэгч хариуцагч нар бид 4-ийн тохиролцсон гарын үсэг байсаар байхад 2 шатны шүүх миний гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, дүгнэлт өгсөнгүй.

Зөвхөн хариуцагч С.Жын тайлбар дээр үндэслэж шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүх хурал эхлэхээс 5 минутын өмнө хариуцагч С.Ж нь хариу тайлбараа хугацаа хэтрүүлэн өгсөн. Миний бие хариу тайлбартай танилцаж амжаагүй. Миний бие тухайн үедээ хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудын ач холбогдлыг ойлгоогүй, шүүх бидэнд няцаах нотлох баримт гаргаж өгөх хугацаа өгөөгүйд нэг талыг баримталж шийдсэн гэж үзэж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх миний эрх үүргийг хангалттай сайн тайлбарлаж өгөөгүйгээс болж миний эрх ашиг хохирч байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны 1276 шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны 10 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно. С.Аийг шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/Ш32017/01276 дугаартай шийдвэр.Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаартай магадлалуудыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

... Дээрх шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг дараах үндэслэлүүдээр хангаагүй байна.

1. Дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн дугаар 142/Ш32017/01276 гэсэн байхад аймгийн давж заалдах шатны шүүхийн хянасан шийдвэр нь 142/ШШ2017/01276 гэсэн дугаартай байгаагаас харахад 1-рт өөр шийдвэртэй хэрэг хянасан, эсвэл шүүх хурлаар шийдвэр гарсан атлаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн мэт шүүхийн шийдвэрт захирамжийн дугаар шийдвэр дээр бичсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны стандартыг зөрчжээ.

2. Анхан            шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ИХШХШТХ-ийн 115-р зүйлийн 115.2.1 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд энэ заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бус "нэхэмжлэлийн шаардлагыг хангах" тухай заалт байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа хуулийнхаа заалтыг зөв хэрэглэх учиртай бөгөөд үндэслэлээ болгосон заалтаасаа тэс өөр дүгнэлт хийж шийдвэр гаргах ёсгүй.

3. Хариуцагч    С.Ж нэхэмжлэлийн хувийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардаж аваад хариу тайлбараа 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд өгөх учиртай байсан ч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө шүүх хурал дээр гаргаж өгснөөр мөн өдрөөр танилцуулснаар нэхэмжлэгч нараар гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч нар хариуцагч нарын хариу тайлбартай танилцаж байж шүүхэд ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргах, өөрсдөөсөө гаргаж өгөх нотлох баримт, өөрсдийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч авах эсэхээ шийдэх учиртай. ИХШХШТХ-ийн 72-р зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох зохицуулалт байхад нэхэмжлэгч нар хариуцагч С.Ж-ыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэсэн ойлголттой байсаар шүүх хуралд орсон байдаг.

4. Хамтран хариуцагч С.А 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад мөн өдрөө хэргийн материалтай танилцсан гэж гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх хурлыг товлосон шүүгчийн захирамж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан байна. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т "хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах..." гэсэн заалтыг шүүх зөрчсөн. Хамтран хариуцагч С.А-д нэхэмжлэлийн хувийг гардуулаад хэргийн материалтай танилцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн “Орхон аймгийн цагдаагийн газарт гэсэн хариу тайлбартаа: "С.Ж-тай тохиролцсоны үндсэн дээр 4-20-144 тоот орон сууцыг зарж борлуулж өрийг барагдуулахаар тохиролцсон болно" гэсэн утга бүхий тайлбарт шүүх огт дүгнэлт хийсэнгүй.

Энэ мэтээр дээрх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хохироосон, шүүхээс гарч байгаа шийдвэрүүдэд дугаар олгох стандартыг зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр нотлогдож байна.

Иймд дээрх шийдвэр, магадлалтай хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч В.С, Н.Н  нар нь С.Ж, С.А нарт  холбогдуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээл аваагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

Зээлийн гэрээ нь хоёр талын харилцан үүрэг хүлээсэн хэлцэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Итгэлцлийн гэрээ гэх бичвэрийг Зээлийн гэрээ гэж дүгнэх боломжгүй, нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байх тул хариуцагч уг баримтаар зээл авсныг нотлохгүй гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын маргаж буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхэд хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгчид танилцуулж, шинээр нотлох баримт гаргаж өгсөнтэй холбогдуулан эрх үүргийг нь тайлбарлан өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-67-71/ Нэхэмжлэгч нь нотлох баримттай танилцаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасныг үндэслэн шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн нотлох баримттай танилцах, хариу тайлбар гаргах зэрэг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2. дахь заалтын холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх тул энэ талаарх гомдлыг хангаж, алдааг засч, зөвтгөх нь зүйтэй, харин шүүхийн шийдвэрийн дугаарт бичигдсэн “ШЗ” гэх үсгийг буруу бичсэн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд дээр дурдсан зөрчил нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд заасан хууль хэрэглээний алдааг засч, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШЗ2017/01276 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон хэсэгт “...115.2.1” гэснийг “...115.2.3.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД