Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/шш2017/01276

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр                      Дугаар 142/ШЗ2017/01276                                        Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг ...... тоотод оршин суух В.С,

Нэхэмжлэгч: Орхон аймаг ...... тоотод оршин суух Н.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ........ тоотод оршин суух С.Ж

Хариуцагч: Орхон аймаг .......... тоотод оршин суух С.А нарт холбогдох

“17 000 000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.С, Н.Н, хариуцагч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.С, Н.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие В.С амьдрах нөхцөл байдлаа сайжруулахаар одоогийн амьдарч байгаа ..... тоот орон сууцыг 8%-ийн лизингэд /Хас банк/ хамрагдан өөрийн өмчлөл болгосон. Амьдарч байсан хуучин сууц болох ..... тоот 1 өрөө байрыг /65 сая төгрөгөөр/ С.А, С.Ж нар авахаар тохиролцон, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж худалдан авалт хийсэн. Тухайн үед банкнаас тавьсан шаардлагын дагуу уг байр 55 сая төгрөгөөр үнэлэгдэж, тэд үлдсэн 10 сая төгрөгийн барьцаанд Их залуу багийн Хабитатын 4-17 тоот хашаа байшинг бид худалдан авснаар тохиролцож, бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлсэн. Тэд ..... тоот байрыг өөрийн эзэмшил болгож, би 55 сая төгрөгөөс Хас банкны бизнесийн зээлээ төлөөд үлдсэн 17 сая төгрөгийг С.Ж, С.А нар ...бидэнд зээлүүлээч, ...бид зээл чөлөөлдөг хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө авсан, түүнийг төлөх шаардлагатай байна, бид таны мөнгийг удаахгүй ГОК-оос өгөх 8 сая төгрөг дээр нь машин, хашаа байшин /миний нэр дээр шилжүүлсэн /зэргээ зараад буцааж өгнө” гэж хэлэхэд нь бид итгээд 2015-03-05-ны өдөр 17 сая төгрөгийг бэлнээр тэдэнд өгсөн. Тэд итгэлцлийн гэрээг 2016-03-20-нд гараар бичиж өгсөн. Түүнээс хойш утсаар ярьж, гэрт нь хэд хэдэн удаа очиж, тэдний эцэг эх, ах дүү нарт нь энэ учрыг тайлбарлан хэлж ойлгуулсан боловч тэд өгнө гэж аргацаасаар өнөөг хүртэл бүтэн 2 жил 7 сар буюу 31 сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бид 17 сая төгрөгөө тэднээс авахаараа төлнө гэж төлөвлөн иргэн Баасанхоролоос 10 сая төгрөгийг сарын 7% хүүтэйгээр 2015 оны 04 сарын 23-ны өдөр авч, сар тутам 700 000 төгрөг төлсөөр, бүтэн 2 жил 7 сарын хугацаанд зөвхөн хүүнд нь 21,700,000 төгрөг төлж, эргэн төлж чадахгүй явсаар, анх авсан мөнгийг 2.2 дахин өсгөн төлж алдагдал хүлээгээд байна. Иймээс бидний арга мухардаж, гэр бүлийн санхүүгийн байдал маш их хүндэрч, алдагдалд орон, цаашид төлж дийлэхгүйгээр өр зээлд орж, цаашид тэвчих аргагүй байгааг даруй хуулийн байгууллагаар шийдүүлэх шаардлагатай байна. Тэдний 10 сая төгрөгийн барьцаанд тавьсан хашаа байшинг ..... тоот байрны урьдчилгаа төлбөр дутуу төлөгдсөний улмаас тухайн компаний шаардлагаар үлдсэн төлбөрт тооцож өгсөн. Мөн тэднээс олон удаа нэхэл дагуул болж 2 удаа авсан 950 000+350 000=1 300 000 төгрөгийг бид 2,7 жилийн хугацаанд түүнээс хэд дахин илүү төгрөгийг зөвхөн хүү төлсөнтэй адилтгаж, тэднээс авах 17 сая төгрөгөөс хасч тооцуулахгүй болно. Бидний дунд үүссэн бэлэн мөнгөний тооцоотой энэхүү маргааныг шийдүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эвлэрүүлэн зуучлалд 2017-04-26-ны өдөр өргөдөл гаргасан боловч удаа дараа дуудсан боловч ‘‘...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн...” үндэслэлээр тухайн хуулийн 28.1.1-д зааснаар дуусгавар болгов гэсэн хариу 2017-05-25-ны өдөр бид хүлээн авсан. Үүнээс хойш мөн л 5 сар өнгөрч энэ хугацаанд эргэн төлөх талаар нэг удаа ч санаачлага гаргаагүй, цаашид энэ маягаар биднээс авсан 17 сая төгрөгийг төлөх сэтгэлгүй, биднийг хуурч мэхэлсэн гэж үзэн шүүхэд хандахад хүрлээ. В.С надаас худалдан авсан худалдсан байрны үлдэгдэл бэлэн авсан 17 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу байрны зээл гарсны дараа В.С /Н.Н/ надаас авсан, худалдсан байрны үлдэгдэл болох бэлнээр авсан 17,0 сая төгрөгийг С.А, С.Ж нараас гаргуулж, В.С /Н.Н/ намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан. Тус байранд амьдран сууж байгаа Сүхбаатар овогтой Жтай тохиролцсоны үндсэн дээр ..... тоот байрыг зарж борлуулж байж өрийг барагдуулахаар тохиролцсон болно” гэжээ.

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “В.С, Н.Н нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. С. Ж би Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн ..... тоот нэг өрөө орон сууцыг В.Саас 65 000 000 /жаран таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар болсон. Ингээд дор дурьдсан нөхцлөөр тохиролцсон. Үүнд: С.Ж миний аав ээж дүүгийн нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг хуучин Хабитатын 4-17 тоотод орших хашааг, амины орон сууцны хамт 17 000 000 төгрөгөнд тооцож, худалдах, худалдан авах, Төрийн банк Хүрэнбулаг багийн ..... тоот нэг өрөө орон сууцыг 55 000 000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаа 30 хувь нь 16 500 000 төгрөгийг банкинд байршуулна. Урьчилгаа 30 хувь бид хоёрт байхгүй тул хүнээс хүүтэй зээлдэж аваад зээлийн урьдчилгаанд 16 500 000 төгрөгийг банкинд байршуулж, орон сууцны зээл гарахаар өндөр хүүтэй зээлийг эхний ээлжинд төлнө. Үлдэгдэл 38 000 000 төгрөгийг Ст өгөх, үлдсэн 10 000 000 төгрөгийг үйлдвэрээс байрны хөнгөлөлтийн мөнгө орж ирэхээр өгөхөөр тохиролцсон. Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг хуучин Хабитатын 4-17 тоот хаягт байрлах 750 кв.м газрыг, хувийн сууцны хамт 17 000 000 төгрөгт тооцон 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр тус тус В.Сын өмчлөлд шилжүүлсэн. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн ..... тоот нэг өрөө орон сууцыг В.Саас худалдах, худалдан авах гэрээ байгуулж С.Ж, С.А бидний өмчлөлд шилжүүлсэн. С.Ж, С.А бид Төрийн банктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 55 000 000 төгрөгний зээл авахаар болж, зээлийн урьдчилгаа 30 хувь болох 16 500 000 төгрөгийг 2015-03-01-ний өдөр байршуулсан. 2015-03-04-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2015-03-06-ны өдөр 55 000 000 төгрөг миний дансанд орсоноос 38 000 000 /төгрөгийг В.Ст бэлнээр өгсөн. С.Ж би сүүлд орон сууцны үнэнд 2 удаа мөнгө өгсөн. Миний санаж байгаагаар 900 000 төгрөг, 450 000 төгрөг, нийт 1 350 000 төгрөгийг Нгийн дансаар шилжүүлсэн байх гэж бодож байна. Хүрэнбулаг багийн ..... тоот орон сууц худалдан авсны үнэ 56 350 100 төгрөг төлсөн. Үлдэгдэл 8 650 000 төгрөгийг В.С, Н.Н нарт төлөх ёстой гэж үзэж байна. 2015-03-05-ний өдөр 17 000 000 төгрөгийг В.С, Н.Н нараас С.Ж, С.А бид хоёр зээлж аваагүй. Энэ мөнгийг би огт мэдэхгүй. В.С, Н.Н нар андуурсан байна. В.С, Н.Н нар нь хэнд хэдэн төгрөгний өр, зээлтэй болохыг мэдэхгүй тул энэ талаар тайлбар хэлж чадахгүй байна. Сүүлд 2 удаа цувуулж өгсөн 900 000 төгрөг, 450 000 төгрөг, нийт 1 350 300 төгрөгийг байрны үнэд оруулж тооцно” гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч С.Ад шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй\гээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-д зааснаар түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч В.С, Н.Н нар нь С.Ж, С.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гэж 17 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч В.С, Н.Н нар нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-20-114 тоот орон сууцыг 65 000 000 төгрөгөөр 2015 оны 02 дугаар сарын 27-нд хариуцагч С.Ж, С.А нарт худалдаж, байрныхаа үнэд оролцуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Хуучин Хабитат 4-17 тоот хашаа байшинг худалдах худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч В.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...С.Ж, С.А нар нь манай байрыг ипотекийн зээлээр аваад, банкнаас С.Жын нэр дээр 55 000 000 төгрөг гарч, миний дансанд тэр мөнгө нь орсон. Ингээд хүнээс өндөр хүүтэй байрны урьдчилгаа мөнгө авсан учир ГОК-с байрны 8 000 000 төгрөг орж ирэхээр удаахгүй үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлээд 17 000 000 сая төгрөгийг биднээс зээлсэн юм. Тиймээс С.Ж, С.А нар нь биднээс 17 000 000 төгрөгийг зээлж авсан учир энэ мөнгөө гаргуулна...” гэж тайлбарласан.

Хариуцагч С.Ж: “........ тоот байрыг 65,0 сая төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ 17,0 сая төгрөгт нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Хуучин Хабитат 4-17 тоот хашаа байшинг өгч, 38 000 000 төгрөгийг нь бэлнээр өгч, үлдэх 10 000 000 төгрөгийг нь ГОК-с 8 000 000 төгрөг орж ирэхээр нь удаахгүй өгнө гэж тохирсон. Банкнаас 55 000 000 төгрөгийн зээл миний нэр дээр гарсан. Байрны урьдчилгааг банкинд урьдчилж байршуул гээд байсан тул зээл чөлөөлдөг хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө авч 16 500 000 төгрөг банкинд байршуулсан байсан. Ингээд зээл гарахаар нь 38 000 000 төгрөгийг В.С ахад бэлэн өгч, 17 000 000 төгрөгөө нөгөө урьдчилгаа авсан хүндээ аваачиж өгсөн. 55 000 000 төгрөг В.С ахын дансанд ороогүй, эд нарт 55 000 000 төгрөгийг бэлнээр өгөөгүй, 17 000 000 төгрөгийг зээлээгүй. Бидний хооронд ийм л тохиролцоо байсан, буруу ойлгосон юм шиг байна...” гэж тайлбарласан.

Талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд В.С, Н.Н нар нь байраа 65 000 000 төгрөгөөр С.Ж, С.А нарт худалдахаар тохиролцож, хариуцагч нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Хуучин Хабитат 4-17 тоот хашаа байшинг 17 000 000 төгрөгөөр бодож төлбөртөө оролцуулж өгсөн байх ба /хэргийн 8х/, нэхэмжлэгч нар дээрх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, авсан байрныхаа төлбөрт оролцуулж өгсөн гэдэг.

Тиймээс нэхэмжлэгч нарын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Хуучин Хабитат 4-17 тоот хашаа байшинг 10 000 000 төгрөгөнд бодож авсан гэсэн тайлбар болон, 55 000 000 төгрөгийг хариуцагч миний дансанд шилжүүлсэн, түүнээсээ 17 000 000 төгрөгийг нь би С.Ж, С.А нарт зээлүүлсэн гэсэн тайлбар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ.

Нэхэмжлэгч В.С, Н.Н нар нь  хариуцагч С.Ж, С.А нарт мөнгө зээлүүлсэн нөхцөл байдал нотлогдоогүй тул зээлийн гэрээний үүрэг гэж 17 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.    

   Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан В.С, Н.Н нарын хариуцагч С.Ж, С.А нараас 17 000 000 /арван долоон сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА