Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01620/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 13-р байрны 163 тоотод оршин суух, регистерийн дугаар ТГ82070679, Боржигин овогт Лхагвасүрэнгийн Батцэнгэлийн нэхэмжлэлтэй,

                                                                                 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 8-р баг, Нарантолгойн 2-р гудамж, 42  тоотод оршин суух, регистрийн дугаар ТЛ71121672, Боржигон овогт Баасайн Мөнхтулгад холбогдох 

 

1 200 000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагчийн 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Батцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Мөнхтулгатай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоүота прус маркийн машин худалдсан. Машиныг Б.Мөнхтулга нь 10 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 1 500 000 төгрөг төлсөн. Үлдэгдлийг нь 7 хоногт 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлж 2017 оны 7 дугаар сарын 13-нд төлж дуусгахаар тохиролцсон. Энэ тохиролцоогоо зөрж Б.Мөнхтулга нь найман долоо хоног өнгөрч 1 200 000 төгрөг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд тохиролцсон 8 долоо хоног хэтэрсэн төлбөр 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Л.Батцэнгэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-нд хариуцагч Б.Мөнхтулгаас тээврийн хэрэгсэл худалдах,  худалдан  авах  гэрээний  төлбөрийн үүргээ биелүүлэх, 1200

 

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\Батцэнгэл-Мөнхтулга.docx

000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч Б.Мөнхтулгын тайлбараас тэрээр цаашид гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй татгалзаж байгаа нь тодорхой байгаа тул өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний 2.5-д заасан үүргээ удаа дараа зөрчсөн, санаатайгаар бусдын өмчийг барьцаалж хохирол учруулсан шалтгаанаар гэрээг цуцалж, 62-07 УБК дугаартай, Прус 20 маркийн машин болон торгууль 76800 төгрөг, гэрээнээс учруулсан хохирол 2 750 000 төгрөг нийт 2826 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Мөнхтулгатай харилцан тохиролцож 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 62-07 УБК улсын дугаартай, Тоуота Прус 20 маркийн автомашиныг 10 600 000 төгрөгөөр худалдахаар тохирч, нотариатаар гэрчлүүлэн гэрээ байгуулсан. Урьдчилгаанд 1500 000 төгрөг авсан. Үлдэгдэл төлбөрийг 7 хоног бүрийн Баасан гаригт 150 000 төгрөгөөр төлж, 2017 оны 7 дугаар сарын 13-нд мөнгийг бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. Гэтэл Б.Мөнхтулга нь 2016 оны 9 дүгээр сарын 16-наас эхлэн төлбөрийг төлөөгүй тул би шүүхэд энэ хугацааны төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч миний бие нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж, автомашинаа өөрийнхөө өмчлөлд авах, торгуулийн 76800 төгрөг гаргуулах, гэрээнээс учирсан хохирол 2 750 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б.Мөнхтулга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ :

Миний бие 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Л.Батцэнгэлтэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан Прус 20 маркийн 2004 онд үйлдвэрлэсэн, Монголд 2014 онд орж ирсэн, цагаан өнгөтэй автомашиныг 10 600 000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 1 513 000 төгрөг төлөөд авсан. Л.Батцэнгэл нь машинаа зарахдаа их сайн машин байгаа, ямар ч хийх юм байхгүй гэж зарсан боловч уг машин нь унаад яваад үзэхэд рулийн аппарат нь эвдэрсэн байсан. Энийг Л.Батцэнгэлд хэлэхэд хэсэгчлээд янзлуулчихъя гэсэн. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр рулийн аппаратыг засварын газраар 120 000 төгрөгөөр засуулсан боловч бүтнээр нь солихоос өөр засвар авахгүй байсан. Энэ тухай Л.Батцэнгэлд хэлээд биечлэн уулзая гээд Улаанбаатар хот ороод утсаар ярихад та аваад тавьчих надад өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцчих гэсэн. Ингээд би 350 000 төгрөгөөр рулийн аппарат авч тавьсан. Мөн дугуй, аккумлятор, амартизатор, пурш зэрэг маш их эд анги авч тавьсан. Би 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 508 000 төгрөг, сэлбэгэнд 490 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг зарцуулсан тул гаргуулж өгнө үү, машиныг буцааж өгөхөд татгалзахгүй гэв.

 

Нэхэмжлэгч Л.Батцэнгэл сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Мөнхтулга нь машин доголдолтой байсан талаар хэлж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа доголдол ярьж байна. 2015 оны 10 сард Дарханд Оке баарны гадаа уулзахад орлого муудсан тул төлбөрөө төлж чадахгүй байна гэсэн. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.7-д зааснаар эвдрэлээ өөрөө хариуцана. Автомашиныг өнөөдрийг хүртэл 8 сар ашигласан буруу ашигласан байх боломжтой мөн гэрээний 2.6-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцааж олгохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Батцэнгэл нь хариуцагч Б.Мөнхтулгад холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өөрийн өмчлөлийн 62-07 УБК улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн автомашиныг Б.Мөнхтулгаас буцаан авах, гэрээнээс учирсан хохирол 2 500 000 төгрөг, машины торгууль 76800 төгрөг, толины 250 000 төгрөг нийт 2 826 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Мөнхтулга нь 5 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж, автомашины урьдчилгаанд өгсөн 1 513 000 төгрөг, машины төлбөрт шилжүүлсэн 2 875 000 төгрөг, машинд авч тавьсан сэлбэгийн үнэ 490 000 төгрөг нийт 4 878 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Мөнхтулга нь Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, машинаа буцаан авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, зөрчлийн улмаас торгуульсны төлбөр 76800 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрээнээс учирсан хохирол 2 500 000 төгрөг, толины үнэ 250 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Батцэнгэл, хариуцагч Б.Мөнхтулга нар нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан Л.Батцэнгэлийн өмчлөлийн 62-07 УБК улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн, NHW203004189 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашиныг 10 600 000 төгрөгөөр худалдан борлуулахаар, хариуцагч Б.Мөнхтулга нь төлбөрийг долоо хоног бүрийн Баасан гаригт 150 000 төгрөгийг Л.Батцэнгэлийн Хаан банкны дансанд шилжүүлж, 2017 оны 7 дугаар сарын 13-нд үнийг бүрэн төлж дуусгах, үнийг төлж дуусгасны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцон талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “ Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол бий болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй”, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.6-д “Худалдан авагч төлбөр төлөх хугацааг хоёр хоногоос ирүүгээр 3 буюу түүнээс дээш удаа хэтрүүлбэл, худалдагч гэрээг цуцлах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Л.Батцэнгэл нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Мөнхтулга нь автомашины урьдчилгаа төлбөрт 1513 000 төгрөг, 7 хоног бүрийн Баасан гаригт 150 000 төгрөг шилжүүлж нийт 2 875 000 төгрөг, урьдчилгааны хамт 4 388 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Батцэнгэлийн Хаан банкин дахь дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Б.Мөнхтулгын Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 19-27/

 

Нэхэмжлэгч Л.Батцэнгэл нь хариуцагч Б.Мөнхтулга нь 2016 оны 9 дүгээр сарын 16-наас хойш төлбөр төлөөгүй тул Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өөрийн өмчлөлийн автомашинаа эргүүлэн авах шаардлага гаргасныг хариуцагч Б.Мөнхтулга зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч Л.Батцэнгэл нь хариуцагч Б.Мөнхтулга нь машиныг 8 сарын хугацаанд унаж, хэрэглэж байхдаа зөрчил гаргаж нийт 76 800 төгрөгийн торгууль тавигдсан тул торгуулийн мөнгө гаргуулах, гэрээнээс учирсан хохирол 2 500 000 төгрөг, толины үнэ 250 000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Мөнхтулга зөрлийн улмаас үүссэн торгуулийн 76 800 төгрөгийг зөвшөөрч, толь хэвийн байгаа хагарч, эвдэрсэн зүйл байхгүй тул толины үнэ, хохирол нийт 2 750 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Батцэнгэл нь толины үнэ 250 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 2 500 000 төгрөгийн хохирол шаардаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, шаардлагатай холбоотой нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Мөнхтулгаас 76800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Батцэнгэлд олгож, 2 750 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч Б.Мөнхтулга нь нэхэмжлэгч Л.Батцэнгэлд холбогдуулан автомашины урьдчилгаанд өгсөн 1 513 000 төгрөг, машины төлбөрт шилжүүлсэн 2 875 000 төгрөг, машинд авч тавьсан сэлбэгийн үнэ 490 000 төгрөг нийт 4 878 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Л.Батцэнгэл нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.6-д “Худалдан авагч төлбөр төлөх хугацааг хоёр хоногоос ирүүгээр 3 буюу түүнээс дээш удаа хэтрүүлбэл, худалдагч гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг эргүүлэн авна. Урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцааж олгохгүй” гэж заасан тул урьдчилгаа төлбөр 1 513 000 төгрөг, төлбөрт шилжүүлсэн 2 875 000 төгрөгийг буцааж төлөхгүй, мөн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Мөнхтулга нь автомашиныг анх авахад доголдолтой байсан гэж маргаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тохиолдолд гомдлын шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан бөгөөд хариуцагч нь доголдлын талаар нэхэмжлэгч Л.Батцэнгэлд хэлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч нотолж чадаагүй, гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.6-г хариуцагч Б.Мөнхтулга зөрчсөн болох түүний тайлбар, 2016 оны 10 сараас хойш төлбөр төлөөгүй болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдож байх тул гэрээнд зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй, хариуцагч нь урьдчилгаа төлбөр, шилжүүлсэн төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

Мөн хариуцагч нь тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулж, 490 000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авч тавьсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдож байгаа боловч Тээврийн хэрэгсэл Худалдах, худалдан авах гэрээний3.6-д “Худалдан авагч тээврийн хэрэгслийг бүрэн даатгалд хамруулах үүрэгтэй”, 3.7-д “Тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой засвар үйлчилгээ, торгуулийг бүрэн хариуцана” гэж зааснаар хариуцагч нь засварын зардал шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                   

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Батцэнгэл, хариуцагч Б.Мөнхтулга нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж,  хариуцагч Б.Мөнхтулгаас 76 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Батцэнгэлд олгож, 2 750 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 4 878 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Батцэнгэлийн өмчлөлийн 62-07 УБК улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн, NHW203004189 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашиныг буцаан авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнхтулга зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.Батцэнгэлийн 136166 төгрөг, хариуцагч Б.Мөнхтулгын  95000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтулгаас 189100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 108550 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУЯА