Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 396

 

 2020        05          26                                  2020/ШЦТ/396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Анармөнх,

гэрч Э.Нямцэрэн,

гэрч Ц.Цэдэн,

хохирогч Б.Одгэрэл,

шүүгдэгч Д.С , түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Д.С д холбогдох эрүүгийн 1811033170059 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овгийн Д.С , 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Нуурын Тагт” ХХК-нд бичил уурхайн захирал ажилтай, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамжны 110 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн 3 дугаар хороо 11 дүгээр хороолол 25 дугаар байр 27 тоотод түр оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,  регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.С  нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Одгэрэлээс “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт 13176Х дугаарын гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24.700.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Б.Одгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд болсон. Миний зүгээс хохирлоо авсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Анх гэрч Ц.Цэдэн гэх хүн зуучлаад Д.С тэй танилцуулсан нь үнэн. Надад бүх бичиг баримтуудаа үзүүлж байсан боловч тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан байсаныг сүүлд мэдсэн  ...” гэв.

Гэрч Ц.Цэдэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Б.Одгэрэл, Д.С  нарыг тусгай зөвшөөрлөө зарах асуудлаар нь уулзуулчихаад явсан. Миний хувьд Сэлэнгээг 2016 оноос хойш танидаг болсон. Манай лицензтэй газруудын дээд талд алт олборлодог байсан. Би хохирогч болон шүүгдэгчээс мөнгө авсан асуудал байхгүй...” гэв.

Гэрч Э.Нямцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Агрокорп ХХК-ыг 2001 онд миний ээж байгуулсан. 2010 онд миний ээж нас барж манай эцэг өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан. Манай эцэг 2013 онд нас барсан. Би өвлөх эрхийн гэрчилгээгээр нэг жилийн дараа шилжүүлэн авах байсан. 2014 оны 8 дугаар сард тус ХХК-г өөрийн нэр дээр шилжүүлэх гээд очиход Агрокорп ХХК нь Д.Сэлэнгийн нэр дээр шилжсэн байсан. Судалж үзэхэд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний эцэг нас бараад 4 сарын дараа гарын үсэг зурж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Би 2014 оны сүүлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бусаар авсан нь тогтоогдсон боловч хөнгөн гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан. Би Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргаснаар Д.Сэлэнгийн бүртгэл хүчингүй болсон. Миний хүсэлт гаргасны үндсэн дээр 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэрээр Агрокорп ХХК миний нэр дээр шилжсэн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 19/,

Хохирогч Б.Одгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын дундуур Сэлэнгэ гэх хүнтэй анх танилцсан юм энэ үед Сэлэнгэ надад хайгуулын лицензтэй газар байгаа ашиглах гэхээр хөрөнгө мөнгө байхгүй, чи надад хөрөнгө нийлүүлээд нөөцөө тогтоолгоод ашиглах тохиолдолд хамтран ажиллаж болно нэг ёсондоо манай компани хувь нийлүүлэгч болно гээд “Агро Корп” компаний 13176Х гэсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газрын гэрчилгээг хуулбарлаж нотариатаар батлуулсан байдалтай үзүүлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж газраа үзүүлсэн учир би итгээд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох “Бишрэлт” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “Имбаси” ресторанд байх үедээ бэлнээр 800.000 төгрөг өгсөн тухайн үед Сэлэнгэ нь 2 өмгөөлөгчтэй хамт байсан бөгөөд өмнө нь мөн газрын маргаанаас болж дээд шүүхэд маргаантай байгаа өмгөөлөгчийн мөнгө хэрэгтэй байна гэж авсан үүний дараагаас дахин өмгөөлөгчийн хөлс, газрын маргааныг шийдвэрлэх мөнгө зэргээр бэлнээр мөнгө авсаар байгаад нийт 24.700.000 төгрөг авсан. Эдгээр мөнгөний баримт болон гэрчлэх хүн байгаа. Дансаар ямар нэг гүйлгээ ерөөсөө хийгээгүй. Яагаад гэвэл Сэлэнгэ нь миний дансыг шүүхээс хаасан байгаа, чи бэлнээр өгөөч гэж гуйгаад авдаг байсан. ...Сэлэнгэ нь надтай хамтран ажиллах гэж байсан хайгуулын лицензээ бусдад их хэмжээний мөнгөөр зарсан, түүний Агрокорп ХХК нь мөн хууль бусаар нэр шилжүүлсэн маргаантай байсныг мэдсэн тул энэ байдлыг нь хэлсэн. ...Агрокорп компаний асуудлаар би хөөцөлдөж шаардлагатай мэдээллүүдийг олж автал Агрокорп компаний тусгай зөвшөөрөл гэх зүйл нь 2017 оны 04-05 дугаар сард цуцлагдсан байсныг олж мэдсэн. Мөн Сэлэнгэ нь Эрдэнэсүх гэх хамтран амьдарч байсан хүнээсээ хуурамч материал бүрдүүлэн компанийг нь хууль бусаар шилжүүлэн авсан болохыг мэдсэн. ...анх 2017 оны 06 дугаар сард Д.С тэй танилцсан ба Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Нуурын тагт” гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, энэ зөвшөөрлөө “А” лиценз болгохын тулд хөрөнгө оруулалт хийгээд өгөөч гэхээр нь хамтран ажиллахаар тохиролцсон. ...Намайг анх Д.С тэй танилцаад дээрх хайгуулын лицензийг харах үед Д.С  нь албан ёсны хүчин төгөлдөр гэж хэлсэн ба үүнээс хойш 6 сарын дараа хүчингүй болгосон гэдгийг Д.С эс өөрөөс нь мэдсэн. Би дээрх лицензийг хүчин төгөлдөр байна гэж ойлгоод хамтран ажиллахаар тохиролцсон...” гэх мэдүүлэг /1-р хх 25-31/,

Гэрч Ц.Цэдэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Д.Сэлэнгийн эзэмшлийн газарт ашигт малтмал олборлолт үйл ажиллагаа явуулж байхыг би харж байсан бөгөөд харин лизенз, тусгай зөвшөөрлийг нь харж байгаагүй, ер нь юу гэж надад лицензээ харуулхав дээ. Тусгай зөвшөөрөл, лицензтэй болоод л Д.С  нь олборлолт явуулж байсан гэж ойлгоод байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 34-35/,

Гэрч Д.Солонго нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Д.С  нь 2017 оны 11 дүгээр сард байхаа нөгөө хайгуулын лицензээ “А” лиценз болгох гээд байна, Уул уурхайн яамны мөнгө хэрэгтэй болоод байна, яаралтай 15.000.000 төгрөг олоод өгөөч гэхээр нь тухайн үед би нөхөр Одгэрэлд хэлэлгүйгээр өөрийн дүү болох Батхэлхээгийн Баттөрөөс түүний цалингийн Хаан банкны зээл 9.900.000 төгрөгийг авахуулаад улмаар Б.Баттөрийн хажууд бэлнээр 9.900.000 төгрөгийг Д.С эд тоолж өгсөн. ...Одоо нөхөр Б.Одгэрэл бид хоёр 24.700.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 38-39/,

Гэрч Э.Нямцэрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний аав С.Эрдэнэсүх нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас барсан ба аавын нэр дээр байсан “Агро Корп” ХХК-ийг Д.С  нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлж, аавын гарын үсгийг дуурайлган зурж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. “Агро Корп” ХХК-ны нэр дээр ганцхан ХВ-013176 дугаартай лиценз Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт байдаг. ...Одоо Д.С эгийн буруутай үйл ажиллагаанаас болоод дээрх лицензийг Ашигт малтмалын газраас төлбөр төлөөгүй гээд 2017 оны 04 дүгээр сард цуцалсан. ...Д.С  нь манай компанийн хуурамч тамга, тэмдгийг бариад ашиглаад явж байгаа ба шүүгчийн захирамж гараад дээрх хуурамч дөрвөлжин тамга, тэмдэгээ цагдаагийн байгууллагад хураалгахгүй байгаа. Дээрх тамга, тэмдгийг ашиглаад  ямар зүйл хийж явааг би үнэхээр мэдэхгүй байна. Манай компаний үндсэн тамга, тэмдэг нь дугуй хэлбэртэй ба 2001 оноос дугуй хэлбэртэй тамга, тэмдгийг ашиглаж байна. Энэ  дугуй тамга, тэмдэг одоо надад байгаа...” гэх мэдүүлэг /хх 41-42/,

Шүүгдэгч Д.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сард Цэдэн ах, Б.Одгэрэл бид 3 уулзсан. Тухайн үед би Одгэрэлд “Агро корп” ХХК-ны гэрчилгээ болон геологийн материалууд /Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт байгаа алтны геологийн тайлан болон нотариатаар баталгаажуулсан 013176 гэсэн дугаартай алтны хайгуулын лиценз/ зэргийг үзүүлж танилцуулсан. ...Б.Одгэрэл надтай хамтран ажиллахаар тохиролцоод, өөрөөр хэлбэл дээрх алтны 013176 дугаартай хайгуулын лицензийг “А” буюу ашиглалтын лиценз болгож, улмаас компанийг тодорхой хэмжээний мөнгөөр зарж, ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. ...2017 оны 07 дугаар сард болон түүнээс хойш 4-5 удаа Б.Одгэрэл болон түүний эхнэр Д.Солонго бид гурав дээрх Сэлэнгэ аймгийн Хүдэр сумийн нутаг “Нуурын тагт” гэх газраа очиж үзэж байсан ба улмаар очиж үзэх үеийн замын зардал, зочид буудалд байрласан мөнгө зэргийг бүгдийг Б.Одгэрэл өөрөөсөө гаргаж байсан. ...Би анх Одгэрэлээс 2017 оны 12 дугаар сарын сүүлээр өмгөөлөгчийн хөлс шаардлагатай хэмээн 3 сая төгрөгийг зээлж авч байсан. Гэхдээ уг 3 сая төгрөгийг Одгэрэл өөрийн биеээр 2 өмгөөлөгчид өгсөн бөгөөд мөнгө өгөх үед нь би Одгэрлийн дэргэд байгаагүй тухайн үед би Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын салбар ангид, Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт шалгагдаж, хоригдож байсан өмгөөлөгчтэй хийсэн гэрээ байгаа. Үүнээс 2-3 хоногийн дараа буюу мөн 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Одгэрэл нь 2 сая төгрөгөнд тааруулж надад дулаан хувцас авч өгч байсан. 2018 оны 01 дүгээр сард миний Улаанбаатар хотод хөлсөлж байсан түрээсийн байрны төлбөрийг Одгэрэл бэлнээр төлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр миний жилийн заслыг хийлгэнэ хэмээн Одгэрэл нь 2 сая төгрөгөөр өргөл барьц болон засалтайн холбоотой эд зүйл авч байсан. Эдгээрийн мөнгөний талаар баримт байхгүй Одгэрэл болон түүний эхнэр Солонго нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 50-55, 72-74/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 108/, шүүгдэгч Д.С д холбогдох шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /1-р хх 156-194/, Хамтран ажиллах гэрээ /1-р хх 197-198/, шүүгдэгч Д.С  хохирогч Б.Одгэрэл нарын утсаар харилцсан баримт /1-р хх 21/, шүүгдэгч Д.Сэлэнгийн хаан банкны дансны хуулга /1-р хх 97-99/, шүүгдэгч Д.Сэлэнгийн бичсэн 15.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн гар бичвэрийн хуулбар /1-р хх 201/, “Нью МОСС групп” ХХК-ны дүрэм /1-р хх 202-207/, Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/4813, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/576 тоот албан бичигүүд /1-р хх 234, 236/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/266 тоот албан бичиг, хохирогч Б.Одгэрлийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн гомдол, саналгүй гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.С  нь Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт ашигт малтмалын хайгуулын ХВ-013175 дугаар гэрчилгээтэй тусгай зөвшөөрлийг 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1210 дугаар шийдвэрээр цуцалсан, мөн дээрх газарт ашигт малтмалын хайгуулын ХВ-013176 дугаар гэрчилгээтэй тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 4 сарын 13-ны өдөр дуусгавар болсон байхад иргэн Б.Одгэрэлээс 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрх “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлтэй ашигт малтмалыг хамтран ашиглах буюу хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24.700.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Одгэрэлийн “...анх 2017 оны 06 дугаар сард Д.С тэй танилцсан ба Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Нуурын тагт” гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, энэ зөвшөөрлөө “А” лиценз болгохын тулд хөрөнгө оруулалт хийгээд өгөөч гэхээр нь хамтран ажиллахаар тохиролцсон. ...Намайг анх Д.С тэй танилцаад дээрх хайгуулын лицензийг харах үед Д.С  нь албан ёсны хүчин төгөлдөр гэж хэлсэн ба үүнээс хойш 6 сарын дараа хүчингүй болгосон гэдгийг Д.С эс өөрөөс нь мэдсэн. Би дээрх лицензийг хүчин төгөлдөр байна гэж ойлгоод хамтран ажиллахаар тохиролцсон...” гэх мэдүүлэг /1-р хх 25-31/, гэрч Ц.Цэдэнгийн “...Д.Сэлэнгийн эзэмшлийн газарт ашигт малтмал олборлолт үйл ажиллагаа явуулж байхыг би харж байсан бөгөөд харин лизенз, тусгай зөвшөөрлийг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх 34-35/, гэрч Д.Солонгогийн “...Д.С  нь 2017 оны 11 дүгээр сард байхаа нөгөө хайгуулын лицензээ “А” лиценз болгох гээд байна, Уул уурхайн яамны мөнгө хэрэгтэй болоод байна, яаралтай 15.000.000 төгрөг олоод өгөөч гэхээр нь тухайн үед би нөхөр Одгэрэлд хэлэлгүйгээр өөрийн дүү болох Батхэлхээгийн Баттөрөөс түүний цалингийн Хаан банкны зээл 9.900.000 төгрөгийг авахуулаад улмаар Б.Баттөрийн хажууд бэлнээр 9.900.000 төгрөгийг Д.С эд тоолж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 38-39/, гэрч Э.Нямцэрэнгийн “...Миний аав С.Эрдэнэсүх нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас барсан ба аавын нэр дээр байсан “Агро Корп” ХХК-ийг Д.С  нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлж, аавын гарын үсгийг дуурайлган зурж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. “Агро Корп” ХХК-ны нэр дээр ганцхан ХВ-013176 дугаартай лиценз Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт байдаг...” гэх мэдүүлэг /хх 41-42/, шүүгдэгч Д.Сэлэнгийн “...Би анх Одгэрэлээс 2017 оны 12 дугаар сарын сүүлээр өмгөөлөгчийн хөлс шаардлагатай хэмээн 3 сая төгрөгийг зээлж авч байсан. Гэхдээ уг 3 сая төгрөгийг Одгэрэл өөрийн биеээр 2 өмгөөлөгчид өгсөн бөгөөд мөнгө өгөх үед нь би Одгэрлийн дэргэд байгаагүй тухайн үед би Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын салбар ангид, Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт шалгагдаж, хоригдож байсан өмгөөлөгчтэй хийсэн гэрээ байгаа. Үүнээс 2-3 хоногийн дараа буюу мөн 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Одгэрэл нь 2 сая төгрөгөнд тааруулж надад дулаан хувцас авч өгч байсан. 2018 оны 01 дүгээр сард миний Улаанбаатар хотод хөлсөлж байсан түрээсийн байрны төлбөрийг Одгэрэл бэлнээр төлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр миний жилийн заслыг хийлгэнэ хэмээн Одгэрэл нь 2 сая төгрөгөөр өргөл барьц болон засалтайн холбоотой эд зүйл авч байсан. Эдгээрийн мөнгөний талаар баримт байхгүй Одгэрэл болон түүний эхнэр Солонго нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 50-55, 72-74/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 19/, шүүгдэгч Д.Сэлэнгийн бичсэн 15.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн гар бичвэрийн хуулбар /1-р хх 201/, “Нью МОСС групп” ХХК-ны дүрэм /1-р хх 202-207/, Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/4813, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/576 тоот албан бичигүүд /1-р хх 234, 236/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 4/266 тоот албан бичиг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн субьектив санаатай байх бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг өөрийн болгодог байна. Уг гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, урвуулан ашиглах хэлбэрээр үйлдэгддэг. Д.Сэлэнгийн дээрх үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Сэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон  бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.С  нь хохирлын мөнгө болох 24.700.000 /хорин дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг хохирогчид төлж хохирлыг барагдуулсан бөгөөд хохирогч Б.Одгэрэл нь “...хохирлоо барагдуулсан тул гомдол, саналгүй...” гэх тул шүүгдэгч Д.Сэлэнгийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.С  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Д.С  нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрөчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байхад буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд дахин санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 дахь заалтыг хүчингүй болгож ял оногдуулан, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэлэнгийн өмнө ял шийтгүүлсэн 201618000241 дугаар эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 14 хоног, ял эдэлсэн 38 хоног, нийт 52 хоногийг, мөн энэ хэрэгт 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 15 хоног, нийт 67 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овгийн Д.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24.700.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С д 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.С д ял оногдуулсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С д 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.С д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэлэнгийн нийт 67 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч Д.С  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН