Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00726

 

                                                           Л.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй,

                                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Л.Батцэнгэл,

Хариуцагч : Б.Мөнхтулга,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:  62-07 УБК дугаартай, Прус 20 маркийн машин гаргуулах, нийт 2.826.800 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага : 5 сая төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Батцэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мөнхтулгатай 2016.5.13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоёота прус маркийн машин худалдсан. Машиныг Б.Мөнхтулга нь 10.600.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 1.500.000 төгрөг төлсөн. Үлдэгдлийг нь 7 хоногт 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж 2017.7.13-нд төлж дуусгахаар тохиролцсон. Энэ тохиролцоогоо зөрчиж Б.Мөнхтулга нь найман долоо хоног өнгөрч үлдэгдэл 1.200.000 төгрөг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул мөнгийг гаргуулах нэхэмжлэл /хх 1/ гаргасан. Б.Мөнхтулга гэрээний 2.5-д заасан үүргээ удаа дараа зөрчсөн, санаатайгаар бусдын өмчийг барьцаалж хохирол учруулсан тул  гэрээг цуцалж, 62-07 УБК дугаартай, Приус 20 маркийн машин болон торгууль 76.800 төгрөг, хохирол 2.750.000 төгрөг нийт 2.826.800 төгрөгийг гаргуулж /хх 38/ өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг /хх 14/ нэхэмжлэлдээ: 2016.5.13-ны өдөр Л.Батцэнгэлтэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан Прус 20 маркийн 2004 онд үйлдвэрлэсэн, Монголд 2014 онд орж ирсэн, цагаан өнгөтэй автомашиныг 10.6сая төгрөгөөр авах болж, урьдчилгаа 1.513.000 төгрөг төлөөд авсан. Л.Батцэнгэл нь машинаа зарахдаа  сайн, ямар ч хийх юм байхгүй  машин гэж хэлсэн. Гэвч машин эвдрэлтэй байсан бөгөөд энэ талаар хэлж байсан. 2016.5.16-ны өдөр рулийн аппаратыг засварын газраар 120.000 төгрөгөөр засуулсан боловч бүтнээр нь солихоос өөр засвар авахгүй байсан. Энэ тухай Л.Батцэнгэлд хэлээд биечлэн уулзъя гээд Улаанбаатар хот ороод утсаар ярихад та аваад тавьчих надад өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцчих гэсэн. Ингээд би 350.000 төгрөгөөр рулийн аппарат авч тавьсан. Мөн дугуй, аккумулятор, амортизатор, пурш зэрэг маш их эд анги авч тавьсан. Би 2016.5.16-ны өдрөөс 2016.10.20-ны өдөр хүртэл 4.508.000 төгрөг төлсөн, сэлбэгт 490.000 төгрөг нийт 5 сая төгрөг зарцуулсан. Үүний буцааж аваад машиныг буцааж өгөхөд татгалзахгүй. Автомашины урьдчилгаанд өгсөн 1.513.000 төгрөг, машины төлбөрт шилжүүлсэн 2 875 000 төгрөг,  сэлбэгийн үнэ 490.000 төгрөг нийт 4.878.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна  /хх 64/ гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Б.Мөнхтулга нь машин доголдолтой байсан талаар хэлж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа доголдол ярьж байна. 2015 оны 10 сард Дарханд Оке баарны гадаа уулзахад орлого муудсан тул төлбөрөө төлж чадахгүй байна гэсэн. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.7-д зааснаар эвдрэлээ өөрөө хариуцна. Автомашиныг өнөөдрийг хүртэл 8 сар ашигласан буруу ашигласан байх боломжтой мөн гэрээний 2.6-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцааж олгохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Л.Батцэнгэл, Б.Мөнхтулга нарын хооронд байгуулсан гэрээг цуцалж,  Б.Мөнхтулгаас 76.800 төгрөг гаргуулж Л.Батцэнгэлд олгож, үлдэх хэсгийг  сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Л.Батцэнгэлийн өмчлөлийн 62-07 УБК улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн, NHW203004189 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашиныг буцаан авахыг хүссэн нэхэмжлэлийг Б.Мөнхтулга зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай магадлал гаргаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд 2016.5.13 -ны өдрийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Б.Мөнхтулгаас 62-07УБК улсын дугаартай Приус-20 маркийн машин гаргуулж Л.Батцэнгэлд олгож, нэхэмжлэлээс 2.826.800 төгрөг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Батцэнгэлээс 4.773.200 төгрөг гаргуулж Б.Мөнхтулгад олгож, сөрөг нэхэмжлэлээс 76.800 төгрөг хэрэгсэхгүй болгосугай гэж”, шийдвэрийн 2 дугаар заалтыг  хүчингүй болгож, шийдвэрийн 3 дугаар заалтыг 2 гэж дугаарлан  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн Л.Батцэнгэлийн 136.166 төгрөг, Б.Мөнхтулгын төлсөн 95.000 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, Л.Батцэнгэлээс 28.121 төгрөг гаргуулж улсын  орлогод оруулж, 91.321 төгрөг гаргуулж Б.Мөнхтулгад олгож өөрчилжээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрээнээс татгалзах болсон шалтгаан нь цэвэр хариуцагчийн буруу учир Иргэний хуулийн 205 зүйлийг хэрэглээгүй байсан. Харин анхан шатны шүүх мөн хуулийн 204.4-ийг барьж хэрэглэсэн нь зөв гэж үзэж байна. Хариуцагч нь графикийн дагуу урьдчилгаа болон 7 хоног бүрийн баасан гариг төлж байхаар тохиролцсон байхад шүүх  Мөнхтулгыг 4.388.000 төгрөг өгсөн гэж үзэн дур мэдэн нэмэгдүүлсэн  байна. Хариуцагч нь миний машиныг 8 сарын турш унаж эдэлж тодорхой хэмжээний ашгийг олж байсан. Хэдийгээр тэр засвар хийж сэлбэг авч тавьж байсан гэж хэлж байгаа ч үүнийгээ баримтаар нотлоогүй, харин худалдаа наймаагаа буцаахын тулд худлаа зүйл ярьж байна. Гэрээгээр худалдан авагч нь машиныг унаж хэрэглэж байж явцад үүссэн эвдрэлийг өөрөө хариуцах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлагдсан тохиолдолд урьдчилгаа болон  төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах эрхгүй гэж тодорхой дурдаж харилцан зөвшөөрөлдөж тохирч гарын үсгүүдээ зурсан байхад давж заалдах шатны шүүх дээрх байдлыг анзаарсангүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд талууд өгсөн авснаа буцаах үүрэгтэй байна гэж дүгнэж хэргийг буруу шийдвэрлэснээрээ миний эрх, ашгийг ноцтой хөндөж байна. Гэрээгээр бүх нөхцөлийг тохирсон байхад харгалзаагүй нь буруу юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Батцэнгэл нь 62-07 УБК улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашиныг Б.Мөнхтулгаас буцаан авах, хохирол 2.500.000 төгрөг, торгууль 76.800 төгрөг, толины үнэ 250.000 төгрөг нийт 2.826.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, Б.Мөнхтулга нь автомашины урьдчилгаанд өгсөн 1.513.000 төгрөг, машины төлбөрт шилжүүлсэн 2.875.000 төгрөг, сэлбэгийн үнэ 490.000 төгрөг нийт 4.878.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Анхан шатны шүүх хариуцагчаас торгууль 76.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, машиныг өгөхийг хариуцагч зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх “...Л.Батцэнгэл өөрт учирсан 2.826.800 төгрөгийн хохирлыг,  Б.Мөнхтулга сэлбэгийн зардал 490.000 төгрөгийн хохирлыг тус тус баримтаар нотлоогүй... Б.Мөнхтулга 4.850.000 төгрөг Л.Батцэнгэлд төлсөн нь тогтоогдсон... Б.Мөнхтулга 76.800 төгрөгийн торгууль хүлээсэн нь нотлогдсон...” гэж дүгнэн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг цуцалж, Б.Мөнхтулгаас 62-07 УБК улсын дугаартай Приус 20 маркийн машин гаргуулж Л.Батцэнгэлд олгож, Л.Батцэнгэлээс 4.773.200 төгрөг гаргуулж Б.Мөнхтулгад олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэрээнд заасан үүрэг биелэгдсэн эсэх, шаардах эрх үүссэн эсэх талаар дүгнэлт хийхэд зохигчдын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоох, улмаар ийнхүү үзэж буй үндэслэлээ шийдвэрт тусгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэх юм.   

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй талаар шүүх дүгнэлт хийсэн боловч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн   гэж үзсэн үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд нийцээгүй байна. 

Хариуцагч автомашины төлбөрт буцааж төлсөн мөнгөний хэмжээг хоёр шатны шүүх 4.388.000 төгрөг, 4.850.000 төгрөг гэж өөр, өөр байдлаар тодорхойлсон, нэхэмжлэлийн зарим шаардлагыг буюу хохирол 2.500.000 төгрөгийн талаар тодруулаагүй, гэрээний зүйл доголдолтой байсан эсэх нь тодорхой бус байх тул “...хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдсан...” гэх нэхэмжлэгчийн, “...доголдол байсан...” гэх хариуцагчийн  тайлбарын талаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.  

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл, гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл зэргийн талаар талууд мэтгэлцээгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-г хэрэглээгүй гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 136.166 төгрөгийг Л.Батцэнгэлд захирамжаар буцааж олгосугай.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ