Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00010

 

 

В.С, Н.Н нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Ж, С.Ат холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01276 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : В.С, Н.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Ж, С.Ат холбогдох,

“Байрны үлдэгдэл мөнгө 17.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.С, Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагч С.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд, нарийн бичгийн дарга У.С нар оролцов.

Нэхэмжлэгч В.С, Н.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие В.С амьдрах нөхцөл байдлаа сайжруулахаар одоогийн амьдарч байгаа 5-7а-12 тоот орон сууцыг 8%-ийн лизингэд /Хас банк/ хамрагдан өөрийн өмчлөл болгосон. Амьдарч байсан хуучин сууц болох 4-20-144 тоот 1 өрөө байрыг /65 сая төгрөгөөр/ С.А, С.Ж нар авахаар тохиролцон, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж худалдан авалт хийсэн. Тухайн үед банкнаас тавьсан шаардлагын дагуу уг байр 55 сая төгрөгөөр үнэлэгдэж, тэд үлдсэн 10 сая төгрөгийн барьцаанд Их залуу багийн Хабитатын 4-17 тоот хашаа байшинг бид худалдан авснаар тохиролцож, бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлсэн. Тэд 4-20-144 тоот байрыг өөрийн эзэмшил болгож, би 55 сая төгрөгөөс Хас банкны бизнесийн зээлээ төлөөд үлдсэн 17 сая төгрөгийг С.Ж, С.А ...бидэнд зээлүүлээч, ...бид зээл чөлөөлдөг хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө авсан, түүнийг төлөх шаардлагатай байна, бид таны мөнгийг удаахгүй ГОК-оос өгөх 8 сая төгрөг дээр нь машин, хашаа байшин /миний нэр дээр шилжүүлсэн /зэргээ зараад буцааж өгнө гэж хэлэхэд нь бид итгээд 2015.03.05-ны өдөр 17 сая төгрөгийг бэлнээр тэдэнд өгсөн. Тэд итгэлцлийн гэрээг 2016.03.20-нд гараар бичиж өгсөн. Түүнээс хойш утсаар ярьж, гэрт нь хэд хэдэн удаа очиж, тэдний эцэг эх, ах дүү нарт нь энэ учрыг тайлбарлан хэлж ойлгуулсан боловч тэд өгнө гэж аргацаасаар өнөөг хүртэл бүтэн 2 жил 7 сар буюу 31 сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бид 17 сая төгрөгөө тэднээс авахаараа төлнө гэж төлөвлөн иргэн Баасанхоролоос 10 сая төгрөгийг сарын 7% хүүтэйгээр 2015 оны 04 сарын 23-ны өдөр авч, сар тутам 700.000 төгрөг төлсөөр, бүтэн 2 жил 7 сарын хугацаанд зөвхөн хүүнд нь 21.700.000 төгрөг төлж, эргэн төлж чадахгүй явсаар, анх авсан мөнгийг 2.2 дахин өсгөн төлж алдагдал хүлээгээд байна. Тэдний 10 сая төгрөгийн барьцаанд тавьсан хашаа байшинг 5-7а-12 тоот байрны урьдчилгаа төлбөр дутуу төлөгдсөний улмаас тухайн компаний шаардлагаар үлдсэн төлбөрт тооцож өгсөн. Мөн тэднээс олон удаа нэхэл дагуул болж 2 удаа авсан 950 000+350 000=1.300.000 төгрөгийг бид 2,7 жилийн хугацаанд түүнээс хэд дахин илүү төгрөгийг зөвхөн хүү төлсөнтэй адилтгаж, тэднээс авах 17 сая төгрөгөөс хасч тооцуулахгүй болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу байрны зээл гарсны дараа В.С /Н.Н/ надаас авсан, худалдсан байрны үлдэгдэл болох бэлнээр авсан 17,0 сая төгрөгийг С.А, С.Ж нараас гаргуулж, В.С /Н.Н/ намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус байранд амьдран сууж байгаа С овогтой Ж-тай тохиролцсоны үндсэн дээр 4-20-144 тоот байрыг зарж борлуулж байж өрийг барагдуулахаар тохиролцсон болно гэжээ.

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С. Ж би Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-20-144 тоот нэг өрөө орон сууцыг В.Саас 65.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар болсон. Ингээд дор дурьдсан нөхцлөөр тохиролцсон. Үүнд: С.Ж миний аав ээж дүүгийн нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг хуучин Хабитатын 4-17 тоотод орших хашааг, амины орон сууцны хамт 17.000.000 төгрөгөнд тооцож, худалдах, худалдан авах, Төрийн банк Хүрэнбулаг багийн 4-20-144 тоот нэг өрөө орон сууцыг 55.000.000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаа 30 хувь нь 16.500.000 төгрөгийг банкинд байршуулна. Урьчилгаа 30 хувь бид хоёрт байхгүй тул хүнээс хүүтэй зээлдэж аваад зээлийн урьдчилгаанд    16.500.000 төгрөгийг банкинд байршуулж, орон сууцны зээл гарахаар өндөр хүүтэй зээлийг эхний ээлжинд төлнө. Үлдэгдэл 38.000.000 төгрөгийг Ст өгөх, үлдсэн 10.000.000 төгрөгийг үйлдвэрээс байрны хөнгөлөлтийн мөнгө орж ирэхээр өгөхөөр тохиролцсон. Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг хуучин Хабитатын 4-17 тоот хаягт байрлах 750 кв.м газрыг, хувийн сууцны хамт 17.000.000 төгрөгт тооцон 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр тус тус В.С-ын өмчлөлд шилжүүлсэн. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-20-144 тоот нэг өрөө орон сууцыг В.С-аас худалдах, худалдан авах гэрээ байгуулж С.Ж, С.А бидний өмчлөлд шилжүүлсэн. С.Ж, С.А бид Төрийн банктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 55.000.000 төгрөгний зээл авахаар болж, зээлийн урьдчилгаа 30 хувь болох 16.500.000 төгрөгийг 2015-03-01-ний өдөр байршуулсан. 2015-03-04-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2015-03-06-ны өдөр 55.000.000 төгрөг миний дансанд орсоноос 38.000.000 төгрөгийг В.Ст бэлнээр өгсөн. С.Ж би сүүлд орон сууцны үнэнд 2 удаа мөнгө өгсөн. Миний санаж байгаагаар 900.000 төгрөг, 450.000 төгрөг, нийт 1.350.000 төгрөгийг Н-ийн дансаар шилжүүлсэн байх гэж бодож байна. Хүрэнбулаг багийн 4-20-144 тоот орон сууц худалдан авсны үнэ 56.350.100 төгрөг төлсөн. Үлдэгдэл 8.650.000 төгрөгийг В.С, Н.Н нарт төлөх ёстой гэж үзэж байна. 2015-03-05-ний өдөр 17.000.000 төгрөгийг В.С, Н.Н нараас С.Ж, С.А бид хоёр зээлж аваагүй. Энэ мөнгийг би огт мэдэхгүй. В.С, Н.Н нар андуурсан байна. В.С, Н.Н нар нь хэнд хэдэн төгрөгний өр, зээлтэй болохыг мэдэхгүй тул энэ талаар тайлбар хэлж чадахгүй байна. Сүүлд 2 удаа цувуулж өгсөн 900.000 төгрөг, 450.000 төгрөг, нийт 1.350.300 төгрөгийг байрны үнэд оруулж тооцно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01276 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан В.С, Н.Н нарын хариуцагч С.Ж, С.А аас 17.000.000 /арван долоон сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдсан гомдолдоо:

В.С, Н.Н нар нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-20-114 тоот орон сууцыг 2015 оны 02-р сарын 27-нд 65.000.000 төгрөгөөр С.Ж, С.А худалдсан. Хариуцагч нар банкинд тус байрыг 55.000.000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэж танилцуулж зээлээ хөөцөлдсөн. Нэхэмжлэгч нарт зөрүү 10.000.000 төгрөгний оронд түр хашаа байшингаа барьцаанд өгөхөөр тохирсон байдаг. Байрны урьдчилгаа буюу 55.000.000 төгрөгний 30 хувь болох 16.500.000 төгрөгийг хариуцагч нар банкинд байршуулах шаардлага гарсан. С.А, С.Ж нарт бэлэн мөнгө байгаагүйн улмаас урьдчилгаа мөнгө бүрдүүлсэн баримт хуурамчаар хийсэн. Хабитатын 4-17 тоот хашаа байшинг нэхэмжлэгч нарт 16.500.000 төгрөгөнд зарсан гэж худалдах, худалдан авах гэрээг хийж нэхэмжлэгчдийн нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Үүний дараа өндөр хүүтэй зээл чөлөөлдөг хүмүүсээс мөнгө /16.500.000 төгрөг/ авч төрийн банкинд урьдчилгаа гэж байршуулсан. Удалгуй банкнаас байрны зээл бүтэж 38.500.000 төгрөг, урьдчилгаа болох 16.500.000 төгрөг нийт 55.000.000 төгрөгийг нэхэмжлэгч С-ын дансруу шилжүүлсэн.

Мөнгө орж ирсний дараа хариуцагч нар зээл чөлөөлдөг хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө авсан тул үүнийг нэн түрүүнд төлөх шаардлагатай байна. 17.000.000 төгрөгийг зээлээч, бид таны мөнгийг удаахгүй ГОК-с өгөх 8.000.000 /найман сая төгрөг дээр нь машин, хашаа байшин зэргээ зараад буцааж өгнө гэж хэлэхэд нь итгээд нэхэмжлэгч нар 17.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед өгсөн авсан талаархи баримт үйлдээгүй бөгөөд 2016 оны 03 сарын 20-нд итгэлцлийг өөрсдөө гараар бичиж өгсөн.Үүнээс хойш 2 жил 07 сарын хугацаа өнгөрөхөд зээлсэн 17.000.000 төгрөгөө өгөлгүй нэхэмжлэгч нарт нилээд их хэмжээний хохирлыг учруулсан учир шүүхэд хандсан юм. Нэхэмжлэгчийг шүүхэд хандмагц хариуцагч 10.000.000 /арван сая/ төгрөгний барьцаанд тавьсан хашаа байшингаа 17.000.000 төгрөгөөр худалдсан гэж мэлзсэн. Тухайн үед нэхэмжлэгч нар С.А, С.Ж нарт итгэж хашаа байшинг 17.000.000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр гэрээг хийсэн нь хариуцагч нарт худал хэлэхэд нь ашигтай байдлыг бий болгосон. Анхан шатны шүүх дээрхи үйл баримтанд дүн шинжилгээ хийлгүй 17.000.000 төгрөгийг зээлдүүлсэн нь нотлогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Үүний учир шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу Итгэлцлийн гэрээ /х.х 16х/, Хариуцагч нарын 17.000.000 төгрөгийг тэл нар хувааж төлж дуусгана гэсэн талаархи 2016 оны 11 сарын 25-нд өгсөн тайлбар /х.х 13 хуудас/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус нотлох баримтуудаар С.А, С.Ж нар нь 17.000.000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хувааж төлөхөө хүртэл илэрхийлсэн байдаг. Үүнийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т, 40.2-т заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлсэнгүй. Түүнчлэн хариуцагч С.А 2017 оны 11-р сарын 26-ны өдөр өгсөн шүүхэд өгсөн хариу тайлбартаа байраа зарж, борлуулсны дараа төлбөрийг барагдуулна гэдгээ тайлбартаа бичсэн байдаг. /х.х 44 хуудас/ Хариуцагч С.Ж-аас шүүх хурал эхлэхэд шүүх хуралдаан даргалагч эвлэрэх боломжтой эсэхийг асуухад 8.650.000 төгрөгийг төлье гэж саналаа хэлсэн байдаг. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар нүүр/ Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргалаа. Түүнчлэн нэхэмжлэгч нар 2017 оны 10-р сарын 04-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 11-р сарын 06-ны өдөр хариуцагч С.Жд нэхэмжлэлийг гардуулан өгсөн. Түүнчлэн нэхэмжлэгч нар 2017 оны 10-р сарын 04-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 11-р сарын 06-ны өдөр хариуцагч С.Жд нэхэмжлэлийг гардуулан өгсөн. Гэтэл хариуцагч С.Ж нь хариу тайлбараа шүүх хурал болсон өдөр буюу 2017 оны 12 сарын 13-ны өдрийн шүүх хурал дээр бусад нотлох баримтын хамт гаргаж өгсөн. Шүүгч танилцуулахдаа хариу тайлбар ирсэн талаар огт дурьдаагүй бөгөөд нотлох баримтаар үл хөдлөх гэрчилгээ, цалингийн зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ бусад банкны баримтын талаархи нотлох баримтууд ирсэн талаар хэлсэн. Бидэнд дээрхи баримт хамааралгүй учир шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг гаргасан. Гэтэл тус баримтууд дунд хариу тайлбар байсныг нэхэмжлэгч нар мэдээгүй. Анхан шатны шүүх дээрх үйл баримтууд болон нотлох баримтуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв дүгнэлт өгөлгүй хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1276 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч В.С, Н.Н нар нь хариуцагч С.Ж, С.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч В.С, Н.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2015.03.05-ны өдөр 17 сая төгрөгийг бэлнээр тэдэнд өгсөн...”, “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу байрны зээл гарсны дараа В.С /Н.Н/ надаас авсан, худалдсан байрны үлдэгдэл болох бэлнээр авсан 17,0 сая төгрөгийг С.А, С.Ж нараас гаргуулж, В.С /Н.Н/ намайг хохиролгүй болгож өгнө үү гэж шаардлагаа өөр өөрөөр тодорхойлон бичсэн боловч нэхэмжлэгч нар анхан шатны шүүх хуралдаан болон тайлбартаа  хариуцагч нарт 17.000.000 төгрөгийг бэлнээр өгч зээлсэн гэх тайлбарыг өгч байсан  тул анхан шатны шүүх тухайн маргааныг 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ гэж үзсэн зөв байна.

Шүүх хэргийг Нэхэмжлэгч В.С, Н.Н нар нь хариуцагч С.Ж, С.Ат мөнгө зээлүүлсэн нөхцөл байдал нотлогдоогүй тул зээлийн гэрээний үүрэг гэж 17.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан В.С, Н.Н нарын хариуцагч С.Ж, С.Ааас 17.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарт 17.000.000 төгрөг бэлнээр нь өгч зээлүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “ өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нарын  өмгөөлөгч Ж.Шинэжаргалын  давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч В.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын  өмгөөлөгч Ж.Шинэжаргалын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч В.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР