Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 39

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01620/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Боржигон овогтой Л-гийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Боржигон овогтой Б-н М-д холбогдох   

            “1.200.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Хариуцагч Б.Мөнхтулгын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б-ээс:

Миний бие Б.М-тай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “тоёота приус” маркийн машин худалдсан. Б.М- машиныг 10.600.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 1.500.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг нь 7 хоногт 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж 2017 оны 7 дугаар сарын 13-нд төлж дуусгахаар тохиролцсон.  Энэ тохиролцоогоо зөрчиж хариуцагч долоо хоног өнгөрсөн байхад 1.200.000 төгрөг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд тохиролцсон 8 долоо хоног хэтэрсэн төлбөр 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Б.М-ас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргээ биелүүлэх, 1.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан хэдий ч Б.Мөнхтулгын тайлбараас тэрээр цаашид гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй татгалзаж байгаа нь тодорхой байгаа тул өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний 2.5-д заасан үүргээ удаа дараа зөрчсөн, санаатайгаар бусдын өмчийг барьцаалж хохирол учруулсан шалтгаанаар гэрээг цуцалж, 62-07 УБК дугаартай, Приус 20 маркийн машин болон торгууль 76.800 төгрөг, гэрээнээс учруулсан хохирол 2.750.000 төгрөг нийт 2.826.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М-ас:

Миний бие 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Л.Б-тэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Приус 20” маркийн 2004 онд үйлдвэрлэсэн, Монголд 2014 онд орж ирсэн, цагаан өнгөтэй автомашиныг 10.600.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 1.513.000 төгрөг төлж авсан. Л.Б- нь машинаа зарахдаа их сайн машин ямар ч хийх юм байхгүй гэж зарсан боловч уг машин нь унаад яваад үзэхэд рулийн аппарат нь эвдэрсэн байсан. Үүнийг Л.Б-д хэлэхэд хэсэгчлээд янзлуулъя гэж хэлсэн. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр рүлийн аппаратыг засварын газраар 120.000 төгрөгөөр засуулсан боловч бүтнээр нь солихоос өөр засвар авахгүй байсан. Энэ тухай нэхэмжлэгч талд хэлээд биечлэн уулзая гээд Улаанбаатар хот ороод утсаар ярихад та аваад тавьчих надад өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцчих гэж хэлсэн. Ингээд би 350.000 төгрөгөөр рүлийн аппарат авч тавьсан. Мөн дугуй, аккумлятор, амартизатор, пүрш зэрэг эд ангиуд авч тавьсан гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4.508.000 төгрөг, сэлбэгэнд 490.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг зарцуулсан тул гаргуулж өгнө үү, машиныг буцааж өгөхөд татгалзахгүй гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.М- нь машин доголдолтой байсан талаар хэлж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа доголдол ярьж байна. 2015 оны 10 дугаар сард Дарханд “ОК” баарны гадаа уулзахад орлого муудсан тул төлбөрөө төлж чадахгүй байна гэж хэлсэн. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.7-д зааснаар эвдрэлээ өөрөө хариуцна. Автомашиныг өнөөдрийг хүртэл 8 сар ашигласан буруу ашигласан байх боломжтой мөн гэрээний 2.6-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцааж олгохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч Б.М- нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Б.М-ас 76. 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, 2.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 4.878.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн өмчлөлийн 62-07 УБК улсын дугаартай, “Тоёота Приус”-20 маркийн, NHW203004189 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашиныг буцаан авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М- зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М- давж заалдсан гомдолдоо:

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.М- нь автомашины урьдчилгаа төлбөрт 1.513.000 төгрөг, мөн долоо хоног бүр 150.000 төгрөг шилжүүлж 2.875.000 нийт 4.388.000 төгрөгийг Л.Б-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд энэ талаар маргаагүй гэж дурьдсан авч, хавтаст хэрэгт авагдсан, автомашинд авч тавьсан сэлбэгтэй холбоотой нотлох баримтын талаар дурдаагүй мөн миний нэр дээр дурдсан 4.388.000 төгрөгөөр машинд сэлбэг авч тавьсан мөнгийг оруулж тооцоогүй байна. Гурав хоногийн хугацаанд засварын газраар 120.000 төгрөгөөр засуулсан. Энэ тухай нэхэмжлэгч талд хэлэхэд би хөдөө байна уулзаж чадахгүй, рүлийн аппарат авч тавиад надад өгөх мөнгөнөөсөө хасаад тооцчих гэхээр нь би 350.000 төгрөгөөр рүүлийн аппарат тависан. Ингээд уг мөнгөнөөс 175.000 төгрөгийг хасч тооцсон, үлдсэнийг хасч тооцоогүй дугуй, пүрш, амаржин, шил арчигч, хөгжим, сэвчээ зэрэг машины эд ангиудыг шинээр сольсон, түүнчлэн зайлшгүй биет байдлын доголдолгүй байх ёстой амины чухал эд ангиуд биет байдлын доголдолтой байгаа зэрэг нь нотлох баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүх ач холбогдол өгөөгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Л.Б-тэй уулзаад 10.600.000 төгрөгөөр авч байгаа машин маш их хэмжээний биет байдлын доголдол гарч байгаа талаар яриад, одоо машины батерей муудсан гэж оношлогоогоор гарсан тул “Приус”-20 автомашины батерей 1.200.000 төгрөг гэж байна энэ доголдлоо арилгаа өгөх шаардлага тависан боловч таны өгсөн мөнгийг буцаагаад машинаа эргүүлж авъя гэсэн хариулт өгсөн. Л.Б-ийн машиныг 5 сар унахдаа түүний дансруу 4.388.000 төгрөг машинд сэлбэг хэрэгсэл авч тавьсан засвар хийсэн мөнгө ч үгүй үлдэхээр шийдвэрлэсэн нь илтэд хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна.  Иймд 4.878.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Б- Б.М-д холбогдуулж 1.200.000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч Б.М- 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, 62-07 УБК улсын дугаартай Приус-20 маркийн машиныг өөрт учирсан хохирол 2.826.800 төгрөгийн хамт гаргуулахаар өөрчилжээ.

Хэргийн 3 дугаар талд авагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ээс үзвэл талууд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр TOYOTA PRIUS маркийн 62-07 УБК улсын дугаартай машиныг 10.600.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаанд 1.500.000 төгрөг төлж, үлдэх төлбөрөөс долоо хоног бүрийн Баасан гаригт  150.000 төгрөгийг худалдагчийн  ХААН банк дахь дансанд шилжүүлж, 2017 оны 07 дугаар сарын 13-нд төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

Худалдан авагч нь тогтоосон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн тул худалдагч нь дээрх нэхэмжлэлийн эхний шаардлагыг гаргасан байна.

Хариуцагчаас шүүхэд 5.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасны дараа 2017 оны 01 дүгээр сарын 02-нд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд талууд хэн аль нь гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлбөрийн мөнгийг буцаан гаргуулах болон учирсан хохирлыг нөхөн төлөх дээр маргажээ.

Нэхэмжлэгч Л.Б- хууль болон гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчилэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар талууд өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б- өөрт учирсан 2.826.800 төгрөгийн хохирлыг, хариуцагч Б.М- сэлбэгийн зардал 490.000 төгрөгийн хохирлыг тус тус баримтаар нотлоогүй, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй байна.

Хэргийн 46-49 дүгээр талд авагдсан баримтууд нь зөвхөн нэг талын гарын үсэгтэй, зарим баримтын огноо засвартай, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэх боломжгүй  баримт байна.

Харин гэрээний хугацаанд хариуцагч Б.М-ас 4.850.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б-д төлсөн байх бөгөөд талуудын хэн аль нь нь энэ талаар зөвшөөрсөн болно.

Хариуцагч Б.М- гэрээний хугацаанд 76.800 төгрөгийн торгууль хүлээсэн нь баримтаар нотлогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг баримталсан нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл талууд гэрээ цуцлахыг шүүх хуралдааны шатанд биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцсон байна.

Мөн шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авахдаа улсын тэмдэгтийн хураамжийг буруу төлүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах болон өөрт учирсан хохирлыг төлүүлэх 2 шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.816 төгрөгийг аль шаардлагад нийцүүлж төлсөн болох нь тодорхойгүй, шүүх энэ талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд үнийн дүнгээс хамаарч, эд хөрөнгийн бус, түүнчилэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөгийн хураамж хураахаар зохицуулсныг шүүх анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж, 2 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч Б.М- нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж хариуцагч Б.М-ас 76.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, 2.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 4.878.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.М-ас 62-07УБК улсын дугаартай “Приус-20” маркийн машин гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлээс 2.826.800 төгрөг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Б-ээс 4.773.200 төгрөг гаргуулж хариуцагч Б.М-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 76.800 төгрөг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн 2 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,

шийдвэрийн 3 дугаар заалтыг 2 гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.Б-ийн 136.166 төгрөг хариуцагч Б.Мөнхтулгын 95.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ас 189.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 108.550 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.Б-ийн 136.166 төгрөг, хариуцагч Б.Мөнхтулгын төлсөн 95.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Б-ээс 28.121 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, 91.321 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгосугай” гэж тус тус өөрчлөн,

шийдвэрийн 4 дүгээр заалтыг 3 гэж дугаарласугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.М-ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНЦЭЦЭГ 

                                                       ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             Л.АМАРСАНАА