Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00591

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02342 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаар магадлалтай,

                                                                                               

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.О, Ц.Н, Б.Т нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг хохиролд 383,507,663 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Д.Бархас, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Янжинхорлоо, хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт: Зээлдэгч Б.О нь Хтай дараах гэрээнүүдийг байгуулж, зээл авсан. Үүнд: 2011 оны 02 сарын 25-ны өдөр 1370001919 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 187,000 ам.долларын зээлийг жилийн 14.4 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Энэхүү гэрээнд Ц.Н болон Б.Т нар нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202011803, ГД-000131458 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 28-р байрны 1-р давхар үйлчилгээний зориулалттай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204019361, ГД-000033837 дугаартай, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 57/1 дүгээр байр 2 тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204024630, ГД-000068105 дугаартай, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол Энхтайвны өргөн чөлөө 25-р байрны 13 тоот орон сууцыг тус тус барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгчийн удаа дараагийн ам.долларын зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэж, харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд тэрээр үндсэн зээлд 17,572 ам доллар, хүүнд 102,327 ам доллар, нэмэгдүүлсэн хүүнд 0.67 ам.доллар, нийт 120,078 ам доллар төлсөн байдаг. Ам.долларын зээлийн үлдэгдэл 169,428 ам.долларыг төгрөгийн зээлд шилжүүлэх шийдвэр гарсан өдөр буюу 2014 оны 12 сарын 18-ны өдрийн банкны ам.доллартай харьцах ханшаар хөрвүүлэн тооцоход зээлийн үлдэгдэл 320,220,720 төгрөг 90 мөнгө байсан. Иймд 2014 оны 12 сарын 26-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үлдэгдэл 320,220,720 төгрөгөөр зээлийг дүнг тооцон, жилийн 18.5 хувийн хүүтэй, хугацааг 2031 оны 03 сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Төгрөгт шилжүүлснээс хойш хариуцагчаас үндсэн зээлд 4,904,592 төгрөг, хүүнд 82,339,512 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,770 төгрөг, нийт 87,254,875 төгрөг төлсөн. Зээлдэгч нар анх 2011 оны 6 сараас эхлэн тохиролцсон графикийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 08 сарын 31-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй. 2016 оны 11, 12 дугаар сард зээлээ төлөхийг байнга шаардаж байсан. Иймд гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул гэрээний 3.3.1, 3.3.9-д заасныг үндэслэн банк гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 1370001919 тоот гэрээний дагуу үндсэн зээл 315,315,480 төгрөг, хүү 36,329,716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,531 төгрөг төлөөгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон тул 2017 оны 06 сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 315,315,480 төгрөг, хүү 61,740,688 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,016 төгрөг нийт 377,142,185 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлс 15,000 төгрөгийн хамт Б.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Н, Б.Т нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохиролд тооцон нэхэмжилж байгаа болно. Мөн зээлийн гэрээний 3.5, баталгаат ипотекийн гэрээний 2.7, 2.8-д тус тус заасны дагуу барьцааны гурван хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү.

Зээлдэгч нараас барьцааны нэг хөрөнгөө төлбөрт тооцон шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу 2016 оны 11 сарын 11-нд хурлаар хэлэлцэж, нэг хөрөнгийг төлбөрт тооцон авахаар шийдвэрлэсэн ч үнийн дүнг зээлдэгч зөвшөөрөөгүй. Хариуцагч талаас зээлийн төлбөрт хөрөнгө тооцон шилжүүлэх тухай хүсэлт ирүүлснээс гэрээг цуцлах тухай хүсэлт ирүүлж байгаагүй болно. Зээлдэгч Д.Отгонбаяр 2015 оны 12 сарын 24-ний өдөр 5001616464 дугаартай Овердрафтын гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгосон. Энэ гэрээнд 2016 оны 12 сарын 06-ны өдрөөс зээлийн хүүг жилийн 24 хувийн хүүтэй болгон өөрчлөлт оруулж, зээлийн дансны дугаарыг 1370019601 болгон өөрчилсөн. Овердрафтын гэрээний дагуу 2017 оны 06 сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 5,542,196.34 төгрөг, хүү 692,395 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,885 төгрөг төлөгдөөгүй байх тул нийт 6,350,476 төгрөгийг Б.Оаас мөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.О нь 2008 онд Скай эмнэлэг байгуулж, эгч дүү нарын хамт гэр бүлээрээ ажиллуулж эхэлсэн. Манай эмнэлэг түрээсийн байранд ажиллаж байгаад 2011 онд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 28 дугаар байрны үйлчилгээний төв болох 154 м.кв байрыг эмнэлгийн зориулалтаар Хны зээлээр худалдаж авсан нь үнэн. Хнаас энэ зээлийг авахын өмнө миний эгч болох Б.Т бид хоёр Төрийн банкинд тус тусдаа орон сууцны зээлтэй байсан болно. Б.Т Төрийн банкнаас 2007 онд 30,000,000 төгрөгийн зээл аваад 2011 оны 2 сар гэхэд 13,236,097 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй, миний өөрийн авсан 30,000,000 төгрөгний зээл 20,479,600 төгрөгний үлдэгдэлтэй, хугацаа, хүү багатай төгрөгийн зээл байсан юм. Анх Хинд 160,000 ам.долларын зээлийг хүссэн. Гэтэл банкны зээлийн эдийн засагч нь “та нар өөрсдийнхөө зээлийг нэгтгээд манай банкинд нэг зээл болгочих танайх 2 зээлтэй болохоор зээл чинь гарахгүй” гэж хэлээд бидний 33,715,697 төгрөгийн зээлийг хаалган, Хнаас авах зээлэнд 27,000 ам.доллар нэмсэн. Тухайн үед ам.долларын зээл ямар нэг эрсдэлгүй, хөвөгч хүүтэй гэж хэлж 187,000 ам.доллараар зээлийг авахуулсан. Бидний үзүүлдэг ажил үйлчилгээ ам.доллартай ямар ч холбоогүй, ам.доллараар орлого олдоггүй, үйлчилгээ үзүүлдэггүй, тайлан тооцоо гардаггүйг мэдсээр байж Х өөрийн эрх ашгийн үүднээс төгрөгийн үлдэгдэлтэй байсан зээлүүдийг хаалгаж, ам.долларт шилжүүлж иргэн бидэнд шударга бус хандсан гэж үзэж байна. Энэ ам.долларын зээлийг авснаас 7 сарын дараагаас эхлэн валютын ханш бага, багаар нэмэгдэж эхэлсэн. Бид банкинд зээлээ төгрөгт шилжүүлэх хүсэлт тавьж эхлэхэд, валютын зээлийг төгрөгийн зээлэнд шилжүүлэх боломжгүй гэж явуулсаар даруй 3 жил болсон. Энэ бүх хугацаанд өндөр ханштай валютын зээлийг төлж ирсэн ба 2014 онд нэг ам.доллар 1892 төгрөг болох үед үлдэгдэл валютын зээлийг монгол мөнгөнд шилжүүлэн өндөр ханшаар тооцож 320,220,072 төгрөгийн зээл болгосон. Хэрэв Х анхнаасаа ам.долларын зээл олголгүй төгрөгийн зээлийг төгрөгийн зээл чигээр нь үлдээсэн бол, мөн эмнэлгийн зориулалтаар худалдан авч байгаа байр нь эрүүл мэндийн хяналтын байгууллагын шаардлагыг хангахгүй гэдгийг зөвлөөд өгсөн бол ийм буруу худалдан авалт хийхгүй байж болох байсан. Сүүлийн 2 жилд манай үйлчлүүлэгчдийн тоо цөөрсөн, мөн зээлээр худалдаж авсан байр маань зарагдалгүй 2 жил гаран болсны улмаас манайх Хинд 2016 оны 8 сараас эхлэн зээл төлөх ямарч боломжгүй болсон. Х нь анх зээлийн эргэн төлөлтийн график гаргахдаа энэ 5 жилийн хугацаанд үндсэн мөнгөнөөс нь маш бага дүнгээр хасч зөвхөн хүү авах зарчмаар иргэдийг шулсан график гаргасан нь шударга бус, хэрэглэгчийг хохироосон үйлдэл болоод байна. Гол нь Хны зээлийн эдийн засагч нь жилийн эцэст  дүгнэгддэг  өөрийнхөө ажлын үзүүлэлтийг бууруулахгүйн тулд зээл авч төлөхийг ятгаж, Овердрафтын 5001616464 тоот гэрээг байгуулуулж, 5,000,000 төгрөгийн зээлийг авахуулж, өмнөх зээлийн төлөлтөд төлсөн болно. Манай эмнэлэг 2011 онд Хнаас зээл авснаас хойш 2016 оны 8 сар хүртэл 4 жил хагасын хугацаанд их хэмжээний алдагдал, хохирол энэ ам.долларын зээл, түүний гэрээ, нөхцлөөс болж хүлээгээд байна. Бид 4 жил хагасын хугацаанд Хинд 498,878,547 төгрөгийг төлсөн бөгөөд анх авсан зээл нь 187,000 ам.доллар буюу тэр үеийн ханшаар 234,124,000 төгрөг л байдаг. Мэдээж бусдын мөнгөн хөрөнгийг зээлдэж авсан бол хүүг нь үндсэн зээлийн хамт төлөх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж байгаа ч бид тооцоо хийгээд үзэхээр, Хнаас авсан зээлээ 2 нугалаад төлчихсөн байна. Үндсэн барьцаа хөрөнгө болох 154 м.кв үйлчилгээний зориулалттай байрны зах зээлийн үнэ нь 385,000,000 төгрөг юм. Манай зүгээс зээлээ төлөх боломжгүй болсноо илэрхийлж барьцааны хөрөнгөө төлбөрт тооцон шилжүүлж өгөх, гэрээг цуцлах тухай саналыг удаа дараа банкинд тавьж байсан. Гэтэл банк асуудлыг шийдвэрлэхгүй удаасаар 2016 оны 11 сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцээд объектыг маш багаар буюу 270,000,000 төгрөгөөр үнэлж авна гэсэн. Бидний нэгэнт төлсөн байгаа 498,878,545 төгрөг дээр тэдний санал болгосон 270,000,000 төгрөгийг нэмээд тооцоход бид нийт 768,878,545 төгрөг зээлд төлсөн болох юм.

Анх 160,000 ам.долларын зээл хүссэн байхад өөрсдөө өмнөх бага хүүтэй, төгрөгийн зээлийг хаалгаж нэмж саналаараа 27,000 ам.долларыг өндөр хүүтэйгээр зээлсэн тул 27,000 ам.долларт ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Мөн хувьсах хүүг эрсдэлд орохгүй, ханш өөрчлөгдөхөд хамаа байхгүй хүү гэж тайлбарлаж өгсөн байдаг. Төгрөгийн зээл болгохдоо хүүгээ 18.5 хувиар тооцон шилжүүлсэн байдаг. Ам.долларын зээл олгох үеийн төгрөгөөр тооцож үзэхээр зээл олгох үеийн дундаж хүү 12.33 хувь байсныг 14,4 хувь болгож зээлдэгчид илт хохиролтой тогтоож өгсөн. Иймд зээлийн хүүг 14.4 хувь биш 12.33 хувиар тооцоод шийдвэрлэх боломжтой. 27,000 ам.доллар гэдэг нь нийт зээлийн 14.43 хувийг эзэлж байх тул энэ хугацаанд төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү, одоо нэхэмжилж буй хүү, нэмэгдүүлсэн хүүнээс дээрх хэмжээгээр тооцон хасч, хүүг анхны 12.33 хувийн хүүгээр тооцвол нэхэмжилж байгаа дүнгээс 75,669 ам.доллар буюу 184,059,898 төгрөг хасагдана. Иймд энэ хэсгээр багасгаж тооцож өгнө үү. Үндсэн 27,000 ам.долларыг болон 160,000 ам.долларт төлбөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүү хэсгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн банкны зүгээс 2017 оны 01 сарын 06-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцлахаар нэхэмжлэл гаргасан тул түүнээс хойшх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 25,470,457 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байгааг, нотариатын зардалд 15,000 төгрөг нэхэмжилж байгааг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Бид Хны өөрийнх нь шахалтаар ам.доллараар авсан 154 м.кв үйлчилгээний зориулалттай объектоор зээлийн үлдэгдэл төлбөрийг хаахад бүрэн хангалттай гэж үзэж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг үндсэн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү. Бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгааг мөн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол үүргийн гүйцэтгэл болох зээлийн хүүг шүүх багасгах боломжтой тул Худалдаа аж үйлдвэрийн танхимын хүнд байдлын гэрчилгээ болон нөхцөл байдлыг харгалзаж хасч тооцож өгөхийг хүсч байна. Зээлийн эргэн төлөлтөд төлсөн мөнгөн дүн, 2016 оны 08 сарын 31-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй, банк зээлээ төлөхийг шаардаж байсан гэдэгт маргахгүй. Харин Овердрафтын гэрээний дагуу 6,350,476 төгрөг Б.Оаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Өнөболдын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Хны нэхэмжлэлтэй, Б.О нарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Миний хамтран өмчилдөг хөрөнгөнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед надаар гарын үсэг зуруулахад нотариатаар гэрчлүүлээгүй байдаг бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул үүргийн гүйцэтгэлийг миний хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02342 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.О, Ц.Насанбуян, Б.Т нараас 351,671,727 төгрөг, хариуцагч Б.Оаас 6,350,476 төгрөгийг тус тус гаргуулж Хинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,485,460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Б.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын 154 м.кв үйлчилгээний зориулалттай хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019361 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 57/1 дүгээр байр 2 тоот 76 м.кв талбайтай хөрөнгө, Б.Т, Э.Өнөболд нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 25 дугаар байрны 13 тоот 68.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,303,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,018,261 төгрөг, улсын орлогоос 157,950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02342 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас “Б.Т” гэснийг хасч, “Ц.Насанбуян” гэснийг “Ц.Н” гэж, “нэхэмжлэлээс үлдэх 25,485,460 төгрөгийг” гэснийг “Б.О, Ц.Н нараас 25,485,460 төгрөг гаргуулах болон Б.Тд холбогдох нэхэмжлэлийг тус тус” гэж өөрчилж, 2 дахь заалтаас “Б.Т, Э.Өнөболд нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар байрны 13 тоот 68.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгө” гэснийг хасч, “даалгасугай” гэснийг “даалгаж, Б.Т, Э.Өнөболд нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар байрны 13 тоот 68.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Хны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 108 дугаартай магадлалын зарим хэсэг нь дараах үндэслэлээр хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна. Үүнд:

Магадлалд "...хариуцагч тал гэрээг цуцлаагүй, хариуцагч тал гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байдал тогтоогдоогүй тул 2016 оны 8 сараас хойш гэрээг цуцалж, зээлийн төлбөртөө барьцаа хөрөнгөө хариуцагч тал санал болгосон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4 дэх хэсэгт заасан санал гаргах дуудлагад хамаарах тул нэхэмжлэгч хүлээн авч зөвшөөрөх байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна... ” гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2016 оны 8 сараас хойш удаа дараа гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөө зээлийн төлбөртөө өгөхийг зөвшөөрч санал болгож байгаа нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй. Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Улмаар нэхэмжлэгч саналыг хүлээн авч хэлэлцүүлэн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн байдлаар шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тогтоол гарснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Шийдвэрт "... Мөн зээлийг төлөх боломжгүй болсноо удаа дараа мэдэгдэж гэрээг цуцлах тухай саналыг нэхэмжлэгчид гаргаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 11 сарын 11-ний өдрийн зээлийн удирдлагын хорооны тогтоолоор нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч дээрх тогтоолд барьцааны хөрөнгийг төлбөрт тооцох талаар тусгагдсан, гэрээг цуцлах тухай дарьдагдаагүй байх тул хариуцагчийг дээрх тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзэв ...” гэж дүгнэсэн байдаг. Хнаас зээл авах үед буюу 2011 оны 02 сарын 25-ны өдөр ам.долларын ханш 1255.24 төгрөг байсан ба ханш нь хэлбэлзэж байгаад 2012 оны 1 сард огцом нэмэгдэж 1,433 төгрөгт хүрсэн. Энэ үеэс ам.долларын зээлийг төлөхөд хүндрэлтэй байгаа тухай банкинд мэдэгдэж зээлийг төгрөгт шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг байнга гаргаж байсан болно. Анхнаасаа Хнаас ам.долларын зээл авахыг зөвлөж бусдын барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн санаачилгаар төлбөрийг нь өгч чөлөөлүүлэн богино хугацаанд шийдвэрлэнэ гэх зэргээр итгэж үнэмшүүлэн зээл авахуулсанд гомдолтой байдаг. Ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасаар байтал удахгүй шийдвэрлэж өгнө гэж хүлээлгэсээр ам.долларын зээлийн хүүнд 102,327 ам.доллар, нийтдээ 120,078 ам.долларыг төлчихсөн байсан. Улмаар Монгол банкнаас бүх ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэх үүрэг өгөгдсөний дагуу Хнаас манай зээлийг төгрөгт шилжүүлэн гэрээ байгуулсан. Зээлийг төгрөгт шилжүүлсэн ч зээлийг эргэн төлөхөд хүндрэлтэй байсан бөгөөд зээлийг 2016 оны 8 сараас төлбөр огт төлж чадахгүй болсон. Энэ үеэс л гэрээг цуцалж, зээлийн төлбөртөө үл хөдлөх хөрөнгөө авахыг санал болгосон байдаг. Ийм байтал төлбөрт тооцон авахаар шийдвэрлэсэн байгаа нь цуцлагдсан тухай биш гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэрээг цуцалсанаар барьцаа хөрөнгийг үнэлэн тооцож авах болохоос барьцаа хөрөнгийг үнэлэн аваад гэрээг үргэлжлүүлнэ гэсэн ойлголт байхгүй юм. Иймд 2016 оны 11 сарын 11-ний өдрөөс гэрээ цуцлагдсан гэж тооцон хүү, нэмэгдүүлсэн хүү тэр хугацаа хүртэл тооцох ёстой гэж үзэж байна. Иймд шүүх “хариуцагч нараас 2017 оны 01 сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон 315,315,480 төгрөг, хүү 36,329,716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,531 төгрөг, нийт 351,671,727 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй ..." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба давж заалдах шатны шүүх тооцооллыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Анхнаасаа нэхэмжлэгчийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон тооцоолол алдаатай, ойлгомжгүй байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжтой болох үүднээс тооцооллыг ойлгомжтой байдлаар гаргуулахыг удаа дараа шүүхээс хүссэн боловч нэхэмжлэгч нь тооцоог гаргаж өгөлгүй, угаасаа ойлгомжтой байхад мэтээр тайлбарлан мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Хариуцагчаас нэхэмжлэгч Хны Зээлийн удирдлагын хорооны 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 2016/11/11-410 дугаартай шийдвэрт зааснаар барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт 290,000,000 төгрөгт тооцон шилжүүлж зөрүүнд 25,315,480 төгрөг төлөхийг зөвшөөрдөг тул хүлээн зөвшөөрөхгүй хэсэг нь 36,356,247 төгрөг байх ба энэ дүнд гомдол гаргаж тэмдэгтийн хураамжинд 339,800 төгрөгийг тушаасан. Учир нь Хнаас зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг өөрсдөө тогтоон үнэлсэн байдаг тул тэр үнэлгээндээ хөрөнгийг тооцон авах нь зүйд нийцнэ гэж үзэж байгаа болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 108 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

“Х” ХХК  нь хариуцагч Б.О, Ц.Н, Б.Т нарт холбогдуулан 2011 оны 02 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 315,315,480 төгрөг, хүү 36,329,716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,531 төгрөг, хохиролд 25,470,457 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 377,157,184 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах, хариуцагч Б.От холбогдуулан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 5001616464 тоот зээлийн гэрээний үүрэгт 6,350,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.О, Ц.Н нар нь Хтай байгуулсан зээлийн гэрээгээр 187,000 ам долларыг, 180 сарын хугацаатайгаар, жилийн 14.4 хувийн хувьсах хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөх нөхцөл тохирсон байх бөгөөд зээлийн үүргийг хамтран гүйцэтгүүлэхээр Б.Т, Б.О нартай нэмэлт гэрээг байгуулсан байна. Үүргийн гүйцэтгэлийг Б.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын 154 м.кв үйлчилгээний зориулалттай хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019361 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 57/1 дүгээр байр 2 тоот 76 м.кв талбайтай хөрөнгө, Б.Т, Э.Өнөболд нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 25 дугаар байрны 13 тоот 68.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгөнөөс тус тус хангуулахаар 1370001919 тоот барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн үлдэгдэл 169,428 ам.долларыг хөрвүүлэн үндсэн зээлийг 320,220,072 төгрөгөөр тооцон, хүүг жилийн 18.5 хувь байхаар, эргэн төлөлтийн хуваарь хэмжээг өөрчилж, хугацааг 2031 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл байхаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ, нэмэлт гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т нийцсэн байна.

Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь зөв боловч зарим гэрээнд гэрээний талууд үүрэг хүлээх, өмчлөгчөөс зөвшөөрөл авах шаардлагад нийцсэн эсэх талаар буруу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь үндэслэл бүхий бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд хариуцагч Ц.Туяа нь оролцогч биш тул нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Туяагаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэн, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол Энхтайван өргөн чөлөө 25 дугаар байрны 13 тоот орон сууц нь Ц.Туяа, Э.Өнөболд нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд нэхэмжлэгч тал Э.Өнөболдоос зөвшөөрөл авсан гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй буюу барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлд Э.Өнөболдын гарын үсэг зурсан гэх байдлыг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэхгүй гэж дүгнэн, гуравдагч этгээд Э.Өнөболдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.   

Хариуцагч нар нь зээл гэж 187,000 ам.долларыг шилжүүлэн авсан, энэ хугацаанд зээлдэгчээс үндсэн зээлд 17,572 ам доллар, 4,904,592 төгрөг, хүүнд 102,327 ам доллар, 82,339,512 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0.67 ам доллар, 10,770 төгрөг нийтдээ 120,078 ам.доллар, 7,254,875 төгрөгийг төлсөн гэдэгт зохигчид маргаагүй байна.

160,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээл хүссэн байхад бусад банкин дахь зээлийг хаалгаж, өндөр хүүтэйгээр 187,000 ам.долларын зээл олгосон, зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэхдээ хүүг нэмсэн тул 27,000 ам.долларт ногдох хүү, нэмэгдүүлсэн хүү, түүнчлэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хүүний зөрүү хэсгийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч марган, гэрээний үүрэгт 167,611,829 төгрөг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны нэг хөрөнгөөс хангуулахыг зөвшөөрч, гэрээг хугацаанаас өмнө цуцлахад татгалзахгүй гэжээ.

Хариуцагч зээлийг төлөх боломжгүй болсноо удаа дараа мэдэгдэж гэрээг цуцлах тухай саналыг нэхэмжлэгчид гаргаж байсан нь хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн удирдлагын хорооны тогтоолоор нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч дээрх тогтоолд барьцааны хөрөнгийг төлбөрт тооцох талаар тусгагдсан, гэрээг цуцлах тухай дурдагдаагүй байх тул хариуцагчийг дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх, багасгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж,  351,671,727 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.О нь Хтай 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийн нэг жилийн хугацаатай 5001616464 тоот овердравтын гэрээг байгуулсан ба хариуцагч нь энэ гэрээний үүрэгт 6,350,476 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагч Б.Оаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Хны зээлийн удирдлагын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 410 тоот тогтоолоос үзвэл хариуцагчийн 342,704,192 төгрөгийн зээлийн төлбөрийн 250,000,000 төгрөгт ногдох хэсэгт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тооцож авах, үлдэгдэл 65,315,480.90 төгрөгийн өр төлбөрийг зээлдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэж хорооны гурван гишүүнээс хоёр нь зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан боловч үүнийг хариуцагч тал зөвшөөрсөн баримт байхгүй, тогтоолын хүчинтэй байх 45 хоногийн хугацаа өнгөрсөн, энэ хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн баримтгүй байх тул уг хөрөнгөөр зээлийг бүрэн төлөх тохиролцоо талуудын хооронд хийгдсэн гэж үзэхгүй. Иймд энэ тогтоол гарснаар гэрээ цуцлагдсан гэх хариуцагчийн тайлбар, гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Б.Оын хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,800 /гурван зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН